Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2024/01194

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 04

101/ШШ2024/01194

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** холбогдох

 

25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******,

Гэрч У.Э*******, Ц.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б*******, Ц.Б******* нар нь олон жил надаар ном уншуулж, бие биенийгээ таньдаг болсон бөгөөд С.Б******* нь надруу 2019 оны 9 дүгээр сарын эхээр над руу залгаад тэрээр Бээжинд явж байна, мөнгөний хэрэг гаргаад, яаралтай мөнгө хэрэгтэй байна, 20,000,000 төгрөг олоод өгөөч гэхэд нь эргээд хариу өгье гээд утсаа салгасан. Ингээд С.Б******* нь 2-3 цагийн дараа дахиж яриад байхаар нь Д.Ц******* гэж өөрийн найзаас эхнэрийн дүүгийн гаальтай машиныг нь барьцаанд тавьж, 12,000,000 төгрөгийг зээлж, энэ мөнгийг С.Б*******ы эхнэр Ц.Б*******ийн өгсөн дансанд Д.Ц*******тэй хамт Содон хорооллын АТМ-ээс шилжүүлсэн. С.Б******* нь зээлийг 10 хувийн хүүтэй зээлье гэж хэлж байсан. С.Б*******аас зээлсэн мөнгөө нэхэхэд хэд хоногоос өгнө гэж хэлсээр 3 жил болсон. Д.Ц*******д машинаа 11,000,000 төгрөгөөр үнэлж өгсөн. Манай эхнэр У.Э******* нь С.Б*******ы эхнэр Ц.Б*******ийг танихгүй, гэхдээ манай эхнэрийн данс руу 500,000 төгрөг, 200,000 төгрөгийг шилжүүлж, авсан зээлээсээ өөр мөнгө төлөөгүй. Зээлийн хүүг бодохдоо дундажаар л бодож 13,000,000 төгрөгийг гаргасан. 12,000,000 төгрөгийг зээлүүлсэн нь үнэн, 5,000,000 төгрөгийн асуудал байхгүй.

Иймд үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү 13,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч П.А******* нь С.Б*******ы эхнэр Ц.Б******* нар нь 2019 оны 9 дүгээр сарын 07-нд Бээжин явна яаралтай мөнгө хэрэгтэй боллоо. Иймд 12,000,000 төгрөгийг шилжүүлээч, очоод 10 %-ийн хүүтэй нь төлье гэж хэлсэн. Би итгээд тус болчихьё гээд өөрийн танил Д.Ц*******д гаалийн бичигтэй улсын Alphard маркийн машинаа барьцаалаад 12,000,000 төгрөгийг Содон хороололын АТМ-ээс шилжүүлсэн гэжээ. С.Б******* нь П.А*******аас 12,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж аваагүй. Мөн П.А******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн бичвэртэй Баталгаа гаргасан гэх нотлох баримтыг шүүхэд өгсөн ба энэ нотлох баримтанд С.Б******* нь П.А*******аас 12,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан нь үнэн болно. 30 хоногийн дотор 3,000,000 төгрөг өгөх нь үүний дараагийн төлөлтийг тодорхой хувиар ярилцаж байж төлнө гэх баримтыг П.А******* нь С.Б*******ыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн газар хүчээр машинд суулган авч яваад эрүүгийн төлөөлөгчийн өрөөнд оруулж эрүүгийн төлөөлөгч нь хорьж цагдана гэж айлган сүрдүүлж, дарамталж хийлгэсэн баримт юм. С.Б******* нь П.А*******аас 12,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 5,000,000 төгрөгийн асуудал байсан, түүнээс төлөөд явж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн баталгаа, Д.Ц*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, дансны хуулга, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Ц******* болон П.А******* нарын гэрлэлтийн гэрчилгээ, П.А*******гийн ******* тоот Хаан банкны дансны хуулгыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэл, хариу тайлбар, Хаан банкны С.Б*******ы данс эзэмшигчийн тодорхойлолтыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 29/3204 дугаартай албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрч Ч.А*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрч Ч.А*******гаас авсан мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 9/11613 дугаартай албан бичгээр дугаартай Д.Ц*******ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Ц.Б*******, У.Э******* нараас авсан мэдүүлэгийг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.А******* нь хариуцагч С.Б*******д холбогдуулан зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 13,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч С.Б******* нь нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөгийг зээлээгүй, баталгааны баримтыг намайг цагдаагийн байгууллагад аваачиж, дарамталж бичүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Хариуцагч С.Б******* болон түүний хамтран амьдрагч Ц.Б******* нар нь 2019 оны 9 дүгээр сард БНХАУ-д явж байгаад өөрсдийн танил нэхэмжлэгч П.А*******тай С.Б******* нь холбогдож мөнгөний хэрэг байна, мөнгө олж өгөөч гэсний дагуу П.А******* нь өөрийн найз Д.Ц*******ээс 12,000,000 төгрөгийг авч, Д.Ц*******ийн эхнэр П.А*******гийн дансаар С.Б*******, Ц.Б******* нарын өгсөн ченжийн дансруу 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дор дурдсан баримтууд болон зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгүүдээр тогтоогдож байна.

 

Үүнд:

-       Д.Ц*******, П.А******* нар нь 2006 онд гэрлэлтээ батлуулсан болох дугаартай гэрлэгчдийн гэрчилгээгээр тогтоогдож байна,

-       П.А*******гийн ******* тоот Хаан банкны дансны хуулгаас үзвэл 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр А******* гэсэн утгаар 12,000,000 төгрөгийг гэрч Ч.А*******гийн тоот дансанд шилжүүлсэн,

-       тоот данс нь Ч.А*******гийн эзэмшдэг данс болох нь Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 29/3204 дугаартай албан бичгээр тогтоогдсон,

-       Гэрч Ч.А******* мэдүүлэгтээ ...өөрийн дансыг идэвхтэй ашигладаггүй, хаалгаагүй, би хуулгаа үзсэн, энэ мөнгө орж ирсэн байсан, П.А******* гэдэг данснаас 12,000,000 төгрөг... энэ болохоор Эрээн хотод ажилладаг Алимаа гээд хүүхэн байдаг, зочид буудал ажиллуулдаг, тэр хүн рүү бараан мөнгө шилжүүлсэн байсан, миний дансаар дамжуулж, мөнгө орж ирсэн байна, надад бараа захисан гэсэн ... миний дансыг ашигладаг байсан, ер нь хүмүүс тэгдэг, хятад руу бараа захихдаа монголд ашигладаг дансаар хятад данс руу хийдэг, тэгээд би Алимаа руу вичатаар залгаж асуусан, тэгсэн чинь өөрөө данстай юм шиг байна лээ, дахиад шалгая гэснээ над руу барааны мөнгөө дамжуулсан юм иг байна, 12,000,000 төгрөг орж ирсэн байна гэж хэлсэн...энэ хүнтэй танилцаад 20 жил болж байгаа, би өөрөө хувиараа бараа захиалдаг, очихоороо буудалд нь хонодог учраас ер нь сайн, дотно байсан учраас ашиглуулдаг байсан. Тэгээд дансыг чинь бараа материалын мөнгө шилжүүлэхэд ашиглая гээд ашигладаг байсан... би энэ хүмүүсийг ерөөсөө танихгүй... гэж,

-       Гэрч Ц.Б******* мэдүүлэгтээ ...2019 оны 9 дүгээр сард урд явж байгаад, С.Б*******ы эмчилгээний мөнгө дутаад П.А******* руу хэлчих гээд С.Б******* нь 5,000,000 төгрөгийг бол үнэхээр авсан. П.А******* нь төгрөгөөр мөнгө шилжүүлсэн учир ченжийн данс руу хийлгэж, ченжийн данснаас юан руу шилжүүлж авсан. Бид 2020 оны ковидын үеэр ирчихээд байж байхад П.А******* мөнгөө нэхсэн байсан. Тэгээд У.Э*******ийн дансыг өгч, 500,000 төгрөгөөр 1 удаа, 200,000 төгрөгөөр нийтдээ 1,200,000 орчим төгрөгийг өгөхөд миний өдрийн орлогыг өглөө П.А******* нь уурласан. 12,000,000 төгрөгийн асуудлыг бол миний бие мэдэхгүй байна. Энэ асуудлаас болж муудалцсан. Өмнө нь бол танилын хүрээнд жижиг сажиг мөнгө авдаг байсан. ... Хүү гэхгүйгээр авсан мөнгөө л хийж байсан... гэж тус тус мэдүүлсэн байна.

 

3б. С.Б******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Иргэн С.Б******* миний бие иргэн П.А*******аас 12,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан нь үнэн болно. 30 хоногийн дотор 3,000,000 төгрөг буцааж өгөх, үүний дараачийхийг тодорхой хувиар ярилцаж байж төлнө гэх бичгийг хийж өгсөн байх бөгөөд хариуцагч нь уг баталгаа бичгийг П.А******* нь цагдаагийн газарт дарамталж байж бичүүлсэн гэх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С.Б*******ы дугаараас П.А*******ын 8011-2625 дугаар руу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн зурваст үзлэг хийсэн ба уг зурвасын бичвэрээс үзвэл зөвхөн С.Б*******ы бичсэн мессеж, П.А*******аас ямар нэгэн байдлаар ирсэн хариу зурвас байхгүй буюу энэхүү баримт нь нэг талын баримт, өөр хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар 5,000,000 төгрөг авсан болон баталгааны баримтыг дарамталж бичсэн нь нотлогдохгүй байна.

 

Эдгээрээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зохигчийн хооронд 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

 

3в. Хариуцагч С.Б*******ы дээрх зээлээс түүний хамтран амьдрагч Ц.Б******* нь П.А*******ын эхнэр У.Эрдэнэцэцгийн дансанд 1,000,000 орчим төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд хариуцагч С.Б******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч П.А*******ад баталгаа бичиж өгснөөр мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

 

Иймд үндсэн зээлээс 1,000,000 төгрөгийг хариуцагч төлж, үлдэгдэл 11,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

5. Зохигчийн хооронд 2019 оны 9 дүгээр сард зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч П.А******* нь хүү авах эрхгүй байх тул хүүд нэхэмжилсэн 13,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид 190,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2023/22519 дугаартай захирамжаар гэрчээр Д.Ц*******ийг асуухаар шийдвэрлэсэн боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан болох нь тогтоогдсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч С.Б*******аас 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.А*******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 14,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид 190,950 /нэг зуун ерэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.А*******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ