Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/02082

 

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02948 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Бгийн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: Ц

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч З.У, прокурор Ц.Гбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эцэг Борын Д нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 сарын 10 ны өдрийн 22-р тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 48 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 11 сарын 11 өдрийн 179 дүгээр магадлалаар цагаатгагдсан.  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 80 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор шийдвэрлэснийг Зууны Мэдээ үндэсний өдөр тутмын сонины 2019.06.27-ны №130 (6097)-д жагсаалтын 30 дугаарт хэвлэгдсэн. Иймд Г. Бд нөхөх олговор болох 80 000 000 төгрөгийг олгож өгнө үү. Дгийн дүү Дарьд өргөгдөж, гэрт нь өссөн, Дарь нь сүүлд Галсантай сууснаар Галсангаар овоглосон. Б нь Дгийн хүүхэд мөн гэх шүүхийн шийдвэр гарсан гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц гаргасан тайлбартаа: Хэлмэгдэгч Д нь 1938 онд буудан алах ял шийтгэгдэж 1992 онд цагаатгагдсан. 1999 онд шүүхийн шийдвэрээр 1 сая төгрөгийг олгосон. Нэхэмжлэгч нь Дгийн хүү болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ. 

Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөх олговор олгох үндэслэлтэй гэжээ.

Шүүх: Нэхэмжлэгч Г.Бгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Б хэлмэгдэгч Б.Дгийн хүүхэд мөн болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байхад хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэсэн. Нэхэмжлэгч нь нөхөх олговор авах хуулиар тавигдсан шаардлагыг хангасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж байна.

Нэхэмжлэгч Г.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан этгээдэд учирсан бусад хохирлын  үр дагаврыг арилгуулах буюу гэр сууцаа хураалгаж одоо хүртэл орон сууцгүй байгаа тул нөхөн олговорт 80 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ./ хх-1/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгаж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар нөхөх олговрыг олгохоор байна. Хэрэгт авагдсан Т газрын 2019 оны 05/3927 тоот тодорхойлолтод “Борын Дд холбогдох хэрэгт эд хөрөнгө хураасан баримт байхгүй” гэж тусгагдсан бол БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн Хяналтын шатны шүүх хурлын 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 179 дүгээр магадлалаар Борын Дг цагаатгасан ба уг магадлалд хэрэгт холбогдсон хүмүүсийн хөрөнгийг хураах ялаар шийтгэгдсэн талаар тусгагдсан байна. /хх-10-12/

Хэлмэгдэгч цагаадсан эсэх үйл баримт маргаангүй байж болох ч онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт Борын Дгийн эд хөрөнгө хураагдсан эсэх, хуулийн дээрх заалтаар нэхэмжлэл гаргах эрхтэй өөр бусад этгээд бий эсэхийг магадалж тодруулах нь шүүхийн үүрэг юм. Дээд шүүхийн Цэргийн коллегийн 179 дүгээр магадлалд хүмүүсийн хөрөнгийг хураасан талаарх үйл баримтыг дахин магадлах нь зүйтэй. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД