| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/00833/И |
| Дугаар | 101/ШШ2024/02164 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/02164
| 2024 04 22 | 101/ШШ2024/02164 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** холбогдох
Түрээсийн төлбөр болон бусад зардалд нийт 71,122,999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П*******,
Хариуцагчийн өмгөөлөгч А.Т*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Б******* нь ******* ХХК-тай 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Машин, механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Д.Б******* нь ******* ХХК-ийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Тохойн гол 4 дүгээр багын нутаг дэвсгэрт хийгдэж буй замын ажилд Doosan 520 маркийн экскаваторыг нэг ковшны хамт нэг сарын хугацаанд түрээслүүлэн ажиллуулсан. Талууд дээрх хоёр техникийн түрээсийн төлбөр болох нийт 62,000,000 төгрөгийг бартерийн нөхцлөөр барагдуулахаар тохиролцож түрээсийн төлбөрийн тооцоо дууссан. Гэвч түрээслэгч талаас замын ажилд дахин 1 эксковаторыг түрээслэхээр болсон ба талууд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж дараах нөхцлийг тохиролцсон. Үүнд: Түрээслүүлэгч талаас Hyundai 520 маркийн эксковаторыг нэг сарын 44,000,000 төгрөгөөр нэмж түрээслэх, түрээслэгч талаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Машин, механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний зүйл болох Doosan 520 маркийн экскаватор, нэг ковш, нэмэлт гэрээний зүйл болох Hyundai 520 маркийн эксковатор зэрэг нийт гурван техникийг Улаанбаатар хот руу хүргэх нэг талын тээврийн зардлыг төлөхөөр тохиролцсон. Улмаар гэрээний ажил дуусч 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэхэд түрээслэгч тал нь 71,122,999 төгрөгийн өр төлбөртэй гарсан ба тус төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар болсон. Энэхүү өр төлбөрт нэмж турээсэлсэн Hyundai 520 маркийн эксковаторын түрээсийн төлбөр 44,000,000 төгрөг, түрээсийн техникүүдийг Улаанбаатар хот руу хүргэх нэг талын тээврийн нийт зардал 25,000,000 төгрөг болон ажлын явцад түрээслэгч талаас шонгын утас тасалж түүнийг засварлахад гарсан зардал болох 2,122,999 төгрөг багтсан. Түрээслэгч талаас дээрх төлбөрийг актад заасан хугацаанд төлж барагдуулаагүй бөгөөд өнөөдөр, маргааш өгнө гэдэг байсан боловч одоог хүртэл өгөхгүй байгаа бөгөөд сүүлдээ утас нь холбогдох боломжгүй болсон.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу түрээсийн төлбөр болон бусад зардал нийт 71,122,999 төгрөгииг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч А.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Hyundai 520 маркийн эксковаторын 44,000,000 төгрөгөөс 14 хоног ажилласан 22,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин шонгийн утас тасалж, засварлахад гарсан зардал болох 2,122,999 төгрөг ба түрээсийн техникүүдийг Улаанбаатар хот руу хүргэсэн нэг талын зардал 25,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шонгийн утсыг тасалсан гэм буруутай нөхцөлд дээрх хохирлыг төлөх үүрэг үүсдэг. Мөн шонг хэн, хэзээ, ямар ажлыг гүйцэтгэж байх үед тасалсан бэ гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон бусад баримтад огт байхгүй. Хариуцагч нь энэ талаар огт мэдэхгүй юм. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/07 дугаартай тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Гэхдээ энэ актыг үйлдэх үед нэхэмжлэгч нь банкнаас зээл авах гэж байгаа учраас тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдэж, авлагатай гэсэн баримтыг үйлдэх шаардлагатай байна гэж гуйж байсан. Иймд манай компани энэхүү актыг үйлдэхийг зөвшөөрсөн. Актад тусгагдсан төлбөр, зардлын үнэлгээ, хохирлын төлбөрүүд нь зохиомол хуурамч юм. Хэрэв бодитоор тооцсон бол Hyundai 520 маркийн эксковаторын ажилласан хугацаа нь 14 хоног бөгөөд авах ёстой төлбөр хөлс нь 22,000,000 төгрөг болох талаар дээр дурдсан. Манай компани гэрээнд заасны дагуу тээврийн зардлыг хариуцах талаар үндсэн болон нэмэлт гэрээгээр тохиролцсон. Гэхдээ тус тээврийн төлбөрийг зах зээлийн бодит тооцооллоор төлнө. Гэтэл нэхэмжлэгч тал нь түрээсийн төлбөрийг нэхэмжлэхдээ бодит өртөгт нийцэхгүй, банкинд өгөхөөр тохирсон, зохиомол үнэ зааж өгсөн актад үндэслэн шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн түрээсийн зардал 25,000,000 төгрөг нь хариуцагчаас бодитой гарч, төлөгдсөн эсэх, хэзээ, хэнд төлсөн эсэх тодорхой бус, мөн хавтаст хэрэгт баримт байхгүй байна.
Иймд энэ зардлыг зөвшөөрөхгүй. Харин тээврийн зардлыг зах зээлийн бодит өртгөөр тооцож, шаардах нөхцөлд нэхэмжлэгч тал төлөх боломжтой болно гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Б*******гийн иргэний үнэмлэх, 2023.09.29-ний өдрийн Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2023.12.18-ны өдрийн 12/07 дугаартай Тооцоо нийлсэн акт, 2023.10.11-ний өдрийн 10/05 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбарыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нэмж түрээсэлсэн Hyundai 520 маркийн экскаваторын түрээсийн төлбөр 44,000,000 төгрөг, түрээсийн техникүүдийг Улаанбаатар хот руу хүргэх нэг талын тээврийн нийт зардал 25,000,000 төгрөг, ажлын явцад түрээслэгч талаас шонгийн утас тасалж, түүнийг засварлахад гарсан зардал 2,122,999 төгрөг, нийт 71,122,999 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1а. Хариуцагч ******* ХХК нь Hyundai 520 маркийн эксковаторыг 14 хоног ажиллуулсан тул 22,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин шонгийн утас тасалж, засварлахад гарсан зардал болох 2,122,999 төгрөг болон түрээсийн техникүүдийг Улаанбаатар хот руу хүргэсэн нэг талын зардал 25,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, тээврийн зардлыг зах зээлийн бодит өртгөөр тооцож төлнө, тооцоо нийлсэн актын хувьд хуурамчаар үйлдэж, авлагатай гэсэн баримтыг үйлдэх шаардлагатай байна гэж гуйсан тул үйлдсэн зэргээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2а. Д.Б******* нь ******* ХХК-тай 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 09/04 дугаартай Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г байгуулж, Doosan 520 маркийн экскаватор, ковшыг түрээслүүлж, түрээсийн техникийг 1 сард/28 хоногт ажиллуулах ба техник өдөрт дундажаар 280 мото/цаг ажиллуулахаар харилцан тохирч, гэрээний үнийн дүнг 62,000,000 төгрөг ба уг төлбөрт Lexus RX450b-AL10 маркийн автомашиныг тооцон, гэрээ хийсэн өдрөө шилжүүлж өгөхөөр тохиролцож, энэхүү гэрээний дагуу төлөх төлбөргүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
2б. Зохигч дээрх 09/04 дугаартай гэрээний 8.1 дэх заалтыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10/05 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Hyundai 520 маркийн эксковаторыг түрээслэхээр, нэг сарын түрээсийн төлбөр нь 44,000,000 төгрөг байхаар, талуудын хооронд байгуулагдсан 09/04 дугаартай гэрээ болон нэмэлт гэрээний зүйл болох Doosan 520 маркийн экскаватор, Hyundai 520 маркийн эксковатор, ковш нийт 3 техникийг гэрээнд заасан ажил дууссаны дараа түрээслүүлэгчийн ажлын байранд буюу Улаанбаатар хот руу хүргэх зардлыг түрээслэгч тал ******* ХХК нь төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
2в. Нэхэмжлэгч Д.Б******* болон хариуцагч ******* ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12/07 дугаартай Тооцоо нийлсэн акт-ыг үйлдэж, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 09/04 болон 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/05 дугаартай гэрээнүүдийн ажлыг дүгнэж, гэрээний хугацаанд хариуцагч нь 3 техникийг түрээслэн ажилласан болохоо хүлээн зөвшөөрч, түрээсийн ажлын явцад Hyundai 520 маркийн экскаваторын түрээсийн төлбөрт 44,000,000 төгрөг, түрээсийн техникүүдийг Улаанбаатар хот руу хүргэх нэг талын тээврийн зардалд 25,000,000 төгрөг, ажлын явцад түрээслэгч талаас шонгийн утас тасалж, түүнийг засварлахад гарсан зардалд 2,122,999 төгрөг, нийт 71,122,999 төгрөгийн тооцоо нийлж, төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохирсон байна.
3. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч нь түрээсийн 3 техникийг түрээслэгч буюу хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчийн хувьд Hyundai 520 маркийн экскаваторын түрээсийн төлбөрт төлөх 44,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
3а. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасан, мөн талууд гэрээндээ түрээсийн техникүүдийг Улаанбаатар хот руу хүргэх нэг талын тээврийн зардалыг түрээслэгч тал хариуцахаар тохирч, энэхүү агуулгаараа тооцоо нийлэн 25,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон, харин тээврийн зардлыг зах зээлийн бодит өртгөөр тооцохоор тохироогүй байна.
4. Хариуцагчийн хувьд түрээсэлсэн техникийг бүтэн сар ашиглаагүй, 14 хоног ашигласан гэх боловч баримтаар тогтоогдохгүй, түрээсийн гэрээний хугацаанд ашиглах, ашиглахгүй байх нь түрээслэгчийн асуудал бөгөөд ашиглаагүй нөхцөл байдал нь түрээслүүлэгчийн буруутай үйлдлээс болсон болох нь тогтоогдоогүй, мөн шонг хэн, хэзээ, ямар ажлыг гүйцэтгэж байх үед тасалсан, түүнийг засварлахад гарсан зардалд 2,122,999 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй зэргээр татгалзаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 513,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 513,565 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааны оролцогч нар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүрэгт 71,122,999 /далан нэгэн сая нэг зуун хорин хоёр мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 513,565 /таван зуун арван гурван мянга таван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2024/04238 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ