Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/01745

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01

101/ШШ2024/01745

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ***

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 43,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э******* нь өөрийн төрсөн эгч Ц.О*******ээр дамжуулан, түүний найз Ц.С*******, Д.Л******* нарт 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. 2018, 2019 онуудад хүүг өгч байсан. 2020, 2021 онуудад харин ямар ч мөнгө төлөөгүй бөгөөд уулзах боломж ч бага байсан. Харин 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эгч Ц.О******* нь Ц.С*******, Д.Л******* нартай уулзаж, бид нарыг хооронд холбон, Төлөлт хийх тухай баримтыг үйлдсэн. Бид хоорондоо ярилцан Ц.С*******, Д.Л******* нар нь 2022 оноос хүүгээ тооцон, жилийн хүү 9,000,000 төгрөг өгөхөөр болж, мөн 2023 оны 3 дугаар сараас, сар бүрийн 25-ны дотор сар бүр 2,000,000 төгрөг үндсэн төлбөрөөс төлөхөөр, 2023 он, 2024 онд зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт төлж дуусгахаар тус тус тохиролцсон. Үүнээс хойш ямар ч төгрөгийг төлөөгүй, уулзах гэсэн боловч утсаа ч авахгүй болсон.

Иймд Ц.С*******, Д.Л******* нараас зээлийн үндсэн төлбөр 25,000,000 төгрөг, 2022, 2023 оны жилийн хүү 18,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хүү 600,000 төгрөг, нийт 43,600,000 төгрөгийг гаргуулж Б.Э*******д олгож өгнө үү. Хариуцагчийн тайлбарыг үндэслэн зээлийн хүүнээс 1,500,000 төгрөгийг хасч, хүүд 16,500,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нийт 42,100,000 төгрөг болгож багасгаж байна гэв.

 

2. Хариуцагч Ц.С*******, Д.Л******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Э******* нь 2018 оны 9 дүгээр сард Ц.С*******, Д.Л******* нарт 25,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлдүүлэхээр амаар тохиролцон, зээл олгосон байдаг. Ц.С*******, Д.Л******* нар нь нэхэмжлэгч Б.Э*******гийн нэрийн Хаан банкин дахь ******* тоот данс руу дараах байдлаар 10,500,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлсөн байдаг. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 750,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 750,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сард бэлнээр 1,500,000 төгрөг өгсөн. Цар тахлын нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй бөгөөд дансаар болон бэлэн төлөлтөөр нийт 15,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч Б.Э*******д төлсөн болно.

Иймд Б.Э*******гийн зээлийн төлбөрт 43,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 33,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Төлөлт хийх тухай баримт, Голомт банкны 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээний баримтыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагч нарын итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Д.Л*******гийн ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.С*******ийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч Ц.С*******, Д.Л******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 25,000,000 төгрөг, 2022, 2023 оны жилийн хүү 18,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хүү 600,000 төгрөг, нийт 43,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн хүүд нэхэмжилсэн төлбөрөөс 1,500,000 төгрөгийг хасч, хүүд 17,100,000 төгрөг, нийт 42,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

2. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн, дансаар болон бэлэн төлөлтөөр нийт 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э*******д төлсөн, зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй тул нэхэмжлэлээс 33,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч Б.Э******* нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Оюу-Эрдэнийн тоот данснаар дамжуулан Ц.С*******ийн тоот дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлж, улмаар энэхүү зээлийг Ц.С*******, Д.Л******* нар хэрэглэсэн болох нь Голомт банкны 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээний баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4б. Ийнхүү зээл авсанаас хойш хариуцагч нар нь өөрсдийн ******* болон тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 750,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 750,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хариуцагч нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдож байна.

 

Мөн хариуагч нар нь нэхэмжлэгчид 2022 оны 7 дугаар сард бэлнээр 1,500,000 төгрөг өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, үүний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,500,000 төгрөгөөр багасгасан байна.

 

Хариуцагч нар нь нийт 10,500,000 + 1,500,000 = 12,000,000 төгрөгийг төлсөн байна.

 

4в. Хариуцагч нарын дээрх зээлийн эргэн төлөлтөөс үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 750,000 төгрөг буюу уг зээлийн хэмжээний 3 хувьтай тэнцэх төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан байна.

 

4г. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нар нь Төлөлт хийх тухай баримтыг үйлдэж, 2018 оны 7 сард 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн. 2018, 2019 онуудад хүүгээ өгч байсан. 2020, 2021 он ковид болсон. Энэ хугацааны хүүг тооцохгүй. 2022 оноос хүүгээ тооцьё. 1 жилийн хүү 9,000,000 төгрөг. 2023 оны 3 сараас сар бүр болгоны 25-ны дотор сар бүр 2,000,000 төгрөг төлнө. 2023, 2024 онд зээлсэн мөнгөө хүүтэй нь төлж дуусгана гэжээ.

 

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зохигчийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч нарын сар бүр төлсөн төлөлтөөс үзвэл сарын 3 хувийн хүүг өөрсдөө хүлээн зөвшөөрч төлж байсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх боловч мөн хуулийн 56.3-т зааснаар өмнөх хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэсэн зохицуулалтад нийцэж байна.

 

5а. Харин дээрх Төлөлт хийх тухай баримтын хувьд гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. 25,000,000 төгрөгийн 1 сарын хүү нь 3 хувиар тооцоход 750,000 төгрөг ба үүнийг 12 сараар тооцвол 9,000,000 төгрөг байх бөгөөд хариуцагч нар нь тохирсон хугацааны буюу 1 жилийн хүүгээ төлсөн.

 

6. Хариуцагч нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд болон зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгчид 12,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна, харин 3,000,000 /15,000,000 12,000,000/ төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч нарын нийт төлсөн 12,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг 1 жилийн хүүд тооцож, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг үндсэн зээл 25,000,000 төгрөгөөс хасч, 22,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 20,100,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 267,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчийн 1,500,000 төгрөгтэй холбоотой харилцсан чатад үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан ба энэхүү төлбөр төлсөнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй тул хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.С*******, Д.Л******* нараас зээлийн гэрээний үүрэгт 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 20,100,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С*******, Д.Л******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 267,950 /хоёр зуун жаран долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ