| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0110/э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2017-08-18 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн Ө.Тт холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 10-ны өдөр хүлээн авч 2017 оны 08 сарын 18-нд хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө.Т
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ө.Т нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 22 цагийн орчим ..... тоотод оршин суух хохирогч Б.Бийн гэрт нэвтэрч эмээлийн полиусан хяр хулгайлсаны улмаас хохирогч Бөд 384000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Ө.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 5 дугаар сарын 15-нд гэрээс гараад явж байсан юм. Тэгээд дэнж орох гээд явж байхад Дэлгэрэх сумын зүс таних ахтай таараад ахын дүү нэг хоёр юм уухуу гэхээр нь тэгье гээд уугаад тэр хавиар явж байгаад 8-9 цагийн үед гэр рүү явж байхдаа тэр айл руу орсон. Гэрт очиж унтаад маргааш нь шинэ үйлчилгээний төвд хулгайлсан эд зүйлээ үзүүлэх гээд орсон чинь баригдсан. Тэгээд гарч зугатаасан гэсэн мэдүүлэг
Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би тухайн эмээлээ гэртээ хадгалж байсан. 2017.05.16-ны өглөө гэртээ ороход эмээлийн хяр алга болсон байсан. Тэр үед би цагдаад мэдэгдээгүй байсан. Тэгээд тэр өдөр шинэ үйлчилгээний төвд байрлах алт мөнгөний дарханы ажлын байранд байхад зүс үл таних залуу хяр байна та худалдаж авах уу гээд надад үзүүлтэл миний эмээлийн хяр байсан. Энэ миний эмээлийн хяр байна гэтэл тэр залуу зугтаагаад явчихсан. Хэдэн хэсэг болгоод хугалчихсан байсан. Хэсгээс нь надад үзүүлсэн....гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 05 сарын дундуур яг хэдэн гэдгийг нь санахгүй байна. Намайг сааданд Т гээд бандитай хамт сууж байхад Т надад эмээлийн хяр дээр байсан мөнгөн чимэглэл үзүүлээд энэ мөнгө мөн болов уу гэж асуусан. Тэгэхээр нь би алт мөнгөний дарханаас асуу гэсэн. Тэгсэн Т алт мөнгөний дархан явж үзүүлнэ гээд Шинэ зуун явсан. Хулгайн эд зүйл гэж би огт мэдээгүй гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:2017 оны 05 сарын 17-ны өглөө 07:00 цагт ажилдаа явах гээд гарахдаа гэрээ харсан чинь гэрийн хаалга онгорхой байсан гэр доторх эд зүйлийг үзэхэд юм ухсан байдалтай байсан. Тухайн үедээ дүү нараа ирж гэж бодоод ажилдаа явсан. Тэгтэл манай нөхөр утсаар гэрт хулгай орсон байна гэж надад хэлсэн. Тэгээд хулгай орсон байна гэж мэдсэн гэсэн мэдүүлэг,
Шинжилгээг шинжилгээний бус байгууллагаас гадуур хийлгэх тогтоол /хх-ийн 19-20/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ дүгнэлт /хх-ийн 21/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ө.Т нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 22 цагийн орчим ..... тоотод оршин суух хохирогч Б.Бийн гэрт нэвтэрч эмээлийн полиусан хяр эвдэж хулгайлж 384000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “зүс үл таних залуу хяр байна та худалдаж авах уу гээд надад үзүүлтэл миний эмээлийн хяр байсан. Энэ миний эмээлийн хяр байна гэтэл тэр залуу зугтаагаад явчихсан. Хэдэн хэсэг болгоод хугалчихсан байсан. Хэсгээс нь надад үзүүлсэн....гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ө.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дэлгэрэх сумын зүс таних ахтай таараад ахын дүү нэг хоёр юм уухуу гэхээр нь тэгье гээд уугаад тэр хавиар явж байгаад 8-9 цагийн үед гэр рүү явж байхдаа тэр айл руу орсон. Гэрт очиж унтаад маргааш нь шинэ үйлчилгээний төвд хулгайлсан эд зүйлээ үзүүлэх гээд орсон чинь баригдсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Т надад эмээлийн хяр дээр байсан мөнгөн чимэглэл үзүүлээд энэ мөнгө мөн болов уу гэж асуусан гэсэн мэдүүлэг, Гэрч А.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 05 сарын 17-ны өглөө 07:00 цагт ажилдаа явах гээд гарахдаа гэрээ харсан чинь гэрийн хаалга онгорхой байсан гэр доторх эд зүйлийг үзэхэд юм ухсан байдалтай байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдсэн гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.Тыг хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ө.Таас 384000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бөд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө.Тыг хүн байнгын амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тыг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Тт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ө.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Таас 384000 төгрөг гаргуулан хохирогч, Б.Бөд олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан онсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД