Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2024/01915

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 10

101/ШШ2024/01915

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 15,793,367.7 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Д*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Г.Э*******ад 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 9,500,000 төгрөгийг дансны гүйлгээгээр, 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 11,500,000 төгрөгийг бэлнээр буюу нийт 21,000,000 төгрөгийг зээлүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Г.Э*******тай төлбөр барагдуулах хэлцэл хийн 11,500,000 төгрөгийг бэлнээр зээлснээ баталж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч нь бэлнээр болон дансны гүйлгээгээр зээлсэн мөнгөө тохирсон хугацаандаа огт төлөөгүй бөгөөд хэлцлээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Г.Э*******ад холбогдуулан тус шаардлагаар нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүссэн хэдий ч хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэдэг үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/Ш32022/07355 захирамжийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү хариуцагчийг шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлуулсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолтоор хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24/3 байрны 104 тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон тул хариуцагчийн харьяаллын дагуу нэхэмжлэлийг гаргасан.

Иймд хариуцагч Г.Э*******аас зээлийн төлбөр 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.Э*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 10 жилийн нэг ангийн найзууд бөгөөд энэхүү удаан хугацааны нөхөрлөлийн явцад тэд бие биендээ мөнгө зээлэх, хамтран ажиллах, шаардлагатай үед туслах зэрэг янз бүрийн найз нөхдийн хүрээнд хийгдэж болох олон үйл хэргийг хамтдаа хийж ирсэн.

2016 оны 10 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд 9,500,000 төгрөг зээлсэн гэх үндэслэлд. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5,500 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,650 ам.долларыг тус бүрийг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичиг /гар бичмэл/-ээр байгуулсан байдаг. Уг зээлүүдийг анх зээлүүлсэн үеийн Монгол банкны ханшаар тооцвол 01 дүгээр сарын 29-ний өдөр ам.долларын ханш 2,011.38 төгрөг байсан ба 5,500 ам.долларыг төгрөгт шилжүүлэн тооцвол 11,062,590 төгрөг байна. Харин 02 дугаар сарын 04-ний өдрийн ам.долларын ханш нь 2,017.42 төгрөг байсан ба 1,650 ам.долларыг 3,328,743 төгрөг болно. 11,062,590 төгрөгийн хүү 663,755.4 төгрөгийг 3-т үржүүлбэл 1,991,266.2 төгрөг болно. 3,328,743 төгрөгийн хүү 199,724.58 төгрөгийг 3-т үржүүлбэл 599,173.74 төгрөг болж байх буюу нийт 16,981,772.94 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэгтэй. Энэ дүнд алданги бодоогүй болно. Ийнхүү нэхэмжлэгч нь тухайн зээлүүдийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болон 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 9,500,000 төгрөгийн төлбөрийг төлж үлдэх 7,481,772.94 төгрөгийг төлөөгүй болно. Түүнчлэн үлдэх төлбөрт алданги тооцвол хоног тутамд 37,408,864.7 төгрөг бодогдож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нийт 3,740,886.47 төгрөгийн алданги бодогдоно. Үлдэх төлбөр дээр нэмж тооцвол 11,222,659.41 төгрөгийн өр төлбөр үлдэж байна.

2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ийг байгуулах үедээ 11,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх үндэслэлд. Тухайн үед нэхэмжлэгч нь хариуцагчид банкнаас зээл авахаар баримт цуглуулж байгаа бөгөөд бусдаас авах өр төлбөртэй талаараа нотолбол зээл гарах магадлал илүү өснө. Тэгэхээр надтай энэхүү төлбөр барагдуулах хэлцлийг байгуулаад өгөөч гэж гуйсныг хариуцагчаас өөрийн найздаа тус болох зорилгоор зөвшөөрч тухайн хэлцэлд гарын үсэг зурсан болно. Харин ийнхүү хэлцэл байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгчээс ямар нэгэн төлбөр, мөнгө аваагүй буюу тодруулан хэлбэл 11,500,000 төгрөгийг огт аваагүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан тус шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Г.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Г.Э******* нь Х.Д*******д 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,950 доллар, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5,500 ам.долларыг тус тус зээлдүүлсэн байдаг. Ийнхүү зээлдүүлэхдээ 3 сарын хугацаанд сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцсон. 1,950 ам.долларын 1 сарын хүү болох 6 хувь нь 117 ам.доллар байх бөгөөд 3 сард үржүүлэн тооцвол 351 ам.доллар болно. Үүнээс төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулах байсанаас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн ба төлөх ёстой өдөр болох 5 дугаар сарын 04-нөөс 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 21 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон бодвол нэг өдрийн алдангид 11.5 ам.доллар төлөхөөр байна. Үүнийг хэтрүүлсэн хоногт үржүүлэн тооцвол 241,605 ам.доллар байх ба зээлийн үндсэн дүн болон хүүнд нэмэхэд нийт 2,542.6 ам.доллар болж байна. Х.Д*******ын төлсөн 5,000,000 төгрөгийг тус 2 өдрийн хамгийн өндөр дүн болох 1,997.83 төгрөгт хуваан ам.долларт шилжүүлбэл 2,503 ам.доллар болж байх ба зээлийн үнийн дүнгээс хасан тооцвол зээлийн үлдэгдэл 39.6 ам.доллар дутуу төлсөн байна. Харин 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлүүлсэн 5,500 ам.долларын нэг сарын хүү болох 6 хувийн хүү нь 330 ам.доллар байх ба 3 сард үржүүлэн тооцвол 990 ам.доллар болж байна. 2 зээлийн нийт үлдэгдэл нь 6,529.6 /39.6+5,500+990/ ам.доллар болж байна. Үүнээс зээлдэгч Х.Д******* нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд тухайн хугацааны Монгол банкны ханшаар /2,363.1/ ам.долларт шилжүүлбэл 423.17 ам.доллар болж байх бөгөөд үүнийг зээлийн үнийн дүнгээс хасвал 6,106.43 ам.доллар үлдэж байна. Удаах төлөлт нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг төлсөн бөгөөд Монгол банкны ханшаар /2,418.19/ ам.долларт шилжүүлбэл 1,240.6 ам.доллар болж байна. Мөн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлсөнийг Монгол банкны ханшаар /2,389.86/ ам.долларт шилжүүлбэл 209.22 ам.доллар болох ба төлбөрүүдийг зээлийн үлдэгдэлээс хасвал эцсийн үлдэгдэл нь 4,656.6 ам.долларын төлбөрийн үлдэгдэл үлдсэн байгаа болно. Өнөөдрийн байдлаар буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ам.долларын ханш 3,391.36 байх бөгөөд төлбөрийн үлдэгдэлийг үржүүлэн төгрөгт шилжүүлбэл 15,793.367.7 төгрөг болж байна.

Иймд Х.Д*******аас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 15,793,367.7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч Х.Д*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

2016 оны 10 дугаар сараас 2017 оны 6 сар хүртэл хариуцагч 9,500,000 төгрөгийг зээлсэн биш, нэхэмжлэгч өмнө нь зээлсэн мөнгөө төлж байгаа мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5,500 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,950 ам.долларыг нэхэмжлэгчид зээлсэн гэсэн агуулга бүхий 2 баримт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5,500 доллар, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2,000 долларыг Б.Д*******ид зээлсэн тухай зээлийг гэрээг шүүхэд гаргаж өгсөн. Тэр баримтуудаас үзвэл он, сар, өдрүүд, зээлсэн мөнгөний хэмжээ, хүү алданги зэрэг нь хоорондоо адилхан байгаа бөгөөд хариуцагч Г.Э******* нь нэхэмжлэгчээр дамжуулж Б.Д*******ид 7,500 ам.долларыг зээлсэн гэдэг нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 7,500 ам.долларыг Г.Э******* нь нэхэмжлэгч Х.Д*******д нь бус Б.Д*******ид зээлсэн бөгөөд энэхүү мөнгийг Б.Д******* нь хариуцагчид төлөх үүрэг хүлээсэн. Үүнийгээ хариуцагч Б.Д*******оос шаардсаар ирсэн, хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан чатнаас харахад давгүүш ахаасаа миний 7,500 ам.долларыг авч өгөөрэй гээд мөн сүүлд үзлэг хийсэн чатанд Х.Д*******ын бичсэн чатанд Давгүүш чамд 18,000,000 төгрөг өгсөн юм байна гэсэн агуулга бүхий чатууд байгаа. Үүнээс үзвэл Г.Э******* нь Б.Д*******оос энэ мөнгийг шаардаж ирсэн Б.Д******* нь ч Г.Э*******ад өгсөн гэдгийг харж болно. Зээлийн гэрээ бол талууд тохиролцсоноор буюу зээлийн гэрээ зөвшилцлийн гэрээ биш. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлснээр байгуулагддаг бодит гэрээ юм. Тиймээс 7,500 ам.долларыг Х.Д******* шилжүүлж зээлж аваагүй учраас Г.Э*******, Х.Д******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, харин тус мөнгийг Г.Э******* нь Б.Давгадоржид төлсөн учраас Г.Э*******, Б.Д******* нарын хооронд гэрээ байгуулагдсан. Гар утасны чатаас харвал Х.Д******* чи эхлээд миний мөнгийг авснаа батлуул гэхэд Г.Э******* би үүн дээр зурна гэсэн тайлбар өгсөн байдаг. Талуудын хооронд бэлнээр 11,500,000 төгрөгийг зээлсэн гэдгээ батлахаар төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, энэхүү чат нь 2020 оны 02 дугаар сарын чат байгаа, бэлэн мөнгийг яриагүй нь тодорхой. Нотлох баримт байхгүй байгаа, бичгээр хэлцэл хийгээгүй. 9,500,000 төгрөгийг бэлнээр авсан гэдгээ батлуул гэдэг тайлбар хэлээд байгаа. Сүүлд хавтаст хэрэгт авагдсан гар утсанд хийсэн чат дээр нотариат ороод гэрээгээ байгуулья гэж Х.Д******* шаардаж ирсэн, Г.Э******* төлнө гэдгээ илэрхийлж байсан. Энэ 9,500,000 төгрөг бол Х.Д*******аас Г.Э*******ад зээлсэн мөнгө, Г.Э*******аас Х.Д******* руу мөнгө шилжүүлээгүй, шилжүүлээгүй учраас мөнгө шаардах эрх байхгүй. Г.Э******* зээлсэн мөнгөө төлсөөр байгаад нийт 9,500,000 төгрөг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.04.12-ны өдрийн 181/ШЗ2022/04970 дугаартай захирамж, 2022.05.27-ны өдрийн 181/ШЗ2022/07355 дугаартай захирамж, 2022.12.23-ны өдрийн 181/ШШ2023/00055 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.02.01-ний өдрийн тодорхойлолт, Г.Э*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2019.08.03-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл, Х.Д*******ын Хаан банкин дахь ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П.Б*******ийн Хаан банкин дахь ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бэлнээр шилжүүлсэн мөнгөний тооцоо, 2016.01.29-ний өдрийн Зээлийн гэрээ, 2016.05.24-ний өдрийн 16/035 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэл, хариу тайлбар, 2016.02.04-ний өдөр болон 2016.01.29-ний өдрийн баримт, Монгол банкнаас зарласан валютын ханш, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

6. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.08.14-ний өдрийн 2547 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 2023.10.13-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Автотээврийн үндэсний төвийн 2023.10.25-ны өдрийн 333 дугаартай лавлагаа, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Д.Д*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 2024.03.20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Д******* нь хариуцагч Г.Э*******ад холбогдуулан 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд 9,500,000 төгрөгийг дансаар, 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 11,500,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүрэгт нийт 21,000,000 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Г.Э******* нь нэхэмжлэгч Х.Д*******д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болон 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 4,656.6 ам.доллар буюу 15,793,367.7 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 4,656.6 ам.долларыг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ам.долларын ханш 3,391.36 төгрөгөөр тооцсон гэх бөгөөд тооцвол 15,792,206.9 төгрөг гарсан, тэрээр тооцооллын алдаа гарсан тул 1,160.7 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Нэхэмжлэгч Х.Д******* нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр овогт Д*******д 5,500 доллар зээлүүлэв. Хугацаа 3 сар, хүү 6 хувь /сарын/ гэх баримт болон 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр овогт Д******* би 2016.02.04-нд Г.Э*******аас 1,950 доллар зээлэв. Энэ мөнгийг 3 сарын хугацаанд 6 хувийн хүүтэй зээлж байгаа ба 2016.05.04-нд буцаан төлөх болно. Хугацаа хэтэрсэн бол хоногийн 0,5 хувь алданги төлөх болно гэх баримтуудыг үйлдэж, тэрээр гарын үсгээ зурсан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2547 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр Х.Д*******ын гарын үсгийн загваруудтай тохирч байгаа болох нь тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зохигчийн хооронд 5,500 ам.доллар болон 1,950 ам.долларын зээлийн гэрээг бичгээр байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

 

3б. Ийнхүү Х.Д******* нь дээрх гэрээнүүдийг байгуулсан өдрөө буюу 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Д*******той Зээлийн гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдөр 5,500 ам.долларыг бэлнээр хүлээлгэн өгч, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2,000 ам.долларыг бэлнээр хүлээлгэн өгнө, нийт зээлийн хэмжээ 7,500 ам.долларыг 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, сарын 6 хувийн хүүтэй байхаар тохирч, уг гэрээний арын нүүрэнд нийт 7,500 ам.долларыг Б.Д******* нь Х.Д*******аас хүлээн авсан талаар баримт үйлдэгдсэн байна.

 

Энэхүү гэрээний 1.4-т нэмэлт нөхцлийн талаар тохирсон ба зээлдэгч нь зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн 4811 УБ дугаартай авто ачигчийг зээлийн мөнгөө төлсөн нөхцөлд буцаан авах эрхтэй гэж заасан ба Х.Д******* нь гэрээ байгуулагдсан өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна.

 

3в. Дээрх гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дуусч, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Алс хязгаар ХХК-ийг төлөөлж Х.Д******* нь Б.Д*******той 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулж, автомашиныг барьцаалж, уг Алс хязгаар ХХК-ийн нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр автомашины өмчлөх эрх шилжиж, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр автомашины өөр этгээдэд шилжсэн болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаа, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 16/035 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

4. Х.Д******* нь дээрх Б.Д*******той байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх боловч Г.Э*******аас авсан зээлийг цааш нь Б.Д*******ид зээлж, улмаар Г.Э*******ын тоот дансанд нэхэмжлэгч нь өөрийн эхнэр П.Б*******ийн Хаан банкин дахь ******* тоот данснаас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дүүрээ гэсэн утгаар 4,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Дүүрээ гэсэн утгаар 1,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б******* 88025928 гэсэн утгаар 3,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээл 88025928 гэсэн утгаар 500,000 төгрөг, Х.Д*******ын Хаан банкин дахь ******* тоот данснаас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Д*******аас гэсэн утгаар 1,000,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

4а. Ийнхүү Х.Д******* нь 9,500,000 төгрөгийг Г.Э*******ад шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч энэхүү мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, харин дээрх зохигчийн хооронд үүссэн 5,500 болон 1,950 ам.долларын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой төлөлтийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн гэж үзэхээр байна.

 

5. Х.Д*******, Г.Э******* нар нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл-ийг үйлдсэн байх бөгөөд ...2017 оны 8 дугаар сард зээлж авсан 11,500,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцсон болно гэжээ.

 

Ийнхүү 2017 оны 8 дугаар сард зээлж авсан 11,500,000 төгрөгийн зээлийг тухайн үед бичгээр байгуулаагүй, харин зохигч өөрсдөө хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах хэлцлийг хожим байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн боловч мөн хуулийн 56.3-т зааснаар өмнөх хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэсэн зохицуулалтад нийцэж байна.

 

Тодруулбал, хариуцагч Г.Э******* нь 2017 оны 8 дугаар сард 11,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Д*******аас зээлж, мөнгийг бэлнээр авсан, тухайн үед ямар нэгэн баримт үйлдээгүй боловч энэхүү үйлдэлээ хожим буюу сүүлд хүлээн зөвшөөрсөн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

5а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Х.Д******* нь банкнаас зээл авахад туслаач, баримт хэрэгтэй байна гэсний дагуу Г.Э******* нь найзын хувиар тусалж, төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж... тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тус тус заажээ.

 

6а. Нэхэмжлэгч Х.Д******* нь хариуцагч Г.Э*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/07355 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар мөн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00055 дугаартай шийдвэрээр Г.Э*******ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолтоор Г.Э*******ын оршин суух хаягийг олж тогтоож, улмаар нэхэмжлэгч Х.Д******* нь тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Эдгээрээс үзвэл 2017 оны 8 дугаар сард зээлүүлсэн 11,500,000 төгрөгийн зээлийн хувьд зохигч 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг байгуулж, улмаар нэхэмжлэгч нь 2022 онд энэхүү зээлийн үүргийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, мөн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах ажиллагаа явагдаж, эцэст нь хариуцагчийн оршин суух хаяг тодорхой болсноор нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэл хугацаа тасалдсан байна.

 

6б. Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болон 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардаж байх бөгөөд энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд дээр дурдсанчилан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тодруулбал эдгээр зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар Г.Э******* нь Х.Д*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй, түүнчлэн Г.Э*******ын тоот дансанд Х.Д******* болон түүний эхнэр П.Б*******ийн Хаан банкны данснаас хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн төлөлт хийгдэж, үүнээс хойш ч шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг шаардах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 11,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,917 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид 198,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Д*******ийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, түүнийг шүүхэд дуудан ирүүлэхтэй холбоотой бүхий л ажиллагааг шүүхийн зүгээс хийсэн боловч хаяг тодорхойгүй буюу тодорхой үр дүнд хүрээгүй, улмаар нэхэмжлэгч нь гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг үүгээр тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Э*******аас 11,500,000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 9,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Э*******ын нэхэмжлэгч Х.Д*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4,656.6 ам.доллар буюу 15,792,206.9 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,917 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э*******аас улсын тэмдэгтийн хураамжид 198,950 /нэг зуун ерэн найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ