Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/333

 

 

 

 

 

 

      2022           3             29                                       2022/ДШМ/333                  

 

 

Э.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Н.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Ат холбогдох эрүүгийн 2102 00103 0092 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 9 дүгээр сард Төв аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 179.8 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг бодисоо 2021 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 4 дүгээр байрны 2 тоотод худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Ат шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгчийн гэрт болон биед нь үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан 179.8 грамм цэвэр жинтэй өвс мэт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Г.Э давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ат хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнд оногдуулсан ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзээгүй байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын Үндэстний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол учруулан үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэх 4 үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Шүүгдэгчийн үйлдэл нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, олж авсан гэх 2 шинжийг агуулсан байхад шүүх шүүгдэгчид ямар үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх болсон үндэслэл, шалтгаан нөхцлийн талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ат хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнд оногдуулсан ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзээгүй байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын Үндэстний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол учруулан үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэх 4 үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Шүүгдэгчийн үйлдэл нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, олж авсан гэх 2 шинжийг агуулсан байхад шүүх шүүгдэгчид ямар үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх болсон үндэслэл, шалтгаан нөхцлийн талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Н.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай холбогдуулан хууль ёсны дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн. Санаандгүй байдлаар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж үзсэн. Мөн шүүгдэгч Э.Аын хувийн байдлыг тогтоосон. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэдэг, хамааралтай, донтолтын өвчтэй хүн биш гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлтээр тогтоогдсон. Э.А нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг байнга хэрэглэдэггүй. Сонирхлын журмаар хэрэглэсэн гэх үндэслэлийг анхан шатны шүүхээс гаргаж ирсэн. Өвсийг газтай хольж байгаа бичлэгийг “Youtube”-ээс үзэж, тэрийгээ хэрэгжүүлэх гэж үзэж байгаад газаа алдаж больсон үйлдэл нь тогтоогдсон. Газ шахаад шаварлаг болгож, химийн урвалд оруулан үнэрлэдэг гэдгийг мэдэхгүй байгаа нь тогтоогддог. Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг хүмүүс өвсийг газтай хольж, шаварлаг болгож, өөр төрлийн хүчтэй бодис гаргаж ирдэг гэдгийг мэддэг байгаа. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Шүүгдэгч Э.А нь өвс хэрэглэдэггүй юм байна. Санаандгүй байдлаар хэрэглэх гэж оролдсон нь тогтоогдсон. Шүүгдэгч Э.А нь цаашид өвсийг хэрэглэх сонирхолтой биш, донтоогүй, хамааралтай бус байгаа. Зөвхөн залуу насны хүүхдийн зангаар санаандгүй байдлаар сонирхож хэрэглэсэн болчимгүй үйлдэл байна гэдэг нь тогтоогдож, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэсэн. Хувийн байдлын хувьд их сургууль төгссөн, хөдөлмөр эрхэлж байгаа, ар гэрийн хувьд хэвийн гэдэг нь тогтоогдсон учраас шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал буюу ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр дүгнээгүй байна. Прокурорын эсэргүүцлийн үндэслэл нь тодорхойгүй байна. Бараг хорих ял оногдуулах ёстой гэж байна. Ялын бодлогыг зөвхөн прокуророос тогтоохгүй. Хуулийн дагуу хууль хэрэглэх байдлаар тэнсэх боломжтой эсэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг хэрэглэх боломж байна уу гэдгийг шүүхээс тогтоож байгаа нь ялын бодлого байна. Тэгэхээр, прокурор ялын бодлогын талаар ярих нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олж авсан, хадгалсан 2 үйлдэл байгаа учраас тэнсэх үндэслэлгүй гэсэн үндэслэлийг прокуророос гаргаж ирсэн. Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 224 дүгээр тогтоол байгаа. Олж авч байгаа үйлдэл нь идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг. Хариу төлбөртэй, төлбөргүйгээр идэвхтэй үйлдэл байвал олж авсан идэвхтэй үйлдлээр зүйлчилнэ гэж заасан. Шүүгдэгч Э.А нь санаандгүй байдлаар олж авсан учраас олж авсан идэвхтэй үйлдэл нь үгүйсгэгдэхээр нөхцөл байдал байдаг. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах учраас нэг асуудал дээр санал оруулмаар байна. Би өмнө нь давж заалдах гомдол гаргаж байсан. Сайн дураараа шилжүүлэн өгсөн гэх ойлголт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг тайлбарт хууль тогтоогчоос оруулж өгсөн. Шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч цагдаагийн байгууллагад өвсийг шилжүүлэн өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт дурдсанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Э-ын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Аыг олж авсан сэтгэцэд нөлөөлөх бодисоо 2021 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 4 дүгээр байрны 2 тоотод худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэснийг 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 179.8 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж өөрчлөв.

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 9 дүгээр сард Төв аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 179.8 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг бодисоо 2021 оны 2 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 4 дүгээр байрны 2 тоотод худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Шүүгдэгч Э.Аын “...Би Улаан-Уул сумаас өвсийг олж авахдаа мансууруулах үйлчилгээтэй өвс байж магадгүй гэж бодоод барилгын складанд хийгээд мартчихсан байсан. Ингээд Улаанбаатар хот руу явах болоод складанд байх эд зүйлээ янзалж байтал нөгөө өвс гарч ирсэн. Ингээд тэр өвсөө Улаанбаатар хотод авч ирсэн. Улаанбаатар хотод ирээд 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр интернетээс өвсний талаарх мэдээллийг хайж үзтэл өвсийг татаж хэрэглэж байгаа аргууд нь бичлэг хэлбэрээр байсан. Тэгээд тухайн бичлэг дээрх аргыг туршиж үзэхээр 2021 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ ирж өвсийг усны саванд хийж байгаад дээрээс нь газ шахсан. Тэгээд усны савны тагыг авч газыг үнэртэж үзсэн. Нэг их мэдрэмж авахгүй болохоор нь цаасанд ороож байгаад татаж хэрэглэсэн. Одоо хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 190-192/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-13/, Э.Аын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /х 24/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1164 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Э.А 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 01 цаг минут” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх 49-50/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1163 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн А1, А2 дугаартай ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн А1 дугаартай хуванцар савтай 87,3 грамм, А2 гэж дугаарласан 92,5 грамм жинтэй нунтаг ургамал мэт зүйлсэд тус тус делта-9 тетрагидроканнабинол илрэв. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх 53-56/,

Э.Аыг хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын 373 дугаартай дүгнэлт /хх 66-67/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Аын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар “...шүүгдэгч Э.Ат хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнд оногдуулсан ял хөнгөдсөн..” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэрэглэж болдог.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Аыг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтаар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангасан байх бөгөөд хууль хэрэглээний хувьд буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэмбаатарын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                       

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ