| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2017/0132/э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2017-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Айжуу |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.От холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.О
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 23-ны 14 цагийн үед найз Нтай орос 2 давхрын гадаа сууж байсан. Б үл таних хүмүүстэй ирээд машинд суучих гэсэн. Суугаад хуучнаар 4 дүгээр баг байсан зуухны тэнд архи уух гээд очсон. Очоод байж байхад Б намайг шоронгийн банди, шоронгийн хадаас гэж элдвээр доромжлон ичээсэн. Тэгэхээр нь би ууж байсан архины шилийг авч шидээд баруун мөр тус газар нь цохисон. Н намайг салгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг
Хохирогч Э.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх уурын зуухны хажуу талд би дүү О, Н, Бнарын хамт 0,75 граммын ерөөл архи хувааж ууж байгаад би Оыг ахын хувиар хэл амаар доромжилж хэдэн үг хэлсний дараа О надруу архины шил шидэж миний баруун мөр хэсэгт онож зүсэгдсэн, тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж 3 ширхэг оёдол тавиулсан. Одоо надад Оаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэгсэн Н, Б2 цаад 2 чинь юу боловоо гэхээр нь эргээд хартал Б ургашаа хараад сууж байсан ба О босоод зогсчихсон араас нь цохиж байсан тэгэхээр нь бид 3 машинаасаа буугаад очтол Бын футволкноос цус нэвтэрчихсэн байхаар нь юу болов гээд хартал О гэх хүн шилний хагархай барьчихсан байж байсан. ” гэсэн мэдүүлэг,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 24/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-44/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Бын мөр лүү архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Э.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх уурын зуухны хажуу талд би дүү О, Н, Бнарын хамт 0,75 граммын ерөөл архи хувааж ууж байгаад би Оыг ахын хувиар хэл амаар доромжилж хэдэн үг хэлсний дараа О надруу архины шил шидэж миний баруун мөр хэсэгт онож зүсэгдсэн, тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж 3 ширхэг оёдол тавиулсан. Одоо надад Оаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Н, Б2 цаад хоёр чинь юу боловоо гэхээр нь эргээд хартал Б ургашаа хараад сууж байсан ба О босоод зогсчихсон араас нь цохиж байсан...”гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол урчуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт 26 хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Ц.О нь хохирогч Э.Бтой эвлэрсэн болохоо талууд шүүхэд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Оыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон 26 хоногийг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт ялаас 208 цагийн ялыг эдэлсэнд тооцож шүүгдэгч Ц.Оын эдлэх ялыг 512 цаг нийтэд тустай ажил хийлэгх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН