Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/02072

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 17

101/ШШ2024/02072

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж 31 дүгээр байрны 85 тоотод оршин суух, Шаж овогт Цэвээндоржийн Т******* /регистрийн дугаар ХА50123163/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.

 

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03124 дугаартай шийдвэрээр Ц.Т*******, Б.М******* нараас 225,792,000 төгрөг гаргуулж Юнайтед финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Эрхийн улсын ******* бүртгэлийн дугаартай Ц.Т*******ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж 3 гоот 290 мкв талбайтай хувийн сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23261234/164 тоот Эд хөрнгө битүүмжлэх тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23261234/02 тоот Эд хөрөнгө хураах тогтоол-оор хураасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрнйн 4-164/352 тоот Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр эрхийн улсын ******* бүртгэлийн дугаартай Ц.Т*******ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж 3 тоот 290 мкв талбайтай хувийн сууцыг 857,459,073 төгрөгөөр үнэлсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байна гэжээ. Ц.Т*******ийн өмчлөлийн уг хувийн сууцыг 857,459,073 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд unegui.mn, Osmo.mn, Zarmedee.mn, Shuurhai zar.mn сайтуудаар орж үзэхэд манай хувийн орон сууцны 1 м2-ын үнэ нь дундажаар 5,500,000 төгрөгийн үнэтэйгээр үнэлэгдэж байна. Тэгэхээр 290 м2 нь 5,500,000 төгрөгөөр тооцоход 1,595,000,000 төгрөг болж байна. Дээрхи үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримталсан, зах зээл дээр төрлийн газар нь хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй, Хөрөнгө үнэлгээний тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг баримтлаагүй үндэслэлгүй үнэлгээ гаргасан. Үнэлгээний тайлан нь Хөрнгө үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга байх, бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх, зорилгод нийцсэн байх үндсэн шаардлагуудыг хангаагүй буюу хэтэрхий нэг талыг баримталсан, зах зээлийн хандлагын арга, өртөгийн хандлагын арга, орлуулалтын хандлагын арга, орлогын хандлагын арга зэргийг буруугаар тооцолсон, зах зээлийн бодит өртөг, үнийг гаргаж чадаагүй, харьцуулалтын аргыг газар дээр нь ойр орчимд нь нийцүүлэн хийгээгүй нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д ...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно... гэж заасны дагуу энэхүү гомдлоо шүүхэд гаргаж байна.

Иймд төлбөр төлөгч Ц.Т*******ийн эрхийн үлсын ******* бүртгэлийн дугаартай Ц.Т*******ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж 3 тоот 290 м2 талбайтай хувийн сууцыг 857,459,073 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03124 дугаар шийдвэрээр Б.М*******, Ц.Т******* нараас 225,792,000 төгрөгийг гаргуулж Юнайтед финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23261234 дүгээр тогтоолоор үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.Т*******ийн өмчлөлийн эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж 21-3 тоот 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус газрын 2023 оны 04-164/15947 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Б.М*******, Ц.Т******* нарт шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж 21-3 тоот 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13261234/164 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23261234/02 дугаартай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Б.М*******д 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4-164/25920, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4-164/26069, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-164/26725 дугаартай албан бичгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөд үнийн санал өгөхийг оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 207 дугаар байрны 1-58 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй, Ц.Т******* өмчлөлийн хувийн сууцаа 1 м.кв 5,000,000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч Юнайтед финанс ББСБ ХХК-д танилцуулахад шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1 тоот Шинжээч томилох тогтоол-оор Хөрөнгө Эстимэйт үнэлгээ ХХК-ийн Б.Батзаяаг шинжээчээр зах зээлийн үнийг тогтоолгоход 857,459,073 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4-164/352, 4-164/351, 4-164/353 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт гардуулан өгч мөн Б.М*******д баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж 21-3 тоот 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 600,221,351 төгрөгөөр оруулах 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/26 дугаар тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4-164/3359, 4-164/3361, 4-164/3362 дугаар мэдэгдэлийг тус тус төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/Ш32024/02960 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч тус газар шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэлүүд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03124 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4-164/352 дугаартай үнэлгээний мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ГХ2023/01913 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03124 дугаартай шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2023/19358 дугаартай захирамж, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23261234 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1234 дугаар албан бичиг, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ц.Т*******ийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үнийн санал, иргэний үнэмлэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4-164/25920 дугаартай албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4-164/26069 дугаартай албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн талаарх мэдээлэл, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн итгэмжлэл, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний дөрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4-164/352, 4-164/351, 4-164/353 дугаартай үнэлгээний мэдэгдэл, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/26 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4-162/3359, 4-162/3361, 4-162/3362 дугаартай мэдэгдэл, сонингийн зар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлийг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Т******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 3 тоот, 290 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 857,459,073 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03124 дугаартай шийдвэрээр Ц.Т*******, Б.М******* нараас 225,792,000 төгрөгийг гаргуулж, Юнайтед финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс биелүүлбэл №000666711 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ******* дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж, 21-3 тоот хаягт байрлах 290 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

3б. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гарч, 101/ГХ2023/01913 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 23261234/164 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол-ыг үйлдэж, төлбөр төлөгч Ц.Т*******ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 21-3 тоотод байрлах, 290 мкв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23261234/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Эдгээрээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дээрх ажиллагаанд гомдол гаргаагүйг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

3в. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Ц.Т*******т мэдэгдэхэд тэрээр 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хувийн сууцаа 1 мкв-ыг 5,000,000 төгрөгөөр үнэлсэн буюу 1,450,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн саналаа ирүүлсэн, төлбөр төлөгч Б.М*******д үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч ямар нэгэн үнийн санал ирүүлээгүй, харин төлбөр авагч Юнайтед финанс ББСБ ХХК нь төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан ба шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасан ажиллагааг явуулжээ.

 

Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Б.Батзаяаг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна.

 

Б.Батзаяа нь Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин, хөрөнгийн үнэлгээ хийх 202006003 дугаар тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяа нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан-г гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн өдөр хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4-164/352 дугаартай үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Т*******т 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулжээ.

 

3г. Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүхэд энэхүү үнэлгээг эс зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гомдлын шаардлага гаргасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

4. Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяа нь

- ... харьцуулан зэрэгцүүлэх аргаар үнэлгээ хийхдээ нийт 5 өөр итгэлцүүрийг тооцоолж тохируулга хийсэн ба хэлцлийн буюу үнийн итгэлцүүрээр тохируулагдсан хэлцлийн дараах үнийг байршлын, орчны тохижилтын, хөрөнгө оруулалтын итгэлцүүрүүдээр тохируулан, тохируулагдсан нэгжийн үнэд тус бүрт байршил, хүчин чадлын хэмжээг харгалзан ач холбогдол өгч 1 мкв-ийн үнэлгээг гарган, нийт хөрөнгийн талбайгаар үржин үнэлгээг тооцоолж,

- ... капиталчлах хувийг банкны зээлийн хүүгийн хувь, үндсэн хөрөнгийн элэгдлийн хувийг харгалзан үзэж 10,4 хувь байхаар тооцоолсон бөгөөд цаашид ашиглах хугацааг 55 жилээр тооцоолж капиталчлах хувийг 8,11 хувиар тооцоолсон,

- ... Барилгыг өртгийн хандлагаар томсгосон төсвийн аргаар буюу Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар баталсан Барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм-ийн заалтыг баримталж, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 85 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Байгалийн зарим хүчин зүйлийн нөлөөллийн итгэлцүүр тооцох төв суурин газрууд журмын дагуу байгалийн хүчин зүйлийн итгэлцүүр тооцон, Барилга угсралтын ажлын үнийн индекс-ийг БХБЯ-ны сайдын 24 дүгээр тушаалын дагуу 2023 он 1,97 гэж тооцон, нийт хүчин чадлыг тооцоолон үнэлгээг гаргаж, Хөрөнгийн ашиглалтын хугацааг Сангийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээнд баримтлах үл хөдлөх ба хөдлөх хөрөнгийн ашиглалтын норматив хугацаа-г баримтлан, хийц хэсгийн чанарыг жигнэсэн дундаж аргаар тооцоолон, хөрөнгийн байдалтай 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр танилцаж, зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 857,459,073 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Үнэлгээсэн үнэлгээний тайланг гаргахдаа хууль, эрх зүйн баримт бичгүүдээс гадна www.1212.mn, www.unegui.mn, www.mongolbank.mn зэрэг сайтуудаас зохих мэдээллийг авсан байна.

 

Үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгө нь хувийн сууцны зориулалттай, 290 мкв талбайтай, зах зээлийн хандлагаар 857,459,073 төгрөг, орлогын хандлагаар 690,347,719 төгрөг, өртгийн хандлагаар 851,759,575 төгрөг гарч байх ба үнэлгээчний тогтоосон зах зээлийн хандлагаарх үнэ цэнэ нь 857,459,073 төгрөг байна гэжээ.

 

Ийнхүү хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2022 оны/-ийн 7, 8 дугаар зүйлд заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан байна.

 

4а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...unegui.mn, Osmo.mn, Zarmedee.mn, Shuurhai zar.mn сайтуудаар орж үзэхэд манай хувийн орон сууцны 1 мкв-ын үнэ нь дундажаар 5,500,000 төгрөгийн үнэтэйгээр үнэлэгдэхээр байна, зах зээлийн үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримталсан ... гэх боловч энэхүү үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу зах зээлийн үнэ ханшаас харьцангуй доогуур үнэлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан боловч гомдлын шаардлага нь үндэслэлгүй байна.

 

5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК нь үнэлгээ хийх аргачлал, журам, стандарт, хууль зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгаланд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр түүний ******* дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэж, улмаар тэрээр 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд өөрийн биеэр ирж Баримт №9 баримтад гарын үсгээ зурсан байх ба өнөөдрийн товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.4-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Т*******ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2024/02960 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ