| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/00762/И |
| Дугаар | 101/ШШ2024/02250 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2024/02250
| 2024 04 24 | 101/ШШ2024/02250 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** холбогдох
255,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
/Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү ******* овогтой ******* нь Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 53 дугаар дунд сургуулийн Зи ангид суралцдаг. Хүүгээ хичээл тарахад нь очиж авах хүнгүй тул 2022-2023 оны хичээлийн жилд өдөр өнжүүлэх төвүүдээр үйлчлүүлсэн. Энэ хичээлийн жилийн 9 дүгээр сарын 2 дугаар 7 хоногоос эхлэн мөн хүүг харгалзах хүнгүй учир, тус сургуулийн дэргэд байрлах ******* өдөр өнжүүлэх төвд (өмнөх оны хичээлийн жилд тус төвөөр үйлчлүүлж байсан бөгөөд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй) дахин үйлчлүүлэхээр, өдөр өнжүүлэх төвийг хариуцан ажилладаг С.М*******той тохиролцон хүүгээ явуулахаар болж, тухайн сарын төлбөр болох 330,000 төгрөгийг гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр С.М*******гийн төрийн банк дахь ******* тоот дансанд 1 гэсэн утгатай шилжүүлсэн болно. Гэвч хүү маань тус өдөр өнжүүлэхэд ажлын 5 хоног явчихаад, энэ өдөр өнжүүпэх нь таалагдахгүй байна маш муухай жижиг бүгчим өрөөнд олон хүүхэдтэй, зөвхөн даалгавар хийгээд суулгадаг, би явмааргүй байна гэж уйлсан. Энэ үеэр миний бие эрүүл мэндийн асуудал үүсэж эмнэлгийн магадлагаатай сар орчим гэрээр эмчлүүлж хүүгээ өөрөө хариуцсан. Ажилдаа ороод хүүгээ дахин явуулах гэсэн боловч огт явах сонирхолгүй байсан тул цаашид үйлчлүүлэхгүй болсоноо мэдэгдэж, төлбөрийн үлдэгдэл болох 255,000 төгрөгийг буцааж авах тухай олон дахин хүссэн, гэвч миний хүсэлтийг огтоос тоохгүй, хүүгээ явуулж л дуусга гэж, хүүхдийн хүсээгүй үйлчилгээг бүдүүлгээр тулган шаардаж, төлбөрийн үлдэгдлийг барагдуулаагүй хэвээр байна. Тухайн төлбөр нь ажлын 22 өдөрт хувааж үзвэл, 1 өдрийн үйлчилгээний төлбөр 15,000 төгрөг болж байгаа бөгөөд, үйлчлүүлсэн 5 хоногийн үйлчилгээний төлбөрт 15,000*5 хоног 75,000 төгрөгийг суутган тооцож, үлдэгдэл 255,000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч С.М******* шүүхэд бичгээр хариу тайлбараа ирүүлээгүй байна.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, хүүхдийн төрсний гэрчилгээ, Д.О*******ийн иргэний үнэмлэх, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, ******* өдөр өнжүүлэх төвд хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах гэрээг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь хариу тайлбар болон бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагч С.М*******д холбогдуулан 255,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1а. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч С.М*******д гардуулж, хариу тайлбар гаргах хугацааг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр тогтоосон боловч тэрээр шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй, улмаар 4 дүгээр сарын 04-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарч, 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1630 цагт хийхээр товлож, 4 дүгээр сарын 04-ний өдөр түүний ******* дугаарын утсаар залгахад аваагүй тул зурвас үлдээсэн ба дахин 4 дүгээр сарын 11-ний өдөр холбогдоход тэрээр зурвас авсан, ойлгосон гэсэн хариуг өгсөн байна.
Ийнхүү хариуцагч С.М******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, хойшлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид ******* дугаарын утсаар 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн байна.
1б. Хариуцагч С.М*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан арга, журмаар шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд мөн л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардаж аваад шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2а. Д.О*******ийн хүү ******* овогтой ******* болох нь ******* бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
2б. ******* өдөр өнжүүлэх төвд хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн огноотой гэрээг нэхэмжлэгч Д.О******* нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, уг гэрээнд ******* ӨӨТ-ийг төлөөлж С.М******* гэсэн байх боловч гарын үсэг зураагүй байна.
2в. Нэхэмжлэгч Д.О******* нь өөрийн хүү Э.*******ыг хариуцагч С.М*******гийн ажиллуулдаг ******* өдөр өнжүүлэх төвд явуулахаар тохирч, харин төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр С.М*******гийн ******* тоот дансанд 330,000 төгрөгийг 1 гэсэн утгаар шилжүүлсэн, ийнхүү шилжүүлснээс хойш хүү Э.******* нь 5 хоног яваад, дахин яваагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтуудаар тогтоогдож байна.
3. Дээрх төлсөн төлбөрийг нэхэмжлэгч нь ажлын 22 өдөрт хувааж, 1 өдрийн үйлчилгээний төлбөр 15,000 төгрөг ба үйлчлүүлсэн 5 хоногоор тооцон 75,000 төгрөгийг суутган, үлдэгдэл 255,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хүүг хариуцагчийн ажиллуулдаг өдөр өнжүүлэх төвд явуулах зорилгоор төлбөрийг шилжүүлсэн боловч хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй тул хүүгээ 5 хоног явуулаад дахин явуулаагүй, ийнхүү явуулаагүй хугацааны төлбөрийг хариуцагчаас шаардаж буй нь үндэслэлтэй, хариуцагч С.М*******гийн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч С.М*******гоос 255,000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 8,300 /найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ