Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2024/02989

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ********* тоотод оршин суух, И** М***** овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ********** тоотод оршин суух, Ө овогт *******ийн ******* /рд:/-д холбогдох 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,078,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц., гэрч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Канад технологийн байшин барьдаг бригад ахлан иргэдийн байшин барих, засварлах үйл ажиллагааг эрхэлдэг билээ. 2023 оны 04 дүгээр сард барилга барихаар өөрийн охин С.Нийн дансанд 68,000,000 төгрөг байршуулсан, уг мөнгөөр барилгын материал цуглуулах гэж байсан юм. Би охиныхоо дансыг түр ашиглаж байсан бөгөөд уг мөнгө нь миний өөрийн мөнгө юм. Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр миний 13 настай хүү С. миний утсыг аваад манай хамаатан болох К.гийнд очино гээд гарсан юм. Тухайн үед миний бие архи согтууруулах ундаа уусан байсан тул эрүүлжүүлэхэд орж маргааш нь өглөө нь гарч ирээд хүүтэйгээ холбоо барих гэсэн боловч хариу өгөхгүй байсан. К.гийнд байгаа тул санаа зоволгүй тэнд нь байлгасан. Учир нь эхнэр маань хүүгээ бага байхад нас барсан ба С. хааяа миний төрсөн дүү болох Х. болон түүний эхнэр К. дээр очиж хонодог юм. Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуучин дугаараа сэргээгээд асаатал маш олон зарлага гарсан байсан. Яаралтай дансаа хаалгаж шалгуултал миний хүү С. таньдаг болон таньдаггүй олон хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн байсан. Тухайн үед надад 68,760,000 төгрөг байсан боловч 9,874,500 төгрөгийг үлдээж бусад 58,885,500 төгрөгийг шилжүүлсэн байсан. Хаашаа ямар хүмүүс рүү шилжүүлсэн болохыг асуухад цахим тоглоом ажиллуулдаг гэх хүмүүс рүү ихэнхи мөнгийг шилжүүлсэн байсан. Тухайлбал Г. гэх хүн рүү 35,138,605 төгрөг, О. гэх хүн рүү 10,530,000 төгрөг, О. гэх хүн рүү 4,212,500 төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан. Мөн К. нь 6,127,000 төгрөгийг авсан байсан. Бусад мөнгийг нь ангийнхаа хүүхдүүд болон хүнсний дэлгүүрт үрсэн байсан.

Ингээд цагдаагийн байгууллагад тэр дариу мэдэгдэн шалгуулсан ба Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж улмаар мөнгө авсан этгээдүүдээс мэдүүлэг авах, дансыг шалгах зэрэг ажиллагааг хийж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хүүгээс мөнгө авсан К. болон цахим тоглоом тоглуулж мөнгө авсан хүмүүс цагдаагийн хэлтэс дээр ирж уулзсан ба К. нь дээрх мөнгөнөөс 2,500,000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх 3,627,000 төгрөгийг удахгүй төлөх талаар баталгаа гарган бичиг хийж өгсөн. Мөн Г. гэх эмэгтэй миний хүүгээс шилжүүлэн авсан 35,138,605 төгрөгнөөс тухайн үед 5,060,000 төгрөгийг төлсөн. Дээрх хүмүүс мөнгийг буцаан өгнө гэсэн боловч одоог болтол буцаан өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж заасан. Мөн тус зүйлийн 16.3-д Насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжүүлж болно гээд 16.3.1-д өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах, 16.3.2-д өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх, 16.3.3-д энэ хуулийн 16.3.1-д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй иргэн нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх-ээс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийх ба хэрэв зөвшөөрөлгүйгээр хийсэн аливаа хэлцэл хүчин т бус байхаар хуульчилжээ.

Мөн Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д 7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна, 17.2-д 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэж заасан. Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй гээд мөн зүйлийн 486.4-д Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно гэж заасан.

С. нь 13 настай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд бөгөөд түүний 49,881,105 төгрөгөөр цахим тоглоом худалдан авах хэлцэл нь өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл-. д хамаарахгүй юм. Иргэний хуулийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин т бус байна гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан ба мөн зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан билээ.

Миний бие С.ийн хууль ёсны төлөөлөгч, мөн уг мөнгөний эзэн тул нэхэмжлэл гаргав. Цагдаагийн байгууллагаас дансны эзэн гэх утгаар миний охиныг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан боловч угтаа бол мөнгө миний мөнгө байсан юм. Энэ талаарч охин хүү хоёр хэн аль нь мэдүүлсэн байдаг. Иймд Г.аас цахим тоглоом худалдсан гэж С.өөс авсан 35,138,605 төгрөгнөөс буцаан төлсөн 5,060,000 төгрөгийг хасч үлдэх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,078,605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие INАМ гэх 194.000 дагагчтай фэйж хуудсаар PUBG streaming буюу PUBG тоглоом тоглож байгаагаа харуулдаг лайв хийдэг, мөн PUBG mobile тоглоомын UС цэнэглэлт хийдэг. UС цэнэглэлт гэдэг нь PUBG mobile тоглоомын мөнгө бөгөөд тус UС-г олон улсын PUBG mobile-ийн албан ёсны MIDASBUY онлайн сайтаас худалдан авдаг.

Ингэж UС худалдан авалт хийхэд олон улсын карттай, картаа MIDASBUY онлайн сайтад холбосон байх шаардлагатай байдаг. Ихэнх хэрэглэгч нар MIDASBUY онлайн сайтыг хэрэглэж чаддаггүйн улмаас UС худалдан авч өөрийн ID буюу аккаунтаа хөгжүүлж чаддаггүй юм. UC худалдан авалт нь Монголчуудын ихэнх нь хэрэглэдэг Олон улсын ТАОВАО, АМАZON сайтаас онлайнаар бараа худалдан авахтай ижил төрлийн үйл тжиллагаа юм.

INАМ фэйж хуудсаар PUBG тоглоом тоглогч сонирхогч нарт аккаунтаа хөгжүүлэх UС авахад нь тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор UС худалдан авах үнийн тарифыг фэйж жуудсаараа нийтэд зарлаж, UС худалдан авах сонирхолтой тоглогч нар INАМ фэйжийн чатаар холбогдон хэдэн UС авах саналаа илгээж өөрийн аккаунт нэрээ явуулж, UС худалдан авах төлбөрийг миний данс руу шилжүүлдэг.

Ингээд миний бие олон улсын MIDASBUY сайтаас төлбөр төлсөн, өөрийн аккаунтаа явуулсан хэрэглэгч нарт UС худалдан авч өгдөг юм.

Мөн PUBG streaming буюу PUBG тоглоом тоглож байгаагаа харуулдаг лайв хийж байхад үзэгчид урамшуулал болгон donation буюу миний тоглолт үзэгч нарт таалагдаж мөнгөн урамшуулал миний данс руу шилжүүлдэг юм.

PUBG streaming хийгч нар мөн өөрсдийгөө цалинжуулахын тулд 5,000 төгрөг төлөөд 1 удаа хамт тоглох боломжийг олгодог. Миний бие энэ төрлийн PUBG тоглоомын онлайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бусдыг урамшуулал болгон мөнгө шилжүүлэх, UС худалдан авах, хамт тоглохыг шахаж шаарддаггүй. Өөрийн Фэйж хуудсаараа үнийн саналыг олон нийтэд нээлттэй байршуулж сонирхогч этгээд нар урамшуулал өгөх, хамт тоглох, UС худалдан авалт хийдэг.

Яг энэ процессын дагуу .. гэх нэртэй фэйсфүүк хэрэглэгч donation буюу миний тоглолт таалагдаж буцааж авахгүй амлая, үүрд найз болооч 5,060,000 төгрөг шилжүүлсэн. Өөрийн болон бусад этгээд нарын ID, аккаунтаар UС худалдан авахаар чат бичиж төлбөрөө шилжүүлж байсан. Бас хамт тоглохоор мөнгө шилжүүлж байсан юм. PUBG хамт тоглоход тоглогч нарын царай дүрс харагдахгүй зөвхөн хоорондоо харилцан ярилцаж тоглодог юм. гэх фэйсфүүк гэх нэртэй хэрэглэгч олон удаа UС худалдан авалт хийж, donation илгээж байсан тул хамт тоглож байхдаа хаана юу хийдэг талаар сонирхож тоглолт дундуур асуухад мөнгө сайн олдог Е-спорт чиглэлээр гэж өөрийгөө танилцуулж байсан. Тухайн цаг хугацаанд хамт тоглож байсан тоглогч нар бүгд сонссон. Хамт тоглож харилцан ярилцаж байхад том хүний дуу хоолойтой хүн байсан, тэгээд одоо манай дүү тоглоно би унтлаа гээд жоохон хүүхэд орж ирээд тоглосон тэр хүүхэд манай найз хамт тоглож болохуу гээд хамт тоглосон, манай гэрт эгч хамт байгаа гээд цаана нь эмэгтэй дуугарч байсан.

Ер нь бол Е спорт сонирхогч тоглогч нар өөрийн аккаунтаа хөгжүүлэх маш их сонирхолтой байдаг, тиймээс шинээр гарсан машин, буу, хувцас, эдгээрийн өнгө, нэмэлт тоноглол гэх мэтийг худалдан авах зорилгоор UС их хэмжээгээр авдаг. Гэтэл цагдаагийн байгууллагаас миний дансыг хааж, ирж мэдүүлэг өгөхөөр дуудсаны дагуу очиж болсон процессыг нэг бүрчлэн бүгдийг нь ярьж тайлбар мэдүүлэг өгсөн, миний данс руу мөнгө шилжүүлж UС худалдан авч өгч байсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Миний бие donation буюу урамшуулал хэлбэрээр шилжүүлсэн 5,060,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Харин UС худалдан авахаар шилжүүлсэн 30,078,605 төгрөгийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй энэхүү мөнгөн төлбөрт дүйцэхүйц UС-ээр өөрийн аккаунтаа цэнэглэж хэрэглэсэн, энэхүү төлбөрийг олон улсын MIDASBUY сайт руу шилжүүлсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн эөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,

3.2 хариуцагчаас гаргасан фэйсбүүк фэйж хуудсаар харилцсан захидал, нийтлэл, дансны хуулга,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн үзлэгийн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн С., Х.*******, Г.*******, О., О. нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 30,078,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний насанд хүрээгүй хүү С. нь миний гар утсаар дамжуулан Г.******* руу 35,138,605 төгрөгийг PUBG тоглоом тоглох зорилгоор шилжүүлсэн байсан. Уг мөнгөнөөс буцааж 5,060,000 төгрөгийг авсан. Г.******* нь насанд хүрээгүй хүүхэдтэй эцэг, эхийн зөвшөөрөлгүй хэлцэл байгуулсан нь хууль зөрчсөн хүчин т бус хэлцэл тул түүний үндэслэлгүйгээр олж авсан 30,078,605 төгрөгийг буцаан гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...PUBG тоглоомыг тоглохдоо олон улсын MIDASBUY сайтад мөнгө төлж эрх авч тоглодог. Хүмүүс энэ сайтаас олон улсын карт ашиглаж яаж эрх авдаг талаар мэддэггүй тул хүнээр дамжуулж эрх авч тоглодог. Би энэ сайтаас эрх авахыг мэддэг тул фэйж хуудас үүсгэж, хүмүүст эрх авч өгч дундаас нь 1-10 хувийн урамшуулал авдаг. Тоглоомны эрхийг авч өгөхдөө тухайн хүний царайг харах боломжгүй, хандсан хүнд нь авч өгдөг. С.ийг насанд хүрээгүй гэж мэдээгүй. С. өөрөө төлбөрөө төлж тоглоомны эрх авсан. Би урамшуулал болгон авсан байсан 5,060,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгсөн. Үлдэх 30,078,605 төгрөг нь MIDASBUY сайтаас тоглоомны эрх худалдан авсан төлбөр ба надад энэ мөнгө үлдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1 Нэхэмжлэгч Х.Снийн охин С.Нийн эзэмшлийн Хаан банк дахь тоот данснаас 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хариуцагч Г.*******ы эзэмшлийн Хаан банк дахь тоот дансанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 35,138,605 төгрөг шилжүүлжээ. Нэхэмжлэгч Х.******* нь уг мөнгөн хөрөнгө нь миний өмчлөлийн хөрөнгө ба охин С.Нийн дансыг би ажилдаа ашигладаг байсан гэж тайлбарласан.

Дээрх мөнгөн хөрөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Х.Снийн төрсөн хүү С. түүний гар утсаар интернэт банкаар нэвтрэх замаар PUBG нэртэй тоглоомын эрх авах зорилгоор шилжүүлсэн болохыг талуудын хэн аль нь тайлбарласан. Уг үйл баримтад талууд маргаагүй.

3.2 Шүүх хариуцагчийн хүсэлтээр түүний үүсгэсэн фэйсбүүкийн фэйж хуудаст болон уг фэйж хуудаст хадгалсан шууд дамжуулалтын /live/ гэх бичлэгийг си-дид буулгасан хэсэгт үзлэг явуулсан. Уг үзлэгээр Г.******* нь INАМ нэртэй фэйж хуудсаар дамжуулан нийтэд PUBG тоглоомны эрхийг авч өгөх, хамтарч тоглох, өөрт нь урамшуулал өгч болох талаар зар мэдээлэл тараасан болох нь тогтоогдсон. Мөн уг фэйж хуудсаар дамжуулан Х.Снийн хүү С.ийн үүсгэсэн фэйсбүүк хэрэглэгч болох -тэй харилцсан захидалд үзлэг явуулсан. Уг захидалд С.өөс тоглоомны эрх авахыг хүссэн, төлбөрийг төлсөн, тоглоомны эрхийг цэнэглэсэн талаар харилцсан болох нь тогтоогдсон.

3.3 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн С.ийн мэдүүлэгт ...2023 оны 04 дүгээр сарын 17-ны орой аав ажлаасаа ирэхдээ архи уучихсан ирсэн. Тэгээд маргааш, нөгөөдөр нь аав гэрт архи уугаад байсан... би гэрээс гарахдаа аавын гар утсыг авч гарсан. Аавын гэр утсанд гэч Нийн Хаан банкны дугаарын данс байдаг. Би тэр дансных нь нууц үг болон кодыг нь мэддэг юм. Дансанд нь 67 сая орчим төгрөг байсан. Уг мөнгөнөөс PUBG тоглоомын эрх/UC/ худалдаж авсан. Намайг тоглоомны эрх авахыг хэн ч хүчээр шахаж шаардаагүй гэж,

Х.Снийн мэдүүлэгт ...манай хүү С. 2023 оны 04 сарын 19-ний өглөө миний утсыг аваад манай дүү гийнд байхдаа миний интернэт банкаар гүйлгээ хийсэн байсан. Интернэт банкны кодыг манай хүү бид 2 мэднэ гэж,

Г.*******ы мэдүүлэгт ...би INАМ нэртэй фэйж хаяг дээрээс лайв хийж тоглодог. С. нь надаас PUBG тоглоомын эрх/UC/ худалдаж авч байсан. ийг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй. Хамт холбогдоод тоглож байх үедээ чи хэдэн настай, юу хийдэг вэ гэж асуухад 20 настай, ажил хийдэг гэж байсан. Миний данс руу шилжүүлсэн 35,138,605 төгрөгийн 5,058,605 төгрөг нь намайг дэмжин урамшуулж өгсөн мөнгө. Уг 5,058,605 төгрөгийг нь буцаагаад өгч болно. Харин үлдэх 30,080,000 төгрөгийг буцааж өгөх боломжгүй. Учир нь энэ хүн өөрийнхөө хүсэлтээр албан ёсны эрхтэй MIDASBUY сайтаас PUBG тоглоомын эрх/UC/-ийг шилжүүлж авч өгсөн гэж,

О.ын мэдүүлэгт ...би хувиараа PUBG mobile тоглоомны акунтанд UC /мөнгөн цэнэглэх/ худалдан авахаар гэсэн фэйсбүүк хаягнаас чат бичиж надаас 8 удаагийн цэнэглэлтээр нийт 10,530,000 төгрөгийн гүйлгээг миний данс руу шилжүүлсэн. Тухайн хүний Фэйсбүүк рүү нь ороход 1999 оных гэж байхаар нь насанд хүрсэн хүн байна гэж харсан. Би тухайн мөнгөнөөс 10,000 төгрөгийн ашгаа аваад үлдсэн мөнгө нь MIDASBUY гэх сайт руу шилжин ордог юм. Тухайн сайт нь албан ёсны эрхтэйгээр тоглуулж UC цэнэглэдэг юм. гэх хүүхдийн мөнгийг буцаан авах боломжгүй. Яагаад гэвэл цаад газраас нь цэнэглэлтээ хийгээл тоглочихсон учраас буцаах ямар ч боломжгүй байдаг гэж,

О.ын мэдүүлэгт ...би хувиараа фэйж хуудас ажиллуулж PUBG mobile тоглоом цэнэглэж өгдөг юм. 2023 оны 04 сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд гэх фэйсбүүк хаягнаас PUBG тоглоом цэнэглээд өгөөч гээд мөнгө шилжүүлсэн. Би тухайн PUBG mobile цэнэглээд 10 хувийг нь өөртөө аваад үлдэгпэл мөнгө нь PUBG mobile-ын гадаад улс дахь тоглоомны байгууллага руу ордог. Тухайн тоглоомны байгууллагаас мөнгийг буцаан татах ямар ч боломжгүй байдаг гэж тус тус мэдүүлсэн байна.

3.4 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Г.*******д холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаажээ.

3.5 Хариуцагч Г.*******аас хэрэгт өөрийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны хуулгыг баримтаар гаргаж өгсөн. Уг дансны хуулгаас үзэхэд орлогын гүйлгээгээр орж ирсэн мөнгөн хөрөнгөөс PUBG MOBILE SINGAPORE гэх гүйлгээгээр зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Уг зарлагын гүйлгээ нь харилцсан дансгүй байх ба үүнийг шүүх хуралдаанд хариуцагчаас тодруулахад ...гадаад улсын тоглоом нь сайтаараа дамжуулан шууд мөнгийг хүлээн авч, тоглоомны эрхийг өгдөг болохоор данс байдаггүй гэж тайлбарласан.

Дээрх бичгийн баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Х.Снийн хүү С. нь түүний гар утсыг ашиглан интернэт банкаар дамжуулан хариуцагч Г.*******аас 30,078,605 төгрөгийн тоглоомны эрх авч тоглосон, 5,060,000 төгрөгийг Г.*******д урамшуулал хэлбэрээр шилжүүлсэн, нийт 35,138,605 төгрөгийг зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

4. Хүү С. нь 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Түүнийг тоглоомны эрхийг 2023 оны 04 дүгээр сард авч тоглох үед тэрээр 12 нас 8 сартай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд байсан байна.

Иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд буюу бага насны хүүхдийн хийсэн бүх хэлцлээс үүсэх үр дагаврыг хууль ёсны төлөөлөгч нь хариуцна. Хүү С.ийн хууль ёсны төлөөлөгч нь түүний эцэг Х.******* байна. Иймд нэхэмжлэгч Х.******* хүү С.ийн бусадтай хийсэн хэлцлийн үр дагаврыг хариуцах үүрэгтэй.

4.2 Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1 дэх хэсэгт Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй гэж, 486.3 дахь хэсэгт Хуулиар хориглосноос бусад тоглоом болон мөрийний дагуу төлсөн мөнгө, шилжүүлсэн хөрөнгө, бусад зүйлийг эргүүлэн шаардаж болохгүй гэж, 486.4 дэх хэсэгт Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно гэж тус тус заасан.

Хариуцагч Г.*******ы фэйсбүүк хуудсаар дамжуулан PUBG MOBILE тоглоомын эрхийг олон улсын байгууллагаас бусдад дамжуулан худалдан авч өгдөг үйл ажиллагааг Монгол Улсад хуулиар хориглоогүй байна.

Хүү С. нь хариуцагч Г.*******аас PUBG MOBILE тоглоомын эрхийг худалдан авч тоглосон үйлдлийн үр дагаврыг нэхэмжлэгч Х.******* хариуцах ба Иргэний хуулийн 486 дугаар зүйлд зааснаар тоглоомонд зориулан шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй байна

4.3 Нэхэмжлэгчээс хүү С.т тоглоомны эрхийг худалдан авч өгөх буюу энэ төрлийн хэлцэл байгуулахдаа хариуцагч Г.*******ыг хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл аваагүй, тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин т бус хэлцэл гэж маргаж, хүчин т бус хэлцлийн дагуу олж авсан мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардах эрхээ тодорхойлсон.

Гэвч дээр дүгнэснээр PUBG MOBILE тоглоомын эрхийг олон улсын байгууллагаас худалдан авч өгөх үйл ажиллагааг хуулиар хориглоогүй байхаас гадна энэ төрлийн үйл ажиллагааг явуулахдаа үйлчлүүлэгчийн насны хязгаарыг тогтоосон журам батлагдаагүй байна.

Хариуцагчаас ...С.ийг насанд хүрээгүй гэж мэдээгүй. Фэйсбүүк захидлаар харилцахад өөрийгөө насанд хүрсэн гэж танилцуулсан. Их хэмжээний мөнгө шилжүүлээд байсан тул хүүхэд гэж бодоогүй, насанд хүрсэн хүн гэж ойлгосон гэж тайлбарласан. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.ас ...тухайн үед С.тэй бид хамт тоглосон. Тоглож байх үед өөрийгөө насанд хүрсэн хүн гэж байсан. Хүүхэд гэж мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж мэдүүлсэн.

Тоглоомны эрхийг авахдаа цахимаар харилцаж авдаг, дүрсээ хардаггүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримтыг тодруулах буюу насанд хүрсэн эсэхийг мэдэх боломжгүй байна. Иймд хариуцагч Г.*******ыг хууль зөрчиж хэлцэл байгуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нөгөө талаар, хүү С.ийн тоглоомны эрхийг худалдан авах болсон үйлдэлд эцэг Х.******* нь хүүхдийг хараа хяналтгүй байлгаж, удаан хугацаагаар тоглоом тоглох нөхцөлийг бүрдүүлж, өөрийн өмчлөлийн гар утсыг хүүхдэд шилжүүлсэн, интернэт банкны нууц кодоо хүүхдээс нууцлаагүй зэрэг буруутай үйлдэл нөлөөлсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г.*******ыг 30,078,605 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх боловч уг мөнгөн хөрөнгө нь PUBG MOBILE SINGAPORE гэх гүйлгээгээр гадаад улсын MIDASBUY сайт руу шилжин орсон нь дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч Г.******* нь уг мөнгөн хөрөнгийг өөртөө олж аваагүй байна. Харин хариуцагч Г.******* нь өөртөө урамшуулал хэлбэрээр авсан 5,060,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******д буцаан шилжүүлсэн болохыг талуудын хэн аль нь тайлбарласан.

4.4 Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.*******д холбогдуулан гаргасан 30,078,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Снийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

6. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Б.г оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.*******д холбогдох 30,078,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Снийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ