Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 66

 

Г.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ч, түүний өмгөөлөгч С.Баянмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.О, түүний өмгөөлөгч О.Алтангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, Х.Сэргэлэнбат, Д.Номин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1404 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1065 дугаар магадлалтай, Г.Т-д холбогдох 201709000362 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, П.Батжаргал, Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Т овогт Г-ийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасанАвтотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирох” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Т-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Г.Т-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гурван хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ялаар шүүгдэгч Г.Т-г шийтгэсүгэй”,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүний хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ээс нийт 19,749,361 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ч-д 11,543,414 төгрөг, Г.О, Б.Ө нарт 8,016,000 төгрөг, хохирогч Ц.Б-д 189,947 төгрөг тус тус олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Т гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хүндрүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль бус, хохирогч нарт барьцаалагдсан, шүүхийн хараат бус байх зарчим алдагдсан, хэт нэг талыг баримтлан гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн буруутай үйлдэл болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Цагаан өнгийн “Пробокс” загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрж орсноос болж зам тээврийн осол гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн талаар гэрч Ё.Ш, Ц.Б, С.Т нар мэдүүлсэн байдаг. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалжийг амь хохирогч Г.Б нас барахаасаа өмнө маш тодорхой мэдүүлсэн бөгөөд үүнийг хэргийн газарт очсон цагдаагийн ажилтан С.Х утсаар бичлэг хийж баримтжуулсан боловч энэхүү СД-г хэргийг шүүхээр шийдвэрлэхээс өмнө хугалж, дахин сэргээх боломжгүй болгосноос болж надад олон жилийн хорих ял оногдуулсан. Хариуцлага алдсан албан тушаалтнуудад ямар ч хариуцлага тооцоогүй атлаа надад ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Хохирогч, тэдний өмгөөлөгч нар өмнө шийдвэрлэгдэж байсан зам тээврийн ослын хэргүүдийн ялын бодлогыг давж заалдах гомдолдоо дурдаж, уг хэргүүдтэй адил хэмжээний ял оногдуулахыг давж заалдах шатны шүүхэд тулгасан. Гэмт хэргүүд гаднах байдлаар төстэй боловч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, цаг хугацаа, үр дагавар нь өөрөөр байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогч, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг хангаж, хүнд ял оногдуулсанд гомдолтой байна. Энэ хэрэгт намайг ганцаараа шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянана гэжээ . Тэгвэл давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан баримтуудыг үгүйсгэж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Учир нь давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, техникийн шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэргийн бусад нотлох баримтуудаас дүгнэн үзвэл Г.Б нь “Тоёото Пробокс” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа эсрэг урсгалд ороод буцаж өөрийн урсгалд орсон байх ба Г.Т нь замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсгийг зөрчиж өөрийнхөө эгнээнд явсан “Тоёото Пробокс” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэжээ. Ингэж дүгнэсэн явдал нь хэргийн бодит байдалтай огтхон ч нийцээгүй, хэрэгт Батжаргал жолооч эсрэг урсгалд ороод эргэж өөрийнхөө эгнээнд орсон байхад нь Г.Т- мөргөсөн гэх ямар ч баримтгүй, 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр Батжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн 2  дугаар зүйлийг зөрчиж, эхэлж эсрэг урсгалд орсныг тогтоосон дүгнэлт, мөн хэрэг учрал болсны дараа Б жолоочийн амьд байхдаа би нойрмоглоод эсрэг урсгалд орчихлоо гэсэн эрх бүхий албан тушаалтны бэхжүүлж авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтууд байхад зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн. Гэмт хэрэг гарахад амь хохирогч Б-ын эхэлж эсрэг урсгалд орсон үйлдэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хянаж чадахааргүй ядарсан үедээ нойрмоглож өөрийн үйлдэлдээ хөнгөмсөгөөр найдсан үйлдэл нь хэрэг гарахад нөлөөлсөн байхад давж заалдах шатны шүүх бүх хохирлыг Г.Т-ээс гаргуулах шийдвэр гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймээс хэргийг бүх талаас нь хянан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.    

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх зөвхөн яллах дүгнэлт болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын хүрээнд хэргийг хянаж, яллах болон хүндрүүлэх талын нотлох баримтуудад үндэслэж, цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудад огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсны улмаас Г.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж, өөрийнхөө эгнээнд явж байсан Г.Б-ын жолоодон явж байсан “Тоёото Пробокс” загварын 99-32 УНЕ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн үйл баримтаар гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хохирогч нарын гомдолд хөтлөгдсөн, хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг гаргахдаа шүүгдэгч Г.Т-ийн гэм буруугүйг үгүйсгэсэн нотлох баримтуудыг үнэлээгүй тухай үндэслэлээ магадлалд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан шаардлагыг зөрчсөн бөгөөд энэ нь хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад нөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой Г.Т-ийн үйлдлийг цагаатгах нотлох баримт болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх дэслэгч Д.Үнэнболдын тэмдэглэл, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 92, 399 дугаартай дүгнэлт,  шинжээчийн 558 дугаартай дүгнэлт, хохирогч Г.Т, Ц.Б, Ё.Н, гэрч С.Х, насанд хүрээгүй гэрч Г.Т нарын мэдүүлэг зэрэг баримтаар 99-32 УНЕ улсын дугаартай “Тоёота Пробокс” загварын тээврийн хэрэгслийн жолооч Г.Батжаргал нь нойрмоглож, жолооч Г.Т-ийн жолоодож явсан “Соната-7” загварын тээврийн хэрэгслийн эгнээнд “эсрэг урсгалаас гэнэт орж ирсэн”-ээр “Соната-7” загварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болж, шүүгдэгч Г.Т болон түүний зорчигч нарын амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг бий болгосон байна. Энэ аюултай нөхцөл байдал нь Г.Т-г өөрийн эгнээндээ явж байхад үүссэн бөгөөд уг аюултай нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд шүүгдэгч зогсоох арга хэмжээ аван тоормос гишгэсэн боловч физикийн шинжлэх ухааны инерцийн хуулиар тээврийн хэрэгсэл зогсож амжихгүй байсан тул мөргөлдөхөөс зайлсхийж зүүн зайлуулан дарах агшинд, эсрэг урсгал сөрж орж ирсэн 99-32 УНЕ улсын дугаартай “Тоёота Пробокс” загварын тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь тоормосны дуугаар сэрж буцаж өөрийнхөө урсгал руу дарах агшинд осол болсон нь Г.Т-ийн жолоодож явсан “Соната-7” загварын 87-47 УБЧ улсын дугаартай автомашины 14,8 метр тоормосны мөр, 99-32 УНЕ улсын дугаартай “Тоёота Пробокс” загварын тээврийн хэрэгслийн 10,8 метр дугуйны мөрөөр нотлогдсон. Өөрөөр хэлбэл Г.Т-ийг өөрийнхөө эгнээнд явж байхад аюултай нөхцөл байдал үүссэн болохыг 2 тээврийн хэрэгслийн тоормосны /шарвалт/ мөрнүүдийн эхлэх цэгээр тус тус тогтоогдож байна.

Г.Т-ийн жолоодож явсан “Соната-7” загварын тээврийн хэрэгслийн тоормосны мөрний эхлэлээс А цэг хүртэл 14,8 метр, талийгаач Г.Б-ын жолоодож явсан “Тоёота Пробокс” загварын 99-32 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйны мөрний эхлэлээс А цэг хүртэл 10,8 метр буюу Г.Т- тоормос гишгэснээс хойш 2 машины хоорондох зай 25,4 метр байсан байна. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт техникийн шинжээч В.Б “осол 1 секундээс бага хугацаанд болж өнгөрсөн” гэж мэдүүлснээс үзэхэд Г.Т өмнөөс нь ирж явсан машин урсгал сөрөн урдаас нь орж ирэхийг хармагцаа тоормос гишгэснээс хойш нэг секунд хүрэхгүй хугацаанд мөргөлдсөн байх ба энэ богино хугацаанд тухайн нөхцөл байдлыг үнэлэн түүнд тохирсон арга хэмжээг авч, хэдийгээр тоормос гишгэсэн боловч Г.Т-ээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслээ зогсоож амжих хугацаа байгаагүй болохыг харуулж байна. Г.Т-ийн эсрэг урсгалд орсон үйлдлийг гэрчүүд “гэнэт урсгал сөрж орж ирсэн машинаас ...бултах, зугтаах, зайлсхийх, чөлөөтэй тал руугаа дарах” гэж гэрчилсэн, техникийн шинжээчийн 399 дугаартай дүгнэлтэд “зүүн зайлуулах дарах агшинд” гэж тухайн осол болох нөхцөл байдлыг тодорхойлж дүгнэлт гаргасан. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагчаар татагдвал зохих Г.Б нас барсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Гэтэл уг хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор сэргээж, 03 дугаар сарын 14-ний өдрийн Улсын ерөнхий прокурорын газрын 5/82 дугаартай тогтоолоор хэргийн харьяаллыг өөрчилж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Замын цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын хяналтад шилжүүлснийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Г.Т болон өмгөөлөгч нар мэдсэн. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийгдээгүй байхад прокурор дээр дурдагдсан Г.Т-ийн цагаатгах талын нотлох баримтуудыг үндэслэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагчаар татахаас өмнө мөрдөн байцаалтын шатанд Г.Т-г буруутгах нотлох баримт байхгүй байгааг хохирогч тал маш сайн ойлгож байсан нь өмгөөлөгч С.Б-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлтээс харагдана. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх шаардлагыг бүхэлд нь зөрчиж үнэлсний улмаас шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй.

Хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн 1, 2, 3 дугаар гэрэл зургууд болон зам тээврийн ослын бүдүүвч зураг, гэрчийн мэдүүлгүүдийг харьцуулан үзэхэд Г.Т-ийн жолоодож явсан “Соната-7” загварын тээврийн хэрэгслийн 14,8 метр үргэлжилсэн тоормосны мөрний эхлэлээс мөргөлдсөн гэх А цэгийн хооронд, тоормосны мөрний зэргэлдээ байршилд 2 ширхэг мод, шонгийн мод замын шороон зурвас дээр байгаа нь тодорхой харагддаг байдлаас үзэхэд баруун гар тийшээ дарах орон зай Г.Т-д байсан эсэх нь эргэлзээтэй байсан тул хэргийн газар нөхөн үзлэг хийх тухай хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хэргийн газрын гэрэл зураг дээр авагдсан замын баруун гар талын хөвөөн дээр ургасан мод, шонгийн мод нь Г.Т замын баруун тал руу шахаж зогсох арга хэмжээ авахад нөлөөлөөгүй гэж дүгнэсэн нь нэг нотлох баримтыг нөгөөгөөс илүүд үзэж үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заагаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.Хавтаст хэрэгт авагдсан “Тоёота Пробокс” загварын тээврийн хэрэгслийн жолооч Г.Батжаргалыг нойрмоглож, эсрэг урсгалд орсон тухайгаа ярьсан яриаг бэхжүүлсэн СД-ийг гэмтээсний улмаас шүүгдэгч Г.Т-ийн эрх зүйн байдлыг дордуулж, хохирогчоос шууд яллагдагч болж, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд нөлөөлсөнд гомдолтой байна. Энэ хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд болох Г.Б нь нас барсан тул түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зогссон. Гэтэл харилцан эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд болох яллагдагчаар татагдвал зохих этгээдийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар нь нэг өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулж, хамтран өргөдөл гомдол гаргаж байсан нь энэ хэргийн шийдвэрт нөлөөлсөн.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас харахад Г.Т нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, харин амь насанд аюултай саадыг тойрон гарахын тулд тоормос гишгээд зогсож амжилгүй чөлөөтэй тал руугаа дарж, эсрэг урсгал руу хальт орсон нь аюултай саадыг тойрч гарах үйлдэл тул дээрх заалтыг зөрчсөн гэж буруутгасан нь эргэлзээтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар зам тээврийн осол гарах шалтгаан, нөхцөлийг “Тоёота Пробокс” загварын тээврийн хэрэгслийн жолооч Г.Б бүрдүүлсэн нь тогтоогдож байгаа ба Г.Т гэм буруутай гэж тооцоход эргэлзээтэй байгаа тул аюулаас зайлсхийхийн тулд эсрэг урсгалд орсон түүний үйлдэлд гэм бурууг үгүйсгэх, эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөх үндэслэл байгаа эсэхийг шалгах, энэ талаарх нотлох баримтыг үнэлэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заасан тул Г.Т гэм буруугүйгээр бусдад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Г.Т “Тоёота Пробокс” загварын тээврийн хэрэгслийн жолооч унтаж яваад гэнэт урсгал сөрж орж ирэх болон мөргөлдөх аюулаас зайлсхийж эсрэг урсгалд орох агшинд уг тээврийн хэрэгслийн жолооч түүний тоормосны дуугаар нойрноос сэрж гэнэт буцаж урсгалдаа орохыг мэдэх боломжгүй байсан ба тухайн нөхцөл байдалд рефлексээрээ урсгал сөрж орж ирсэн машины эсрэг чиглэлд жолоогоо дарах, тоормос гишгэх үйлдэл хийхдээ өөрийн үйлдлийн зөв буруу эсэхийг дүгнэж цэгнэх, өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах хугацаа түүнд байгаагүй нь хэргийн үйл баримтаас тодорхой харагдаж байна. Шүүгдэгч Г.Т нь энэ зам тээврийн ослын үед тухайн нөхцөл байдалд хийж өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч, өөрийн болон өөрийнхөө тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 зорчигчийн амь насыг аварсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд хохирол учруулах нөхцөл байдал байгааг ч дурдах нь зүйтэй. Дээрх гомдлыг бүхэлд нь дүгнэж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Г.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаант холбоог зөв тогтоон Г.Т-ийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулж, хариуцвал зохих хохирол төлбөрийг зөв тогтоосон байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсонд гомдолтой байна. Анхан шатны шүүх Г.Т-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Г.Т нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн өөрт ногдох хэсгийг бүрэн төлж барагдуулсан тул хуульд зааснаар хөнгөрүүлэн ял оногдуулах боломжтой гэж дүгнэсэн анхан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Мөн гэмт хэрэг гарахад “Тоёота Пробокс” загварын 99-32 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач Г.Б-ын хууль зөрчсөн үйлдэл шууд нөлөөлсөн, шалтгаант холбоотой болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор “яллагдагчаар татагдвал зохих Г.Б нь ослын улмаас нас барсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон хэргийг хаасан. 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх дэслэгч Д.Ү-ын ослын дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн №92, 399 дугаартай дүгнэлт, жолооч Г.Б-ын ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч, ослын схем зураг зэрэг нотлох баримтуудаар талийгаач Г.Б нь уг гэмт хэргийн улмаас гэм хор учрахад оролцсон болох нь хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “...Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцна”, 514 дүгээр зүйлийн 514.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Т гэм хорын хохирол төлбөрийг дангаар хариуцах үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн төлбөл зохих хохирлын хэмжээг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитой үнэлж зөв тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх зөвхөн яллах талын болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх талын нотлох баримтуудад үндэслэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасан давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа болон хэргийг бүхэлд нь хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх “...тухайн гэмт хэрэг нь 2 тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас үйлдэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна” гэх дүгнэлтийг үгүйсгээгүй, дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлээгүй талаараа магадлалдаа тайлбарлаагүйг хяналтын шатны шүүх анхаарч үзэхийг  хүсч байна. Мөн давж заалдах шатны шүүх чухам ямар үндэслэлээр хэрэв нас бараагүй амьд байсан бол яллагдагчаар татагдвал зохих хүн болох талийгаач Г.Б-ын оршуулгын зардлыг бүхэлд нь төлөөд зогсохгүй бусад хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгчдийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүхэлд нь Г.Т дангаар хариуцах ёстой гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2, 5-д заасан эрх хэмжээний дагуу хяналтын шүүх хэргийг хянахдаа шүүгдэгч Г.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3-т заасныг хэрэглэх боломжтой болохыг, мөн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гарцаагүй байдалд хохирол учруулсан байж болзошгүй эргэлзээтэй нөхцөл байдал байж болзошгүй тул хяналтын шатны шүүх үүнийг анхаарч үзэхийг хүсч байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Т-д оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу гэж дүгнэн, гэмт хэргийн улмаас хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн хохирлыг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцээгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглээгүйгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ч-ын өмгөөлөгч С.Баянмөнх хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн өмгөөлөгч нар амь хохирогч Батжаргалын гэм буруутай үйлдлээс осол гарсан гэж маргаад байгаа юм. Энэ шинжээчийн дүгнэлтүүдээс үгүйсгэж байгаа юм. Б-аас ослын талаар асуусан бичлэг хийсэн гэдэг бөгөөд уг бичлэгийг анхнаасаа хэрэгт авагдсан гэж үзэхэд хэцүү. Учир нь осол болоод биеийн байдал муу байхад бичлэг хийх боломжгүй. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял шийтгэл оногдуулж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өнөөдрийг хүртэл шүүгдэгч Г.Т болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн байдлаас харагдаж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.О-ын өмгөөлөгч О.Алтангэрэл хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь яагаад алдаатай гарсан бэ гэхээр амь хохирогчийг иргэний хариуцагчаар тогтоогоод гэм бурууг хуваасан. Энэ нь ямар ч боломжгүй. Осол нь амь хохирогчийн жолоодож явсан машины урсгалд гарсан бөгөөд эгц урдаас нь мөргөөд жолоочийн хажуу талын суудалд сууж явсан хүн эхлээд нас барсан. Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 3 хүн нас барсан байгаа юм. Нас барсан хүмүүсийн гэр бүлд нөхөж баршгүй хохирол учраад одоо хүртэл хор уршиг арилаагүй, үргэлжилж байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ямар ч үндэслэлгүйгээр хэрэглэсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Т гэм буруутайг тогтоосон тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “: Г.Т нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 5 хүний биед хүнд, хүндэвтэр гэмтэл учруулж 3 хүний амь нас хохироосон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлснийг давж заалдах шатны шүүх өөрчилж хүндрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Шүүгдэгч Г.Түмэн-Эрдэнийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж, хор уршигт ял шийтгэл тохирсон байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, П.Батжаргал, Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Дархан чиглэлийн замд “Хьюндай Соната” загварын 87-47 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад  тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Г.Б-ын жолоодож явсан “Тоёота Пробокс” загварын 99-32 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Ц.Б, Ё.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ё.Ш, насанд хүрээгүй С.Х, С.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, зорчигч С.С, Г.Б, насанд хүрээгүй Б.Х нарын амь насыг  хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Т-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гурван хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаас гадна гурван хүний амь нас хохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан эсвэл арилгахаа шүүхэд итгэл төрүүлэхүйцээр нотолж илэрхийлсэн байх явдал юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар шийдвэрлэгддэг учиртай.

Энэ хэргийн тухайд хоёр зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр, гурван зорчигч хүнд гэмтэж дахин гурван зорчигч амь насаараа хохирсон хүнд хор уршиг учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хохирол, хор уршгийг арилгасан гэсэн үндэслэлээр ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Мөн анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ амь хохирогч Г.Батжаргалын эсрэг урсгалд орсон буруутай байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, гэм буруутай Г.Т-ээс бүхэлд нь гаргуулахаар өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэлээ.

Хэдийгээр амь хохирогч Г.Б нь “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа эсрэг урсгалд орсон буруутай үйлдэл нь тогтоогдсон хэдий ч энэхүү нөхцөл байдалд уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигчдыг холбон буруутгах үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь шүүгдэгч Г.Т-ээс гаргуулах учиртай.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 5 жил хорих ялыг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан 4 жил хорих ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, П.Батжаргал, Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1404 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1065 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, П.Батжаргал, Д.Номин-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН