| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/06797/И |
| Дугаар | 101/ШШ2024/02352 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2024/02352
| 2024 04 30 | 101/ШШ2024/02352 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух ******* боржигон овогт *******ийн ******* /рд:*******/-гийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-д холбогдох нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.******* болон Д.******* нар 2004 онд анх танилцаж улмаар гэр бүл болж хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү төрсөн ба тэд гэрлэлтээ албан ёсоор төрийн байгууллагад бүртгүүлээгүй. Зохигчид 2004 оноос Д.*******гийн аав, ээжийн гэрт хамт амьдардаг байсан ба гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хүү г 4 сартай байхад салж тусдаа амьдрах болсон.
Эцэг Д.******* нь тусдаа амьдарснаас хойш хүү г ганц нэг удаа эргэж тойрч байгаад үүнээс хойш огт анхаарал хандуулж байгаагүй ба хүү эх Б.*******ы асрамжид эрүүл, саруул өсөн бойжиж 2023 оны 10 дугаар 23-ны өдөр 18 насанд хүрсэн. Зохигч нарын хүү 2011-2015 оны хооронд дүүргийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 1-4 анги хүртлээ, 2015-2016 оны хооронд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 5а ангид суралцсан, 2016-2018 оны хооронд Ерөнхий боловсролын Монгол д ӨМӨЗО-ны энгийн ахлах дунд сургуулийг 2018- 2021 оны хооронд тус тус амжилттай суралцаж төгссөн.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эхийн хооронд үүрэг үүсэх бөгөөд эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ адил тэнцүү өсгөн хүмүүжүүлэхэд оролцох, тэжээн тэтгэх үүрэг хүлээх ба 18 насанд хүртэл тэжээн тэтгэх үүрэгтэй хэдий ч эцэг Д.******* нь үүргээ одоог хүртэл биелүүлэхгүй байгаа тул хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа 2005 оноос хойших хугацааны төрийн эрх бүхий байгууллагаас батлан гаргаж, дагаж мөрдөж байгаа амжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг жил тус бүрээр тооцоолон гаргаж нөхөн төлүүлэх тэтгэлгийн хэмжээг тооцоолсон. Нэхэмжлэгч Б.*******ы хувьд хүүгээ ирээдүйд өндөр боловсролтой хүн болгох мөн чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд гадаад, дотоодын хувийн төлбөртэй сургуулиудад суралцуулсан юм. Ингээд хүүгээ суралцаж байх хугацаанд сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлуудыг нэхэмжлэгч нь дангаараа хариуцаж эхийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж өнөөдрийг хүрсэн.
Нэхэмжлэгч Б.******* нь хүү г Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 анги төгсөх хүртэл суралцуулах сургалтын төлбөрт нийтдээ 26,900,000.00 төгрөгийг төлсөн төдийгүй хүүхдийн ахуйн хэрэглээний зардалд нийтдээ 35,758,210.00 төгрөгийг зарцуулсан, мөн хүү г физик, математик, англи хэлний сургалтуудад тасралтгүй явуулж түүний боловсролд анхаарч ирсэн.
Эцэг Д.*******гийн хувьд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч зхэлснээс хойш хүүтэйгээ уулздаггүй, хүүгийнхээ боловсролд анхаарал хандуулдаггүй, хүүгийнхээ хэрэглээнд зарцуулаарай гэж эхний 2 жил 10,000.00, 5,000.00, 3,000.00 төгрөг гэж өгдөг байсан, мөн М.Далайхүүгийн 1 дүгээр ангийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрт 1,800,000.00 төгрөгийг төлсөн ба хүүгээ Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөх үед нь 3 өрөө орон сууц, автомашин авч өгнө гэж амлалт өгсөн боловч энэхүү амлалтаа ч бодит байдалд хэрэгжүүлээгүй байгаад гомдолтой байна.
Хүү 2023 оны 10 дугаар сарын 23-нд 18-нас хүрэх бөгөөд Амеркийн нэгдсэн улсын ид суралцахаар болсон тус сургуульд сурах сургалтын төлбөр, байрлах байр, хоол хүнс зэрэг нэг жилийн 26.910$ доллар буюу монгол мөнгөөр 92,947,140.00 төгрөг зарцуулахаар байгаа ба эх Б.*******ы хувьд энэхүү зардлуудыг ганцаараа төлж барагдуулахад хүндрэлтэй байгаа тул хүүгийн сургалтын төлбөрийн тал хувийг хариуцагч Д.*******гаас нэхэмжилж байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч Д.*******гаас Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйл, 49-р зүйл, 48-р зүйлд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн тэтгэлэг, сургалтын төлбөрүүдэд 244,574,986.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч ээр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэтэл Б.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтын ихэнх хэсэг нь бодит үнэнд нийцээгүй, намайг эцгийн үүргээ огт биелүүлж байгаагүй мэтээр дурдсан байна. Иймээс нэхэмжлэлд дурдсан дараах үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1, Бид хоёр тусдаа амьдарснаас хойш хүү тэй 2006 оны 02 сараас эхлэн өөрийн санаачилгаар 7 хоногт нэг удаа байнга очиж хүүдээ хувцас, тоглоом эмээ, өвөөд нь ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн авч очдог байсан бөгөөд хүүгээ 2 нас хүрснээс хойш буюу 2007 оноос эхлэн хагас сайн өдрийн 11 цагт тогтмол очиж хүүгээ авч өөрийн аав, ээж дээр авч ирж өдрийг өнгөрөөж тоглоомын төв дээр тоглуулах, агаар салхинд гаргах, дэлгүүр орж хувцас худалдан авч өгөх зэргээр 2015 оныг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, миний бие хүүгээ 2 настай байхаас 10 нас хүртэл хугацаанд 7 хоног бүр уулздаг байсан бөгөөд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн 1-4 дүгээр ангийн сурагч байсан.
2, Нэхэмжлэгч нь 2011 -2015 оны хооронд бүрэн дунд сургуульд суралцаж байсан талаар дурдаж дүүргийн Боловсролын хэлтсээс авсан дүнгийн хуулгыг хавсралтаар гарган өгсөн байна. Угтаа бол 2010 - 2011 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт, 2011-2015 он хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын сургуульд суралцсан. Энэ үед миний бие г завтай үедээ сургуулиас нь авдаг байсан. Ихэнх тохиолдолд нэхэмжлэгч Б.*******ы төрсөн ээж , аав н.******* нар хүү г сургуулиас нь авдаг байсан. ерөнхий боловсролын сургуулийн хажууд миний ажил байдаг тул хичээл тарах бүрдээ орж ирж надад үнсүүлээд 5,000 төгрөг авдаг, би ч татгалзахгүйгээр өгдөг байсан бөгөөд сүүлдээ бүр бэлдчихээд хүлээж байдаг байсан.
Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь 1 байранд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 4 давхарт нь цэцэрлэг, 2.3 давхарт сургууль нь үйл ажиллагаагаа явуулдаг санхүү нь тусдаа бус хамт байдаг. Миний бие цэцэрлэгийн бэлтгэл бүлэг болон 1, 2 дугаар ангийн сургалтын төлбөрийг өөрийн эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлаж бэлэн мөнгөөр хэсэгчилэн хувааж бүрэн төлж барагдуулсан. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1 дүгээр ангийн сургалтын төлбөр болох 1,800,000.00 төгрөгийг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
3, Нэхэжмэлгч 12 дугаар анги төгсөх үед нь 3 өрөө орон сууц, авто машин авч өгнө хэмээн амлалт өгсөн агуулгаар бичсэн байна. 2015 онд нь 4 дүгээр ангийн сурагч байсан бөгөөд энэ үед Ерөнхий боловсролын сургуулийн системд 12 жилийн тогтолцоонд шилжээгүй байсан. Би, хэн нэгэнд ирээдүйд болох зүйл дээр амлалт өгч байгаагүй, нэхэмжлэгч Б.*******ы аавын гэрт нь тэй тоглож байхдаа ....хүүдээ том болохоор хоёулаа ийм машин, тийм онгоцтой болж дэлхийг тойрон зугаалах болно хэмээн тоглож, эрхлүүлдэг байсан.
Миний хувьд хүүгээ 18 нас хүртэл нь харж хандах, тэжээн тэтгэх ёстой гэдгээ ухамсарлаж байсан бөгөөд цаашид том болоод хоёулаа ийм ийм зүйл хийнэ, хамт ийм газруудаар аялна хэмээн төлөвлөж хүүтэйгээ энэ талаар байнга ярьж мөрөөддөг байсан. Б.******* нь г 1 дүгээр ангид байхад нь хүнтэй сууж охин төрүүлсэн боловч би хүүтэйгээ байнга уулзаж хүүгийнхээ ирээдүйн төлөө, боловсролын төлөө, гэр бүлийн суурь хүмүүжлийнх нь төлөө хичээж уулзсаар л байсан.
2013 онд Б.******* нь охин өөрийн аав н.*******, ээж нарын асрамжид үлдээн өөрөө тусдаа амьдарч байсан. Энэ үед Гахайн хавдар өвчин тусч би эмнэлэгт хэвтүүлж, эмээ нь сахиж би өдөр бүр эргэж шаардлагатай эм, боолт, хоол унд зэргийг нь оруулж өгдөг байсан. Улмаар эмнэлэгээс гарахад нь гийн дүү болох д халдварлаж магадгүй хэмээн бодож эмээ д нь санал тавихад зөвшөөрсөн тул өөрийн гэртээ гаргаж 7 хоног сувилж эдгээгээд өвөө н.*******ийн гэрт хүргэж өгч байсан. санаж байгаа байх би асуудаггүй юм.
2015 оны намар Б.******* утсаар залгаж Хүүгийнхээ овгийг солимоор байна, гарын үсгээ зураад асуудлыг шийд, хүүхэдтэй байнга уулзаад байхаар амьдралд хүндрэл учраад байна, битгий гай болоод бай, битгий утсаар ярь, битгий уулз хэмээн хэд, хэдэн удаа тул надаас болж хүүд маань хүндрэл тулгараад байгаа юм байна, мөн Б.*******ы 2 дахь амьдралаа зохиох явцад миний зүгээс саад учруулаад байгаа юм байна гэж бодоод өөрийн хүсэл сонирхлоо хойш тавьж хүүтэйгээ уулзахаа больсон. Ийм асуудлаас шалтгаалан хүүтэйгээ уулзахаа больсон шүү гэдгээ одоог хүртэл д тайлбарлаж байгаагүй бөгөөд энэ нь эх, үр 2-ын харилцаанд сэв суулгахгүй байх, хүүгээ ээждээ гомдох байх гэж бодсоноос гаргасан хувийн шийдвэр юм.
Миний бие хүү тэй өөрийнх нь эзэмшдэг дугаарын утсаар, мөн нэртэй фейсбүүк хаягаар байнга холбоотой байдаг ба мэдээлэл солилцдог, найрсаг харилцаатай. Миний зүгээс төрсөн өдөр нь болох жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдөр мэндчилгээ дэвшүүлдэг. 2023 оны 04 сарын 26-ны өдрийн өглөө өөрийн эзэмшдэг дугаар болох дугаараас залган ааваа онлайн ажил хийж байгаа, асуудал гарсан тул 1,000,000.00 төгрөг хэрэгтэй байна, та зохицуулаач гэсэн. Тэгэхэд нь миний бие аавд нь 1,000,000.00 төгрөг байхгүй харин 500.000.00 төгрөг байна гээд шилжүүлсэн. Гэтэл надад өгсөн данс нь нэхэмжлэгч Б.*******ы ээж гийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь тоот данс байсан. Дараа нь тэй утсаар ярих үед таны шилжүүлсэн 500,000.00 төгрөг маш их хэрэг болсон шүү, одоо сарын 2,000,000.00 төгрөгийн ашигтай ажиллаж байгаа гэхэд нь баярлаж байсан.
Мөн миний бие нэхэмжлэгч Б.*******тай 2004 онд танилцсан бөгөөд танилцахаас өмнө КIА үйлдвэрийн, маркийн улсын дугаартай хар өнгийн суудлын авто машиныг өөрийнхөө хөрөнгөөр 2002 онд 9,500,000.00 төгрөгөөр худалдан авсан ба 2006 онд Б.*******д хэдийгээр бидний амьдрал болж бүтээгүй бүтэлгүйтсэн ч надад удам залгах сайхан хүү төрүүлж өгсөнд баярлалаа, хүүтэйгээ байнга уулзаж байх болно гэж хэлээд ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүйгээр бэлэглэж нэрээ шилжүүлсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс надад холбогдуулан 3 шаардлага гаргасан хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой нэг л төрлийн харилцаа юм. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага дээр бичигдсэн зүйлүүдийн ихэнх нь худал. Хариуцагч Д.******* нь хүү г 10 нас хүртэл эргэж, тойрч тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан. Хүүгээ 1 дүгээр ангийн эхний жилийн сургалтын төлбөр 1,800,000.00 төгрөгийг төлсөн. Өөрийн эзэмшлийн автомашиныг Б.*******д өгсөн. Иргэний хуулийн 15.1 зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэж заасан. Одоо нь 18 насанд хүрч эрх зүйн бүрэн чадамжтай, ямар нэгэн сэтгэцийн болон хөгжлийн бэрхшээлгүй, хөдөлмөрийн чадамжтай тул тэжээн тэтгэх шаардлагагүй гэж үзэж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн, 18 нас хүрсэн бол тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно гэж заасан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 1,697,108.00 төгрөг төлсөн баримт,
2. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
3. дүүргийн боловролын хэлтсийн тодорхойлолт,
4. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт,
5. Ерөнхий боловсролын Монгол Хятадын найрамдлын сургуулийн тодорхойлолт,
6. ӨМӨЗО-ны энгийн ахлах дунд сургууль төгсөлтийн гэрчилгээ,
7. Сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ,
8. Топ Студент сургалтын төвийн тодорхойлолт,
9. Төлбөрийн баримт,
10. Б.*******ы хаан банкны дансны хуулга,
11. 2005 оноос 2023 оны Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргын хүн амын амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг баталсан тушаал, түүний хавсралт,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар,
2. Хариу тайлбар,
3. Маамуу нааш ир тоглоомын төвийн билет,
4. Хөх хулганы орон билет,
5. Орлогын ордер тасалбар,
6. Авто машин бүртгэх карт,
7. Kia shuma 4082УБМ маркийн автомашины зураг,
8. Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа,
9. Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,
10. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,
11. -ийн захирлын тушаал,
12. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
13. 2006 оны зуны зураг,
14. Хүүхэд ахуй болон бага насны зураг,
15. Хаан банкны шилжүүлгийн баримт,
16. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******аас хариуцагч Д.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэгт 27,351,600.00 төгрөг, ерөнхий боловсролын сургуулийн төлбөр болон хэрэглээний зардалд 31,329,106.00 төгрөг, их дээд сургуулийн төлбөрт 185,894,280.00 төгрөг, нийт 244,574,986.00 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.******* нарын дундаас 2005 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү төрсөн бөгөөд зохигчид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна гэж заасан. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид хүү г 2005 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрснийг 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэж, түүнийг эцэг Д.*******гийн нэрээр овоглосон байна.
Ингээд шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, түүнээс хариу тайлбар авахад тэрээр өөрийгөө хүүгийн биологийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч Д.*******г хүү гийн эцэг мөн эсэх талаар маргасан гэж үзэхгүй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэсний дагуу хүү төрснөөр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.******* нарын хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүссэн.
Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж зааснаар хүү нь Монгол Улсын хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүүхдийн эрх эдэлж, үүрэг хүлээх юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд зохигчид албан ёсоор гэр бүл болоогүй боловч хүүхдийнхээ өмнө хүлээсэн эрх, үүрэг нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхэдтэй ижил байх учиртай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, 26.2.2-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 27 дугаар зүйлийн 27.2-т Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж тус тус зааснаар хариуцагч Д.******* нь хүү г тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
4. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан.
Тодруулбал, тэтгэлэг төлөгч гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн аливаа этгээдийг ойлгох ба тухайн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь хожим тогтоогдсон бол түүний өнгөрсөн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийг нөхөн төлүүлж болно.
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгаагүй буюу шүүхийн шийдвэрээр хариуцагчид тэтгэлэг төлөхийг даалгасан шийдвэр байхгүй тул хариуцагчийг гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг санаатай төлөхөөс татгалзсан төлбөр төлөгч гэж үзэх боломжгүй юм.
Иймд, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******гаас хүү г 18 нас хүртэлх хугацаанд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй гэсэн үндэслэлээр 27,351,600.00 төгрөгийг шаардах эрхгүй байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.
Тайлбарлавал, хүү хүндээр өвчилсөн, аль эсхүл өвчин болон бусад шалтгаанаар асаргаа-сувилгаа хэрэгтэй байсан, түүнчлэн сургууль, цэцэрлэгт элсэн орсон гэх зэрэг шалтгааны улмаас нэмэлт тэтгэлэг, зардал төлөх хэрэгцээ гарсан бол нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Д.******* нар эцэг, эх болохыхоо хувьд хамтран төлөхөөр, аль эсхүл төлсөн бол хэн нэгнээсээ тодорхой хэсгийг шаардаж болно.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хүү нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд суралцаж, сургалтын төлбөрт 4,500,000.00 төгрөгийг төлсөн бол Монгол-д 2016-2018 оны оны хичээлийн жилд суралцаж, сургалтын төлбөрт 5,600,000.00 төгрөгийг төлсөн байна.
Үүнээс гадна тэрээр Топ студент сургалт хөгжлийн байгууллагад 650,000.00 төгрөгийг төлбөр, нийт 10,750,000.00 төгрөг төлснөөс хариуцагч нь нэхэмжлэгчид 600,000.00 төгрөгийг сургалтын төлбөр гэж өгсөн талаар зохигчид маргаагүй.
Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хүү г БНХАУ-ын ӨМӨЗОрны ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан гэсэн боловч сургалтын төлбөрт хичнээн төгрөг төлсөн болох нь тодорхойгүй, хариуцагч Д.*******гаас нэхэмжилсэн ерөнхий боловсролын сургуулийн төлбөр болон хэрэглээний зардал гэх 31,329,106.00 төгрөг нь чухам хэнээ, хаана, хэнд зориулж зарцуулсан төлбөр болох талаар нэхэмжлэгч Б.******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Дор дурдсан тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно гээд 53.1.3-т тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн, 18 нас хүрсэн гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Д.******* нарын хүү 18 нас хүрсэн учир түүнийг хуульд зааснаар тэжээн тэтгэх эцэг, эхийн үүрэг дуусгавар болно.
Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1 дүгээр зүйлд Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ гэж тус тус зааснаар 18 насанд хүрээгүй хүнийг хүүхэд гэж тооцох журамтай.
Нэгэнт зохигчдын хүүхэд 18 нас хүрсэн байх тул хариуцагч Д.*******д хүү гийн Америкийн Нэгдсэн Улсад суралцахад төлөх их дээд сургуулийн төлбөрт 185,894,280.00 төгрөг төлөх ёстой гэж үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдсон ерөнхий боловсролын сургуулийн төлбөр 10,150,000.00 төгрөгийн тал хувь 5,075,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 239,499,986.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн хариуцагч Д.*******гаас 5,075,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 239,499,986.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,697,108.00 төгрөгийг *** дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96,150.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ