| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/07732/И |
| Дугаар | 101/ШШ2024/02007 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2024/02007
| 2024 04 15 | 101/ШШ2024/02007 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Баянмонгол хороолол, 408 дугаар байрны 115 тоотод түр оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Баянмонгол хороолол, 410 дугаар байрны 51 тоотод бүртгэлтэй, одоо Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 4-29 тоотод түр оршин суух, ******* туг овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.*******,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.******* миний бие 2010 онд Б.*******тэй танилцан, 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтийн 285 тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон. Бид дундаасаа 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин Б.Ивээл, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.А******* нарыг төрүүлсэн. Б.******* нь хөдөө ажиллах нэрийдлээр гэрлэсэн цагаасаа хойш зөвхөн өвлийн улиралд гэртээ байдаг байсан. Одоогоор олон нөхцөл байдлын улмаас бид сүүлийн 3 жил тус тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах, эргэн нийлэх боломжгүй байна. Шүүхээс өгсөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч амжилтгүй болсон.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
2. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид анх 2010 онд Төв аймгийн Заамар сум дахь төрийн өмчит уул уурхайн компанид ажиллаж байхдаа танилцаж 2011 оноос хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед Л.******* нэг охинтой байсан. 2012 оны хавар бидний охин Б.Ивээл төрж бид албан ёсоор гэр бүл болсон. Бид хоёр анх нийлэхдээ л хоёр талаасаа хоёр, хоёр өрөө байр болон өөр өөрсдийн автомашинтай нийлсэн. 2014 онд бидний хүү Б.А******* төрж бид байраа томруулж хотхондоо 4 өрөө байранд орж байсан. Хүүгээ төрсөн цагаас эхэлж би гэртээ сууж хүүхдүүдээ асарч Л.******* хүмүүнлэгийн ухааны их сургуульд оройгоор сурч эхэлсэн. 2017 оноос эхлэн би хувиараа "бичил уурхай" ажилуулахаар болж Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Бугант зэрэг газруудад өдийг хүртэл ажиллаж, амьдарч байгаа билээ. Энэ ажлыг анх эхлүүлэхэд Л.******* бид хоёр маш сайн ярьж тохиролцож эхлүүлсэн. Миний эцэг, эх, ах дүү нар болон хадам аав ээж, ах эгч нар ч мөнгөн туслалцаа үзүүлсэн. Бид ч өөрсдийн амьдарч байсан байраа барьцаанд тавьж техник тоног төхөөрөмж авсан. Гэвч энэхүү ажил маань эхлэхдээ л санаснаар болоогүй. Маш олон хүчин зүйлийн улмаас амжилттай ажиллаж чадаагүй. Энэ хугацаанд цар тахал гарч, эхнэр маань 2020 оны 02-08 сарын хооронд Солонгост байсан гэхчилэн миний хувьд ажил хийлгүй гэртээ байсан үе бий. Л.*******ийн нэхэмжлэлд намайг хөдөө ажиллах нэрийдлээр гэрлэсэн цагаасаа хойш зөвхөн өвөл л гэртээ байдаг гэсэн нь үнэхээр намайг гайхшруулж байна. Ингэж бичсэн гэдэгт нь итгэж чадахгүй байна. Мөн тусдаа амьдарч эхэлсэн хугацаа гэвэл 2022 оны 8 дугаар сараас юм. Ковидын үеэр ажил төрөл зогсонги, төлөвлөсөн бүх зүйл нурж банкны төлөлт, ахуй амьдрал гээд хамаг л асуудал хүндэрсэн. Эдгээр асуудлуудын ихэнхийг Л.******* зохицуулж, аргалж байсан нь үнэн. Эцэст нь энэ намар байраа зарж бүх өр зээлээ барагдуулж Л.******* гурван хүүхдийн хамт одоогоор түрээсийн байранд амьдарч байна. Бид анхнаасаа ийм таарч тохирдоггүй, бие биедээ үл итгэсэн хүйтэн хөндий хосууд байгаагүй юм шүү. Бусдын л адил гал халуунаар хайрлаж, дурлаж итгэж найдаж явсан өдрүүд бидэнд бий. Л.*******ийн өргөдөл, нэхэмжлэлд дурдсан зүйлс бол аль арваад жилийн өмнөх амьдралын жижиг маргаан дунд гарсан явдал юм. Заримыг нь ч бүр санах ч үгүй юм байна. Бид өнгөрсөн арав гаруй жилд тоотой л маргалдаж байсан. Тэр тусмаа бидний амьдралд хардалт сэрдэлтээс үүдсэн маргаан нэг ч удаа гарч байгаагүй. Бидний хэн хэн маань энэ тал дээр маш хариуцлагатай амьдарч ирсэн. Харин өнөөдрийн энэ үл ойлголцол, салж сарних асуудал бол 2021 оны 7 дугаар сараас эхэлсэн юм. Шүүхээс өгсөн эвлэрлийн хугацаанд бид эвлэрч чадсангүй. Хүүхдүүдтэйгээ аль болох хамт байхыг хичээж байгаа бөгөөд харамсаж байна.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 2023.08.14-ний өдрийн 1046 дугаартай тодорхойлолт, Л.*******ийн иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1295 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Шинэ үе сургуулийн тодорхойлолтуудыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагчийн хариу тайлбараа ирүүлсэн, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Шүүхийн бүрдүүлсэн баримт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь нөхөр Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2а. Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Б.******* нар нь 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин Б.Ивээл, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.А******* нар төрсөн болох нь 0215552 Г-285 бүртгэлийн дугаартай гэрлэгчдийн гэрчилгээ, 2188, 1110002826 бүртгэлийн дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 1295 дугаартай тэмдэглэлээр гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т зааснаар дуусгавар болгосон боловч шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар авсан.
Эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчидтэй хамтарсан болон ганцаарчилсан уулзалтуудыг хийсэн ба сэтгэл зүйчтэй уулзуулж зөвөлгөө авахуулсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа тодорхой үр дүнд хүрэхгүй нь тодорхой болсон гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 206 дугаартай тэмдэглэлээр гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3-т зааснаар дуусгавар болгожээ.
3. Гэрлэгчид одоо тус тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх талаар арга хэмжээ авсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, хоорондын зан харилцаа таарамжгүй болсон, мөн шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч тодорхой үр дүн гараагүй байна.
Иймд дээрх нөхцөл байдал нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
4. Охин Б.Ивээл, хүү Б.А******* нар нь насанд хүрээгүй хүүхдүүд ба одоо эх Л.*******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд хүүхдүүдийн асрамжийн хувьд талууд маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан бөгөөд гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй, хүүхдийн санал авахуулах шаардлагагүй гэсэн хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тул хүүхдийн санал авах ажиллагааг шүүх хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
5. Эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй ба нөхцөл байдал өөрчилөгдөж, хүүхдийн дээд эрх ашгийн үүднээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Б.******* нь хүүхдүүдийг эх Л.*******ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Мөн эх Л.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж зааснаар эцэг Б.*******ий хүүхдүүдтэйгээ уулзах зэрэг өөрийн хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх нь зүйтэй.
7. Гэрлэлт нь сайн дурын үндсэн дээр явагддаг тул гэрлэгчид нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож, гэрлэлтээ сэргээлгэхийг хүссэн тохиолдолд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар зохигч нь тус тусдаа гаргасан өргөдөл, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бүрдүүлж, иргэний бүртгэлийн байгууллагад өөрийн биеэр очиж бүртгүүлэн гэрлэлт сэргээснийг бүртгүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/, хариуцагч ******* туг овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Ивээл, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.А******* нарыг төрсөн эх Л.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ