Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 127

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Одгариг,

Улсын яллагч: С.Мөнхтулга

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Шүүгдэгч: Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох 1728000000048 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 10  дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Мын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүгдэгч Ш.Бг цагаатгах болон яллах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд: 

          Шүүгдэгч Ш.Бгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: *******ынд 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр айл гэрт амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. *******ын биед нь гар хүрч хохирол учруулсан зүйл дээр санал нийлэхгүй байна. Хүнийг гүжирдэж байна. Бид нар эв зүйгээр ярилцдаг байж гэж бодож байна. Архи уучихаад тэр айлд хэрүүл шуугиан хийснээ хүлээн зөвшөөрч байна. Ар дагз руу нь төмрөөр цохьсон гэж гүтгэж худлаа ярьсан байна.

         Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхнэр *******, хүү ******* нарын хамт гэртээ байж байтал гадаа мотоцикль дуугарсан. Тэгэхээр нь би түрүүлээд нохой хорихоор гартал гэрийн баруун хойноос ******* гэж манай багийн хүн мотоцикльтойгоо ирсэн. ******* нь ганзаганаасаа шилтэй архи гаргаж ирээд над руу далайгаад чи энэнээс уу архи уу гэхээр нь би хойшоо зайлаад холдсон. Тэгээд гэрээс манай хоёр гараад ирсэн. Тэгтэл ******* нь манай хүүг харчихаад чулуу шидээд туулгаад явсан. Тэгэхээр нь би хөөе чи болиоч яагаад хүүхэд туулгаад байгаа юм бэ гэхэд ******* нь шууд над руу хандаж чи муу юу гээд байгаа юм гээд манай гэрийн зүүн талд байсан тогоо антений доод талд эвсэн байсан хуучин тогоо антений дурангийн төмрийг аваад миний зүүн чихний дээхэн талд ар дагз руу цохиод авсан. Тэгэхэд нь манай эхнэр төмрийг нь араас нь булаагаад авсан. Тэгсэн чинь шууд над руу дайраад хувцасны захаар боогоод арагш нь түрж яваад намайг дараад газар унагаасан. Унахдаа мөн ар дагзаараа савж унасан. ******* босож ирэхэд нь нүдний шилнийх нь гар нь хугарсан байсан. Тэгээд эхнэрийг татаад босгоход эхнэрээс барьж аваад хувцас хунараас нь дугтчаад байсан. Тэгэхээр нь манай хүүхэд *******г та чинь эмэгтэй хүн зодох нь уу болиоч гэж хэлсэн. Тэгсэн чинь манай хүүхдийг бас л чулуугаар туулгаад явсан. Тэгж байтал гэрийнх нь буюу ахынх нь эхнэр Оюун, дүүгийнх нь 2 хүүхэд, 2 мотоцикльтой ирсэн. Тэгээд ирээд *******г авч явах гэхэд нь явахгүй дүү нараа архи аваад ир аяга аваад ир гэж хэлж нэг дүү нь манайхаас аяга авч өгсөн. Тэр аяганд архи хийж өгчихөөд уу гээд шахаад байсан. Тун болохгүй шахаад байхаар нь би аягатай архинд нь хуруугаа дүрж сэржим өргөчихөөд өгсөн. Тэгээд явцгаасан. Өмнө нь буюу 7-8 хоногийн өмнө манай хүүг *******гийн дүү ******* зодсон гээд цагдаад өгчихсөн юм. Манай хүү бол тэр *******г нь зодоогүй юм. Учиргүй их согтоогүй байсан. Ш.******* болон манай эхнэр *******, хүү ******* бид нар л байсан. Би гомдолтой байна. Тархи толгой өвддөггүй байсан. Одоо тархи толгой өвддөг болсон. Эмчилгээний зардалд 2 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

         Гэрч Д.Эөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед ******* гэж манай багийн малчин хүн ирсэн. Ирэхдээ ганцаараа мотоцикльтойгоо согтуу ирсэн. Нохой хуцаад байхаар нь манай нөхөр ******* гарсан. Тэгсэн чинь ******* юу яриад байгаа нь мэдэгдэхгүй чанга чанга дуугараад байхаар нь би гараад очсон чинь Б халааснаасаа 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаад архи уу муу пизда минь гээд далайсан. Тэгж далайх үед данхраадсан мотоцикль нь элсэнд шигдээд унасан. Тэгэхээр нь манай нөхөр мотоциклийг нь босгож өгсөн. Тэгтэл Б нь тэр үед миний араас гэрээс гарч ирсэн хүү Г руу чулуу шидээд гэрийн зүүн тал руу явсан. Тэгэхээр нь манай нөхөр ******* хөөе болиоч гэж хэлсэн. Тэгтэл манай гэрийн зүүн талд байх тогоо антений доод талд эвээтэй байсан тогоо антений дурангийн хуучин сул төмөр байсныг аваад *******ын баруун чихний ар хэсэгт дагз руу нь нэг цохиод авсан. Тэгээд дахиад цохих гэхээр нь би Б араас нөгөө барьж байсан төмрийг нь булаагаад авсан. Тэгсэн чинь ******* тэр чигтээ манай нөхөр М заамдаж хойш нь дарж газар унагасан. Тэгэхдээ манай нөхөр ар дагз хэсгээрээ газар савж унасан. Тэгж давхралдаж унахдаа ******* нүдний шилнийхээ гарыг хугалчихсан. Хугарсан шилний гар нь баруун талын нүдний хажуу талд шалбарчихсан. Тэгэхээр нь би Б татаад босгосон чинь намайг зуураад бариад авсан. Тэгсэн чинь ******* хажуунаас нь болиоч эмэгтэй хүн зодох нь уу гэж хэлсэн. Тэгсэн чинь Б намайг тавьчихаад *******ыг хөөгөөд чулуугаар шидээд хөөгөөд явсан. Тэгж байтал *******гийн ахынх нь эхнэр Оюун дүүгийнх нь хоёр хүүхэдтэй мотоцикльтой ирж аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/ 

         Гэрч М.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэртээ буюу Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг Гүн улаан гэх газарт аав М, ээж Э нарын хамт байж байтал үдээс хойш би цагийг нь нарийн мэдэхгүй байна. Гадаа мотоцикльтой хүн ирсэн. Аав нохой хорих гээд гарсан. Тэгсэн гадаа хүн орилоод агсраад байсан. Тэгээд би аавын араас ээжтэй хамт гараад очсон. Тэгсэн чинь ******* ах ирчихсэн байсан. Тэгээд намайг харчихаад зодох гээд хөөсөн. Тэгсэн аав цаанаас нь яагаад хүүхэд зодох гээд хөөгөөд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* гэрийн зүүн талд байсан тогоо антений доогуур эвчихсэн байсан өөр илүү тогоо антений дурангийн төмрийг бариад аавын толгойн ар хэсэг рүү цохисон. Тэгсэн ээж ******* ахын араас барьчихсан байсан дурангийн төмрийг булаагаад авсан. Тэгсэн чинь ******* ах аав руу шууд дайраад багалзуурдаад хойш нь савуулаад дээрээс нь дараад газар давхаралдан унасан. Тэгэхээр нь ээж *******г дээрээс нь татаад босгосон. Босох үед нь харахад ******* ахын нүдний шилний гар нь хугарчихсан нүүрний аль хэсэг нь билээ шороо болчихсон байдалтай байсан. Тэгээд ******* ээж рүү агсраад цамцаар нь боогоод бариад авсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг яаж байгаа юм болиоч гэж хэлсэн чинь ээжийг тавьчихаад над руу дөхсөн. Тэгэхээр нь би хол гүйгээд зугтаагаад явчихсан. Тэгтэл миний араас чулуу шидээд байсан. Хоёр ч удаа чулуу нь миний бөөр хавьд оносон. Тэгтэл дүүгийнх хоёр хүүхэд бэр эгчтэйгээ хүрээд ирсэн. Тэгээд ******* ахыг бариад хорьсон. ******* нь агсраад тэр ганзаганд байгаа архи аваад ир гээд байсан. Тэгсэн чинь ******* архийг нь авч өгсөн чинь аяга аваад ир гэж хэлсэн. Тэгээд аяга авахуулаад архи аягалж хийчихээд уу гээд бид нарт өгөх гэхээр нь хэн нь ч аваагүй. Тэгээд би ч тэд нараас холдоод яваад өгсөн. Тэгсэн чинь төд удалгүй ******* ахыг аваад яваад өгсөн.Тийм их согтуу байгаагүй байх. Жаахан халамцуухан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

          Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ гадаа мал дурандаад сууж байтал манайхаас урдуур нөхрийн дүү ******* мотоцикльтой *******ын гэрийн зүг рүү халздаа давхиад явж байгаа харагдсан. Тэгэхээр нь *******г гэртээ архи уугаад халамцуухан байсныг мэдэж байсан болохоор *******г очиж авахаар нөхрийн дүү *******гийн хоёр хүүхэд болох *******, ******* нарыг гуйгаад *******ынхруу яваад ирье гэж хэлсэн. Тэр хоёр хүү манайд байж байсан юм. Тэгээд тэр хоёр хүүгийн мотоцикльтой *******ын гэрлүү явсан. Бид гуравыг яваад очиход *******ын гэрийн гадаа *******, *******, *******, нар суучихсан хүү нь сууж байсан эсэхийг санахгүй байна ямар ч байсан тэнд хамт мөн байж байсан. Хоорондоо ямар нэг байдлаар зодолдсон ноцолдсон гэхээр зүйл ажиглагдаагүй. Өмнө нь тэр *******ын хүү нь *******гийн дүү *******г зодож гэмтэл учруулчихсан шалгагдаж байгаа юм. Тэгээд дараа нь янз бүрийн зүйл болох вий гэж бодож би *******гийн хойноос явсан байсан. Тэр ч утгаараа би тэд нарыг сайн ажиглаж харсан. Ил ямар ч шарх сорив шалбархай байгаагүй. ******* манай дүүг чи зодсон. Мөн гомдолгүй гээд гарын үсэг зуруулчихсан гэх утгатай дүүгээ өмөөрсөн зүйл яриад байсан. Харин өмнөөс нь хүүхэд нь чи адилхан хүүхдүүдтэй биздээ гээд харин ******* нь мөн өмнөөс нь хэрэлдээд байгаа бололтой байсан. Бушуухан *******г аваад явъя гээд л аваад явсан. *******, ******* ******* гуравт ямар нэг шарх сорви шалбархай цус нөж гэх мэт зүйл огт байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

         Гэрч И.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би дүү *******тэй хамт Өлзийдэлгэр ахынд буюу ******* эгчийнд очсон. Тэгээд би хонийг нь эргүүлээд байж байтал ******* ах мотоцикльтой *******ынхруу явж байгаа харагдсан. *******ын гэр бүл манай гэр бүлтэй өмнө нь түр тар хийгээд маргаантай байсан. Манай аавыг ******* нь хүүтэйгээ нийлээд зодчихсон юм. Тэгээд ******* ах манай аавын төрсөн ах нь учраас бас очоод янз бүр болох вий гэж бодоод очиж ******* эгч Өлзийдэлгэр ах хоёрт хэлсэн. Тэгтэл ******* эгч бас явж байхыг нь харсан байсан юм шиг байгаа юм. Тэгээд би ******* эгчийг сундлаад дүү ******* тусдаа мотоцикльтой хажууд хамт явсан. Тэгээд *******ынд яваад очиход ******* ах *******, *******ын эхнэр хүү нартай юм яриад сууж байсан. Тэгээд очиход зодолдсон барьсан зүйл огт байгаагүй. Бид нарыг очиход ******* ах архи гаргаж ирээд *******д нэг хийж өгсөн чинь ******* ах түүнээс нь татсан. Тэгээд би ******* ахыг явъя гээд араараа сундлаад тэндээс хөдөлсөн. ******* ах уурлаад дүүг зодсон та нар сайнаа үзэхгүй гэх утгатай зүйл хэлж байсан. Харин *******ын эхнэр нь болохоор цагдаа шүүх нь шийдэх байлгүй гэж өмнөөс нь шөвөгнөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

Гэрч И.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ах *******тэй хамт *******ийнд очсон. Тэгээд байж байтал ******* эгч ******* ах нь *******ынд очиж байна хамт яваад очоод аваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд ах ******* ******* эгчийг сундлаад би наана нь мөн тусдаа ганцаараа мотоцикльтой *******ынхруу явсан. Тэгээд *******ынд яваад очсон чинь *******, эхнэр хүүхэдтэйгээ мөн ******* ах нар байсан. *******, ******* ах хоёр гэрийнхээ гадаа сууж байсан. Тэгээд бид нарыг очиход ******* ах архи гаргаж ирээд ******* ахтай нэг нэг аяга хийж уусан. Тэгээд ******* ахыг ах ******* сундлаад би ******* эгчийг сундлаад гэрлүүгээ явцгаасан. Тэгээд ******* ахыг манай гэрт хүргэж өгчихөөд буцаж *******ынд очоод мотоциклийг нь авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/

Шүүгдэгч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манайх Бумбат гэдэг газар хоньтойгоо байсан. Тэгээд 27-ны өглөө хонио бэлчээчихээд Авзага гэдэг газар манай саалийн ямаа үхэр байсан. Тэнд манай эхнэр, хүү 2 байдаг байсан. Тэгээд би тэр өдөр эхнэр хүү хоёр дээрээ очиж цай унд уучихаад байж байсан. Манай эхнэр тогоо нэрж архи гарсан байсан. Түүнийг уучихаад явахдаа 0.5 литрийн Ерөөл нэртэй архи бүтнээр нь авч хонь руугаа явсан. Хонио эргүүлчихээд архи задалж дээрээс нь гурван хуруу орчмыг уучихаад ******* гэдэг айл руу явсан. Намайг очиход тэр айлын улсууд болох *******, *******, ******* нар гаднаа байж байсан. Очоод би тэр улсуудтай шууд хэрэлдэж маргалдаж  эхэлсэн. Учир нь өмнө нь *******ын хүү ******* нь манай дүүг зодож гэмтээсэн. Тэгээд дүүг эмнэлэгт байхад мөнгө төгрөг өгсөн гомдолгүй гэж хэлүүлсэн байсан. Тэрэнд уур хүрээд та нар хүний амьдралыг яасан их мөнгөөр шийддэг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь өөдөөс хүүгээ өмөөрөөд янз бүрээр загинаад байсан. Би мөн дүүгийн өвөлжөөний дэргэд буучихаад гэж хүртэл хэлсэн. Манай дүүгийн өвөлжөөний зүүн хойно 2, 3 дахиж бууж байсан. Тэгээд би тэнд жаахан уурлаж маргалдсан болохоос хэн нэгнийг цохиж бариагүй. Тэгээд бид хэсэг маргалдаж байгаад буцаж эвлэрээд ярилцсан. Ганзаганд байсан 0.5 литрийн Ерөөл архийг гаргаад *******тай хувааж ууж эхэлтэл манай бэр эгч *******, дүү Хүдэр-эрдэнэ ******* хоёрын хамт ирж намайг авч явсан. Би *******ыг төмрөөр цохиж гэмтээсэн зүйл байхгүй. *******, *******, ******* бид нараас өөр хүн байгаагүй. Сүүлд нь бэр эгч *******, Дүү *******, ******* нар ирж намайг авсан. Ямар ч байсан юмаа мэдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.09.11-ний өдрийн 433 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Мын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг доорхи үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:

Улсын яллагч шүүгдэгч Ш.Бг 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Мын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж үйлджээ.

Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Д.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09-р сарын 11-ний өдрийн 433 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж яллаж байх боловч энэхүү шинжээчийн дүгнэлт болон энэхүү дүгнэлтийг гаргуулахаар шинжээч томилсон тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг дараах байдлаар хангаагүй байна.

Энэхүү хэргийн хохирогч Д.Мын гомдолтой холбогдуулан Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч ц/д Я.Нэргүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлджээ.

Хэсгийн төлөөлөгч уг тогтоолыг үйлдэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийг удирдлага болгосон байх бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал, амьтанд шинжилгээ хийлгэх эрхтэй байна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт дээр дурьдсан “хүнд” холбогдуулан шинжилгээ хийж болох тохиолдлуудыг нэг бүрчлэн хуульчилсан ба үүнд сэтгэцийн байдлыг тодорхойлох, донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох, хүний нас тогтоох зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийлгэж болохоор байна.

 Түүнчлэн мөн зүйлийн 3 дахь хэсэгт эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэх эрхтэй байхаар хуульчилсан ба энэхүү шинжилгээ хийлгэх эрх нь дээр дурьдсан “хүн”-ээс бусад тусгай мэдлэг шаардагдах асуудалд хамаарах ойлголт байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд шинжилгээ хийлгэх журмыг хуульчилсан ба мөрдөн шалгах бусад ажиллагааны явцад мөрдөгч хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор заавал шинжилгээ хийлгэхээр хуульчилжээ.

Эдгээрээс дүгнэвэл хэсгийн төлөөлөгч нь зөрчил шалган шийдвэрлэх явцдаа хүний эрүүл мэндэд учирсан хохирлын  шинж байдлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх эрхгүй байна.

Ийнхүү хууль зөрчиж үйлдэгдсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үндэслэн гарсан шинжэээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан нотлох баримтад хамаарахаас гадна шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд дараах зөрчлүүд байгааг дурьдах нь зүйтэй.

Хэсгийн төлөөлөгчийн тогтоолд хохирогч Д.Мыг өөрийн биеэр тогтоолын хамт шинжилгээний албанд хүргүүлсэн талаар бичсэн байхад шинжээчийн дүгнэлтэд Д.М, өвчний карт, рентген зураг, тогтоолын хамт шинжээчийн мэдэлд ирүүлсэн талаар дурьджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх шийдвэрээ шинжилгээний обьектын хамт хүргүүлнэ гэж заасан ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.4-т Шинжилгээний обьект гэж хүн болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримтыг мөн журмын 1.3-т эмнэлгийн бичиг баримтад өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг нь эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байна гэж журамлажээ. Түүнчлэн шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээний объект, түүнд тавих шаардлагын талаар хуульчилсан ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийн хамт шүүхийн шинжилгээний байгууллага, эсхүл шинжээчид хүргүүлнэ гэж тус тус хуульчилжээ.

Эдгээр хууль болон журмаас үзэхэд шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс ирүүлсэн шинжилгээний объектын хүрээнд л дүгнэлтээ гаргана гэж ойлгогдож байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх эрхтэй байна.

Иймд шинжээчид шинжлүүлэгчээс шинжилгээний обьектыг гаргуулан авах эрх олгогдоогүй бөгөөд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд эмчилгээний карт болон рентген зураг гэх шинжилгээний обьектыг шинжээчийн мэдэлд ирүүлээгүй байхад дүгнэлт гаргасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана... гэсэн заалтын дагуу шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж болох эмчилгээний карт болон рентген зургийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах боломжгүй болсон төдийгүй мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг хохирогч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана гэсэн  заалтыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан бөгөөд энэхүү үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцох боломжгүй болсон байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй төдийгүй нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Бг хохирогч Д.Мын биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Ш.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн хэсгийн төлөөлөгч хохирогчоос зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан даруйдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба энэхүү ажиллагааны явцад хийсэн мэдүүлэг авах бүхий л ажиллагаа нь хууль зөрчиж хийгдсэн байгааг, хохирогч болон гэрч нар /эцэг, эх, хүү/ шүүгдэгч Ш.Б нь “хохирогчийн чихний ар хэсэгт дагзруу нь төмрөөр цохьсоноос гадна хохирогч ар дагзаараа газар савж унасан” гэх агуулгатай мэдүүлгийг тус тус өгсөн боловч хохирогчийн толгойн энэ хэсэгт ямар нэгэн гэмтэл, шарх илэрсэн талаархи бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй байгааг тус тус дурьдах нь зүйтэй.  

Хохирогч Д.М нь 2.000.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримт үгүй төдийгүй шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17 см-ийн урттай, 6 см-ийн радиустай, конусан хэлбэртэй хажуу бөөрөн дээрээ 8 см-ийн х 6 см-ийн хэмжээтэй бичил схем бүхий суурьтай саарал өнгийн антений төмөр 1 ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Бг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн конусан хэлбэртэй хажуу бөөрөн дээрээ 8х6 см-ийн хэмжээтэй бичил схем бүхий суурьтай саарал өнгийн антений төмөр 1 ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Д.М буцаан олгосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хохирогч Д.Мын нэхэмжилсэн 2.000.000  /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

      5. Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

       7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ДЭЛГЭРМАА