Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/316

 

 

Э.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.Сд холбогдох 2108005271752 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Эгийн С, 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт - бүртгэлтэй боловч - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Э.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр танил болох С.Бийн гэрээс гарахдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд С.Бийн эхнэр Б.Дгийн эзэмшлийн “Самсунг А10” загварын гар утсыг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б овогт Эгийн Сийг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Эгийн Сд 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хохирогч Б.Дгийн хохирол төлбөрт 250.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, хохирогч “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Э.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Сд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдийг тусгасан ба тус бүлэгт заасан гэмт хэргүүдийн төсөөтэй шинж нь гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдгаараа ижил байдаг боловч “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хохирогчоос хэрхэн шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн объектив тал буюу үйлдлийн арга, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргээрээ ялгагдана. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр хохирогчийн бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд бүр мөсөн авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй байдаг. Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хохирогчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдахгүйгээр, нууц, далд аргаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн байхыг ойлгодог. “Хулгайлах” гэмт хэргийн субъектив талын гол шинж нь гэмт этгээд өөрийн хууль бус үйлдлийг хэн ч мэдээгүй гэдэгт итгэсэн байдаг. Мөн хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Дээрэмдэх гэмт хэргийг хулгайлах гэмт хэргээс үйлдлийн арга, хохирлоор нь ялгаж зүйлчлэх бөгөөд дээрэмдэх гэмт хэрэг нь илээр буюу хохирогчийн нүдэн дээр үйлдэгддэг бол хулгайлах гэмт хэрэг нь хэнд ч мэдэгдэлгүйгээр нууцаар үйлдэгдэж, энэ гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг. Хэргийн тухайд гэвэл яллагдагч Э.С нь хохирогч Б.Дгийн эзэмшлийн “Самсунг А10” загварын гар утсыг шунахайн сэдэлтэйгээр өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч, зарж борлуулах гэмт санаа бодлыг агуулж, гэмт үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд Э.С нь “гар утсаар чинь такси дуудна, яриад өгье” гэх зэргээр худал хэлж, хохирогчийн нөхөр болох С.Бээс гар утсыг нь илээр авч, гараад буцаж орж ирэхгүйгээр явсны улмаас бусдад 250.000 төгрөгийн буюу хуульд заасан бага хэмжээний хохирол учирсан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байхад бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 250.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр шүүгдэгчид ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр танил болох С.Бийн гэрээс гарахдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд С.Бийн эхнэр Б.Дгийн эзэмшлийн “Самсунг А10” загварын гар утсыг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Дгийн “...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай нөхрийг таньдаг Сараа гэх эмэгтэй манай гэрт согтуу пиво оруулж ирж манай нөхөртэй хамт уусан. Тэгээд тухайн эмэгтэй надад хандаж “утсаа өгөөч такси дуудаад явах гэсэн юм” гээд гэрийн гадаа байж байгаад аваад явчихсан. Удалгүй би араас нь гараад харахад гар утас аваад явчихсан байсан. Дараа өдөр нь манай нөхөр рүү Сараа залгахаар нь би утсыг нь аваад ярихад “би утсыг чинь гэрт чинь оруулж тавьсан авч яваагүй” гээд байсан. ...” /хх 14/,

гэрч З.Бийн “...2020 оны 11 сарын сүүл үеэр манай гэрт урьд өмнө хамт эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан Сараа гэх эмэгтэй манай гэрт ирээд хэсэг байж байгаад явсан. Сарааг явсны дараа миний гар утас байхгүй болсон. Энэ тухай манай эхнэр мэдээд цагдаад гомдол гаргасан байна лээ. Тухайн гар утас нь “Самсунг А10” загварын утас бөгөөд лизингээр мобикомоос авсан. ...” /хх 21-22/,

Э.Сийн яллагдагчаар өгсөн “...Хохирогчид хохирлын мөнгийг бэлнээр бүрэн барагдуулсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 109/ гэсэн мэдүүлгүүд,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх баримтуудаар Э.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон, тогтоогдож байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтоосон, эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгээгүй байна.

Прокуророос, шүүгдэгч Э.Сийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр танил болох С.Бийн гэрээс гарахдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд С.Бийн эхнэр Б.Дгийн эзэмшлийн “Самсунг А10” загварын гар утсыг хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол дээрэмдэх гэмт хэрэгт хохирогчид бие махбодын болон сэтгэл санаанд хүч хэрэглэн эсэргүүцлийн дарах байдлаар эд хөрөнгө гэмт этгээдийн захиран зарцуулалтад ирдэг.

Мөн залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө өгөх зэргээр дээрх гэмт хэргүүдэд хохирогчийн эд хөрөнгө хууль бус аргаар гэмт этгээдэд шилждэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

            Итгэлийг урвуулан ашиглана гэж нэг талаас хохирогч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шүүгдэгчид шилжүүлэн өгөхдөө урьдын харилцааны үр дүнд бий болсон нөхцөл байдлыг үнэлэн, түүнд итгэсний үндсэн дээр өгсөн байдаг бол нөгөө талаас, шүүгдэгч нь урьдын харилцааны явцад бий болсон, өөрт нь итгэсэн байдлыг ашиглаж, хохирогчийг өөрт нь эд хөрөнгөө шилжүүлэн өгнө гэсэн болзолт санаагаар хандсан байдаг.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад Э.Сийн үйлдсэн гэмт хэргийн шинжид хууль зүйн дүгнэлт хийхдээ хулгайлах гэмт хэрэг хэмээн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Э.Сийн үйлдсэн гэмт үйлдэлд дүн шинжилгээ хийхэд шүүгдэгч Э.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танил болох С.Бэд “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд С.Бийн эхнэр Б.Дгийн эзэмшлийн “Самсунг А10” загварын гар утсыг авч яваад Орбитын тойрогт хүнд 150.000 төгрөгөөр зарсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “нууц, далд арга”-аар гэх шинжийг үгүйсгэхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь мөн хуулийн тусгай ангийн 17,3 дугаар зүйлийн залилах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас хүнд байх тул хавтаст хэрэгт авагдсан хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор Б.Энэрэлийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар” бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. ...” гэж

2 дахь заалтын “...Шүүгдэгч Б овогт Эгийн Сийг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Б овогт Эгийн Сийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Эгийн Сд 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Эгийн Сд 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                                       Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ