Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/01307

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 11

101/ШШ2024/01307

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Т.Ганчимэг, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Залуус хороолол, 48а дугаар байрны 1273 тоотод түр оршин суух, Боржигон овогт Чүүлмаагийн Д******* /регистрийн дугаар СЭ69072709/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, 1б хэсэг хоршооллын хотхон, хд 48 дугаар байрны 10 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Мөнхболдын Т******* /регистрийн дугаар РЭ92121818/-д холбогдох

 

Гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Д*******,

Иргэдийн төлөөлөгч С.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд Залуус хорооллын урд талын замаар ажилдаа явах гээд явган хүний гарцаар зам гарахдаа машин ирж буй эсэхийг хартал нилээн хол машин байсан, чөлөөтэй амжихаар байсан тул зам хөндлөн гарсан. Гэтэл машин ирээд намайг мөргөсөн, тухайн үед түр зуур ухаан балартаж, юу болсныг мэдээгүй, дээшээ шидэгдэх шиг л болсон. Машины жолооч намайг гарцаар гарч байхыг хараагүй мөргөсөн гэсэн, миний хамаг бие хөндүүрлээд нүд харанхуйлаад өндийж чадахгүй байсан, хувцас хунар бүгд урагдсан байсан. Үнэхээр гомдолтой байна. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс хойш 4 сар гаруйн хугацаанд хэвтэрт эмчилгээ хийгдсэн боловч одоо хүртэл эмчийн байнгын хяналтанд өвчин намдаах эм ууж, байнгын зовиуртай, хазгар доголон, эмийн хамааралтай болсон. Гэмтэл авснаас хойш хүнээр асруулж, байнгын асаргаанд хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгаа тул маш их гомдолтой байна. Эрүүл мэнд, эдийн засаг, санхүү, сэтгэл санаагаар хохирсон, НӨАТ-ын баримтаар нийт 4,402,498 төгрөгийн эм тариа, бусад зардлууд гарсан, сэтгэл санаа, санхүү эдийн засгийн хохиролд 2,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 3,597,502 төгрөг болж байна.

Иймд хариуцагчаас эдгээрийн нийлбэр 10,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ч.Д*******ын нэхэмжлэлтэй, М.Т******* миний биед холбогдох гэм хорын төлбөр гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Ч.Д*******ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 504 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарынн 21-ний өдрийн 2023/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоол, Ч.Д*******ын иргэний үнэмлэх, хавтаст хэргийн 16-99 дүгээр талд эмийн сангаас авсан эмийн, мөн шатахуун түгээх станцаас шатахуун авсан зэрэг ибаримтууд, СХД-ийн иргэний шүүхэд өргөдөл гаргах нь, ГССҮТ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Ч.Д*******ын өвчний түүх, мөн өдрийн Компьютерт томографийн шинжилгээ, Сонор медийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн эмчийн зөвлөгөө, Med trauma эмнэлгийн 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагч нь хариу тайлбараа бичгээр ирүүлсэн, харин шүүхэд бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

4. Иргэдийн төлөөлөгч С.Н******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

2,800,000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд хариуцагч нь нэхэмжлэгчид өгсөн байна. 810,000 төгрөгийг эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн, үүнээс хэргийн материалд дутуу бүрдүүлсэн, материал дунд хэрэгт хамааралгүй материал байна. Хариуцагч тал хохирогч талд эмчилгээний нэхэмжилсэн төлбөр бүрэн барагдуулсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зардлыг шаардах ёсгүй хэмжээн үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Д******* нь хариуцагч М.Т*******д холбогдуулан эрүүл мэндийн буюу эм тарианы хохиролд 4,402,498 төгрөг, сэтгэл санаа, санхүү эдийн засгийн хохиролд 2,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 3,597,502 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч М.Т******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

2а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний эзгүйд шүүх хуралдааныг хийхээр шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарынн 21-ний өдрийн 2023/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолоор М.Т******* нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын урд замд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 07 цаг 40 минутын орчимд тоёота чэйзер маркийн ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Д*******ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд М.Т*******ыг тооцжээ.

 

3б. Дээрх шийтгэх тогтоолд ...Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Д*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд баримтаар нийт 814,097 төгрөг нэхэмжилсэнээс 660,000 төгрөг төлөгдсөн. Мөн хувцасны хохирол үнэлгээгээр 400,000 төгрөг, эмчилгээний эд хэрэгсэлд 91,000 төгрөг тус тус төлсөн. Эмчилгээний зардлаас үлдэгдэл 154,097 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 2,800,000 төгрөг, нийт 2,954,097 төгрөг төлөхөөр шүүхээс тогтоосныг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан баримттай хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин нэхэмжилсэн боловч хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 сарын хугацаа өнгөрөөгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг 2 сараар тооцон, мөн шүүгдэгч 2 сарын цалин 2,800,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул гаргуулахаар шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй гэжээ.

 

3в. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д Хохирогч Ч.Д******* ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан байна.

 

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

4а. Шийтгэх тогтоолд ... Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.01.20-ны өдрийн 1467 дугаар шинжилгээний дүгнэлтэд: Ч.Д*******ын биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун тахилзуур ясны далд хугарал, зүүн өвдөг, шилбэ, хөлийн 4,5 дугаар хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ.

 

4б. Шийтгэх тогтоол гарснаас хойш нэхэмжлэгч Ч.Д******* нь Сонор мед эмнэлэгт 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үзүүлж, эмчилгээ бичүүлэн холбогдох эмчилгээг хийлгэсэн, мөн тус эмнэлгээс бүсэлхийн MRI зураг авахуулахыг зөвлөсөний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Med trauma эмнэлэгт дүрс оношилгооны шинжилгээ өгч, улмаар мэдрэлийн болон гэмтлийн эмчийн зөвлөгөө авахыг зөвлөсөн болох нь Сонор мед эмнэлгийн баримт, Med trauma эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариу зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

4в. Нэхэмжлэгч Ч.Д******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой зайлшгүй гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй байх бөгөөд тэрээр эрүүл мэндийн буюу эм тарианы хохиролд 4,402,498 төгрөгийг нэхэмжилж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, тодорхой эмийн сангуудаас эм авсантай холбоотой болон эмчээс зөвлөгөө авсан, шинжилгээ өгсөн ибаримтуудыг ирүүлсэн.

 

Хэргийн материалд авагдсан эмийн сангийн болон эмнэлгийн баримтуудыг үнэлэхдээ дээрх шийтгэх тогтоол гарсан 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны дараахи нотлох баримтын шаардлага хангаж байгаа ибаримтуудыг үнэлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Үүнд: 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 5,850 төгрөгийн Оол эмийн сангийн баримт /хх-16/, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3,500 төгрөгийн Эмийн увидас ХХК-ийн баримт /хх-19/, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 27,114.48 төгрөгийн Өсөх шагай ХХК-ийн баримт /хх-20/, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 6,000 төгрөгийн Өсөх шагай ХХК-ийн баримт /хх-22/, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 93,744 төгрөгийн Монос эмийн сангийн баримт /хх-31/, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 60,000 төгрөгийн Монос эмийн сангийн баримт /хх-34/, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 32,400 төгрөгийн Ази фарма эмийн сангийн баримт /хх-35/, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 40,000 төгрөгийн Сонор мед эмнэлгийн үйлчилгээний баримт /хх-38/, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2,200 төгрөгийн Эмийн увидас ХХК-ийн эмийн баримт /хх-39/, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 300,000 төгрөгийн МЕD trauma hospital-ийн дүрс оношилгооны шинжилгээний баримт /хх-40,46/, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 61,500 төгрөгийн Ази фарма эмийн сангийн баримт /хх-41/, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5,790 төгрөгийн Хэнтий бумбат эмийн сангийн баримт /хх-42/, 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 26,768 төгрөгийн Монос эмийн сангийн баримт /хх-43/, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6,700 төгрөгийн Өсөх шагай ХХК-ийн эмийн сангийн баримт /хх-44/, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 16,800 төгрөгийн Ази фарма эмийн сангийн баримт /хх-45/, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 20,580 төгрөгийн Ази фарма эмийн сангийн баримт /хх-47/, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 62,500 төгрөгийн Ази фарма эмийн сангийн баримт /хх-48/, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 93,000 төгрөгийн Өсөхшагай ХХК-ийн эмийн сангийн баримт /хх-50/, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15,100 төгрөгийн Оол эмийн сангийн баримт /хх-51/, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 44,000 төгрөгийн эмийн сангийн баримт /хх-52/, 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24,931.80 төгрөгийн Ази фарма эмийн сангийн баримт /хх-57/, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 29,450 төгрөгийн Өсөхшагай ХХК-ийн эмийн сангийн баримт /хх-58/, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 7,500 төгрөгийн Өсөхшагай эмийн сангийн баримт /хх-64/, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 100,000 төгрөгийн Сонор медийн эмчилгээ, үйлчилгээний төлбөр /хх-69/, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10,000 төгрөгийн Ази фарма эмийн сангийн баримт /хх-75/, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 35,850 төгрөгийн Өсөхшагай эмийн сангийн баримт /хх-82/, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 55,415 төгрөгийн Азифарма эмийн сангийн баримт /хх-83/, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 32,400 төгрөгийн Азифарма эмийн сангийн баримт /хх-85/, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 587,450 төгрөгийн Өсөхшагай эмийн сангийн баримт /хх-86/, 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 37,440 төгрөгийн мед фарммаркетын баримт /хх-88/, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2,500 төгрөгийн Оол эмийн сангийн баримт /хх-99/, нийт 1,846,483.28 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4г. Харин Индранил дентал групп шүдний эмнэлэгт 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр сувгийн эмчилгээ хийлгэсэн 50,000 төгрөгийн, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 60,000 төгрөгийн нийт 110,000 төгрөгийн баримтын /хх-49, 98/ хувьд нэхэмжлэгчийн биед гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй байх тул хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан бусад эмийн сангаас эм авсантай холбоотой баримтуудын хувьд шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацааны баримтууд байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Т******* нь Ч.Д*******ын эмчилгээний зардалд баримтаар нийт 814,097 төгрөг нэхэмжилсэнээс 660,000 төгрөг төлсөн болох нь шийтгэх тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэхүү эмчилгээний зардлуудтай давхцсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хангах үндэслэлгүй байна.

 

Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 120,000 төгрөгийн болон 37,500 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнд орсон байх бөгөөд эдгээр төлбөрийг хариуцагч төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-90, 94/

 

5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ, 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заажээ.

 

5а. Нэхэмжлэгч нь сэтгэл санаа, санхүү эдийн засгийн хохиролд 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд осол болсноос хойш замаар хөндлөн гарч чадахгүй, машин явахаар зочино, тувт шаналчихдаг, дотор чичрээд байдаг, 2 хүүхдээрээ асруулдаг, санхүү эдийн засгийн хувьд баримттай болон баримтгүй эм авч уудаг, байнга таксинд суудаг, машинаар эмнэлэг хүргүүлэхдээ шатахуун авдаг зэргээр надад хохирол учирсан гэж тайлбарлаж байна.

 

Энэхүү хохиролд нэхэмжилж буй 2,000,000 төгрөгийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Шатахуун түгээх станцаас шатахуун авсан баримтууд нь нэхэмжлэгч Ч.Д*******ын гэмт хэргийн улмаас түүний биед эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, мөн зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу уншигдахгүй байна.

 

6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь цаашид гарах эмчилгээний зардалд 3,597,502 төгрөгийг нэхэмжилсэн, энэхүү шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд одоо хэр нь осолтой холбоотой байнга эм уудаг бөгөөд 12 сарын хугацаанд уух эмний мөнгийг тооцсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь ямар эмчийн зааврын дагуу цаашид одоо ууж байгаа эмнүүдийг үргэлжлүүлэн уух талаар зөвөлгөө өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч М.Т*******ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарын хувьд шийтгэх тогтоолд зааснаар нэхэмжлэгч Ч.Д*******д 2 сарын цалин хөлс болон эмчилгээний зардлыг төлсөн, харин нэхэмжлэгчийн одоогийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойшхи хугацааны эмчилгээний зардлыг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтад нийцэх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн С.Н******* нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.

 

Иргэдийн төлөөлөгч С.Н******* нь ...Хариуцагч тал хохирогч талд эмчилгээний зардалд нэхэмжилсэн төлбөрийг бүрэн барагдуулсан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зардлыг шаардах ёсгүй хэмжээн үзэж байна ... гэсэн дүгнэлт гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байна.

 

Иймд нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлээс 1,846,483.28 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 8,153,516.72 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөлөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн болох 1,846,483.28 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 44,494 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд ирж, хэргийн материалтай танилцаагүй, хариуцагч М.Т*******аас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр М.Хандармаад 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон боловч хариуцагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт Тайлбар гаргасан М.Т*******, и/төлөөлөгч М.Хандармаа гэсэн гарын үсэг зурагдсан, энэхүү хариу тайлбар ирүүлснээс хойш хэргийн оролцогч нарын зүгээс нэмж нотлох баримт ирээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч М.Т******* нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гардан авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн материалтай танилцсан, ийнхүү танилцсанаас хойш хариуцагчийн хариу тайлбараас өөр баримтыг хэргийн оролцогчдоос ирүүлээгүй, дээрх хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд итгэмжлэл нь сүүлд олгогдсон боловч энэхүү хэрэгт авагдсан баримтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдээлэлтэй, мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Т*******аас 1,846,483.28 /нэг сая найман зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун наян гурван төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8,153,516.72 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид 44,494 /дөчин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг хариуцагч М.Т*******аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

 

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ