| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00492/И |
| Дугаар | 155/ШШ2024/00644 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/00644
| 2024 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2024/00644 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00492/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: *** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***,
Хариуцагч: **** холбогдох даатгалын нөхөн төлбөрт олгосон 10,989,772 (арван сая есөн зуун наян есөн мянга долоон зуун далан хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ***р нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр С** аймгийн ****н сумын Н*** дугаар багийн нутаг **** аймгаас *** аймаг чиглэлийн хатуу хучилттай авто замын төв асфальтан замын ***дэх километрт *** улсын дугаартай Т*** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг зөрчиж, *** жолоодож явсан *** улсын дугаартай Т*** маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь *** аймгийн ** сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн*** дугаар тодорхойлолтоор тогтоогдсон.
*** нь ****ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, *** улсын дугаартай, Т*** маркийн автомашиныг даатгуулсан ба Бан Хас ХХК-ийн хохирол үнэлгээний тайлангаар 11,810,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох материалыг ирүүлсэн.
***даатгал ХХК нь нөхөн төлбөрийн материалыг хүлээн авч танилцаад тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцлийн дагуу учирсан хохирлоос 10,989,772 төгрөгийн нөхөн төлбөрийг Гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/10522 дугаар тушаалын дагуу олгосон.
Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх даатгагчид шилжсэн.
Даатгалын нөхөн төлбөрт олгосон мөнгөн дүнгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд *** нь төлж барагдуулаагүй байх тул зам тээврийн осол гаргасан буруутай этгээд болох*** даатгалын нөхөн төлбөрт олгосон 10,989,772 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч *** 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** овогтой *** нь Практикал даатгал ХХК-ийн нэхэмжилсэн даатгалын нөхөн төлбөр болох 10,989,772 (арван сая есөн зуун наян есөн мянга долоон зуун далан хоёр) төгрөг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч *** холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгосон 10,989,772 (арван сая есөн зуун наян есөн мянга долоон зуун далан хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч ****нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч *** энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 190,786 төгрөгийн 50 хувь болох 95,393 төгрөгийг хариуцагч ***, 50 хувь болох 95,393 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 95,394 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох даатгалын нөхөн төлбөрт олгосон 10,989,772 (арван сая есөн зуун наян есөн мянга долоон зуун далан хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч *** 95,393 төгрөгийг, улсын орлогоос 95,394 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА