Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2018

 

 

 

 

 

 

 

 

 

А.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02524 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.П-гийн хариуцагч “З” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн өмгөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.П- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.П- нь Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбоонд гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч А.П- 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор сонгогдон ажиллаж байсан удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл хамтарсан хурал нэртэйгээр хуралдаад 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А.П-г ажлаас чөлөөлсөн. Тухайн тогтоол маань Cууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийцээгүй тогтоол гарсан. Удирдах зөвлөл хяналтын зөвлөлийн хамтарсан хурал гээд хуульд байхгүй нэр томьёо гарган ирсэн. Хуульд зааснаар гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөл томилж чөлөөлдөг. Гэтэл хуульд байхгүй байгууллагыг бий болгож ажлаас халсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.8-д удирдах зөвлөл нь гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэнэ гэж заасан. Тухайн гэрээнд гүйцэтгэх захирлын эрх хэмжээ, ямар тохиолдолд ажлаас чөлөөлөхийг заасан байх ёстой. Талууд Иргэний хуульд заасан гэрээг байгуулаагүй. Удирдах зөвлөл гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй. Хэрэгт ийм гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу ингэж ингэж ажиллах байтал үүнийг ингэж зөрчсөн гэсэн нотлох баримт байхгүй. Гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйгээс удирдах зөвлөл үүргээ зөрчин хуульд заагаагүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Хэргийн явцад хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгч нараас удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийсэн гэж ярьдаг боловч ажлаас халах тогтоол гаргасан цаг хугацаанд хийгдсэн эсэх нь тодорхойгүй. Хариуцагч тал хяналт шалгалт хийсэн талаарх компьютерт шивсэн хурлын тэмдэглэлийг хэрэгт ирүүлсэн. Гэтэл Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбоо нь хурлын тэмдэглэлээ А4 хэмжээтэй цаасан дээр гараар хөтөлдөг. Үүнээс харахад уг тэмдэглэлүүдийг нөхөж үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна. Бид хурлын тэмдэглэлийг гараар хөтөлдөг гэдгийг нотлох үүднээс гараар бичсэн хурлын тэмдэглэлийг хэрэгт өгсөн байгаа. Мөн Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогч ажилтай гэрч н.Т- хурлын тэмдэглэлийг гараар бичдэг гэж мэдүүлсэн байгаа. Хяналтын зөвлөлийн хийсэн гээд байгаа хяналт шалгалт хийгдсэн гэж үзэх ямар ч боломжгүй бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийн зүгээс санхүүгийн тайлангаа үзүүл гэж хэлээгүй гэж гэрч н.Т- мэдүүлсэн. н.Т-д санхүүгийн хяналт шалгалт хийх талаар албан ёсоор мэдэгдээгүй байж санхүүгийн хяналт шалгалт хийсэн гэсэн дүгнэлт гаргуулсан. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хяналтын зөвлөлийн 3 гишүүн А.П-гийн амьдардаг гэрт нь хяналт шалгалт хийсэн баримтаа нөхөн гардуулж өгсөн. Энэ талаар бичлэг нь хэрэгт авагдсан сидигээр нотлогдоно. 02 дугаар сарын 21-ний өдөр баталгаажуулах байтал энэ өдрөө нэхэмжлэгчид гарган өгөөгүй. Тэгэхээр үүнийг нэхэмжлэл гаргасны дараа нөхөн үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Хариуцагч тал шүүх хуралдааны явцад санхүүгийн зөрчлүүдийг тогтоож байгаа байдал харагддаг. Жишээ нь санхүүгийн аудитын дүгнэлтээ сая 9 сард гаргуулж байх жишээтэй. Хэрвээ гүйцэтгэх захирал санхүүгийн зөрчил гаргасан гэж үзсэн бол 02 дугаар сард энэ талаар тогтоосон байх ёстой. Тэгэхээр ажлаас халсан тогтоол нь ямар ч үндэслэлгүй. Өнөөдөр хариуцагчаас гаргасан “Улиастай аудит” ХХК-ийн дүгнэлт нь нүүр хуудас дээр 3 хавсралттай гэж бичсэн боловч ямар ч хавсралт алга байна. 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний тайлан, дансаар хийгдсэн гүйлгээний тайлан, санхүүгийн шинжилгээний тайлан зэрэгт аудит хийсэн гэх боловч энэ бүх материалуудыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гарган өгсөн. Гэтэл хэзээ шүүх дээр ирээд ийм дүгнэлт гаргасан бэ гэдэг нь тодорхой бус байна. Гүйцэтгэх захиралтай байгуулаагүй гэрээ буюу хэрэгт авагдаагүй баримтыг хаанаас гарган ирээд шалгаад үүргээ зөрчсөн гэдгийг нь тогтоосон бэ гэдэг нь нотлогдохгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу санхүүгийн бүх баримтууд шүүхэд хадгалагдаж байхад аудит яаж хийгдсэн нь тодорхой бус. Аудитын дүгнэлт нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Cууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан тогтоолын үндэслэх хэсэгт Cууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2 дахь хэсгийг удирдлага болгон заасан. Гэтэл энэ заалт нь удирдах зөвлөлийн заалт байтал хамтарсан тогтоол дээрээ удирдах зөвлөлийн бүрэн эрхийн заалтыг аваад хуульд байхгүй хэлбэрээр тогтоол гаргасан. Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбоо нь ажил олгогч гүйцэтгэх захирал нь ажилтан байхад тухайн тогтоол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй. Мөн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. Тиймээс энэхүү тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.П-гийн нэхэмжлэлтэй Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар өөрийн татгалзал тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгөх болно. Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн зүгээс А.П-г санхүүгийн тайлан тооцоогоо дүгнүүлээч гэж 2018 оны 11 дүгээр сараас хойш шаардаж байсан. Үүнийг хэргийн 41, 43, 45-46, 8, 50, 51 талуудад авагдсан хурлын тэмдэглэлүүд дээр тодорхой бичсэн. Гэтэл нэг ч удаа гарган өгөөгүй. 2019 оны 01 дүгээр сард болсон хурал дээр нягтлан бодогч н.Т-ийг санхүүгийн баримтаа гарган өг гэж хэлсэн. н.Т- гэрчээр оролцохдоо би гэртээ аваачсан байсан гэж мэдүүлсэн. Ажлаас халах болсон гол шалтгаан нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хяналтын зөвлөлийн тогтоол байгаа. Уг хяналтын зөвлөлийн тогтоолд 12 удаагийн үйлдэлтэй санхүүгийн зөрчил илрүүлсэн. 1. Хүүхдийн тоглоом 520 000 төгрөгөөр авсан гэх боловч чанаргүй байсан бөгөөд баримт байхгүй. 250 000 төгрөгийн цэвэрлэгээний материал авсан гэх боловч баримт байхгүй гэх мэт алдаа дутагдлыг гаргасан. Тиймээс 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хяналтын зөвлөл А.П-д тогтоолоо өгсөн боловч гардан аваагүй. Тиймээс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл хамтран хуралдаад А.П-г ажлаас халах тогтоол гаргасан. Уг тогтоол гаргах болсон гол шалтгаан нь сууц өмчлөгчдийн холбооны хөдөлмөрийн дотоод журмын 13.1-д өвчтэй байгаа хүмүүст нөхөн олговор, зээл олгох бол удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар заасан боловч Очирчулуун, Жавзан, Батхүү нарт зээл олгосон гэх боловч уг мөнгийг өөрийнхөө дансаар оруулсан. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “САА” ХХК-аар дүгнэлт гаргуулсан боловч тус компани тусгай зөвшөөрөлгүй гэдгийг шүүх тогтоосон. Энэ хүн мөнгө хэрэглээд байгааг тогтоосон ба үүнтэй холбоотойгоор ажлаас халахад энэ хүн санхүүгийн анхан шатны баримтуудыг аваад зугтсан. Уг санхүүгийн баримтуудыг сангийн яамнаас гаргасан журмын дагуу хөтлөөгүй. Шүүхэд гарган өгсөн 4 баримтыг нөхөн хийсэн гэдэг үндэслэл байна. Үүний нэг нь н.Г гэж тамгатай. Хэвлэмэл баримт байгаа. Тамга дарахад дээшээ доошоо баруун зүүн тийшээ тодорхой хэмжээгээр эргэдэг байгаа гэтэл Ганболдын бүх тамгууд яг нэгэн жигд байгаа. Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй их хэмжээний төлбөр гаргадаг. Энэ нь 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн өмгөөлөгч М.Ш-гийн бланк дээр гаргаж өгсөн баримтаас зөрчлүүд нь тодорхой харагдана. Энэ хүн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу санхүүгийн хувьд алдаа дутагдал гаргасан учраас ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улиастай ван аудитын шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан байгаа шинжээчийн дүгнэлт гэрээний дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан. Хариуцагчийн зүгээс хэрэгт авагдсан баримттайгаа танилцсаны хүрээнд шинжээчтэйгээ гэрээ байгуулаад, шинжээчид би өөрийнхөө хуулбарласан баримтуудаа үзүүлсэн. Энэ шинжээч хуурамч дүгнэлт гаргасан бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Бүтэц зохион байгуулалтын хувьд Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл байна гэсэн бөгөөд хамтарсан тогтоол гаргасан эрх зүйн үндсийг нь дотоод дүрмээрээ боловсруулсан. Хяналтын зөвлөл нь өнөөдөр сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаа нь хэр тогтвортой явж байгаа эсэх дээр дүгнэлт гаргах үүрэгтэй. Удирдах зөвлөл нь хяналтын зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дараагийн асуудлыг шийддэг. Хяналтын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан баримтууд дунд нотлох баримт гарган өгөөгүй гэж байна. Үүн дээр нь А.П- энэ баримтуудыг гарган өгөөгүй. Тэгэхээр ингээд байхгүй байгаа баримтуудыг алдаа дутагдал гэж үзэж байгаа. А.П- шинээр өөрөө санхүүгийн анхан шатны баримтууд цуглуулсан гэж хардаж байгаа. Хурлын тэмдэглэлийг гараар бичдэг гэж байгаа боловч нэхэмжлэгч тал өөрөө 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01, 02 дугаартай хурлын тэмдэглэлийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гээд байгаа. Хэрэгт байгаа цагаан хавтсан дотор бүх бичиг баримтууд явж байгаа бөгөөд эдгээр бичиг баримтууд нь гараар бичигдээгүй. Тэгэхээр бүх хурлын тэмдэглэл компьютерээр бичигдэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр А.П- нь 2018 оны 8 дугаар сараас 12 дугаар сар, 2019 ны 01 дүгээр сараас 02 дугаар сард цалин бүтэн өгөлгүй тооцоод нийгмийн даатгалыг илүү төлж байна. Анхан шатны баримт хөтлөлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Cууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн бэлэн мөнгөний анхан шатны гүйлгээний баримт нь НХН, НХ3 мөнгө олгохыг хүссэн өргөдлийн маягт дээр цохолт хийгдсэн баримт байх ёстой. Үүний дараа бэлэн мөнгө гарах ёстой. Бараа материал худалдан авалт хийдэг ч гэсэн тайландаа тусгадаггүй. Энд гарч байгаа бүх өндөр үнийн дүнтэй баримтууд нь анхан шатны баримтаараа яваад байдаг. Cууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний 3.4, 4.1 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагаагаа сар бүр удирдах зөвлөлд тайлагнах ёстой байтал энэ гэрээний үүргээ биелүүлж байгаагүй. Энэ хүн ажилдаа тэнцэхгүй байгаа байдал нь дээрх зөрчлүүдээс харагдана. Мөн энэ хүн харилцааны хувьд их тогтворгүй. Би хүлээн авахгүй. Удирдах зөвлөлөөс өгсөн даалгаврыг огт биелүүлдэггүй. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тогтоол нь хууль зүйн хувьд өөрийн эрхийн хүрээнд гаргасан. Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан зөвлөмж дээр тухайн ажилтанг ажлаас халсан тушаал өөрөө факт боловч тухайн хүнийг ажлаас халахдаа иш үндэс болгосон тэмдэглэлийг харж үзэх нь хамгийн чухал гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаагүй боловч ажилтанг ажлаас халсан тушаал нь факт боловч ажлаас халсан тэмдэглэлийг авч үзнэ гэж заасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасны дагуу удирдах зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд шийдсэн. Толгой дээрээ хяналтын зөвлөл гэж бичсэн. Хяналтын зөвлөл удирдах зөвлөл хамтарсан гэж бичсэн боловч удирдах зөвлөл өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоолоо гаргасан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Шонхорууд овогт Алтангэрэлийн Пүрэвсүрэнг Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбооноос 5 919 069 төгрөгийг гаргуулж, А.П-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар А.П-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.П- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбооноос 109 655 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ш давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Тодруулбал, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн өмгөөлөгч М.Шаравнямбуугийн А01/61 дугаартай шинжээч томилох хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлээгүй атлаа Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбооны хүсэлтээр "УАА" ХХК-аар санхүүгийн хувьд алдаа дутагдал гаргасан талаар аудитын дүгнэлтийг шүүхэд гаргаж өгөхөд хууль бусаар бүрдүүлсэн гэх үндэслэлээр нотлох баримтаар дүгнэж үзээгүй нь хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч А.П-гийн өөрийн хийлгэсэн "Сан Арвич Аудит" ХХК нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй гэдгийг шүүхийн журмаар тогтоосон. Зүүн хүрээ сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд өөрт учирсан гэм хорыг хоёр удаа тогтоосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

            Нэхэмжлэгч А.П- нь хариуцагч “Зүүн хүрээ” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            “Зүүн хүрээ” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3/2 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч А.П-г “Зүүн хүрээ” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2019/005 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөн, тогтоолд Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг баримталсан талаар тусгагдаагүй байна.                                                 

/хх6/

 

            Анхан шатны шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангасан нь зөв болно.

 

            Хариуцагч нь А.П-г ажлаас халсан үндэслэлээ санхүүгийн зөрчил гаргасныг хяналтын зөвлөлийн шалгалтаар тогтоосон гэх боловч уг зөвлөлийн дүгнэлтийг гүйцэтгэх захиралд танилцуулаагүй, зөрчлийг хянан шийдвэрлэхдээ тайлбар авч холбогдох баримтыг гаргуулаагүй болох нь тогтоогджээ.

 

            Мөн Сан-Арвижих аудитаар дүгнэлт гарч зөрчлийг тогтоосон гэж тайлбарласан ч энэ нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийнх тул 02 дугаар сарын 21-ний өдрийн тушаалын үндэслэл болох боломжгүй.

 

            Түүнчлэн зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байна.

 

            Дээрхээс үзвэл хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзнэ.

 

            Нэгэнт үндэслэлгүйгээр халсан тул А.П-гийн ажилгүй байсан 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх буюу 7 сар, ажлын 1 хоногийн хугацааны олговор нийт 5 919 069 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад нийцсэн байна.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02524 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ