Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/0248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Сайнтуяа, С.Чулуунбат.

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: С.Хажидсүрэн.

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар С.Чулуунбатад олгогдсон 500 кв м газар болон Л.Сайнтуяа надад олгосон газрыг 700 кв м болгон зөвтгөсөн кадастрийн зургийг мэдээллийн санд оруулахгүй байгааг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгаж, дээрх захирамжаар Л.Сайнтуяа надад 700 кв м газар олгосныг 400 кв м болгон дур мэдэн өөрчилснийг зөвтгөн олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч С.Чулуунбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сайнтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр, Д.Адъяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Сайнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Сайнтуяа би Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйн газарт ажиллаж байхдаа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жигжидийн зусланд 1983 оноос эхлэн газар эзэмшиж амьдарсан бөгөөд өнөөг хүртэл тэндээ амьдарч байна. Энэ газраа эзэмших хүсэлтээ 2004 онд гаргаснаар надад 700 м.кв, хүү С.Чулуунбатад 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр А/172 тоот захирамж гарсан юм. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байсаар 2012 онд гэрчилгээ олгохдоо анх олгосон газрын хэмжээг 300 м.кв-аар багасган бичсэн байсан.

Ингэж хассан шалтгаан нь кадастрын зургийг буруу хийснээс болсон бөгөөд Дүүргийн газрын албаныхан үүнийг сайн мэдэж байгаа юм. Манай хажуу талд 1996 оноос газар эзэмших болсон иргэн С.Хажидсүрэн нь 2008 онд кадастрын зураг хийлгэхдээ миний хашааны газрыг оруулан хийлгэж, түүнийгээ газрын кадастрын мэдээллийн санд оруулсан байсан. Энэ нь буруу гэдэг нь тогтоогдсон юм. Энэ кадастрын зургийг хийсэн “Вайлд Хорс” ХХК тухайн үедээ газар дээр нь очиж хийгээгүй, Хажидсүрэнгийн амаар хийснээс зургийг буруу хийснээ хүлээн зөвшөөрч, зургийг зөвтгөн өөрчилж хийсэн болно. Гэтэл Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны алба одоо шийдвэрлэнэ өгнө гэсээр өнөөг хүрсэн гэсэн атлаа тус албаны дарга М.Алтансүхийн гарын үсэгтэй, шүүхэд хандаж болно гэсэн утгатай, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөрлөсөн 05 тоот
хариу бичгийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр надад өгсөн. 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ийм хариу гарсныг надад мэдэгдээгүй ба энэ өдөр дээрх хариуг надад хүлээлгэн өгснөө тэмдэглэсэн байгаа.

Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлд хандан өргөдөл гаргасан боловч мөн л шийдвэрлэх боломжгүй гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Энхтуяа 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5/4133 тоот бичгээр хариу өглөө.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр А/172 тоот захирамжаар Л.Сайнтуяа надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын кадастрын зургийг зөвтгөн кадастрын мэдээллийн санд оруулж, газрын гэрчилгээг зөвтгөн олгохыг Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн өмч газрын харилцааны албанаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.Хажидсүрэнгийн кадастрын зургийг иргэн Л.Сайнтуяагийн эзэмшил газарт оруулан “Вайлд хорс” ХХК буруу хийсэн бөгөөд тухайн зургийг Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалын дагуу газар дээр нь очиж хээрийн судалгаа хийгээгүй улмаас тухайн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсэн байна.

Иймээс дээрх иргэдийн зургийг зөв болгон кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэх кадастрыг зургийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагыг шүүхийн шийдвэрээр томилж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Сайнтуяа болон түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар С.Чулаанбатад олгосон 500м.кв газрыг болон Л.Сайнтуяа надад олгосон газрыг 700 м.кв-р зөвтгөн кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй байгааг Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгуулах, Чингэлтэй дүүргээс Л.Сайнтуяа надад анх 700м.кв газар олгосныг газрын байцаагч Амартайван газар эзэмших 0407102 тоот гэрчилгээ, Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжийн хавсралтад 400м.кв болгон дур мэдэн өөрчилснийг зөвтгөн олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, газрын алба, түүний дарга М.Алтансүхийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа дээрх асуудлыг шүүх, хуулийн дагуу шууд шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Газрын албанд, бидэнд олгосон 1200м.кв газрыг захирамж, гэрчилгээгээр зөвтгөн, кадастрын мэдээллийн санд оруулах үүрэг өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанаас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т “Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна гэж заасны дагуу анх Дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдсон талбайн хэмжээний дагуу кадастрын зураг хийлгэх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Сайнтуяа нь Жигжидийн зуслан дахь газар эзэмших хүсэлтээ 2004 онд гаргаснаар надад 700 м.кв газар, хүү С.Чулуунбатад 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр А/172 тоот захирамж гарсан, 2012 онд гэрчилгээ олгохдоо анх олгосон газрын хэмжээг 300 м.кв-аар багасган бичсэн байна гэж маргаж байсан.

2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Өмч, Газрын харилцааны албанаас нэхэмжлэгч Л.Сайнтуяад хүсэлтийн хариу өгөхдөө “...дүүргийн Засаг даргын 2004 оны А/172 дугаар захирамжаар иргэн Л.Сайнтуяад 400 м.кв газар олгосон нь иргэн С.Хажидсүрэн, Х.Эрдэнэбаяр нарын мэдээллийн сангийн зурагтай давхардал байхгүй байна...” гэснээс харахад нэхэмжлэгч анхнаасаа 400 м.кв газрыг эзэмших эрхийг авсан гэж харагдахаар байна. Мөн түүнчлэн 2014 оны 03 дугаар 26-ны өдөр хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид С.Хажидсүрэнгийн эзэмшил газар дээр хашаа барьсантай холбоотойгоор анхааруулга хүргүүлж байсан болон эрүүгийн журмаар шалган гэм буруутай болохыг нь тогтоож байсан болно.

Гэтэл тэрээр нэхэмжлэлдээ бусдыг гүтгэн доромжилж огт болоогүй үйл явдлыг болсон мэтээр бичиж эрх зүйн харилцаанд үнэнч шударгаар оролцох гэсэн зарчмыг зөрчиж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004.09.29-ний өдрийн А/172 тоот захирамжаар Л.Сайнтуяад 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж 2012.08.06-ны өдрийн 0407102 тоот гэрчилгээ олгожээ. Мөн захирамжаар түүний хүү С.Чулуунбатад 500 м.кв газрыг олгожээ.

Мөн нэхэмжлэгч Л.Сайнтуяа нь одоогийн байшин байгаа газартаа 1982   оноос эхлэн амьдарч байгаа гэдэг нь худлаа болохыг энэ хавтаст хэрэгт хавсрагдсан фото зургуудаар нотлогдож байгаа болно. Бид урд өмнө нь өгч байсан нэхэмжлэлээрээ ч үүнийг нотолж байсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан Газрын Харилцаа, Геодези, Зураг Зүйн Газрын 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1/1662 тоот албан бичигт 18640325872778 дугаар бүхий 700 м.кв талбайтай С.Хажидсүрэнгийн нэгж талбарын зурган мэдээллийг 2003 онд хийгдсэн эзэмшлийн газрын тойм зурагтай давхцуулан үзэхэд тухайн байршил дээрх нэгж талбарууд нь давхцаж байна гэснээс харахад нэхэмжлэгчийн удаа дараагийн худал гүтгэн сүүлд хийлгэсэн зураг гэсэн нь үгүйсгэгдэж байна.

Энэхүү тайлбарын хавсралт дахь Google Earth программаас 2016 онд татаж авсан газрын зурагт Л. Сайнтуяагийн нэмж барьсан хашаа, байшинг (өөрийн нь эзэмшлээр) тэмдэглэв.

Энэ нь ойролцоогоор 3000 м.кв газар байдаг. Үүнийг холбогдох газраар шалгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Л.Сайнтуяа ингэж хашаа барьснаас болж нэр бүхий 7 иргэний эрх ашиг хохирч Чингэлтэй дүүргийн Өмчийн харилцаа газрын албанд тэд гомдол гаргаж өгсөн байдаг.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар иргэн хүсэлтээ гаргаж уг хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бөгөөд хуульд заасан үндэслэл журмаар дээрхи гэрчилгээнүүд олгогдсон байна. Өөрөөр хэлбэл 2004 оны Засаг даргын захирамжаар 700 м.кв газар бус анхнаасаа 400 м.кв газрыг л олгохоор шийдвэрлэсэн байхад дээрх захирамжийг үндэслэн газрын кадастрын зургийг зөвтгөн кадастрын мэдээллийн санд оруулах, Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжийн хавсралтад 400 м.кв болгон дур мэдэн өөрчилснийг зөвтгөн олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж өгөх гэсэн нэхэмжпэлийн шаардлага нь ойлгомжгүй, үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жигжидийн зусланд 1989 оноос эхлэн аав С.Хажидсүрэнгийнхтэй хамт амьдарч байгаа 179 тоот (тухайн үеийн дугаарлалтаар) байрны хажууд 1999онд шилжүүлэн байршуулсан зуны байранд (хуучин Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Бавуусүрэнгийн зусланд гэрч байсан байр) 1999 оноос эхлэн Х.Эрдэнэбаяр миний бие гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн болно.

Х.Эрдэнэбаяр миний бие нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 121 тоот захирамжийг үндэслэн Жигжидийн аманд 350м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмших гэрээг байгуулсан болно.

2004 оны 4-р сарын 21-нд 0002986 дугаар бүхий "Газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан бөгөөд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 19-р хороо, Жигжид (15103) 12 хэсэг гудамж 1251/1 тоот хаалга бүхий хаягтай 1864(825860801 гэсэн нэгж талбарын дугаартай кадастрын санд бүртгэгдсэн газарт 000322080 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээтэй өөрийн байранд гэр бүлийн хамт амьдардаг билээ.

Гэтэл 2012 оноос эхлэн хөрш Л.Сайнтуяагийн зүгээс аав С.Хажидсүрэнгийн хууль эрх зүйн баталгаа бүхий газраас 350м.кв газрыг нь булааж авах зорилгоор манай барьсан хашааг 4 удаа эвдлэн буулгаж, Чингэлтэй дүүргийн Өмч газрын харилцааны албаны журмын хашаанд хураагдсан өөрийн хашааны оронд манай хашааны секцүүдийг ашиглан өөрийн дураар хашаа барих зэрэг хууль бус үйлдлийг удаа дараа гаргаж уг үйлдлийг нь таслан зогсоохоор тайлбар хэлж зогссон 80 нас дөхөж байгаа нас өндөр ээжийг минь элдвээр хараан зүхэж зодох зэргээр зүй бус үйлдэл гаргаж байсан болно.

2015 оны 5-р сарын 29-нд ээж Б.Бираг, Л.Сайнтуяа зодсон хэргээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст хандаж мөрдөн байцаагчийн шийдвэрээр Шүүх эмнэлэгт үзүүлж магадлан шинжилгээний акт гарсан бөгөөд үг актаар "Хөнгөн гэмтэлтэй" гэж гарч энэ асуудлыг прокурорт шилжүүлсэн боловч УИХ-аас батлагдсан Өршөөлийн тухай хуульд хамрагдан хүчингүй болж замхарсан байдаг.

Гэтэл иргэн Л.Сайнтуяа нь шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл болон тайлбарууддаа 80 нас гарч байгаа өндөр настан аав С.Хажидсүрэнг Цагдаа, прокурор, газрын алба, шүүх гэх мэт төрийн албадуудтай хуйвалдаж Л.Сайнтуяагийн 700м.кв газрыг 400м.кв болгож багасгаж хүү С.Чулуунбатын 500м.кв газрыг байхгүй болгож байгаа мэтээр худал гүтгэж байна.

Гэтэл шүүхийн хавтас хэрэгт авагдсан материалуудыг үзэхэд байдал эсрэгээр байгаа нь нотлогдохоор байна. Гуравдах этгээдийнхээ хувиар Х.Эрдэнэбаяр миний бие Төрийн эрх бүхий байгууллагуудаас шинжээч томилуулан шаардлагатай асуултуудад хариулт авахаар хүсэлт гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийн дагуу Л.Сайнтуяагийн гаргаж байгаа зүй бус үйлдлүүдийг таслан зогсоож газрын маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Засаг дарга надад газар эзэмшүүлж гэрчилгээ олгосон. 2004 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 172 дугаар захирамжаар С.Чулуунбатад 500 м.кв газар, Л.Сайнтуяа надад 700 м.кв газар олгосныг зөвтгөсөн кадастрын зургийг мэдээллийн санд оруулахгүй байгаа. Чингэлтэй дүүргийн Газрын алба Л.Сайнтуяа надад анх 700 м.кв газар олгосныг газар эзэмших гэрчилгээнд 400 м.кв болгон дур мэдэн өөрчилснийг засахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Кадастрын зургийг буруу хийсэн. Л.Сайнтуяа надад анх 700 м.кв газар олгосныг газрын байцаагч н.Амартайван газар эзэмших 01407102 гэрчилгээ, Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/172 дугаар захирамжаар 400 м.кв газар болгон дур мэдэн өөрчилснийг зөвтгөн олгож өгөхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү. 2008 онд улсын хэмжээнд төслийн шугамаар кадастрын зураг хийсэн. Төрийн захиргааны байгууллагуудад заавар өгсний дагуу 2008 оноос эхлэн дүүргүүдийн төсөлд орсон газруудыг кадастрын зурагжуулах ажиллагаа явагдсан. 2008 оны 06 дугаар сарын 11-ны өдөр газрын байцаагч н.Амартайван намайг дуудаж таны газарт С.Хажидсүрэн гуай кадастрын зураг хийлгэсэн байна та хүлээн зөвшөөрч байна уу гэсэн.  Кадастрын зураг хийж өгсөн компанийг зааж өгсөн. Тэр компани дээр нь очиж уулзахад уучлаарай бид нар таны газрыг хэмжиж үзэлгүй дур мэдэн зураг хийсэн байна. Та үүнийг газрын албаны байцаагчид хандаад засуулж болно гэсэн. Газрын байцаагчтай уулзах гэж 4 удаа очсон байгаагүй. Ингээд 9 дүгээр сард нь шилжээд явсан. Шинээр ирсэн хүн нь шүүхэд ханд гэсэн. Шүүхэд хандахад кадастрын зураг хийсэн компани буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Албан бичгээ Нийслэлийн Цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн Газрын алба, дүүргийн Прокурорын газар, Баянзүрх дүүргийн шүүхэд явуулсан. Баянзүрх дүүргийн шүүхээс иргэн С.Хажидсүрэн, Х.Эрдэнэбаяр нарыг удаа дараа дуудсан боловч ирээгүй. Миний хажууд дуудсан боловч Х.Эрдэнэбаяр өөрийнхөө дуу хоолойгоор энэ дугаар дээр тийм хүн байдаггүй гэж хэлсэн. н.Зоригт гэдэг шүүгч кадастрын зураг хийсэн компани буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул таны хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч нээлттэй орхино. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх газар өмчлөлийн харилцааны мэргэжилтэн н.Амартайван энэ зургийг мэдээллийн санд оруулалгүй маргаантай мэтээр харагдуулж байгаа тул солиулах боломжтой. Хэрэв боломжгүй бол хэдэн жил ч болсон нээлттэйгээр орхино гэж шийдсэн. Эрх бүхий ажилтан гэм буруутай гэдгийг нь тогтоосон. 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 786 тоот шүүгчийн захирамж гаргасан. Өнөөдрийг хүртэл Газрын албаны дарга 4 удаа солигдсон. Байцаагч нар удаа дараа солигдсон. н.Амартайвантай уулзахад таны зөв боловч энэ хүмүүст үнэнийг хэлбэл ажлаас халчихна. Та намайг буруутай гээд шүүхэд өгчих гэж хэлсэн. Бүртгэлийн дэвтэр дээр бүртгэлтэй байгаа. Хэмжээг нь сольж бичсэнийг мэдэж байна. Та тэр үед нь аваад ирэхгүй яасан юм бэ гэсэн. Би 4 удаа очсон боловч байгаагүй. Та шүүхэд хандаад Засаг даргад даалгасан захирамж гарахаар түүний дагуу солиод мэдээллийн санд оруулна гэсэн. Түүний дагуу өнөөдрийг хүртэл 8 жил маргаж байна. н.Амартайван өөрөө хүлээн зөвшөөрөөд газрын байцаагч н.Амартайван өөрөө кадастрын зураг хийлгэх гээд Л.Сайнтуяагийн газар нь хэдэн м.кв болохыг тодруулах гэж бичсэн гарын үсэг нь байгаа. Жигжид зусланд иргэн Л.Сайнтуяа нь 700 м.кв газар эзэмшдэг нь үнэн болно гэсэн Э.Болорчулуун гэдэг байцаагчийн гарын үсэг нотлох баримтаар байгаа. Манай хоёр газар болон кадастрын зураг нь давхцаагүй. Ямар ч маргаан байхгүй. С.Хажидсүрэн гуай цаад талд нь хууль бусаар 2500 м.кв газар эзэмшиж байсан. Тэр газраа н.Оюунбаатар гэдэг залууд зарсан. Би таван айлын хашаа өөрөө хөрөнгө гаргаж барьсан. Тэр хашааны мөнгийг надад олгоогүй. Маргаан яагаад үүссэн бэ гэвэл 2010 онд н.Оюунбаатар нь төмөр хашаа барьсан. Х.Эрдэнэбаяр, С.Хажидсүрэн гуай нар тэнд байсан айлуудаас мөнгө хураасан байдаг. Тэр мөнгөөрөө одоо болтол хашаа бариагүй. Би ажлынхаа хажуугаар хашаа барьж өгсөн өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө төгрөг нэхээгүй. Гэтэл С.Хажидсүрэн гуай тухайн газрыг өөрийн газар гээд цагдаа, прокурорт дөрвөн удаа хулгайч, дээрэмчин мэтээр гүтгэж бичсэн. Мөн бас Б.Баясгалан гэдэг хүнээр намайг тэнд амьдарч байгаагүй гэсэн бичиг хийлгэж өгсөн байсан. Би Б.Баясгалан гуайтай очиж уулзахад би тийм бичиг хийгээгүй гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн шүүхээс зугтаад ирээгүй. Захиргааны хэргийн шүүхэд хандах гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ханд гээд очиход хариуцсан мэргэжилтэн Т.Энхтуяа гэдэг хүн манай байгууллагаас Газрын албанд үүрэг өгсөн та Захиргааны шүүхэд ханд гэсэн. Надаас маш олон сая төгрөг нэхэмжилж Баянзүрх дүүргийн шүүхэд давхар өгсөн. Шүүгч нар удаа дараа тэдгээр хүмүүсийн өөрсдийнх нь хөрөнгө биш гэдгийг удаа, дараа нотолсон учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Газар дээр маргаангүй гээд шүүхэд ялсан. Энэхүү маргаанд хоёр удаа гуравдагч этгээдийн талд шийдвэрлэсэн боловч Давж заалдах шатны шүүх үнэн зөвийг тогтоосон. Захиргааны хэргийн шүүх бол гуравдагч этгээдийн бүх эрхийг хангасан. Гуравдагч этгээдээс шинжээчийн дүгнэлт хийлгэх болсон. Шинжээчийн дүгнэлт дээр газар нь давхцаагүй байна. С.Хажидсүрэн эргэлтийн цэг тогтоосон хууль бус үндэслэлгүй, кадастрын зураг нь давхцаагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Гуравдагч этгээд нотлох баримт болгож Ө.Цэнд гэдэг хүний гэрчийн мэдүүлгийг гаргаж ирсэн. Би тухайн үед Засгийн газрын ордонд 1984 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилд орсон. 08 дугаар сарын 17-ны өдөр санагдаж байна намайг дарга дуудаад зусланд гар гэсэн. Түүнээс хойш энэ зусланд гарч байгаа. Ө.Цэнд гэдэг хүнтэй би очиж уулзсан. Чамайг гэж мэдээгүй. Би тэр хүнд гараараа ингэж бичиж өгөөгүй. Хэрэв тэр хүн шүүхэд ингэж хэлсэн бол гомдолтой. Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Надаар бичиг хийлгэнэ гэхэд нь бичиг хийж өгөөгүй гэсэн. Чингэлтэй дүүргийн Газрын алба, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь алдаагүй захирамж гаргасан боловч байцаагч нь сольж бичсэн зүйлийг тухайн үед өөрөө байгаагүй мөртлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаад иргэн хүний хувьд гомдолтой байна. Тухайн үед алдаа гарсан гэдгийг иргэн болон төрийн байгууллагын тухайн үед ажиллаж байсан хүн хүлээн зөвшөөрч нотлох баримтаар нотлогдсон. Мөн Чингэлтэй дүүрэг Газрын албанд гомдолтой байна. Маргаан байхгүй мэдээллийн санд оруулах боломжтой зүйлийг оруулахгүй байна. Бүртгэлийн дэвтэр, компьютер зэргийг нь бүгдийг нь шалгаад нотолсон байтал хүний үгэнд ороод бусдын алдааг үнэн мэтээр хамгаалж байгаад иргэн хүний хувьд гомдолтой байна. С.Хажидсүрэн өөрийн газрыг зарж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжтай газарт маргаан үүсгэж байгаад гомдолтой байна. Шүүхээс миний эрхийг хамгаалж, нотлох баримт хангалттай бүрдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зусланд Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2004 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/172 дугаар захирамжаар иргэн Л.Сайнтуяад 400 м.кв газар, түүний хүү болох С.Чулуунбатад 500 м.кв газар тус тус эзэмшүүлж 15 жилийн хугацаатай захирамж гарсан байдаг. Тухайн захирамж нь дүүргийн Газрын албанаас ирүүлсэн захирамжийн төслийг үндэслэж гарсан захирамж. Иргэн Л.Сайнтуяа Төр захиргаа, үйлчилгээ, аж ахуй эрхлэх газраас 102 тоот зуслангийн байрыг авсан гэдэг. Тухайн албан бичиг дээр зуслангийн байрыг өмч хувьчлалаар авч байгаа. Тухайн албан бичиг дээр нэгж талбарын дугаар болон газрын хэмжээ, м.кв ямар нэг зүйл дурдагдаагүй. Дүүргийн Засаг дарга захирамж гаргахдаа тухайн мэргэжлийн хэлтэс, албадаар дамжуулж оруулж ирсэн төслийг үндэслэж захирамж гаргадаг. Жигжид зусланд иргэн Л.Сайнтуяад 400 м.кв газар олгох уу, 700 м.кв газар олгох уу гэдгийг дүүргийн Засаг дарга судлалгүйгээр шийддэггүй. Заавал Газрын албанаас оруулж ирсэн захирамжийн төслийг үндэслэж шийдвэрлэдэг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны А/172 дугаар захирамжаар Л.Сайнтуяа, С.Чулуунбат нарт газар эзэмшүүлсэн. Газрын албанд даалгах асуудал. Газрын албанаас судалсан захирамжийн төсөл дүүргийн Засаг даргын Тамгын газар дээр ирээд тухайн захирамжийн төслийг Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. 400 м.кв газрыг 700 м.кв болгож зөвтгөх, даалгах гэдэг хоёр нэхэмжлэлийн шаардлага нэг агуулгатай. Газрын алба 400 м.кв газрыг 700 м.кв болгож болно гэсэн захирамжийн төсөл оруулж ирсэн тохиолдолд талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр 700 м.кв газар олгоод түүнийг Газрын албаны мэдээллийн санд оруулах боломжтой. Түүнээс өмнө дүүргийн Засаг даргын захирамж гараагүй байхад дүүргийн Газрын албаныхан 400 м.кв газрыг 700 м.кв болгож мэдээллийн санд зөвтгөж оруулах боломжгүй. Зөвтгөж ирүүлсэн гэх кадастрын зураг нь 700 м.кв газар байгаа. Дүүргийн Засаг даргын захирамж 400 м.кв байгаа. Хэрэв 700 м.кв газар нь давхцал байхгүй. Иргэдийн орц, гарцыг хаагаагүй бол талбайн хэмжээ нэмэгдүүлэх хүсэлтээ дүүргийн Газрын албанд өгөөд түүнийг нь дүүргийн Газрын алба судлаад захирамжийн төсөл оруулж ирсэн тохиолдолд талбайн хэмжээ өөрчлөх захирамж гарсны үндсэн дээр кадастрын зургийг судлаад мэдээллийн санд оруулах боломжтой. Кадастрын зураг хийж байгаа компани бол ашгийн төлөө байгууллага. Тухайн компани зураг бүрийг үндэслэж мэдээллийн санд оруулахгүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх дүүргийн Засаг даргын гаргасан захирамж дээр 400 м.кв газар эзэмшүүлсэн. Зөвтгөсөн гэж байгаа 700 м.кв газрын мэдээллийг оруулах ямар ч үндэслэл байхгүй. Учир нь талбайн хэмжээ нэмэгдэх бол Дүүргийн Засаг даргын захирамж гарсны дараа зургийг мэдээллийн санд оруулдаг” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй байдаг. Гэтэл Л.Сайнтуяа 700 м.кв газар, түүний хүү С.Чулуунбат 500 м.кв талбай бүхий зуслангийн газар эзэмших эрх нь мэдээллийн санд кадастрын зураг оруулаагүйгээс болж 2004 оноос хойш хохирч байгаа. Л.Сайнтуяа эрх ашгаа хамгаалж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Л.Сайнтуяа өөрт нь олгогдсон 700 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамж гаргахдаа 400 м.кв болгоод гаргачихсан. Үүнийг өөрчилж 700 м.кв болгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү. С.Чулуунбатад олгосон 500 м.кв газрыг болон Л.Сайнтуяад олгосон 700 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг даалгаж өгнө үү. Энэ хүмүүсийн эс үйлдэхүйгээс болж 10 жил хохирч байна. Шүүх хэрэгт цугласан бичгэн нотлох баримтад үндэслэж дүгнэлт гаргавал шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болно. Л.Сайнтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох газрын хэмжээг өөрчилж кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүй гэж тайлбарлаж байна. 400 м.кв газрыг 700 м.кв болгож мэдээллийн санд оруулах боломжгүй гэж тайлбарлаж байна. Албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон. Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж хүн хохирох ёсгүй. Гуравдагч этгээд татсан. Гуравдагч этгээдийн эргэлтийн цэг, газрын байршлыг ямар байдлаар тогтоосон нь тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй гэж гарсан. С.Хажидсүрэн, Х.Эрдэнэбаяр нар Л.Сайнтуяа, С.Чулуунбат нарын газрын орц, гарцыг хаагаад хөндлөн хашааны газар авсан. Газрын тухай хуульд зааснаар газрыг давхцалгүй олгох ёстой. Гэтэл Л.Сайнтуяагийн орц, гарцыг хаагаад газар нь давхцаж байгаа. Захиргааны хэргийн шүүхээс орц, гарцыг нь хаасан байна гэж дүгнэсэн. Хуулийн шаардлагыг тухайн үед ажиллаж байсан газар зохион байгуулагч нар хэрэгжүүлээгүйгээс болж хохирч байна. Газрын үзлэг хийхэд 900 м.кв талбайдаа хүрэхгүй байсан. Үзлэг болон шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэж өгнө үү. Ар талын газраа зараад С.Хажидсүрэн болон Х.Эрдэнэбаяр нар газраа урагш нь сунгахдаа хажуу талынхаа айлын газрыг голоор нь хувааж орц, гарцыг нь хааж авсан. Л.Сайнтуяа хойшоо гарах боломжгүй гангатай. Газрын хэмжээний талаар шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэнэ гэж үзэж байна. Хэрэгт авагдсан гол нотлох баримт бол эдгээр хүмүүс нь хууль ёсны газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээтэй. Эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллага албан тушаалтны тогтоол, шийдвэр, магадлал, эрхийн акт байхгүй. Л.Сайнтуяад олгосон 700 м.кв газар, С.Чулуунбатад олгосон 500 м.кв газар нь хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Эдгээр иргэд бол шударга эзэмшигчид. 2004 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/172 тоот захирамжаар иргэн Л.Сайнтуяад 400 м.кв газар олгосугай гэсэн захирамжтай. Энэ гэрчилгээ хүчингүй болоогүй. Гэтэл гуравдагч этгээдийн өмгөөлөгч хууль бусаар авсан, өргөдөл нь байгаа ч гэсэн схем зураг нь байхгүй гэж тайлбарладаг. 2004 оны схем зураг төрийн байгууллагад байх ёстой. Схем зураг нь байхгүй ч гэсэн энэ гэрчилгээнүүд хүчин төгөлдөр байгаа. Эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж, энэ хүмүүс уг газрыг эзэмших эрхтэй гэдгийг тогтоогоод. Уг газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус. Энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Чингэлтэй дүүргийн Засаг даргад болон Чингэлтэй дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэж өгнө үү. Кадастрын зураг хийсэн компани нь манай ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж энэ хүн хохирсон нь үнэн гэж тодорхой тайлбарууд өгдөг. Гэтэл тухайн компанийг ашгийн төлөө байгууллага тул кадастрын зураг хийх эрхгүй гэсэн утга агуулга бүхий тайлбар хэлж байна. Хууль ёсны дагуу кадастрын зураг хийх эрх авсан. Эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгэсэн. Өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хийсэн кадастрын зураг нь хууль ёсных. Түүнийг нь хүчингүй болгосон ямар ч баримт хэрэгт байхгүй. Л.Сайнтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар мэдээллийн санд оруулахаас, 400 м.кв газрыг 700 м.кв болгохоос татгалзаж байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгана гэж заасны дагуу даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Иргэн Л.Сайнтуяа, С.Чулуунбат нар нь  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар С.Чулуунбатад олгогдсон 500 кв м газар болон Л.Сайнтуяа надад олгосон газрыг 700 кв м болгон зөвтгөсөн кадастрийн зургийг мэдээллийн санд оруулахгүй байгааг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгаж, дээрх захирамжаар Л.Сайнтуяа надад 700 кв м газар олгосныг 400 кв м болгон дур мэдэн өөрчилснийг зөвтгөн олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч нар болон түүний өмгөөлөгчөөс захирамжаар авсан 700 м кв газрыг 400 м кв болгон дур мэдэн өөрчилснийг зөвтгүүлэхээр удаа дараа шаардсан боловч шинэчилж өгөөгүй, кадастрийн зургийг мэдээллийн санд зөвтгөн оруулаагүй хууль бус гэж маргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар Л.Сайнтуяа надад 700 кв м газар олгосныг 400 кв м болгон дур мэдэн өөрчилснийг зөвтгөн олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зусланд Л.Сайнтуяа 102 тоот зуслангийн байрыг 1996 онд худалдаж авсан нь Төр засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газраас тус дүүргийн газрын харилцааны албанд хүргүүлсэн 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “..зуслангийн байрны газрыг баталгаажуулж өгөхийг хүссэн” албан бичгээр нотлогдож байгаа бөгөөд энэ албан бичигт газрын хил, зааг, байршлыг заасан зэрэг газар шилжүүлэхтэй холбоотой баримт байхгүй байна.

            Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л Сайнтуяад 400 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0407102 дугаарын  С.Чулуунбатад 500 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 0407101 дугаарын гэрчилгээг тус тус олгожээ.

            Гэтэл нэхэмжлэгч Л.Сайнтуяа дээрх захирамжаар анх 700 м кв газар олгосныг дүүргийн газрын алба дур мэдэн өөрчилсөн гэж маргаж байгаа хэдий ч энэ талаараа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

            Түүнчлэн хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга  “Газрын тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Л.Сайнтуяад 400 м кв газар олгож эзэмшүүлсэн байхад  газрын хэмжээг 700 м кв болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

            Учир нь хариуцагч дүүргийн Засаг дарга өөрийн ажлын алба болох газрын албаны боловсруулж танилцуулсан төслийн дагуу уг газрыг эзэмшүүлсэн, нөгөө талаар нэхэмжлэгч тухайн үед 700 м кв газар хүссэн эсвэл энэ хэмжээний газар олгосон гэх хангалттай нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлага хангагдах боломжгүй байна.

            Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргын 2004 оны 172 дугаар захирамжаар Л.Сайнтуяад 700 м кв газар олгосон байх үндэслэлгүй энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

            2. Л.Сайнтуяа, С.Чулуунбат нар нь  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар С.Чулуунбатад олгогдсон 500 м.кв газар болон Л.Сайнтуяа надад олгосон газрыг 700 м.кв  болгон зөвтгөсөн кадастрийн зургийг мэдээллийн санд оруулахгүй байгааг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Дүүргийн Засаг даргын дээрх захирамжаар С.Чулуунбат 500 м кв, Л.Сайнтуяа 400 м кв газрыг тус тус эзэмших эрхтэй бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байна.

            Харин анх эзэмшүүлсэн газрын хэмжээг 700 м кв болгон 300 м кв-аар нэмэгдүүлж кадастрийн мэдээллийн санд оруулах боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэстэй хэдий ч захирамжаар С.Чулуунбат 500 м кв, Л.Сайнтуяа 400 м кв газрыг олгосон хэмжээгээр кадастрийн зургийг мэдээллийн санд оруулах үүрэгтэй байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч Дүүргийн Засаг дарга болон түүний газрын алба нэхэмжлэгч нарын удаа дараа гаргасан хүсэлтийг хүлээн авч тэдэнд захирамжаар олгосон газрын хэмжээгээр кадастрийн зургийг мэдээллийн санд оруулж баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэхээр байна.

            Маргаан бүхий газарт Дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 121 дүгээр захирамжаар гуравдагч этгээд С.Хажидсүрэнд 700 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 0002985 дугаарын, Х.Эрдэнэбаярт  350 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 0002986 дугаарын гэрчилгээг тус тус олгожээ.

            Нэр бүхий иргэд газар эзэмших эрхээ баталгаажуулж кадастрийн зураг хийлгэсэн бөгөөд уг зургийг “Вайлд хорс” ХХК хийхдээ “...эзэмшил газрын хил хязгаарыг шалгаж үзээгүйгээс болж Л.Сайнтуяагийн эзэмшиж байсан газар дээр С.Хажидсүрэнгийн кадастрийн зургийг хийж өгсөн байна.” гэсэн тайлбарыг тус дүүргийн газрын албанд хүргүүлж байжээ.

             Тухайн газарт нэр бүхий 4 иргэнд Газрын тухай хуулийн дагуу эрх бүхий захиргааны байгууллагын актаар тус тусын хэмжээт газрыг эзэмшүүлсэн хэдий ч нэгж талбарын хилийн заагыг тодорхойлоогүй нь маргааны үндэс болсон гэж үзэхээр байна.

            Энэ хэрэгт гуравдагч этгээдийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1755 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2136 дугаар дүгнэлтээр “..эзэмшиж, ашиглаж байгаа нэгж талбарын байршлын схем зураг дээр эзэмших талбайн хэмжээг заасан боловч хил хязгаарын цэгүүдийн солбицлыг тусгаагүй байх тул бодитоор 4 иргэний газруудын нэгж талбарын хил зааг байршлыг тодорхойлох боломжгүй..., ..иргэн Л.Сайнтуяа, С.Чулуунбат нарын газрын мэдээллийн санд уншуулсан кадастрын зураг байхгүй байх тул эргэлтийн цэгийг тодорхойлох боломжгүй..,.. Иргэн С.Хажидсүрэн, Х.Эрдэнэбаяр нарын 2 иргэн нь урьд нь газар дээрээ эргэлтийн цэгүүдээ тодорхойлуулж байсан гэх боловч, эргэлтийн цэг болгож газарт бэхэлсэн нь стандартын бус тэмдэгт байна. Дээрх иргэдэд олгосон газруудын хэмжээг заасан боловч нэгж талбаруудын хил хязгаарыг зааж баталгаажуулсан солбицолгүй тул кадастрын зургийг дахин хийх, давхцалтай эсэхийг тогтоох боломжгүй.” гэж дүгнэжээ.

            Харин хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаас үзэхэд маргаж буй газрын сүүдрэвч байрлаж буй газар нь иргэн С.Чулуунбатын эзэмшдэг газар байж болохоор байна.

            Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна;”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх;”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг...тухайн шатны Засаг дарга гаргана.” гэж   зааснаас үзэхэд нэхэмжлэгч нарын газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах эрх хэмжээ нь энэ хуулиар зөвхөн дүүргийн газрын алба, Засаг даргад байна.

            Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн 2 дахь шаардлага, хэргийн үйл баримтаас дүгнэхэд газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас тэдний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.

            Гэхдээ нэхэмжлэгч Л.Сайнтуяа 2004 оны 172 дугаар захирамжаар өөрт нь олгосон 400 м кв газрын хэмжээгээр л кадастрийн зургийг мэдээллийн санд оруулахыг шаардах эрхтэй болно.

            Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар С.Чулуунбат 500 м.кв,Л.Сайнтуяа 400 м.кв газар эзэмших эрхтэй байх тул нэхэмжлэгч нарт захирамжаар олгогдсон газрын хэмжээгээр кадастрийн зургийг мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.3, 23.4.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар олгогдсон нэхэмжлэгч С.Чулуунбатын 500 м.кв, Л.Сайнтуяагийн 400 м.кв газрын хэмжээгээр кадастрийн зургийг мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар Л.Сайнтуяа надад 700 кв м газар олгосныг 400 кв м болгон дур мэдэн өөрчилснийг зөвтгөн олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн газрын албанаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.НАСАНДЭЛГЭР

 

aa