Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/128

 

       

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Одгариг,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1728000560051  тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 10  дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                 Тодорхойлох нь:

Шүүгдэгч С.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Т.Оийн гэрт Д.Б, З.Ннарын бие эрх чөлөөнд халдан толгойн тус газар нь цоожны толь төмрөөр цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ    

Шүүгдэгч С.Чыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 28-наас 29-нд шилжих шөнө унтаж байхад Өнөржаргал утасдсан. Эхлээд залгахаар согтуу байна гэж бодоод утсаа унтраасан. Дахиад залгахаар нь гэрт нь очсон. Тэгээд чамайг хүчиндэх гээд байсан хүн чинь хайчсан юм бэ гэж асуухад сая чамтай утсаар ярьсан чинь гараад явсан гээд ганцаараа хүүхдээ тэврээд сууж байсан. Байгаа айлыг мэднэ гэсэн. Тэгээд тийшээ очих гээд түлхүүр цоож барьж байгаа цоожны толийг бариад очсон байсан. Бид нарыг очсон чинь тэр хүмүүс чимээгүй болсон. Тэгээд хэн хүчиндэх гээд байсан юм гэсэн чинь хэн хүчиндэх гэсэн юм гээд бүгдээрээ босоод ирсэн. Тэгээд бужигнаж байхад Өнөржаргалыг толгой дээгүүр нь цамцаар бүтээсэн байхаар араас нь очоод татсан чинь тавихгүй байхаар цохьсон. Тэгээд зугтаад эргээд харсан чинь Эрдэнэнсанг барьчихаад тавихгүй байхаар очоод салгах гэсэн тавихгүй байхаар цохьсон. Би 2 хүний толгой хагалсан. Тэгж байтал цагдаа ирсэн гэв.

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 сарын 28-ны өдөр Гурвантэс сумын төвд ирсэн. Тэгээд хамт ажилладаг Ядам гэх найзынхаа гэрт хонохоор болсон. Бид нар дэлгүүрээс архи, пиво авсан. Тэгээд тэрийгээ уугаад байж байхад Ядамын эхнэр Одноо гадагшаа гарчихаад буцаж ирэхдээ Өнөрөө гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Тэр эмэгтэй нь Ж.Батбаатарыг таньдаг гэж байсан. Бид нар ууж байхад Өнөрөө нь гэрлүүгээ хүүхдээ аваад буцаж ирсэн. Тэгээд жоохон байж байгаад гэртээ харина гэхээр нь би Одноо Ж.Батбаатар нартай гэрт нь очсон. Тэгэхэд Ж.Батбаатартай үлдсэн. Тэгээд тэр 2 нэг том пиво аваад үлдсэн. Одноо бид 2-г гэрт нь очоод удалгүй байж байхад араас орж ирсэн. Юу болов гэхэд Ж.Батбаатар хэлэхдээ найзын журмаар нэг үнсье гэхэд нь Өнөрөө гэх эмэгтэй нь утсаар хүн дуудаад хүн хүчиндэх гээд байна гээд хүн дуудсан гэж л бид нарт хэлсэн. Удалгүй Ж.Батбаатарын утас нь дуугараад чи яахаараа хүн хүчинддэг юм бэ гэж байсан. Тэгээд удалгүй Өнөрөө эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй хамт орж ирсэн. Ж.Батбаатар үүд хавьцаа сууж байхад нь нэг удаа цохиж аваад нэг удаа өвдөглөсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд дундуур нь ороод салгах гэхэд Өнөрөөгийн дагуулж ирсэн эмэгтэй нь миний араас толгойруу юмаар цохьчихсон. Хишигбаяр, Наранхүү 2 унтаж байгаад сэрээд бид нар найзындаа амармаар байна гэхэд гаднаас орж ирсэн залуу Наранхүү рүү дайраад бид нар хориод хэрүүл маргаан болж байхад цагдаа нар ирсэн. Надад одоо ямар нэгэн гэмтэл шарх байхгүй миний толгойны ард байсан шарх бүрэн эдгэрсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Хохирогч З.Нмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 сарын 28-ны өдөр Гурвантэс сумын төвд Хишигбаяр, Д.Батбаатар, Ж.Батбаатар нартай хамт ирсэн. Тэгээд хамт ажилладаг Ядамын гэрт ирсэн. Бид нар унтахаасаа өмнө пиво уусан. Би 2 литрийн багтаамжтай 3 пиво тэд нартай ууж байхад гаднаас Өнөрөө гэх эмэгтэй ирсэн. Би ууж байгаад түрүүлээд унтчихсан байсан. Намайг унтаж байхад гэрт хүмүүс хашигчаад би сэрсэн тэгэхэд хар хувцастай нэг залуу бас нэг танихгүй эмэгтэй хүн ирчихсэн тэр 2 нөгөө хэдтэй хэрүүл маргаан хийсэн. Тэгэхээр нь би босоод зүгээр амармаар байна гэхэд гаднаас ирсэн халамцуу залуу та хүчинддэг яасан овоо юм гэж хашигчаад цохих гэж над руу дайрсан тэгэхэд Хишигбаяр, Батбаатар нар тэр залууг хорьсон. Тэгэхэд намайг хамт орж ирсэн эмэгтэй нь хатуу зүйлээр толгойны арлуу цохиж хагалсан. Тэр нь сүүлд нь цоожны толь байсан. Тэгээд Одончимэг боль гар гэж байхад Д.Батбаатарын толгойг бас цохиж хагалсан байсан. Миний толгойноос цус гарсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид нарыг авч явсан. Надад одоо ямар нэгэн гэмтэл шарх байхгүй миний толгой хагарсан шарх эдгэчихсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 сарын 28-29-нд шилжих шөнө манай нөхрийн хамт ажилладаг 4 жолооч манайд хонохоор болсон. Тэд нар архи пиво аваад ууж байсан. Тэгээд манай эгч над руу залгаад би айлд байна намайг хүргээд өг гэхээр нь би эгчийгээ гэрт нь хүргэж өгсөн. Өнөрөө гэх эмэгтэй надаас танайд хүмүүс ирчихсэн байгаа юм уу? Батбаатар гэх хүнийг би танина гэж хэлсэн. Тэгээд надтай хамт манайд ирсэн. Тэгээд тэд нар пивоо ууж байсан тэгээд Өнөрөө нь Батбаатартай ойр ойрхон гараад уулзаад байсан. Тэгээд би тэр 2-т хандаж дараа нь янз бүрийн асуудал үүсгэв гэж хэлсэн. Тэгээд Өнөрөө нь Батбаатартай хамт гэрлүүгээ явж хононо гээд манайхаас 22 цаг өнгөрч байхад гэрлүүгээ Батбаатартай хүргүүлсэн. Тэгээд 01 цаг өнгөрч байхад Батбаатар гэрт орж ирсэн. Юу болсон бэ гэхэд мэдэхгүй Өнөрөө утсаар хүн дуудаад байна цагдаа дуудлаа гэсэн тэгэхээр нь би гараад ирлээ гэсэн. Удалгүй араас Өнөрөө нь Чанцал, Эрдэнэсан нарыг дагуулж орж ирсэн. Тэгэхэд Эрдэнэсан нь шууд л Батбаатарыг 1 удаа нүүрлүү нь цохиод нэг удаа өшиглөсөн хажууд байсан 2 нь Батбаатар, Эрдэнэсан нарыг салгаж хорьсон. Тэгэхэд Наранхүү ах гэрийн зүүн орон дээр унтаж байгаад сэрээд юу болоод байнаа гэхэд Чанцал нь гартаа цоожны толь барьчихсан Наранхүү ахын толгойг хагалсан би тэр үед нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Чанцал нь Батбаатар гэх хүний толгойг бас цохиж хагалсан. Өнөрөө нь Эрдэнэсанд хүчиндүүлсэн гэж худлаа хэлээд Эрдэнэсан, Чанцал нар нь өмөөрч манайд байсан хүмүүсийн толгойг хагалсан бусдаар бол өөр хэн нэгэн хүнтэй муудаж маргалдсан зүйл байхгүй. Манайд гаднаас орж ирэхдээ Чанцал нь гартаа цоожны толь, Өнөр нь чулуу барьчихсан байсан. Чанцал нь цоожны толиор 2 хүн цохьсон. Өнөрөө хүн цохиогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/ 

Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 сарын 28-ны өдөр Чин Хуа МАК ХХК-ны уурхай дээр 17 цагийн үед автомашинаа зогсоол дээр байрлуулчаад Батбаатар, Хишигбаяр, Нараа, Одноо нарын хамтаар Гурвантэс сумын төврүү явсан. Гурвантэс сумын төвд ирээд Одноогийн гэрт нь Батбаатар, Хишигбаяр, Нараа, Одноо, Өнөрөө, Өлзиймаа бид хэд 2 литрийн сэнгүр пиво 1 ширхэгийг хувааж ууж байгаад Батбаатар, Одноо, бид 3 Өнөрөөг гэрт нь хүргэж өгөх гээд яваад Өнөрөөгийнд би үлдээд Одноо, Батбаатар хоёр буцаад харьсан. Би Өнөрөөгийн гэрт үлдээд бид 2 хоёр литрийн сэнгүр пиво задлаад жижиг аягаар 2, 2 удаа уусан. Тэгээд би Өнөрөөг үнсэх гэсэн чинь нэг дугаарлуу залгаад намайг нэг залуу гэрт дээрэлхээд байна гэсэн тэгэхээр нь би Өнөрөөд юу ч болоогүй байхад чи ямар сонин юм бэ? гэж хэлээд гэрээс нь гараад явсан. Тэгээд би Одноогийн гэрт нь ирээд удаагүй байж байсан чинь гаднаас Өнөрөө нь танихгүй эрэгтэй, эмэгтэй согтуу хоёр хүнтэй хамт орж ирээд эрэгтэй нь намайг чи эмэгтэй хүн хүчинддэг яасан овоо пизда вэ гээд над руу дайрсан. Тэгээд гэрт байж байсан Батбаатар, Нараа, Хишигбаяр, Одноо нар нь одоо боль, боль гэж хэлээд салгасан. Гаднаас орж ирсэн танихгүй залуу нь Нараа ахтай муудалцаж маргалдаж байгаад гаднаас орж ирсэн эмэгтэй нь гартаа барьсан нэг төмрөөрөө Батбаатар, Нараа нарын толгойруу цохиж хагалсан. Тэгээд бид хэд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 сарын 28-ны өдөр Чин Хуа МАК ХХК-ны уурхай дээр 17 цагийн үед автомашинаа зогсоол дээр байрлуулчаад Батбаатар, Э.Батбаатар, Нараа, Одноо нарын хамтаар Гурвантэс сумын төврүү явсан. Гурвантэс сумын төвд ирээд Одноогийн гэрт нь Батбаатар, Э.Батбаатар, Нараа, Одноо, Өнөрөө, Өлзиймаа бид хэд 2 литрийн сэнгүр пиво 3 ширхэгийг хувааж ууж байгаад Батбаатар ах, Одноо хоёр нь Өнөрөөг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Удалгүй гаднаас Батбаатар ах орж ирээд сэнгүр пивоо ууж байгаад би жоохон зүүрмэглээд байж байсан чинь гаднаас Өнөрөө, танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй орж ирээд би сэрээд босоод ирсэн чинь танихгүй залуу нь Батбаатар ахыг чи хүн хүчинддэг хэн бэ гээд нэг цохиод, нэг өшиглөөд авахаар нь бид хэд очоод салгасан. Тэгээд хамт ирсэн танихгүй эмэгтэй нь согтуу орилж хашгираад Батбаатар ах руу гүйж очоод толгойруу нь цохьсон чинь толгой нь хагарсан. Нараа ах унтаж байгаад босож ирээд юу болоод байна гээд хэлсэн чинь танихгүй залуу нь өшиглөөд араас нь эмэгтэй нь орж ирээд бас толгойруу нь цохьсон. Тэгэхээр нь бид хэд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Гэрч А.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 сарын 28-ны шөнө гэртээ унтах гэж байхад Өнөрөө гэх найз маань над руу залгаад намайг хүн хүчиндэх гээд байна манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Чанцалын хамт мотоцикльтой Өнөрөөгийн гэрт очсон. Тэгээд юу болсон талаар асуугаад Одноо гэх эмэгтэйгийн гэрт нь очиход 4 залуу байсан тэгээд гэрт нь сууж байсан ногоон фудболктой залууг чи яахаараа хүн хүчиндэх гээд байдаг юм гээд Өнөрөө очиж тэр залуугаас зуураад байсан тэгээд би тэр залууг цааш нь түлхэж авсан. Тэгэхэд нэг хөгшин хүн гэнэт орилж хашгичаад байсан. Тэгээд байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд бид нарыг салгасан. Би тэнд байсан залуучуудын хэнд ч гар хүрээгүй. Би тэрийг нь мэдээгүй. Цагдаа дээр ирэхэд 2 хүний толгойг хагалсан гэж байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Өглөө нь нэг шил архи уусан байсан тэр архи нь гарчихсан би эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Гэрч Ш.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 сарын 28-ны 20 цагийн үед гэрийнхээ гадаа унтах гээд байж байхад Одко гэх миний танил эмэгтэй ирээд манайд очоод ханьтай жоохон сууя гэсэн тэгээд би хамт яваад гэрт нь очиход 3 танихгүй эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд би тэд нартай хамт сууж пиво ууж байгаад 11 цаг өнгөрч байхад гэрлүүгээ Одко болон нэг танихгүй залуугаар хүргүүлсэн. Тэгээд манайд Одко болон Ж.Батбаатар нартай 2 литрийн пиво хувааж уучихаад Одончимэг нь машинаа унаад явсан. Тэгээд Ж.Батбаатар нь манайд үлдээд намайг үнсэх гэсэн тэгэхээр нь би боль гээд хашгирч утсаараа Чанцал руу залгаад намайг энд хүн хүчиндэх гээд дээрэлхээд байна гэж хэлсэн. Ж.Батбаатар гэрээс гараад явсан тэгээд удалгүй Чанцал, Эрдэнэсан нар мотоцикльтой ирсэн. Тэгээд юу болсон юм бэ гэхэд нэг залуу намайг үнсэх гээд байсан гэж хэлсэн тэгээд бид нар Одончимэгийн гэрлүү явсан. Одончимэгийн гэрт очиход тэнд байсан хүмүүсийн 2 нь унтаж байсан бусад нь сэрүүн байсан. Эрдэнэсан нь та яахаараа хүн хүчинддэг юм гээд тэнд байсан хүмүүстэй муудалцсан. Чанцал нь гартаа манай гэрийн цоожны толийг барьчихсан байсан тэр толиороо 2 хүний толгойг хагалсан. Д.Батбаатар гэх залуугийн толгойг цохьсон байсан. Наранхүү гэх хүний толгойг бас хагалсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

Шүүгдэгч С.Ч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би гэртээ амрах гээд унтаж байсан. Тэгсэн манай найз Өнөржаргал миний гар утас руу залгасан би утсаа авахад тэр архи уусан согтуу юм шиг байхаар нь утсаа салгасан чинь дахин дахин залгаад байхаар нь би утсаа авсан чинь тэр найзыг нь нэг танихгүй эрэгтэй хүн ирээд дээрэлхээд, хүчиндэх гээд байна гэхээр нь би за би одоо хүрээд очъё гэж хэлээд тэдний гэрт яваад очиход тэр ганцаараа хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Тухайн үед нөхөр нь эзгүй байсан юм билээ. Би очоод нөгөө хүн чинь яасан юм бэ, чи хүн хүчиндэх гээд байна гэж хэлсэн гэхэд тэр сая утсаар ярьсан чинь зугтаасан өмнө нэг айлд бид нар хамт архи уусан. Тэр намайг хамт гэрт хүргэж ирээд яваагүй үлдсэн байсан. Хамтдаа нөгөө хүн дээр очъё гэхээр нь бид нар хамтдаа Өнөржаргалын заасан гэрт нь очихоор болсон. Би тэдний гэрийг нь түгжих гэж байсан үүдний цоожны толийг нь барьж байсан түүнийгээ чигээр нь аваад явсан байсан. Тэгээд Одкоо гэдэг хүүхнийд очиход, гэр дүүрэн согтуу хүмүүс байсан. Эрдэнэсантай бид нар хамт Одкогийнд очсон. Тэгээд нөгөө хүмүүстэй мэндлэхэд нөгөө хүмүүс огт дуугарахгүй байсан. Тэгэхээр нь та нар яахаараа хүн элэг бариад хүн хүчиндэх гэж байгаа юм бэ, ногоон эрээн дисант хувцастай хүн хаа байна гэхэд нөгөө хүмүүс хэн хүн хүчиндэх гэсэн юм бэ гэж хэлээд бүгдээрээ босоод ирсэн. Гэрийн хоёр талаар босож ирээд бид нар дээр ирээд зодох гээд байсан. Тэгээд бужигналдаж байхад нэг хүн Өнөржаргалын цамцыг нь сөхөөд толгой дээр нь бүтээгээд дарсан байхаар нь тэр хоёр дээр очоод салгах гэхэд салахгүй гарнаас татаад байхаар нь би сандрахдаа нөгөө барьж байсан цоожны толиор нь нөгөө хүний толгой руу цохьчихсон. Тэгсэн нөгөө хүн Өнөржаргалыг тавьчихаад намайг туулгахаар нь би зугтаагаад гэрээс гарсан. Эргээд гэрийг шагайхад Эрдэнэсанг нөгөө хүмүүс барьж аваад зууралдаж байхаар нь би гүйж орж очоод хоолойноос нь бариад байсан хүнийг салгах гэхэд салахгүй байхаар нь гартаа байсан цоожны толиор нөгөө хүний толгой руу нь цохьсон. Хэрэв тэр хүмүүс намайг бариад авах юм бол зодох байсан. Тэгээд бужигналдаад салахгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би хоёр хүнийг цохьсон. Тэр хүмүүсийг танихгүй, би тэр хоёр хүний толгой руу нь цохьсон байсан уг нь би цохъё гэж бодоогүй сандраад л цохьчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.09.01-ний өдрийн 419 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Бын биед дагз хэсгийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өвчний карттай танилцахад ямар нэгэн архаг өвчин тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.09.01-ний өдрийн 420 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.Наранхүүгийн биед дагз хэсгийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өвчний карттай танилцахад ямар нэгэн архаг өвчин тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Чын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.Ч нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна.  

Прокурор шүүгдэгч С.Чд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял сонсгосон ба шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт торгох ялыг багасгаж өгөөч гэх хүсэлт гаргаж байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.  

Гэмт хэргийн улмаас хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №419, 420 тоот дүгнэлтээр тогтоогдож байх боловч хохирогч Д.Б, З.Ннар нь төлбөр нэхэмжлээгүй, хохирогч шүүгдэгч нар хоорондоо эвлэрсэн гэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13.5 см-ийн урттай, 10 см-ийн өргөнтэй голын цоожны нүх 1х2 см-ийн хэмжээтэй төмрөөр хийгдсэн, нүүрэн тал нь бор өнгийн, ар тал нь хар өнгийн гэрийн цоожны толь төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч С.Ч нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлж барагдуулахыг даалгасугай. 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.8-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13.5 см-ийн урттай, 10 см-ийн өргөнтэй голын цоожны нүх 1х2 см-ийн хэмжээтэй төмрөөр хийгдсэн, нүүрэн тал нь бор өнгийн, ар тал нь хар өнгийн гэрийн цоожны толь төмрийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-д зааснаар  шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

     

 

 

    ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА