Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

2022 оны 03 сарын 15-ны өдөр              Дугаар 2022/ДШМ/19                                  

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх  хуралдаанд     

Прокурор Д.Ганцэцэг

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч П.Дониддолгор   

Шүүгдэгч Ө.Н-ын өмгөөлөгч Г.Энхтуяа                                                                                              Нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нарыг оролцуулан           

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Б, Э.Бу, Ө.Н нарт холбогдох 2026000420127 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Б, Э.Бу, Ө.Н нар нь бүлэглэж, машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар баг Их булаг, “Хөх толгой” гэх газраас Ч.Н-н эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-наас 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Б.Г-ын зээрд зүсмийн 1 тооны азаргыг хулгайлж 4000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Э.Б, Э.Бу, Ө.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бу-г бүлэглэж бусдын нэг тооны азаргыг хулгайлсан гэх гэмт хэргийг, шүүгдэгч Э.Б-ыг бүлэглэж бусдын 1 тооны үхрийг хулгайлсан гэх гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон, Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Э.Бу, Э.Б, Ө.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Э.Бу, Э.Б, Ө.Н нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дугар овгийн Өлзийсайханы Наадамбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бу-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Буг 1 /нэг/ жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг, шүүгдэгч Ө.Н-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс шүүгдэгч Э.Б-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Бу, Э.Б, Ө.Н нарт мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож шүүгдэгч Э.Б, Э.Бу нарын цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг тэдэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Ө.Н, Э.Бу, Э.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Баас 1200000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-д олгохоор, Шүүгдэгч Ө.Н нь хохирогч Ч.Н-д 400.000 төгрөг, хохирогч Б.Г-д 2000000 төгрөг, шүүгдэгч Э.Бу нь хохирогч Ч.Н-д 400000 төгрөг, шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Гд 800000 төгрөг төлсөн, шүүгдэгч Ө.Н, Э.Бу нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Нэргүй нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 100000 төгрөгийг, шүүгдэгч Э.Бу-гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 50000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 3 ширхэг, утасны ярианы бичлэг бүхий DVD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Э.Бу нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ө.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бу, Э.Б нарыг шүүх хуралдааны танхимаас суллан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бу, Э.Б, Ө.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Э.Б-ын өмгөөлөгч П.Дониддолгорын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...шүүгдэгч Э.Б-ын бүлэглэж бусдын 1 тооны үхрийг хулгайлсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Э.Б, Ө.Н нар нь бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Б.Г-ын зээрд зүсмийн 1 тооны азаргыг хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд шүүгдэгч Э.Б-ыг гэм буруутайд тооцсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.Б-ыг зөвхөн шүүгдэгч Ө.Н-ын мэдүүлгээр уг гэмт хэргийг үйлдсэн талаарх мэдүүлэг баримт авагдсан. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Н нь шүүгдэгч Э.Б-ын ах нарыг хооронд нь андуурдаг гэсэн мэдүүлэг өгдөг. Зөвхөн Наадамбаярын мэдүүлгээр Буянбатыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотолж байгаа. Гэрч Ж.Алтангэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлэг өгдөггүй. Бусад байдлаар хавтас хэрэгт авагдсан гэрч Алтангэрэл, дэлгүүрийн худалдагч эмэгтэй Энхсүрэн, бусад камерын бичлэгээр тухайн 2020 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө бусдын азаргыг хулгайлсан гэх хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.Б нь Б.Г-ын 1 тооны азаргыг хулгайлсан гэж үзэх хангалттай нотлох баримт авагдаагүи. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Г-ын 1 тооны азаргыг хулгайлах гэмт хэргийг хэн үйлдсэнийг шалган тогтоогоогүй. Иймд шүүгдэгч Э.Б, Э.Бу, Ө.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ө.Н-ын өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өсвөр насны шүүгдэгч Наадамбаярын хувьд 2019 оны 10 дугаар сард 2020 оны 01 дүгээр сард хоёр гэмт хэргийн үйлдэл дээр яллагдагчаар татагдсан. Тухайн үед буюу хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх гэх үед Наадамбаяр 16 настай өсвөр насны шүүгдэгч гэсэн нэр томъёогоор яллагдагчаар татагдсан. Наадамбаяр хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан. Шийтгэх тогтоол гарах үед 18 нас 2 сар хүрсэн байсан. Хэдий шийтгэх тогтоол гарах үед насанд хүрсэн байсан хэдий ч хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй, 16 насанд хүрээгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Наадамбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой байсан. Гэвч анхан шатны шүүх өөр байдлаар шийдвэрлэсэн. Өмнө нь шүүгдэгч ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авч өгөх саналыг гаргаж байна гэв.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон. Гэм буруутай үйлдэлд нь анхан шатны шүүхээс ял оногдуулсан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч П.Дониддолгороос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч П.Дониддолгорын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Бу, Ө.Н нар нь бүлэглэж машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар баг Их булаг, “Хөх толгой” гэх газраас Ч.Н-н эзэмшлийн 1 тооны үхэр хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б, Ө.Н нар нь бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 22-наас 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Б.Г-ын зээрд зүсмийн 1 тооны азаргыг хулгайлж 4000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6-р багийн Их булаг Хөх толгой гэх газарт манай үхэр бэлчээрт гардаг. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр бэлчээрт байсан 7-н тооны үхрээс улаан, эрээн зүсмийн соёолон насны эр үхрийг хөх толгойн өвөлжөөн дээр нядлаад арьс, толгой, гэдэс дотрыг нь үлдээгээд ачаад явсан байсан. Тэгээд би тэр хавиар алдсан үхрээ хайгаад олоогүй, тэгээд хүмүүсээс дамжиж явсаар байгаад надад хэл ирсэн, очиж үзэхэд манай үхэр мөн байсан. Тэр өвөлжөө нь Лам гэдэг хүний өвөлжөө юм байна билээ. Тэр өвөлжөөн дээр байсан айлын байшингаас улаан эрээн куртик зэргийг гаргаж гэдсийг нь хучсан байсан. Тэр өвөлжөөн дээр тэр үхрийг нядлах гэж гурван газар нугасласан байсан цус нь хатсан байсан. Толгойг нь урагш нь харуулсан байдалтай нядлагдсан байсан. Манай үхрийг нядалсан газар Арвайхээр сумаас зүүн тийш гармаар гараад явахаар 20 гаруй км зайтай байдаг юм. Тэр өвөлжөө нь манай гэрээс 7-8 км зайтай л байсан. Үхрээ 1000000 төгрөгөөр үнэлнэ. ...Нядлагдсан газар байсан улаан эрээн куртик өвөлжөөний эзэн лам гэдэг хүний юм байх. Намайг очиход тэр куртик гадаа нь гэдэс дотрыг бүтээсэн байдалтай байсан. Нарантуяагийн өвөлжөөн дээр нядлагдсан үхэр манай үхэр мөн. Манай үхэр Нарантуяагийн өвөлжөөтэй ойрхон бэлчдэг юм. Тухайн өдөр 1 км орчим зайтай бэлчиж байсан байх, янз янз л байдаг юм. Тухайн үед манай тугалтай үхэр 7-8 тоотой тэнд явсан юм” гэх мэдүүлэг /1хх 63-64, 70/,

Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай адуу Арвайхээр сумын 11-р багийн 78-12 тоотод орой нь хашиж хонодог юм. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сарын 22-ны орой хашаандаа оруулах гээд хайгаад олоогүй юм. Тэгэхээр нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Шуурхай удирдлагын төвийн телекамерыг шүүлгэсэн чинь 11 дүгээр хорооны манай наад талын буюу зам ангийн наад талд байх сүмийн урд байрлах камерт манай адууны бичлэг гарсан. Түүнийг хараад байсан чинь блокон хашаа руу 9-н тоотой ороод 8-н тоотой гарч ирсэн юм. Манайх 14-н тооны адуутай. Тэр өдөр 9 тоотой хашаанаас гараад 5-н тооны адууг хашаандаа өвсөөр тэжээж байсан. Хоёр тооны хонгор хязаалан байдас, 1 тооны хээр буурал байдас, 1 тооны хээр даага, 1 тооны бор гүү, 1 тооны зээрд азарга байсан. Азарганаас бусад нь охин байсан. Азарга л тарган, тэжээлийн байсан. Өглөө тууж гаргаад өдөр гаднаа өвс хаяад өгдөг болохоор тэр хавиас холддоггүй юм. Алдсан адуу 10-н настай зээрд зүсмийн, зөв талын гуяны хонхорхойд дугуй хээтэй загсан тамгатай байсан. Говь-Алтай аймгийн Чандмань сумын 92 жилд айрагдсан, Булган аймгийн Рашаант сумын 30-н жилд айрагдсан, Архангай аймгийн Цэнхэр сумын 90-н жилд түрүүлсэн. Жижиг овоо тахилгын наадамд 10 гаран удаа айраг түрүү авч байсан. 2015 оны Дорнод аймгийн Баянтүмэн сумаас 2500000 төгрөгөөр даага байхад нь худалдаж авч байсан. Бичлэгт адуу тэр айлын хашааны хаалга онгорхой байхад өөрсдөө яваад орж байсан. Удалгүй айлын хаалга онгойгоод буцаж хаагдаад духны гэрэлтэй хүн 2-оос 3-н хүн адуутай хөөцөлдөөд байгаа бололтой байсан. Хашааны хаалганы ертөнцийн зүгээр зүүн талд духны гэрэлтэй хүмүүс нилээн удаан байсан. Азаргыг нядалж байсан байх. Маргааш өглөө нь 09-ийн үед саарал өнгийн Стана маркын машин хашаанд ороод хашааны цаанаас юм ачаад гарсан бичлэг байсан. Арвайхээр сумын 11-р хорооны Өсөх-Ирээдүй гэх дэлгүүрт тэр машин очсон байсан. Худалдагчаас нь Батдаваа дэлгүүрийн Алтангэрэл нэг залуутай орж ирээд адууны мах уу гэж асуусан байсан. Адууг 2-оос 3-н хүн нядалж байгаа харагдсан, мотоциклтой орж гараад байсан.” гэх мэдүүлэг /1хх 60/,

Гэрч Ш.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг Шоовдорын Нарантуяа гэдэг. Нутгийн хүмүүс лам л гэдэг юм. Зарим хүмүүс Наранцэцэг гэж андуураад байдаг юм. Арвайхээр сумаас ертөнцийн зүгээс зүүн тийш Зүүнбаян-Улаан сумын 6-р баг Хөх толгой гэх газар байдаг. Аймгийн төвөөс 23 орчим километр зайтай. Манай өвөлжөөн дээр 2019 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. Улаан зүсмийн үхэр нядлаад ширийг нь толгойноос нь салгалгүй үргэлжээр нь үлдээгээд хажуу талд нь гэдсийг нь гаргасан байсан. Манай байшингаас үхрийн нэмнээ хийх гэж байсан улаан хартай куртикийг гаргаж ширний хажууд тавьсан байсан. Би хэний үхэр юм бол гэж хэлж сураглахад Ч.Нэргүйгийн үхэр байсан. Би 2020 оны 01 сард өвөлжөөн дээрээ буух гээд тэр ширийг нь хог дээр хаяад шатаасан. Тэр ширийг орхиод явсан хойно би хүмүүсээс хэнийх юм бол гэж нэлээд сурсан. Ширний хажууд үхэр нугасалсан цус, мотоциклийн мөр зэрэг зүйлүүд байсан” гэх мэдүүлэг /1хх 75-76, 99-100 /,

Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын ойролцоо байх би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 21-01 тоотод байх Батдаваа гэх дэлгүүр дээрээ сууж байтал гаднаас 16-аас 19-н орчим насны эрэгтэй, шардуу царайтай залуу ирээд “та үхрийн мах авах уу” гэж асуусан. Өвөрхангай аймгийн Богд сумаас авч ирлээ гэсэн. Тэгээд би үхрийн махыг чинь үзье гэж хэлээд хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зүүн хэсэгтээ дотроо хоёр айл байсан санаж байна. Нэг хашааны гадна тус залуутай хамт өөрийн Стана маркын машинтайгаа очсон. Очоод тэр залуугийн хамт хашаанд ортол баруун талын гэрийнх нь баруун урд хэсэгт доор нь нэг юм дэвсчихсэн, дээгүүр нь бараан даавуугаар бүтээчихсэн жижгэвтэр үхрийн мах байсан. Би тэр залуугаас гарал үүслийн гэрчилгээ байна уу гэж асуусан. Тэр гарал үүсэл байхгүй, авч амжаагүй байгаа гэж хэлсэн. Тэгээд 1 килограмм тус бүрийг нь 6500 төгрөгөөр худалдаж авч байсан. Ойролцоогоор 100 орчим кг болсон байх. Хэдэн төгрөг тоолж өгснөө санахгүй л байна. Тэр өдрөөс хойш саяхан 2020 оны 01 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд байх бас адууны мах гэрт нь очиж худалдаж авсан. Би тэр үед хулгайн мал, мах гэдгийг мэдээгүй. Тэр залуу ирээд үхрийн мах авах уу гэхээр нь очиж авсан. Би дээрх этгээдээс нийтдээ 2 удаа буюу үхэр, адууны мах авсан нь үнэн. Ямар ч байсан адуу, үхэр зарахаар ирэх үедээ нэг л хүн ирж байсан. Улаан хүрэн дээлтэй залуу байсан санагдаж байна. Тэр хүнээ одоо харвал танихгүй. Би өөрөө ахуйн бараа бөөнддөг байсан юм. Тэр ажлаараа л дэлгүүрүүдээр явсан юм. Тэр үедээ мах ачсан гэх залуу хамт явсан юм. Мах зардаг залуу надтай хоёр ч удаа хамт явсан даа. Ганц адууны мах байна. Отроор явж байгаа болохоор гарал үүслийн бичиг байхгүй байгаа. Бензин тосны мөнгөний хэрэг байна гэхээр нь авсан.” гэх мэдүүлэг /1хх 81-82, 84/,

Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 21-1 тоотод байрлах Батдаваа нэртэй 8-н нэрийн барааны хүнсний дэлгүүр 2020 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна, өглөө 8-н цагийн орчим нэг залуу орж ирээд Өвөрхангай аймгийн Богд сумаас нэг адууны махтай ирсэн юм. Түүнийгээ зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь адууны мах чинь тарган юм уу, туранхай юм уу үзэж байгаад болъё. Зарах гэж байгаа адууны мах чинь хаана байгаа юм гэхэд танайхтай ойрхон байгаа гэж хэлсэн. Хаана юм гэсэн чинь танай цаад талын сүмийн наад талын блокон хашаа гэж байсан. Чи ямар ч байсан махаа аваад ир гэхэд унаагүй гэж байсан. Богд сумаас юугаар ирсэн юм гэсэн чинь замын унаанд тавьж ирсэн, та одоо хашаанд очоод үзээдэх гэсэн. 10, 11-н цагийн үед зааж өгсөн гэрт нь очсон. Хашааны хаалга онгорхой байхаар нь сигналдсан чинь надтай уулзсан залуу гараад ирсэн. Тэгэхээр нь мах чинь хаана байгаа юм гэсэн чинь хашаан дотор байна, та ороод ир гэсэн. Тэгэхээр нь машинтайгаа хашаанд нь орсон. Мах нь баруун урд талын гэрийнх нь баруун талд гадаа юмаар бүтээгээд тавьсан байсан. Тэгээд мах нь туранхайдуу юм байхлаар нь нэмэргүй байх гэж хэлсэн чинь үнэ мөнгийг нь хэлж тохирч байгаад авчих гэж хэлсэн. Тэгээд гэрнийх нь гадаа өөрийнхөө хилээр хиллэхэд 160 орчим килограмм болсон байх. Тэгээд хилийг нь 4000 төгрөгөөр бодоод 600000 төгрөг өгчих гэхээр нь 570000 төгрөг тоолж өгсөн. Саарал өнгийн Стана маркын 42-36 ӨВР улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй очсон.” гэх мэдүүлэг /1хх 79-80/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/45 дугаартай “зээрд зүсмийн хурдан удмын 8-н насны азаргыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 4000000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 108-116 хуудас/,

“Монгол санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/15 дугаартай “монголын соёолон эр үхрийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /1хх 122-126/,

Мөрдөгчийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 20-28, 29-32/,

Мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерын бичлэг хураан авсан тэмдэглэл /1хх 39-51/,

Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 52-57/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Э.Б, Э.Бу, Ө.Н нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б, Э.Бу, Ө.Н нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, тэдний гэм бурууд тохирсон, мөн шийтгэх тогтоол гарах үед Ө.Н нь 18 насанд хүрсэн байх тул түүний өмгөөлөгч Г.Энхтуяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай арга хэмжээг Ө.Нт анхан шатны шүүхээс оногдуулахаар байсан талаарх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан “...нотолбол зохих байдлыг нотлоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.