Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/01832

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/0

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Ж.Кульдана, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...........тоотод оршин суух, рд:,  .......овогт .... нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, ......... тоотод оршин суух, рд:..........., ....... овогт Лхагвасүрэнгийн ....... холбогдох

 

гэм хорын хохиролд 483 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч ........,

хариуцагч ...... нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ....хөтлөв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зам тээврийн осол зөрчлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол төлбөр 483 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2022 онд зам тээврийн осол гарсантай холбоотойгоор нэхэмжлэл гаргасан. Тухайн үед цагдаа дуудаж үнэлгээ хийлгэсэн боловч 1,200,000 төгрөгийн хохирол учирсан боловч үүнээс 1,000,000 төгрөгийг надад шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч талаас шаардсан боловч өгөөгүй. Тийм учраас хариуцагчаас төлөгдөөгүй үлдсэн 483,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Буфрээ 600,000 төгрөгөөр засуулсан, үнэлгээний дагуу төлөгдөөгүй 385. 000 төгрөг, үнэлгээ хийсэн хөлс 98 000 төгрөг нэхэмжилж байгаа... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...тухайн үед надаас 1,483,000 төгрөг шаардсанаас 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 483,000 төгрөгийг машины эвдэрсэн буфрээ надад өгвөл мөнгийг өгнө гээд тохиролцсон. Гэвч маргааш нь ярьсан зүйлээсээ буцаж намайг шүүхэд өгсөн. Тийм учраас надад буфрээ өгвөл нэхэмжилсэн мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.12.10-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2022.12.16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд, 2022.12.16-ны өдрийн №0............ шийтгэлийн хуудас, үнэлгээний төлбөр төлсөн баримт, 2022.12.11-ний өдрийн №466 ........ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан түүнд хавсаргасан гэрэл зургууд /хэргийн 1-16 дугаар тал/ баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хариу тайлбар /хэргийн 28 дугаар тал/ баримтууд,

 

6. Шүүхээс бүрдүүлсэн 2024.05.29-ний өдрийн №2-3в/1722, 2024.04.02-ны өдрийн №2-3в/1870 тоот Хил хамгаалах ерөнхий газрын хариу тодорхойлолт /хэргийн 51-53 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

2. Нэхэмжлэгч ...483 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол зөрчил гарсан тул үнэлгээний компанийн тогтоосон үнэлгээнээс үлдэх төлбөр 385 000 төгрөг, үнэлгээний хөлс 98 000 төгрөг нийт 483 000 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...хохирол төлбөрт 1000 000 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2022 оны 12 сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 9 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны баруун талын уулзвар хэсэгт хариуцагч ...... ... УАХ улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ нэхэмжлэгч ........ийн жолоодож явсан ...УАА улсын дугаартай тоёото приус тээврийн хэрэгслийг мөргөж, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл эд хөрөнгөд 1 385 000 төгрөгийн хохирол учруулсан, хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас тухайн осол зөрчил гарсан нь хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл магадлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шийтгэлийн хуудас, автомашины техникийн үнэлгээний тайлан, түүнд хавсаргасан зургууд, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Осол зөрчил гарсан, хариуцагч буруутай эсэх, ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө тээврийн хэрэгсэлд 1 385 000 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

5. Зохигчид уг осол зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө тээврийн хэрэгсэлд учирсан бодит зардал хохирлын хэмжээний талаар маргаж байна.

 

6. 2022 оны 12 сарын 11-ний өдрийн №466 тоот ........ ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан баримтаар нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл хөрөнгөд улсын дугаар, улсын дугаарын хүрээ, урд буфер их эвдэрсэн тэдгээрийг солиход гарах шууд зардал 1 235 000 төгрөг, будах, эд анги солих ажлын хөлс 120 000 төгрөг, 100гр будаг, тус-мат, лак өнгө гаргах 30 000 төгрөг шууд бус 150 000 төгрөг нийт 1 385 000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарчээ. Мөн уг үнэлгээ хийлгэх ажлын хөлс 98 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

 

7. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчаас нэхэмжлэгчид хохирол төлбөрт 1000 000 төгрөг шилжүүлсэн ба тухайн мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэгч өөрийн хөрөнгө тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг сольж засуулсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн эд хөрөнгөд бодитоор учирсан гэм хор хохирол арилсан тул нэхэмжлэгч 385 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

8. Харин нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээ хийлгэх хөлс төлбөрт 98 000 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

9. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчаас хохирол 98 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

11. Зохигч талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч ........ийн нэхэмжлэлтэй хариуцагч ......ид холбогдох, гэм хорын хохиролд 483 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас хохирол 98 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

 

Ч.МӨНХЦЭЦЭГ