Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2024/02342

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29

101/ШШ2024/02342

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол Улс, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох 14,035,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.******* нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Ү.*******тай зээлийн гэрээ байгуулж 9,000,000.00 төгрөгийг 4 сарын хугацаатай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Гэвч гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь 2,000,000.00 төгрөг төлж үлдэгдэл 7,000,000.00 төгрөгийг төлөагүй өнөөдрийг хүрч байна.

 

Гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцох ба 201 хоногийн алданги 7,035,000.00 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 7,000,000.00 төгрөг, нийт 14,035,000.00 төгрөг болсон байсан. Анх нэхэмжлэгч Г.******* нь БНСУ руу явахаар виз мэдүүлэх гээд хариуцагч Ү.*******тай холбогдож 10,000,000.00 төгрөгийг өгсөн юм. Гэтэл Ковид-19 цар тахлын улмаас виз гараагүй учир өгсөн мөнгийг буцаах талаар ярилцаад тохирч чадаагүй тул 2022 онд цагдаад гомдол гаргасан.

Ингээд хариуцагчийн зүгээс 4,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн боловч үлдэгдэл 6,000,000.00 төгрөгийг өгөхгүй удаасан ба нэхэмжлэгчийг цагдаагаас өргөдлөө татаад авчих гэж гуйж байгаад 3,000,000.00 төгрөг нэмж зээлийн гэрээ байгуулсан юм. Гэвч хариуцагч нь 9,000,000.00 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн ахын данс руу 2,000,000.00 төгрөг, үүний дараа 1,500,000.00 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 5,500,000.00 төгрөгт 2,750,000.00 төгрөгийн алданги тооцож нийт 8,250,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие өөрийн үүсгэн байгуулсан -аар 2019 оны 12 сард БНСУ руу эмчилгээнд явахад виз гаргуулахаар нэхэмжлэгчтэй 10,000,000.00 төгрөгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэвч Ковид-19 цар тахлаас шалтгаалан 2020 оны 03 сард улс орнууд хил гаалиа хааж нислэг зогсох болсон тул гэрээний үүрэгээ биелэгдэх боломжгүй болж улмаар 10,000,000.00 төгрөгийг буцаан төлөхөөр тохирсон.

Би, 2020 оны 8 дугаар сард нэхэмжлэгч Г.*******ын ах ын Хаан банк ХК дахь данс руу өөрийн нөхрийн дансаас 4,000,000.00 төгрөгийг шилжүүлээд 6,000,000 төгрөг үлдсэн юм. Гэвч нэхэмжлэгч нь 2021 оны зун намайг т өгч шалгуулсан бөгөөд бид хоёр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ үед нэхэмжлэгчийн ахын данс руу 500,000.00 төгрөг болон 1,000,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үүний дараа 2021 оны 12 дугаар сард мөн тэр хүний данс руу 2,000,000.00 төгрөг шилжүүлсэн.

Миний бие анх авсан 10,000,000.00 төгрөгөөс 7,500,000.00 төгрөг төлсөн ба одоо 2,500,000.00 төгрөг үлдсэн байна. Нэхэмжлэгч бид хоёр зээлийн гэрээ байгуулах тэр үед 4,500,000.00 төгрөг төлөгдөөгүй байхад гарын үсэг зурсан. Би, үлдэгдэл 2,500,000.00 төгрөгийг 14,000,000.00 төгрөг болгож төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 228,125.00 төгрөг төлсөн баримт,

2.     Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

3.     Иргэний үнэмлэхийн лавлагаа,

4.     Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

5.     Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.     Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тоот,

2.     Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын албан тоот,

3.     Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол,

4.     Мөрдөгчийн санал,

5.     Мөнгөн шилжүүлгийн баримт,

6.     Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,

7.     Мөрдөгчийн тогтоол,

8.     Зуучлалын гэрээ,

9.     Г.*******ын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл,

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1.            Нэхэмжлэгч Г.*******аас хариуцагч Ү.*******д холбогдуулан 14,035,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийг 9,000,000.00 төгрөгөөс 3,500,000.00 төгрөг төлж 5,500,000.00 төгрөг үлдсэн тул алданги 2,750,000.00 төгрөгийн хамт нийт 8,250,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.******* нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Ү.*******тай зээлийн гэрээ байгуулж 9,000,000.00 төгрөгийг 4 /дөрөв/-н сарын хугацаатай хүүгүй зээлэхээр тохиролцсон ба зээлдэгч сар бүр 2,500,000.00 төгрөгийг төлж дуусгах үүрэг хүлээжээ /х.х-ийн 3 хуудас/.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

3.            Талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.******* нь БНСУ руу явахад зуучлуулах зорилгоор хариуцагч Ү.*******д 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг ийн дансаар, 2019 оны 12 дугаар 25-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг ын дансаар тус тус дамжуулан шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй,

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчдыг 10,000,000.00 төгрөг өгсөн-авсан үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

Ингээд талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн раас ирүүлсэн баримтаар дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улс орнууд хил, гаалиа хаасан гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч Г.******* нь БНСУ руу явж чадахгүй болсон тул хариуцагч Ү.*******д өгсөн зуучлалын хөлс 10,000,000.00 төгрөгийг буцааж авах болоход ийнхүү зохигчид дээр дурдсан зээлийн гэрээ байгуулжээ /х.х-ийн 54-60 хуудас/.

4.            Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно гээд 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж заасан. Тайлбарлавал, талууд мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар урьд өмнө тохирсон байсан буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг БНСУ-руу явахад зуучлах гэрээний дагуу түүнээс урьдчилан авсан 10,000,000.00 төгрөгийн хөлсийг хожим буцаан төлөх үүргээ харилцан тохиролцож зээлийн гэрээ болгож өөрчилсөн байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан болон хариуцагчийн шүүхэд өгсөн хариу тайлбар, раас ирүүлсэн баримтаар хариуцагч Ү.******* нь нэхэмжлэгч Г.*******тай 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнө 4,000,000.00 төгрөгийг өгсөн байх тул бодит байдал дээр 6,000,000.00 төгрөг байхад 9,000,000.00 төгрөг гэж зээлийн гэрээнд бичсэн нь бодитоор зээлдүүлсэн гэх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3,000,000.00 төгрөгийг хугацаа хожимдуулсан гэсэн үндэслэлээр хүү гэж тохирсон гэсэн боловч талууд зуучлалын гэрээ байгуулахдаа 10,000,000.00 төгрөгийг буцааж хугацаандаа төлөөгүй бол хохирол учирсан гэдгийг үл нотлох журмаар 3,000,000.00 төгрөгийг торгууль хэлбэрээр өгөхөөр тохирч болох ч ийм тохиролцоо хийсэн эсэх нь тодорхойгүй, мөн зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнөх үеийн хугацаанд төлөхөөр тохиролцсон хүү гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд, шүүхээс дурдсаныг нэгтгэн дүгнээд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 6,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

5.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч Ү.******* нь 6,000,000.00 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгах ёстой байтал өнгөрсөн хугацаанд 3,500,000.00 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 2,500,000.00 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдлийг шаардах эрхтэй.

6.            Талууд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.

Нэгэнт хариуцагч буюу зээлдэгч тал зээлийг хугацаандаа төлөөгүй байх тул тэрээр гэрээнд заасан алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээх ба гагцхүү алдангийн хэмжээ тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

Үүнээс хариуцагчийн төлбөл зохих 2,500,000.00 төгрөгөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байгаа учир алдангийн хэмжээг 1,250,000.00 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 3,750,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ү.*******гаас 3,750,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,125.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 74,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ