Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

Л.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд,

          Хохирогч О.Наранбат /цахимаар/,

          Шүүгдэгч Л.Б /цахимаар/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, Д.Амаржаргал /цахимаар/,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж,  шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны  2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Болдод холбогдох 2029002040142 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, Б овгийн Л-ийн Б,

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр согтуугаар Ө аймгийн Х сум, Х баг, Ц гэх газар үйл ажиллагаа явуулж буй “Х” ХХК-ийн нүүрс ачилт буулгалтын талбайн хойд талд О.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар  улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, хүнийг алахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.  

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:  Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 5 жил, 4  сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүгдэгч Л.Б-с хохирогчид гэм хорын хохиролд нийт 10542000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Н болон иргэний нэхэмжлэгч Б.Б нар нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Н нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Б-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Б-ийн эзэмшлийн улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон шилжилт хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Б-д буцаан олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л.Б-ын    дугаартай B,C,E ангиллын жолооны үнэмлэх,   дугаартай C,E ангиллын мэргэшсэн жолооны үнэмлэхийг ялтан Л.Б-д буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Намайг Н-ыг машинтай хавсарч мөргөх үеийг Н-с өөр хэн ч хараагүй байсан бөгөөд би энэ үйлдлийг хийчихээд машинаасаа буугаад түүнийг сэргээх зорилгоор нүүр рүү нь зөөлөн алгадаж байх үеэс эхлэн бидний хооронд болж буй харьцааг гэрчүүд харсан байдаг ба эргэж машиндаа суугаад ухрааж чадахгүй, хий хаазлаад байсан гэдгийг гэрч, хохирогч нар удаа дараа хэлж мэдүүлсэн байдаг.

Г намайг машинаас татаж буулгаад жолооны ард сууж машиныг ухраах гэсэн боловч чадаагүй байгаа зэргээс үзэхэд би Н-ыг гүйцээж алах гээд нэмж хаазлаад байсан сэдэлт, санаа  зорилго биш, харин машин тухайн үед ухрах боломжгүй байсан нь тодорхой болж би тэр хүүг санаатай алъя, амийг нь хөнөөе гэсэн сэтгэлээр тийм үйлдэл хийгээгүй  гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн үед ойлгомжтой болсон.

Би хүү шигээ сайхан залууг бэртээж гэмтээсэндээ үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Иймээс миний хувийн байдал, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш их гэмшиж харамсаж байгаа байдал, хохирогчид эмчилгээний зардлыг сайн дураар төлж байгаа болон цаашид ч эмчлүүлэхэд гарсан зардлыг төлье гэж хүсэж байгаа, хохирогч хүү намайг уучилж буй байдал зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг өөрчлөн, хохирол, хор уршгаар нь тооцоолон хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Л.Б-ын хийсэн үйлдэл, бусдыг гэмтээж хохироосон хор уршиг нь тодорхой боловч сэдэлт санаа зорилгыг тодруулан тогтоох боломжгүй байдаг ба гэрчүүдийн анхны эргэлзээтэй мэдүүлгээр прокурор хэргийг хүндрүүлэн буруу зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч болон шүүх хуралдаанд оролцсон гэрч Г-ийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулж үнэлж дүгнэхэд тухайн үед хохирогч, холбогдогч нарын хооронд ямар  ч хэрүүл, маргаан болоогүй, тоглоом шоглоомоор таргалчихаад таньсангүй гэсэн яриа гарсан ч тэр нь нэг их сүртэй асуудал байгаагүй, хохирогч Н ийм үг ярианы дараа усанд орох гээд шампунь аваад шүршүүрийн доор очсон, Л.Б явах гээд машинаа асаагаад, түр няр гэх чимээгээр гэрчүүд нордбенз машины толгойн хэсэгт сууж байснаа бууж очиход мөргөх, мөргөгдөх үйлдэл болоод өнгөрсөн, хохирогч 2 машины завсарт хавчуулагдчихсан, жижиг машиныг ухраагаач гэж орилоод, Б нь машиндаа суугаад үглээд, орилоод хаазлаад байсан байдаг юм.

Нэгэнт гэмт этгээдийн хийж буй үйлдлийн сэдэлт, санаа зорилгыг тогтоох боломжгүй учраас шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлалгүй шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Л.Б-ын үйлдлийг нэгэнт “хүнийг санаатай алах” гэмт хэргийн завдалт гэж дүгнэсэн юм бол гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулж байгаа ял, завдалтыг журамлан оногдуулж байгаа ялын аль нь болох талаар ялгаа заагийг нь шийтгэх тогтоолд оновчтой, ойлгомжтой байдлаар тусгах ёстой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасан байх бөгөөд хуулийн энэ заалтад оногдуулах ялын доод хэмжээг заагаагүй байгаа нь хууль хэрэглэхэд гарч буй эргэлзээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 6 сар гэж заасан.

Тэгэхээр завдалтыг журамлахдаа хорих ялын доод хэмжээнээс тооцох уу, хүнийг алах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8 жилээр тооцох уу, завдалт, гэм буруугаа хүлээсэн хүнд ял шийтгэл оногдуулах зарчмыг давхардуулж хэрэглэх үү, тус тусад нь журамлан эдэлбэл зохих ялаас хасч багасгаж тогтоох уу гэдгийг хуульд тодорхой тусгаагүй тул ийнхүү хуулийг тайлбарлах, хэрэглэхэд гарч буй эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж болохоор байхад, шүүх шийтгэх тогтоолдоо хөнгөрүүлж ял оногдуулж болох хуулийн 2 заалтыг нэг дор дурьдсан боловч заалт бүрийн дагуу ялыг хөнгөлж шийдвэрлээгүй нь буруу бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлд заасныг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ялыг хөнгөрүүлж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” зүйл ангид зааснаар ял шийтгэлийн хэмжээг тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогч О.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Надад 1000 төгрөг ч өгөөгүй. Эмнэлгийн тусламж авахад хааяа 200 мянга, 300 мянган төгрөг өгдөг, ихдээ 1 сая төгрөг л өгч байсан. Анхан шатны шүүх хуралдаанд би эмчилгээ дахин хийлгэсэнтэй холбоотой зардлаа нэхэмжлэхээр нотлох баримтуудаа гаргаж өгөх гэтэл Л.Б миний ял хүндэрнэ, битгий өг, би төлнө гэж хэлээд өгүүлээгүй, хохирлыг төлөөгүй гэв.  

Шүүгдэгч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 60 гарсан эцэг хүний насанд баймааргүй ааш авир гаргаж, үр хүүхэд шигээ хүний биед гэмтэл учруулж, удаан хугацаагаар өвдөж шаналган өвчин эмгэгтэй болгосондоо түүний өмнө түмэн буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаагаа илэрхийлье. Энэ үйлдлийг хийсэн даруйдаа би өөрийн бурууг ойлгож, Н-ыг эмчилгээ хийлгэхэд нь өөрийн санаачилгаар эмчилгээний зардалд 10 сая 500 гаруй мянган төгрөг өгсөн. Цаашдаа ч биеийн эсэргүүцэл сайжирч, бүрэн эдгэрэх хүртэл хугацаанд эмчилгээний зардалд зориулан мөнгөн тусламж үзүүлэх болно. Би өөрөө тухайн үед болсон явдлыг санахгүй байгаа ч хүүхэд шигээ хүнийг дайрчихаад хүний биеэс их хэмжээний цус гарч байхыг хараад хэдийгээр согтуу ч гэсэн аль болох түүнд туслахыг бодож, ухаан санаа оруулах гэж нүүр, хацар руу нь гар хүрч, өөрийгөө занаж зүхэж, бусдаас тусламж хүсэж байсан. Миний энэ үйлдлийг хөндлөнгөөс харсан хүмүүс буруугаар ойлгож мөрдөн байцаалтын шатанд хүнийг санаатай алах гээд байсан гэж гэрчилсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд залруулагдаж яагаад ийм үйлдэл хийсний учир зангилаа тайлагдаж, ойлгомжтой болсон гэж би бодсон.

Мөн намайг Н-ыг машинтай хавсарч мөргөснийг Н-с өөр хэн ч хараагүй бөгөөд энэ үйлдлийг хийчхээд машинаасаа буугаад түүнийг сэрээх зорилгоор түүний нүүр, толгой руу нь зөөлөн алгадаж байх үеэс эхлэн бидний хооронд болж буй харилцааг гэрчүүд харсан. Би эргэж машиндаа суугаад ухрааж чадахгүй хий хаазлаад байсныг гэрч, хохирогч нар удаа дараа мэдүүлдэг.

Мөн Г намайг машинаас татаж буулгаад жолооны ард суугаад машиныг ухраах гэсэн боловч чадаагүй зэргээс үзэхэд би Н-ыг гүйцээж алах гэсэн санаа зорилготой биш харин машин тухайн үед ухрах боломжгүй болсон байсан гэдэг. Иймд миний хувийн байдал, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, цаашид гарах эмчилгээний зардлыг үхэн үхтлээ төлье гэсэн байдал,  хохирогч Н намайг уучилж буй байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн хохирол хор уршгаар нь тооцоолон хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б-ын өгсөн мөнгө хэний данс руу ороод байгаа гэдгийг банкнаас тодруулж өгөхийг хүссэн. Үүний дагуу Уянга гэдэг хүний 5064 тоот Хаан банкны дансны хуулгын тодорхойлолт авсан. Н гэдэг хүний данс 5016 тоот данс мөн байна гэж тогтоогдсон. Б гуайн шилжүүлсэн төлбөрийг он сараар нь тулган үзэж хохирол төлбөр төлсөн талаарх баримтыг үйлдсэн. Бэлэн өгсөн мөнгийг шүүгдэгч өөрөө тэмдэглэлийн дэвтэртээ он, сараар нь бичсэн байсан учир түүнийг оруулж 10 сая төгрөгийг төлсөн гэж тэмдэглэсэн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Б гуайн хийсэн үйлдэл нь бусдыг гэмтээж, хохироосон хор уршиг нь тодорхой боловч санаа зорилго тодорхойгүй. Цаашид мөрдөн байцаалтын ямар ч ажиллагаа явуулж, тодруулах боломжгүй байсан. Харин шүүх хуралдааны явцад хохирогч Н болон гэрч Г нарын мэдүүлгээр Болд нь хүнийг санаатай алах үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Гэмт этгээдийн хийж байгаа үйлдэл, сэдэлт санаа зорилгыг тогтоох боломжгүй учир шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Б хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн үү? согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зогссон газраасаа тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө ухрах араа нь ажилгүй болж, жолоодлогын баримжаа алдан зогсож байсан хохирогчийг чиргүүлтэй том машинтай хавсарч мөргөсөн үү? гэдгийг тогтоох боломжгүй эргэлзээтэй нөхцөл байдал болсон тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлалгүй шийдвэрлэсэн нь буруу байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуульд зааснаар хэргийг зүйлчлэхэд завдалтыг журамлахад хууль хэрэглээний хувьд эргэлзээ гарч байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дахь зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан байдаг. Гэвч Б нь Н-ыг машинаар машинтай хавсарч алах гэсэн санаа зорилго тогтоогдоогүй, түүний хийж буй үйлдлийг хэн нэгэн хүн туйлд нь хүргэхгүй, таслан зогсоогоогүй. Харин энэ  үйлдлийг Болд хийсний дараа “гайгүй юу? ахын дүү ухаан алдаагүй биз” гээд толгой, нүүр рүү нь зөөлөн алгадаад, машинаа ухраах үйлдэл хийсэн байдаг. Иймээс хүнийг санаатай алах гэмт хэргийг завдаагүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  заасныг журамлан 5 жил 4 сарын хорих ял оногдуулсугай хэмээн хуулийн заалтыг бөөндсөн байдалтай хэрэглэсэн нь завдалтыг журамласан эсэх, эсвэл гэм буруугаа хүлээсэн хүнд ял оногдуулах зарчмыг баримталсан уу? гэдэг нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт гэж заасны дагуу Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, тухайн зүйлд заасан ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүхийн шийдвэрийг хянахад иргэний нэхэмжлэгч, хохирогч О.Н-с мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн нотлох баримтуудыг шүүх бүрэн дүүрэн шалгаж үнэлээгүй, хохирлыг ямар нотлох баримтуудыг үндэслэн тооцож 10542000 төгрөгийг хохирогч авсан гэдэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч нь хохирол төлбөр төлөгдөөгүй гэж маргаж, гомдолтой гэдгээ илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэрэгт хэрэглэх заалт гэж ойлгогдохоор байх ба шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон ба давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрхгүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Л.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Л.Б-д холбогдох 2029002040142 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Б-д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ш.ТӨМӨРБААТАР