Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2016/0144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Ц.Б, Ш.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нарыг оролцуулан Н ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Б, Ш.Х нарт холбогдуулан гаргасан татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221084 дүгээр актыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Тус компани нь Нийслэлийн татварын газартай харьцдаг бөгөөд 2012 оны 9 дүгээр сард Улсын мөрдөн байцаах газраас "И" ХХК-ийн захирал Ц.Г нарт холбогдох Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар бичсэн гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа манай компанийн 2009-2011 оны татвар ногдуудалт, тайланд шалгалт хийсэн билээ.

Дээрх шалгалтыг Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байгцаагч Ц.Б, Ж.Э******* нар хийж, уг шалгалтын дүнд манай компанийн 2009-2011 оны татварын тайлагналд 1,069,428.5 мянган төгрөгийн зөрчил байна гэж үзэж 2012 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ******* тоот дүгнэлт гаргасан.

Манай компани татварын улсын байцаагчийн дүгнэлтээр зөрчил гэж үзсэн мөнгөн дүнг мөрдөн байцаалтын явцад Төрийн сан дахь Татварын ерөнхий газрын 10000603 тоот дансанд нөхөн төлсөн.

Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор "И" ХХК-ийн захирал Ц.Г нарт холбогдох хэргээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24, 208 дугаар зүйлийн холбогдох хэсгийг удирдлага болгон манай компанид холбогдох хэсгийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Мөн уг тогтоолоор татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг хүчингүй болгосон.

Гэтэл Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ш.Х шалгалт хийж 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 221084 тоот акт тогтоохдоо Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэсэн зохицуулалтыг буруу хэрэглэж 32,082,8 мянган төгрөгийн торгууль, 20,182.3 мянган төгрөгийн алдангийг манай компаниар төлүүлэхээр тусгасан.

Татварын ерөнхий хуулийн зрхицуулалтаас харвал уг хуулийн 74 дүгээр зүйлд "Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага"-ыг заасан бөгөөд уг зүйлд хариуцлага нь татварыг нөхөн төлүүлэх, торгууль, алданги тооцох хэлбэртэй байхаар заасан байдаг бол мөн хуулийн 75 дугаар зүйлд "Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага-ыг заасан. Уг зүйлд захиргааны хариуцлага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан торгох хэлбэртэй байна.

Татварын улсын байцаагчийн 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 221084 тоот актын үндэслэл болсон "Татварын ерөнхий хууль"-ийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг нь зөрчил гаргагчид захиргааны хариуцлага буюу торгох үндэслэлийг зааснаас бус нэгэнт нөхөн төлөгдсөн татварт торгууль, алданги тооцох эрх олгосон зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагчийн тогтоосон актын эрх зүйн үндэслэл болсон Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг нь зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага буюу мөн хуулийн 75 дугаар зүйлд заасан захиргааны хариуцлагыг хүлээлгэх эрх олгосон зохицуулалт болохоос 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэх эрх олгосон зохицуулалт биш учраас татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсгийг үндэслэн торгууль, алданги төлүүлэх эрхгүй.

Татварын улсын байцаагчийн актаар нэмэгдсэн өртгийн албан татварт 106,942,8 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл манай компани уг нөхөн татварыг акт тогтоохоос өмнө буюу 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс өмнө холбогдох татварын байгууллагад төлсөн байхад дахин нөхөн татвар төлүүлэхээр ойлгогдохуйц акт тогтоосон. Өөрөөр хэлбэл татварын байцаагчийн уг акт нь нэгэнт татварыг нөхөн татвар хэлбэрээр дахин төлүүлэх үр дагавар үүсгэсэн.

Манай компани нөхөн татвар болох 106,942,8 мянган төгрөгийг татварын байгууллагад төлсөн болохыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолд тодорхой заасан. Нөгөө талаас нөхөн татварыг акт тогтоохоос өмнө төлсөн гэдгийг уг акттай холбоотой гомдлыг шүүхээс өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэсэн. Татварын ерөнхий газрын болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2015 оны 353, 01/94 дүгээр тогтоолд тодорхой тусгасан.

Бидний зүгээс Татварын улсын байцаагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 221084 тоот актыг тогтоосон гэж үзэж уг актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд тус тус хандсан боловч татварын улсын байцаагчийн 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 221084 тоот актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Манай компани Татварын улсын байцаагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж торгууль алданги төлүүлэх, нэгэнт төлөгдсөн татварыг дахин нөхөн төлүүлэх үр дагавар бүхий 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 221084 тоот актыг тогтоосон болохыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байгаа тул уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Татварын газартай харьцдаг, барилга угсралт, хүнсний дэлгүүр, гадаад худалдааны ажиллагаа эрхлэх чиглэлтэй, ******* тоот регистртэй Н******* ХК-ийн 2009, 2010, 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Улсын мөрдөн байцаах газрын 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-7763 тоот, Татварын ерөнхий газрын 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7/2323 тоот албан бичгийн дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэг материалд үндэслэн Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ж.Э******* нар хяналт шалгалт хийж, шалгалтаар тус компани нь ******* тоот регистрийн дугаартай И ХХК-тай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа нийт 1,069,428.5 мянган төгрөгийн бараа материал худалдан авсан гэж тус компанийн нэр, тамга тэмдэг бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын 5 падааныг хуурамчаар бичүүлэн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн худалдан авалтанд тусган төсөвт төлөх албан татвараас хасч, 213885.6 мянган төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэж татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот дүгнэлт гүйлдэж Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн.

Тус дүгнэлтийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч П.Э******* 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 201201000364 дугаартай И ХХК-ийн захирал Ц.Г******* нарт холбогдох хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар шилжүүлснийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх О.Гэрэл хүлээн авч хянаад, "Н******* ХХК нь И ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан гэх үйлдлийн субьектив тал нь бүрэн тогтоогдоогүй, мөн мөрдөн байцаалтын шатанд уг компани нь татварын байцаагчийн ******* дугаартай дүгнэлтээр гарсан 106,942,864 төгрөгийн татварыг Татварын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь ******* тоот дансанд нөхөн төлсөн байна" гэж үзэн, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 153 дугаартай тогтоол үйлдсэн байна.

Иймд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.5.3-д Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариущзагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг үндэслэн, 2011 онд ******* тоот регистрийн дугаартай И ХХК-тай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа 10 дугаар сарын 31-ний өдрийн 009864082 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 348,010.4, 12 дугаар сарын 09-ний өдрийн 009864010 тоот падаанаар 233,389.9, 009864003 тоот падаанаар 273,000.2, 009864007 тоот падаанаар 124,118.9, 12 дугаар сарын 10-ны өдрийн 009864008 тоот падаанаар 90,909.1, нийт 1,069,428.5 мянган төгрөгийн бараа материал худалдан авсан гэж тус компанийн нэр, тамга тэмдэг бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын 5 падааныг хуурамчаар бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн худалдан авалтанд тусган, төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчилд мөн хуулийн 74 дүгээр зүйлд заасныг баримтлан, 106,942.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 32,082.8 мянган төгрөгийн торгууль, 20,182.3 мянган төгрөгийн алданги, нийт 159,207.9 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр Татварын улсын байцаагчийн 221084 тоот акт тогтоосон юм.

Татвар төлөгч нь татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг хууль хяналтын байгууллагад хянагдаж байх хугацаанд 106,942.8 мянган төгрөгийн нөхөн татварыг Татварын Ерөнхий газрын ******* тоот дансанд төлсөн байдаг. Татварын улсын байцаагч Ц.Б, Ж.Э******* нар нь "...их хэмжээний татвар ногдох орлого (1,069,428.5 мянган төгрөг) нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн" гэж үзэн, ******* тоот дүгнэлтийг үйлдэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Тус дүгнэлтэд нөхөн татвар болон аливаа төлбөрийн асуудал дурьдагдаагүй бөгөөд энэ тохиолдолд зөвхөн зөрчлийн тухай асуудал хөндөгдөх юм.

Татвар төлөгч нь 106,942.8 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлсөн үйлдлээс харахад И ХХК-иас хуурамч бичилт бүхий падаан авч, төсөвт төлөх албан татвараас зайлсхийсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байгаа юм.

Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу татварын улсын байцаагчийн 221084 тоот актаар албан татварыг нөхөн ногдуулсан нь зөв бөгөөд торгууль, алдангийг салгаж хэрэглэхгүйгээр хуульчлагдсан, алдангийн хэмжээг тогтоохдоо дээрх 106,942.8 мянган төгрөгийн нөхөн татварыг төсөвт төлсөн өдөр хүртэлх хугацааг хамааруулж тооцсон болно.

Дээрх шалтгаан, нотлох баримтуудаар татварын улсын байцаагч Ц.Б, Ш.Х нарын 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 221084 тоот актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Н ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т тус шүүхэд хандаж ...татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221084 тоот актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Улсын мөрдөн байцаах газрын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-7763 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 7/2323 дугаар албан бичгийн дагуу Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Ц.Б, Ж.Э******* нар Н ХК-ийн 2009-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2012 оны 10 дугаар сарын 09ний өдрийн ******* тоот дүгнэлтээр 2011 оны 11, 12 дугаар сард И ХХК-иас 009864082, 009864010, 009864003, 009864007, 009864008 тоот 5 ширхэг падаанаар нийт 213885.6 мянган төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын төсөвт төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасныг баримтлан Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаар бүхий Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ...нэмүү өртгийн албан татварын падаан ашигласан гэх үйлдлийн субьектив тал тогтоогдоогүй...татварын байцаагчийн ******* дугаартай дүгнэлтээр гарсан 106 942 864 төгрөгийн татварыг Татварын Ерөнхий газрын Төрийн сан банкин дахь ******* тоот дансанд нөхөн төлсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221084 дүгээр актаар Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг үндэслэн 106942.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 32082.8 мянган төгрөгийн торгууль, 20182.3 мянган төгрөгийн алданги, нийт 159207.9 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221084 дугаар акт нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний алданги ногдуулна, 74.1.4-т тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.3-т энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж тус тус заасныг үндэслэсэн байх бөгөөд дээрх хуулийн заалт нь татвар төлөгч татвараа төлөөгүй тохиолдолд үйлчлэхээр зохицуулсан зохицуулалт юм.

Түүнчлэн Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтээр тогтоосон 106942.8 мянган төгрөгийн нөхөн татварыг Н ХК нь Татварын ерөнхий газрын ******* тоот дансанд төлж барагдуулсан болох нь тогтоогдсон байхад хариуцагч нар өмнө шалгалтанд хамрагдсан асуудлаар дахин 106942.8 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, татварыг давхардуулан оногдуулахгүй байх зарчимд нийцээгүй байна.

Харин Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т зааснаар торгууль, алданги тооцохоор заасанчлан Н ХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 5 падааныг хуурамчаар бичүүлэн татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусган, төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчилд ногдуулсан нөхөн татварт 32082.8 мянган төгрөгийн торгууль, 20182.3 мянган төгрөгийн алданги ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Анхны ардчилсан сонгууль болж, байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж тус тус заасны дагуу татварын улсын байцаагчийн 2013 оны 221084 дүгээр актаар ногдуулсан төлбөрөөс 32082.8 мянган төгрөгийн торгууль, 20182.3 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлснээр маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, Анхны ардчилсан сонгууль болж, байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221084 дүгээр актыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН