Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/315

 

 

М.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2111000001168 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А овгийн Мийн Б, 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

            Дорноговь аймгийн Замын-Үүд Сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 425 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

            Шүүгдэгч М.Б нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагаас 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн хооронд - тоотод оршин суух иргэн М.Сийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг хөшиж эвдэн нэвтэрч 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тошиба” загварын 43 инчийн лед телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Мийн Б /РД:-/-г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бээс 400.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Мд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. Аав минь ослын улмаас хөлдөө бэртэл авч хөдөлмөрийн чадвараа алдаж, ээж минь аавыг асран хамгаалдаг. Бага дүү минь оюутан. Тухайн үед би согтуу байсан ба ахынх руугаа ороод зурагт авсан. Энэ хэрэгтээ маш их гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Бага дүү минь оюутан, аав, ээж минь ажилгүй тул би ажил хийж аав, ээждээ туслах чин хүсэл эрмэлзлэлтэй байна. Иймд надад оногдуулсан 2 жилийн ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Бийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч М.Б нь нэг удаагийн үйлдэлтэй. Өөрийнхөө төрсөн ахын зурагтыг хулгайлсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 550.000 төгрөг бөгөөд хохирогч М.С “телевизороо авсан тул гомдол, саналгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн. Харин хохирогч П.Мд 400.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа П.Мд 400.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч М.Бэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б нь иргэний нэхэмжлэгч П.Мд 400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байсан. Үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдлыг харгалзаад анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Иргэний нэхэмжлэгч П.Мд 400.000 төгрөгийг төлсөн талаар өмгөөлөгч нь хэлж байна. Ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч М.Б нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагаас 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн хооронд - тоотод оршин суух иргэн М.Сийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг хөшиж эвдэн нэвтэрч 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тошиба” загварын 43 инчийн лед телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч М.Сийн: “...Манай хадам аав 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн хооронд “манай гэрийн тамбарны банзыг татаж, гэрийн хаалганы цоожийг цүүгээр нь хөшиж онгойлгоод гэрийн хойморт байсан зурагт алдагдсан” талаар надад мэдэгдсэн. Тэгээд би гэртээ ирээд үзэхэд манай гэрт хулгай орсон байдалтай байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага ирсний дараагаар гэрийн гадаа байсан гутлын мөрийг харахад түрүү жил миний хангалтаар авсан өвлийн гутлын мөртэй ижил санагдсан. Би тэр гутлыг өөрийнхөө аавыг өмсөг гээд өгсөн боловч манай төрсөн дүү өмсөж байсан болохыг санаад аавын гэрт очиж өөрийн төрсөн дүүгээс асуухад “би танай гэрт ороогүй, эд зүйл хулгайлаагүй” гэсэн. Тэгэхээр нь үүдний тамбарт байсан гутлын мөрийг харахад хэргийн газарт үлдсэн гутлын мөртэй ижилхэн байсан. ...” /хх 14/,

            иргэний нэхэмжлэгч П.Мгийн “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ зурагт авахаар фэйсбүүкийн чат үзэж байгаад “М.Буяка” гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүнээс 49 инчийн зурагт 400.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд ... зурагтаа өөрийн гэр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 59-1 байрны 69 тоотод байх гэр рүүгээ хүргүүлж авахаар болоход надаас хүргэлтийн 10.000 төгрөг гээд нэхэхээр нь би өөрийн 5300889207 дугаарын данснаас 5740178100 дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй нөгөө хүн манай гэрийн гадаа ирээд надад “Тошиба” брендийн 43 инчийн смарт зурагтыг 390.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би өөрийн 5300889207 дугаарын данснаас 5736030760 дугаарын данс руу шилжүүлээд зурагтыг авсан. Тухайн зурагтыг зарсан хүн надад өөрийн эд зүйл гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь цагдаагийнхан ирээд надаас зурагтыг хулгайн эд зүйл гээд хураагаад авсан. Би 390.000 төгрөг, таксины мөнгөтэй нийлүүлээд нийт 400.000 төгрөгөөр “Тошиба” брендийн 43 инчийн смарт зурагтыг худалдан авсан. ...” /хх 17-18/,

            гэрч Ү.Аий “..би өчигдөр зурагт авах санаатай фейсбүүк хаягаар орж үзэж байхад “М.Буяка” гэсэн нэртэй фейсбүүк хаягнаас “49 инчийн зурагт 400.000 төгрөгөөр зарна” гэсэн байсан. ...Орой 00 цаг 30 минутын орчимд манай гэрт хүргэж ирэхээр нь би шалгаж үзээд 390.000 төгрөгийг Болормаа гэх хүний 5736030760 дугаарын Хаан банкны дансанд шилжүүлсэн. ...” /хх 23/,

            гэрч С.Дын “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүүхдүүд болох Б, зээ хүү нарын хамтаар - тоотод байсан. Тэгсэн 15 цагийн үед санагдаж байна манай том хүү С над руу залгаад “өнөөдөр ажил дээрээ хононо, тэгээд эхнэр болох Соёл-Эрдэнэ очиж хононо шүү” гэж хэлсэн. ...Тэгж байтал 19 цагийн үед гэрт бэр Соёл-Эрдэнэ ирээд хамт байцгааж байсан ба Б гэртээ байж байгаад 20 цагийн үед гэрээс гараад явсан. Тэр шөнөдөө ирэхгүй байж байгаад үүрээр 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд унтсан. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б гэртээ өнжсөн ба 16 цагийн үед над руу том хүү С залгаад “гэрт хулгай ороод зурагт алдагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй манайд ирээд Бтэй уулзаад “чи гэрээс зурагт хулгайлсан уу” гэж асуухад Б “үгүй, би аваагүй” гээд байсан. С уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 25-26/,

            М.Бийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр - тоот гэртээ байхад 16 цагийн үед ээж Д нь төрсөн ах Стэй утсаар ярихад “С ах ажил дээрээ хононо, гэрт хүн байхгүй байгаа” гэж хоорондоо ярихыг би сонсоод ахын гэрээс зурагтыг нь хулгай хийж авах санаа төрсөн юм. Тэгээд би өөрийн фейсбүүк “М.Буяка” гэх хаягаараа “зурагт авна, зарна” гэсэн групп руу “49 инчийн зурагт 400.000 төгрөгөөр яаралтай зарна” гэсэн зар оруулахад хүмүүс над руу чат бичээд байсан. ...Тэгээд орой 21 цагийн орчимд би гэрээсээ гараад ах Сээгийн гэр болох - тоотод очсон. ...Ахын гэрийн тамбарын банзыг сугалж, гэрийн хаалганы цоожыг түлээний хажуу талд байсан жоотуугаар хөшиж онгойлгоод гэрт нь орж, зурагтыг нь авч гараад хашаанд нь тавьж бэлдчихээд доошоо төв зам руу явж такси бариад буцаж ирээд бэлдэж тавьсан зурагтаа аваад тухайн хүний хүргүүлж авах гэр болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх 25 дугаар эмийн сан руу явж, ... нөгөө хүн зурагтыг 400.000 төгрөгөөр авах болоод ... таксины жолооч ахын хажууд явж байсан эгчийн данс руу 390.000 төгрөгийг шилжүүлж авсан ба уг хүнээс очихдоо таксины 10.000 төгрөгийг шилжүүлж авсан байсан юм. Тэгээд би зурагт зарсан 390.000 төгрөгийг аваад гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд үрээд дуусгасан ба ... 04 цагийн үед гэртээ орж унтаад өдөртөө гэртээ байхад 16 цагийн үед манай ах С гэрт ирээд “гэрт хулгай орсон байна, чи хулгай хийсэн үү?” гэж асуухаар нь “би хулгай хийгээгүй” гээд худлаа ярьсан юм. ...” /хх 90-91/ гэсэн мэдүүлгүүд,

            хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-6/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 32-33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Бийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

            Шүүгдэгч М.Бийн “...Энэ хэрэгтээ маш их гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Бага дүү минь оюутан, аав, ээж минь ажилгүй тул би ажил хийж аав, ээждээ туслах чин хүсэл эрмэлзлэлтэй байна. Иймд надад оногдуулсан 2 жилийн ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо давж заалдах гомдол гаргахдаа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

            Шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.   

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч М.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                                       Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ