| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00498/И |
| Дугаар | 320/ШШ2025/00315 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 320/ШШ2025/00315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 320/2025/00093/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М компани,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У,
Хариуцагч: Х компани,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт барааны үнэ 48,596,690 төгрөг, алданги 24,298,345 төгрөг, нийт 72,895,035 (далан хоёр сая найман зуун ерэн таван мянга гучин тав) төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч Г.Б ын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У (цахим),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Хамтран ажиллах гэрээний үүрэгт 48,596,690 төгрөг, алданги 24,298,345 төгрөг, нийт 72,895,035 (далан хоёр сая найман зуун ерэн таван мянга гучин тав) төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт барааныүнэ 48,596,690 төгрөг, алданги 24,298,345 төгрөг, нийт 72,895,035 (далан хоёр сая найман зуун ерэн таван мянга гучин тав) төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гэж тодруулав.
Хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Х хязгаардлагдмал хариуцлагатай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу Х хязгаардлагдмал хариуцлагатай компаниар дамжуулан М суманд М нэрийн болон бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж, харилцан ашигтай хамтран ажиллахаар болсон. Тус гэрээний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тооцоогоор хариуцагчид нийт 600,389,550 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Гэтэл хариуцагч нь Худалдааны хамтран ажиллах гэрээний 5.2-т зааснаар борлуулсан зарлагын баримтыг цахим хэлбэрээр нийлүүлэгчид илгээж үл маргах журмаар М хязгаардлагдмал хариуцлагатай компанийн данс руу хийнэ гэсэн боловч худалдан борлуулсан барааны үлдэгдэл төлбөр болох 48,596,690 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 6.5-д Борлуулагч нь гэрээнд заасан хугацаанд борлуулсан барааны үнийг нийлүүлэгчид төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэх хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө гэж зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 хоногт 242,083.45 төгрөг, нийт 956 хоногт 242,292,170.02 төгрөгийн алданги тооцохоор байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангиа бодвол 24,298,345 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн Ү*** дугаартай 36 метр квадрат хэмжээтэй өвлийн сууцны зориулалттай, М сумын 8 дугаар багийн Геологийн байр 3-3 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байгаа. Энэхүү барьцааны гэрээний 4.1-д барьцаалагч гэрээнд заасан нөхцөл бий болсноор хуульд заасан журмаар барьцааны зүйлээр учирсан хохирол болон хохирлыг төлүүлэхтэй холбогдон гарах бусад зардал төлүүлэх гэрээнд заасан арга хэмжээ авах эрхтэй гэж заасан. Мөн гэрээний 4.2-т барьцаалуулагч нь учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээ билүүлээгүй тохиолдолд энэ гэрээний дагуу үл маргах журмаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар учирсан хохирлоо төлүүлнэ гэж заасны дагуу үүргийн төлбөрөө барьцаа хөрөнгөөр гаргуулах эрхтэй байгаа.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хууль зүйн үндэслэлтэй байгаа.
Манай байгууллага шүүхэд Хамтран ажиллах гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан хэдий ч тухайн гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллаж гэрээний шинжийг агуулж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн гэрээгээр нийлүүлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь М нэрийн болон бусад бараа бүтээгдэхүүнийг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн борлуулагч болох хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид нийлүүлэх, борлуулагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь худалдан авагч нарт нийлүүлэгчийн барааны талаар шаардлагатай мэдээллийг өгч, барааг худалдан борлуулж, нийт худалдсан барааны үнийн дүнгийн 7 хувийн урамшууллыг бараа борлуулсны хөлс болгон авахаар тохиролцсон байдаг... гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд: М ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Учир шалтгаан хамтран ажиллах гэрээг өөрт давуу байдлаар хийж, борлуулсан барааны төлбөр гэх 48,569,690 төгрөг, алданги 24,298,345 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оноос хойш зөвхөн түрээсийн төлбөрт 24,800,000 төгрөг төлсөн. (үйл ажиллагаатай холбоотой бусад зардлыг тооцоогүй болно.)
Иймд барааны төлбөр гэх 48,569,690 төгрөгнөөс түрээсийн төлбөр хасаж 24,799,951 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч Г.Б нь нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээг байгуулж байгаа мэт боловч нэг талын эрх ашгийг хамгаалсан байна. Хамтран ажиллах гэрээний шаардлагыг хангаагүй гэрээ болсон.
Учир нь Иргэний тухай хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т зааснаар хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараах зүйлийг тусгана.
Үүнд: Гэрээний талуудын нэр, хаяг, хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам гэж заасан.
Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээнд эдгээр зүйлийг тусгаагүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэлд: Тус шүүхэд хянагдаж байгаа М ХХК-ийн нэхэмжпэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У би дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Худалдааны хамтран ажиллах гэрээгээр нийлүүлэгч буюу нэхэмжлэгч тал нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ борлуулагч тал буюу хариуцагч Х ХХК-д хүлээлгэн өгөх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, борлуулсан барааны төлбөрийг гэрээний 5.1 дэх хэсэгт: Борлуулагч нь нийт худалдсан барааны үнийн дүнгийн 7 хувийн урамшууллыг бараа борлуулсны шимтгэл болгон авч ашиг хүртэнэ. гэж заасны дагуу борлуулсан бараанаас 7 хувийн шимтгэлээ суутган авахаар харилцан тохиролцсон.
Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь Худалдааны хамтран ажиллах гэрээ нэртэй боловч гэрээгээр зохицуулж буй харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ юм. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Мөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлдог. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангаж байх тул тус гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000219289 дүгээр Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 014/17 дугаар албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Бүртгэлийн дугаар 1184 Итгэмжлэл, М ХХК Санхүү ШТТ1848 2016575 гэсэн санхүүгийн тэмдэг дарагдсан Хөвсгөл салбарын тооцоо гэх баримт, 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, түүний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Авлагын тооцоо, 500062 Х ХХК (Хөвсгөл гэрээт) гэх Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Бараа материалын үлдэгдэл 2024-03-12 гэх баримт, Зарлагын баримтуудын хуулбар, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, М ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/1-13 дугаар албан бичиг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар зэрэг баримтуудыг,
Хариуцагч Х ХХК нь хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, Э ӨЭМТ-ийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Эмнэлгийн магадлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000192301 дүгээр Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Х ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.
Зохигч хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Нэхэмжлэгч М компани нь Х компанитай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу Х компаниар дамжуулан М суманд М нэрийн болон бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж харилцан ашигтай хамтран ажиллахаар болсон. Тус гэрээний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тооцоогоор хариуцагчид нийт 600,389,550 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Гэтэл хариуцагч нь худалдааны хамтран ажиллах гэрээний 5.2-т зааснаар борлуулсан зарлагын баримтыг цахим хэлбэрээр нийлүүлэгчид илгээж үл маргах журмаар М компанийн данс руу хийнэ гэсэн боловч худалдан борлуулсан барааны үлдэгдэл төлбөр болох 38,596,690 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 6.5-т худалдагч тал гарын үсгээ зурахгүй бол гэрээний үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө гэж зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 хоногт 242,083.45 төгрөг, нийт 956 хоногт 242,292,170.02 төгрөгийн алданги тооцохоор байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангиа бодвол 24,298,345 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн Ү*** дугаартай 36 метр квадрат хэмжээтэй өвлийн сууцны зориулалттай, М сумын 8 дугаар багийн Геологийн байр 3-3 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байгаа. Энэхүү барьцааны гэрээний 4.1-т барьцаалагч гэрээнд заасан нөхцөл бий болсноор хуульд заасан журмаар барьцааны зүйлээр учирсан хохирол болон хохирлыг төлүүлэхтэй холбогдон гарах бусад зардал төлүүлэх гэрээнд заасан арга хэмжээ авах эрхтэй гэж заасан. Мөн гэрээний 4.2-т барьцаалуулагч нь учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээ билүүлээгүй тохиолдолд энэ гэрээний дагуу үл маргах журмаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар учирсан хохирлоо төлүүлнэ гэж заасны дагуу үүргийн төлбөрөө барьцаа хөрөнгөөр гаргуулах эрхтэй байгаа. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан. 153.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хууль зүйн үндэслэлтэй байгаа. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 72,895,035 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан...гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...М ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Учир шалтгаан нь хамтран ажиллах гэрээг өөрт давуу байдлаар хийж, борлуулсан барааны төлбөр гэх 48,569,690 төгрөг, алданги 24,298,345 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оноос хойш зөвхөн түрээсийн төлбөрт 24,800,000 төгрөг төлсөн (үйл ажиллагаатай холбоотой бусад зардлыг тооцоогүй болно).
Иймд барааны төлбөр гэх 48,569,690 төгрөгнөөс түрээсийн төлбөр хасаж 24,799,951 төгрөгийг төлөх хүсэлтэй байна...гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн М хязгаарлагдмал хариуцлагатай компани, Х хязгаарлагдмал компанийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ,
2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн: Нэхэмжлэгч: Байгууллагын нэр: М ХХК,
Төлөөлөгч: Байгууллагын нэр: Х ХХК-Хөвсгөл салбар ... тус байгууллага хооронд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, Х ХХК-Хөвсгөл салбар (төлбөр төлөгч) 48,596,690 үлдэгдэлтэй болохыг харилцан батлав... гэсэн бичвэр бүхий Тооцооны үлдэгдлийн баталгаа,
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ...Х ХХК (Хөвсгөл гэрээт)...эцсийн үлдэгдэл: 48,596,690 ... гэсэн бичвэр бүхий Авлагын товчоо тайлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэрэг баримтуудаар зохигчдын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдлоо.
Зохигч Хамтран ажиллах гэрээ байгуулсан үйл баримттай маргаагүй.
Дээрх Хамтран ажиллах гэрээгээний 1.1-д...нийлүүлэгч (нэхэмжлэгч М ХХК) нь өөрийн М нэрийн болон бусад бараа бүтээгдэхүүнийг өөрийн тээврийн хэрэгслээр борлуулагчид хүлээлгэн өгч барааг нийлүүлэх, борлуулагч (хариуцагч Х ХХК) нь худалдан авагч нарт нийлүүлэгчийн барааны талаар шаардлагатай мэдээллийг өгч, барааг худалдан борлуулж, түүнээс хувь авахтай холбоотой хамтынн ажиллагааны харилцааг зохицуулна гэж,
...5.1-д борлуулагч нь нийт худалдсан барааны үнийн дүнгийн 7 хувийн урамшууллыг бараа борлуулсны шимтгэл болгон авч ашиг хүртэнэ гэж гэрээний гол нөхцлөө тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар шаардах эрхтэй.
Хэрэгт нэхэмжлэгч байгууллага өөрийн байгууллагын санхүүгийн тэмдэгийг дарсан баримт ирүүлсэн хэдий ч нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан...манай хоёр байгууллага бараа хүлээлгэн өгсөн, барааны төлсөн баримтуудыг 2 талаасаа цахимаар хийж, хариуцагч байгууллагын явуулсан баримтад манай байгууллага холбогдох тамга тэмдгээ дарж баталгаажуулан баримтаа үддэг...гэх тайлбар, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн...барааны төлбөр гэх 48,569,690 төгрөгнөөс түрээсийн төлбөр хасаж 24,799,951 төгрөгийг төлөх хүсэлтэй байна...гэх тайлбар зэргээр барааны үлдэгдэл төлбөр 48,596,690 төгрөг болох нь нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч байгууллага нь алдангийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 956 хоног гэж тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан хэдий ч хэрэгт авагдсан Хамтран ажиллах гэрээний 2.1-д гэрээний хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан ба тухайн гэрээг ямар хугацаагаар сунгасан болох нь тодорхойгүй, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн акт, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл бараагаа авсан баримтууд зэргээр 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл алданги тооцох боломжгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, дан ганц үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 48,596,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 24,298,345 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б ын хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй.
Тодруулбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлсон ба хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б нь тухайн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн аль үндэслэлээр шаардлагаа тодорхойлж байгаа нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан баримтаар тухайн үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 48,596,690 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 400,933 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 1 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 48,596,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 24,298,345 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б ын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 400,933 төгрөгийг, улсын орлогоос 1 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тал шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА