| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/08524/И |
| Дугаар | 101/ШШ2024/01034 |
| Огноо | 2024-02-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2024/01034
| 2024 02 23 | 101/ШШ2024/01034 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул эзгүйд хийсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* миний бие Баянзүрх дүүргийн *******ын мэргэжилтнээр 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажилд орж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон бусад хууль тогтоомжуудыг зөрчөөгүй. Ажил олгогчийн санаачлгаар ажлаас чөлөөлөгдсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн ******* дарга ******* намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа ямар ч үндэслэл бичээгүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогчийн санаачилгаар чөлөөлнө гэдэг заалтыг барьсан, 6 зүйл заалтын алинд нь ч миний асуудал хамаарахгүй, миний бие 3 талт хороонд хандсан, тэгээд шүүхэд хандсан. Хариуцагчийн өгч байгаа баримтууд нь намайг гүтгэсэн баримтууд байх ба 69 дүгээр сургуулийн н.Оюунчимэг нь 2 удаа тайлбар бичиж өгсөн боловч бичгийн хэв нь өөр байгаад байгаа. Хариуцагч байгууллагаас ирсэн баримтад миний нэр дурдагдсан дурдагдаагүй баримтууд ирсэн, намайг чөлөөлсөнөөс хойшхи хугацааны баримтыг бүрдүүлж, миний нэр төрд халдаж байна л гэж үзэж байна. Гурван талт хорооны хариу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсныг би 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3,436,363 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Нийслэлийн ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус хэлтэст 2023-2024 оны хичээлийн жил эхэлж, бага боловсролын мэргэжилтний ажлын сул орон тоог нөхөх, хүний нөөц бүрдүүлэхээр байгууллагын пэйж хуудсаар зар түгээсэн. БШУЯ-аас Финлянд улсын Eduten хөтөлбөр /бага боловсрол/ хэрэгжихтэй холбоотой нэгжүүдэд бэлтгэл ажил хангах, мэдээлэл түгээх, удирдлага арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах, шинэ сургалтын арга хэлбэр ашиглан платформд суурилсан бага боловсролын математикийн сургалтын хэрэгжилтийг хангах болсон тул иргэн *******ийг өмнө нь багш, бага боловсролын сургалтын менежерээр ажилласан байдлыг үндэслэн ажлын ярилцлага хийж ажлын онцлог, ур чадвар, харилцааны чадвар, ачааллыг танилцуулж 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс тус хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтний түр орон тоонд томилсон. Ажлын эхний 7 хоног /9 дүгээр сарын 04-өөс 08-нд/-т ажилтны бичиг баримтын бүрдүүлэлт, хуваарьт ажлаас үүдэлтэй маргааныг бичиг хэргийн ажилтан /*******/, хүүхэд хөгжил хамгаалал, сургалтын орчин хариуцсан мэргэжилтэн /*******/ нартай үүсгэж, хамт олны уур амьсгалыг эвдсэн. /Өмнө нь ийм маргаан болж байгаагүй/. БШУЯ-аас Финлянд улсын Edouten хөтөлбөр /бага боловсрол/ хэрэгжихтэй холбоотой 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 29-ний хооронд нэгж байгууллагуудад мэдээлэл хүргүүлэх, бүртгэх, хаяг нээж хамрагдалтад хяналт тавих ажилд хайхрамжгүй хандаж Нийслэлийн ерөнхий боловсролын 69, 133, 127 дугаар сургуулийн хаягийг буруу нээж хөтөлбөрийн хэрэгжилтийг бууруулсан. Хөтөлбөрийн мэдээлэл болон судалгаа нь бүрэн бус, ойлгомжгүй, тайлбарлаж өгдөггүй тухай нэгжүүдийн сургалтын менежерүүд удаа дараа гомдол гаргаж байсныг өөрт нь сануулж бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, суралцах тухай анхааруулж байсан. БШУЯ-аас Финлянд улсын Eduten хөтөлбөрийн Үнэлгээний үр дүнгийн өгөгдлийн сан үүсгэсэн байдлыг эцэслэн нягтлах ажлыг 2023 оны 10 дугаар сарын 02-оос 06-ны хооронд хэрэгжилтийн тоон мэдээг 2023 оны 10 дугаар сарын 09-ний байдлаар нягтлан үзэхэд 67% байсан нь тун хангалтгүй үзүүлэлт болсон. Нэгж байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхайд танилцуулах бага боловсролын мэргэжилтний цаг үеийн ажлын танилцуулга, мэдээлэл бэлтгэх /роwer point/ нь шаардлага хангахгүй, холбогдох баримт бичгийн боловсруулалт хангалтгүй байсан тул 3 удаа засуулсан боловч шаардлага хангахгүй байсан тул хэлтсийн дарга /*******/ бусад мэргэжилтнүүдтэй хамтран шуурхай хурлын мэдээллийг өөрөө бэлтгэсэн болно. Ажилтан *******д ажиллах арга барил, цахим ур чадвараа дээшлүүлэх, чадавхижих, Eduten төслийн хэрэгжилтэд хяналт тавих, сургуулиудаар хуваарь гаргаж зөвлөн туслах ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн боловч уг ажлын биелэлт хангалтгүй байсан тул ганцаарчилан уулзаж, зөвлөгөө өгч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг танилцуулсан. Дээрх алдаа дутагдлыг гаргасан, цаашид ажиллах боломжгүй гэж үзсэн тул 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээний 7.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн *******ийг ажлаас чөлөөлсөн болно гэжээ.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.09.04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Баянзүрх дүүргийн ******* даргын 2023.10.09-ний өдрийн Б/35 дугаартай тушаал, 2023.09.04-ний өдрийн Б/31 дугаартай тушаал, *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.11.13-ны өдрийн 61 дугаартай тэмдэглэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх боловсролын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021.01.20-ны өдрийн Б/15 дугаартай тушаал, хариуцагчийн итгэмжлэл, Баянзүрх дүүргийн ******* даргын 2023.10.09-ний өдрийн Б/35 дугаартай тушаал, 2023.09.04-ний өдрийн Б/31 дугаартай тушаал, Баянзүрх дүүргийн ******* даргын 2023.09.04-ний өдрийн Б/31 дугаартай тушаал, 2023.09.04-ний өдрийн *******ийн хүсэлт, *******, ******* нарын өргөдөл, Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн суралцагчдын сургуульд бэлгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ зохион байгуулах ажлын удирдамж, Боловсрол, Соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2020.06.02-ны өдрийн А/280 дугаартай тушаал, Нийслэлийн Боловсролын газрын удирдах ажилтнуудын шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, СББҮ-1 анги, СББҮ-БЗД, Албан тушаалын тодорхойлолт, 2023.09.04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Баянзүрх дүүргийн ******* даргын 2023.10.09-ний өдрийн Б/35 дугаартай тушаал, *******ийн төрийн албан хаагчийн анкет А болон Б хэсэг, *******ийн удирдлагын академийн дипломын хуулбар, Улаанбаатар хотын Багшийн коллежийн бакалаврын диплом, иргэний үнэмлэх, Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн захирлын 2019.05.08-ны өдрийн А/23 дугаартай тушаал, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.11.13-ны өдрийн 61 дугаартай тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүн, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023.08.08-ны өдрийн 10 дугаартай тогтоол, /эдгээр хариуцагчийн ирүүлсэн баримтуудын зарим нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй/, 2024.01.18-ны өдрийн ийн хүсэлт, Боловсролын ерөнхий газрын 2023.09.19-ний өдрийн 1/5053 дугаартай албан бичиг, Сургалтын цахим систем нэвтрүүлэх ажил-ын хүрээнд дэмжигч багш бэлтгэх онлайн сургалтын хөтөлбөр, 2024.02.08-ны өдрийн *******ийн тайлбар, ийн тайлбар, ийн тайлбар, 2024.02.08-ны өдрийн ийн тайлбар, 2024.02.08-ны өдрийн ын тайлбар, 2024.02.01-ний өдрийн н.гийн тайлбарыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт: Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/04735 дугаартай захирамжийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, тэмдэглэлд Eduten.mn цахим платфомоос баримтуудыг хавсаргаж хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн *******т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,436,363 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.
2. Хариуцагч нь *******д ажиллах арга барил, цахим ур чадвараа дээшлүүлэх, чадавхижих, Eduten төслийн хэрэгжилтэд хяналт тавих, сургуулиудаар хуваарь гаргаж зөвлөн туслах ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн боловч уг ажлын биелэлт хангалтгүй байсан тул ганцаарчилан уулзаж, зөвлөгөө өгч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг танилцуулсан, энэхүү алдаа дутагдлыг гаргасан, цаашид ажиллах боломжгүй гэж үзсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж маргаж байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Баянзүрх дүүргийн ******* даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул оронд нь *******ийг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар ажиллуулахаар томилж, мөн өдрөө хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-д түр ажлын байранд ажиллуулах ажилтантай ажил олгогчийн зүгээс хугацаагүй гэрээ байгуулахаар зохицуулжээ.
4б. Баянзүрх дүүргийн ******* даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн *******ийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
4в. ******* нь дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн байх ба энэ өдрийн хуралдаанд ажил олгогчийн төлөөлөл ******* дарга ******* оролцож, *******тэй цаашид хамтран ажиллах боломжгүй түр орон тоон дээр ажилд авсан боловч ажлын ур чадвар дутмаг, багаар ажиллах чадваргүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй шалтгаанаар ажлаас халсан гэж, ******* нь би ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байна, ******* даргын ярьсан зүйлүүдийг үндэслэлгүй гэж үзэж байна гэх тайлбарыг хэн хэн нь гаргаснаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно гэж зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул маргааныг дуусгавар болгосон байна.
4г. Дээрх хариуг нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан болох нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дугаартай тэмдэглэлийн доод хэсэгт тус гурван талт хорооны хуулбар үнэн тэмдэг дарагдаж, нарийн бичгийн дарга Э.Сайхантуяа гарын үсэг зурсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар ******* нь гурван талт хорооны тэмдэглэлийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ажлын 10 өдрийн дотор буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуулийн хугацаанд гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Нийслэлийн ******* нь *******ийг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт зэргийг үндэслэл болгосон бөгөөд эдгээр зохицуулалт нь ажил олгогч эрх бүхий албан тушаалтаны тушаал, шийдвэр гаргахдаа баримталдаг ерөнхий заалтыг баримталсан байна.
5а. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан ба 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэсэн үндэслэл заасан ба хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажилтныг ямар үндэслэлээр чөлөөлж байгаагаа тодорхой заагаагүй нь хуульд нийцэхгүй байна.
Нөгөөтэйгүүр *******ийг түр албан тушаалд авсан буюу өмнө нь тухайн албан тушаалд ажиллаж байсан ийн хүүхэд асрах чөлөө дуусч орж ирсэнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.
5б. *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд ямар нэгэн үндэслэл заагаагүй боловч хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ажлын ур чадвар дутмаг, багаар ажиллах чадваргүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй буюу Eduten төслийн хэрэгжилтэд хяналт тавих, сургуулиудаар хуваарь гаргаж зөвлөн туслах ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн боловч уг ажлын биелэлт хангалтгүй зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх агуулгаар хариу тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй, энэхүү нөхцөл байдлыг ажил олгогчийн зүгээс ажилтанд мэдэгдэж, тайлбар авах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар ажлын ур чадварын хувьд хийж буй ажил албан тушаалд тэнцэхгүй байгаа болон бусад хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой зөрчил, дутагдал байгаа талаар ажил олгогчийн зүгээс мэдэгдэж, ажилтнаас холбогдох тайлбарыг авч, улмаар хөдөлмөрийн сахилгын өөр шийтгэл ногдуулж болохоор байхад шууд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь үндэслэлгүй байна.
Дээрх зохицуулалт нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын зөрчил гаргасан ажилтанд зөрчлийн талаар мэдэгдэж, тайлбар авах урьдчилсан журмыг тусгасан ба уг журмын дагуу ажил олгогчийн зүгээс *******ийн гаргасан гэх сахилгын зөрчлийн талаар урьдчилан мэдэгдэж, хариу тайлбар өгөх эрхээр хангаагүй үйл баримт тогтоогдож байна.
Ийнхүү сахилгын зөрчлийн талаар тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлд хамаарна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах ажил олгогчийн үндсэн үүргийг хуульчилсан байна.
5в. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгч Г.Нарангэрэлийг ажлаас чөлөөлсөнөөс хойшхи цаг хугацаанд *******ийн гаргасан гэх зөрчилтэй холбогдуулан харьяа сургуулиудын эрх бүхий албан тушаалтнуудаар тайлбар, хүсэлт зэргийг бичүүлж, шүүхэд ирүүлсэн нь баримтыг нөхөн бүрдүүлж байна гэж үзэх бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй юм.
Тодруулбал ажилтныг ажил олгогчийн санаачилгаар зөрчлөөр чөлөөлж буй тохиолдолд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгасан ямар зөрчлийг хэрхэн гаргасаныг тогтоосоны үндсэн дээр сахилгын ямар шийтгэл ногдуулахаа шийдэх учиртай юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон байх ёстой, энэхүү зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахад ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэл нотлогдсон байхыг шаардах бөгөөд үйл баримтыг нөхөж нотлох зохицуулалт биш юм.
Эдгээрээс дүгнэвэл хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаартай *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул тус хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэний ажил, албан тушаалд *******ийг эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
6. Ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.
Баянзүрх дүүргийн ******* даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/31 дугаар тушаал болон хөдөлмөрийн гэрээнд *******ийн үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын сүлжээний ТЗ-8 зэрэглэлийн 1,200,000 төгрөг, холбогдох нэмэгдлүүдийг зохих журмын дагуу тооцохоор зааж, талууд тохиролцсон байна.
6а. *******ийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэрээр мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжилж байгаа ба 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажлын нийт 96 хоног ажилгүй байсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамласан байна.
******* нь түр ажлын байранд хариуцагч байгууллагад 1 сарын хугацаанд ажиллаж байсан ба нэг сарын цалин хөлсийг авсан тул үндсэн цалин 1,200,000 төгрөгөөс дундаж цалин хөлсийг тооцох нь зүйтэй байх бөгөөд үүнийг 21 өдөрт хуваахаар нэг өдрийн цалин хөлс нь 57,142.8 төгрөг ба ажилгүй байсан 96 хоногоор тооцоход 5,485,708.8 төгрөгийг нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт тооцон хариуцагчаас нөхөн гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6б. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад байхгүй боловч энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу бичилт хийж, холбогдох суутгалыг хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
7. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас цалин хөлс гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 102,722 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн-ий ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 5,485,708.8 /таван сая дөрвөн зуун наян таван мянга долоон зуун найман төгрөг найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, *******ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 102,722 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ