Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0421

 

Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, иргэн Г.Н*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдох "Багануур дүүргийн Орон сууц хувьчлах товчооны 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоолын Г.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Г.Н*******а нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан Багануур дүүргийн Орон сууц хувьчлах товчооны 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоолын Г.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Багануур дүүргийн Орон сууц хувьчлах товчоог хариуцагчаар татсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 33 тоот орон сууцны өмчлөгч болох Гу*******ын Б******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа. Энэ хэрэг маргааны үндэс суурь бол шүүхээр гэрлэлт цуцлуулах явцад үүссэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 33 тоот орон сууцны өмчлөгч болон оногдох хэсгийг тогтоолгох тухай маргаан байсан юм. Энэ асуудлын хүрээнд нэхэмжлэгч Г.Н*******ын нөхөр Б.С******* нь хамтран өмчлөх дундын өмч болох орон сууны оногдох хэсэг болон 10,000,000 төгрөгийг Г.Н*******ад төлөхөөр 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 0510 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан, мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р******* нь Г.Н*******а болон Б.С******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 0510 дугаартай эвлэрлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Г.Н*******ад баталгаа гаргасан болно. Иймд Г.Н*******а болон Б.С******* нарын хооронд үүссэн орон сууц буюу дундын өмчлөлийн маргаан шийдвэрлэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т зааснаар Г.Н*******ын тус шүүхэд гаргасан "Багануур дүүргийн Орон сууц хувьчлах товчооны 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоолын Г.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Г.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч Г.Н*******а нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 504 дүгээр итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******д олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн "Багануур дүүргийн Орон сууц хувьчлах товчооны 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоолын Г.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Н*******а "Багануур дүүргийн Орон сууц хувьчлах товчооны 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоолын Г.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Ц.Маралд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА