Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0390

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Х******* ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 тоот захирамжийн Э.З*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,Х

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х******* ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/356 дугаар шийдвэрээр 4031 м.кв газрыг Хүүхдийн боловсролыг дэмжих төв, орон сууц, үйлчилгээ, цахилгааны дэд өртөө, тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Улмаар Нийслэлийн Газрын албанд 2019 онд хандсан бөгөөд Нийслэлийн Газрын албанаас 3198 м.кв газраар баталгаажуулж дуудлага худалдааны анхны үнэ болох 162,053,760 /нэг зуун жаран хоёр сая тавин гурван мянга долоон зуун жаран/ төгрөгийг Нийслэлийн Газрын албаны 26******* тоот дансанд төлж, Нийслэлийн Засаг даргын А/1176 тоот захирамжаар 3198 м.кв газар эзэмшсэн.

Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр авто зогсоол барихад талбай хүрэхгүй байсан тул газрын хэмжээг 2362м2 газраар нэмэгдүүлэх хүсэлт гаргасан бөгөөд манай хүсэлтийн хариуг өгөөгүй бөгөөд цар тахалтай холбоотойгоор удаашраад байна гэж ойлгож байтал манай компанийн нэмэгдүүлэхийг хүссэн газарт өөр хүмүүс ирж хэмжилт хийсэн тул манай уг газар бусдад алдагдсан байна гэж хардсан тул Нийслэлийн Газрын албанд хандаж манай компанийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний 02/08 тоот албан бичгийн дагуу асуудлыг хэрхэн шийдсэн болон уг хүсэлт гаргасан газарт бусдад газар олгогдсон бол манай орц гарцыг бодитойгоор хаах тул ямар хувь хүн, хуулийн этгээдэд хэдэн онд, хэдэн сард хүсэлт гаргасан өөрөөр хэлбэл хүмүүс ирж хэмжилт хийгээд байгаа учир өөр хүн хуулийн этгээд уг газрыг авсан эсэх, хэрэв хандсан бол хэрхэн шийдсэн, ямар захирамж гарсан талаарх баримт гаргаж өгөх, манай компани Газрын тухай хуулинд заасны дагуу хүсэлтээ гаргасан тул хэрэв бусдад газраа олгосон бол гомдолтой байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагад хандах болохоо илэрхийлж албан бичиг өгсөн. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргаас олдогдсон 4031 м2 талбайг баталгаажуулахдаа Нийслэлийн Газрын алба үндэслэлгүйгээр 3198 м2 талбай болгосон тул уг талбайн зөрүү болох 833 м2 талбай нь манай эзэмшилд байгаа гэж ойлгож байсан болно.

Гэтэл Нийслэлийн Газрын албанаас манай компанийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байна. Харин танай хүсэлт гаргасан байршил буюу орц гарцын хэсэгт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 дүгээр захирамжаар иргэн Э.З*******д олгосон гэсэн хариу өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 тоот захирамжийн З*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар хандахад 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01-06/2550 дугаар хариугаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар уг маргааныг дээд шатны албан тушаалтан эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдүүлнэ үү гэсэн хариуг өгсөн болно. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 дүгээр захирамжийн Э.З*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох иргэн Э.З*******д газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/248 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Х******* ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 тоот захирамжийн Э.З*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/248 дугаар захирамжаар 2020 оны А/209 тоот захирамжийн Э.З*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон талаарх тайлбараа ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийг тодорхойлсон, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байх тул ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Х******* ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 тоот захирамжийн Э.З*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

Нэхэмжлэлийн энэ шаардлагаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оролцуулаагүй байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэх замаар хариуцагчаас шинээр гаргасан эрхийн актаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл холбогдох этгээд маргах эрхийг энэ захирамж хязгаарлахгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Х******* ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 тоот захирамжийн Э.З*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч 70,200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Ц.Маралд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА