Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Пагмасүрэн

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

Шинжээч эмч П.Г нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Эд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ё.Э

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ё.Э нь согтуугаар 2017 оны 07 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Уыг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан маргалдаж улмаар Б.Уыг алгадсаны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Ё.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 12-ны орой, гэр бүлийн 4 найз ирж, манай баруун талын талбай дээр төрсөн өдрөө тэмдэглэсэн. 2017 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 09 цагт гэрт найзуудын хамт байж байтал миний хамраас цус их хэмжээгээр гараад, орой 18 цагийн орчимд түргэн дуудсан. Удалгүй түргэнээр эмч У ирсэн. Намайг эмч үзэж таньд цус бүлэгнүүлэх тариа хийнэ гэсэн. Би энэ тариаг хийлгэхгүй гэснээс болж маргалдсан. Учир нь би 2017 оны 02 дугаар сард Улсын 3 дугаар эмнэлэгт зүрхний титэм судасны бөглөрөл гэх оноштой хагалгаанд орсон. Би цус шингэрүүлэх эм уудаг учраас миний хамраас тогтмол цус гардаг болсон. 2017 оны 03 дугаар сард миний хамраас цус гараад Дорноговь аймгийн түргэнээр ирж байсан. Тэр үед надад цус бүлэгнүүлэх тариаг хийсэн. Цус бүлэгнүүлэх тариаг хийлгээд миний цус бүлэгнээд дахин хагалгаанд орохоор болсон. Тэгээд би 2017 оны 05 дугаар сард Улсын 3 дугаар эмнэлэгт үзүүлсэн боловч эмч эмчилгээгүй гэж хэлсэн. Яаралтай Солонгос улсруу явж хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн. Солонгос улсруу эмчилгээний зардал мөнгөнөөс болоод явж чадаагүй. Харин Улаанбаатар хотруу явж Сонгодо эмнэлэгт хоёр дахь удаагаа хагалгаанд орсон. Би Улсын 3 дугаар эмнэлэг болон Сонгодо эмнэлгийн эмч нарын хяналтанд байдаг. Сонгодо эмнэлгийн дүгнэлт бол та тэр цус бүлэгнүүлэх тариаг хийлгэж болохгүй. Аймгийн эмнэлэгт үзүүлэхээсээ өмнө Улаанбаатар хотруу ирж эмнэлэгт үзүүлж бай гэж хэлсэн. Тиймээс би тэр тухайгаа түргэнээр ирсэн эмч Уд хэлсэн. Гэтэл эмч эмчилгээ хийлгэхгүй юм бол юугаа хийж түргэн дуудсан юм түргэний машины бензин гарздаж байх юм гэсэн. Би эмчийг тэгж хэлэхээр нь чи түргэний эмч байж ард түмнийг дуудсан цагт л ирж үйлчлэх ёстой гэж хэлсэн. Эмчийн буруутай эмчилгээнээс болоод хоёр дахь удаагаа хагалгаанд ороод өөрийн хөрөнгө мөнгө, эд эрхтэнээрээ хохирсон хүн гэсэн чинь эмч тэр буруу эмчилгээ хийсэн эмчдээ хэл хохь чинь чи гэж хэлсэн. Би эмчид хэлэхдээ бид бүхний төлсөн татварын мөнгөөр цалинждаг, тангараг өргөсөн эмч хүн байж, аав шигээ настай хүнийг хохь чинь чи гэж хэлдэг нь яаж байгаа юм. Би хоёр хоног цусаа тогтоож чадахгүй байна гэхэд хоёр хоног цусаа тогтоож чадахгүй бол бүр хохь чинь чи гэж хэлсэн. Аав шигээ хүнийг хохь чинь гэлээ чи эмч хүний ёс зүйгүй зан гаргалаа гэсэн, тэгтэл надад чам чиг аав байхгүй гэхээр нь аавдаа алгадуулсан гэж бод гэж хэлээд сууж байгаад нүүр рүү нь алгадсан. Би ууртай байгаагүй энэ хагалгаанаас болоод л зүрх хүчтэй дэлсээд огцом уурладаг, хурдан баярладаг ийм өвчтэй  болчихоод байгаа юм. Би 2017 оны 07 дугаар сарын 15-ны юм уу 16-ны өдөр гурав дахь хагалгаандаа орох ёстой байсан боловч хөрөнгө мөнгөнөөс болоод хагалгаандаа орж чадаагүй байгаа. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 5 жил болсон байсан гэхдээ тэр өдөр найзууд ирээд Улсын баяр наадам таараад найзууд надад пиво авчирсан байсаныг уусан. Бага зэрэг согтолттой байсан нь үнэн би монгол улсын хуулийн өмнө, эрхэм шүүгчийн өмнө болсон бүх зүйлийг үнэнээр нь хэлж байна” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Б.Уын мөрдөн байцаалтанд өгсөн: “7052103 дугаарт ирсэн дуудлагын дагуу 18 цаг 15 минутны орчимд очиход Э гэдэг хүн монгол гэрийн гадаа 5-6 хүний хамт сууж байсан ба би мэнд мэдээд очсон чинь миний өөдөөс танай эмнэлгийнхэн хэзээ хүн эмчилдэг байсан юм дандаа хулхи тариа хийдэг, би наад цус тогтоох тариаг чинь хийлгэхгүй шүү пизда минь гэж хэлсэн. Тэгээд би даралтыг нь үзэхэд 150/90 тэй байсан. Даралтыг нь үзэж байхад  муу сайн эмч нар дандаа хулхи тариа хийдэг, цус тогтоох тариаг хийлгэхгүй шүү гэхээр нь би таньд стандартын дагуу эмчилгээ хийнэ, эхний ээлжинд цус тогтоох тариа хийнэ гэсэн чинь би энэ тариаг чинь хийлгэхгүй шүү пизда минь гэж хэлээд босож ирээд миний зүүн талын хацарт нэг удаа баруун гараараа хүчтэй алгадсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг,

          

             Гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эмнэлгийн машин ирээд эмч охин машинаас бууж ирээд Сайн байна уу аль хүн бэ гэж асуухаар нь Э рүү заасан чинь өө согтуу байгаа юм уу даа гэсэн чинь Э жоохон уурлах шиг болохоор нь бид нар учир байдлаа эмчид хэлж ойлгуулсан. Эмч үзлэг хийж даралтыг нь үзэх гэсэн чинь Э эмчийн өөдөөс  та нар миний оношийг мэдэхгүй ш дээ би хот орж хагалгаанд орж байж одоо явж байна гэж хэлэх шиг болсон тэгсэн эмч та юу ярьж байгаа юм бэ би дуудлагын дагуу ирсэн та стандартын дагуу эмчилгээ хийлгэхээс татгалзаж болно шүү гэж хэлэхэд Э эмчийг  хацар руу нь нэг удаа алагдсан. ” гэсэн мэдүүлэг,

           

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 19,/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20,/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 67/ зэргийг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгч Ё.Э нь согтуугаар 2017 оны 07 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт түргэний эмч Б.Утай эмчилгээ хийлгэхээс болж маргалдан улмаар Б.Уыг алгадсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь  Хохирогч Б.Уын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ..эмч нар дандаа хулхи тариа хийдэг, цус тогтоох тариаг хийлгэхгүй шүү гэхээр нь би таньд стандартын дагуу эмчилгээ хийнэ, эхний ээлжинд цус тогтоох тариа хийнэ гэсэн чинь би энэ тариаг чинь хийлгэхгүй шүү пизда минь гэж хэлээд босож ирээд миний зүүн талын хацарт нэг удаа баруун гараараа хүчтэй алагдсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... Э эмчийн өөдөөс  та нар миний оношийг мэдэхгүй ш дээ би хот орж хагалгаанд орж байж одоо явж байна гэж хэлэх шиг болсон тэгсэн эмч та юу ярьж байгаа юм бэ би дуудлагын дагуу ирсэн та стандартын дагуу эмчилгээ хийлгэхээс татгалзаж болно шүү гэж хэлэхэд Э эмчийг  хацар руу нь нэг удаа алгадсан. ” гэсэн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ё.Эг эрхлэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол урчуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн   11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ё.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Хохирогч Б.Уд үүссэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Хохирогч Б.Уын нэхэмжилсэн 270936 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас  шинжээч эмчид үзүүлэхээр явсан шатахууны зардал 70000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, нэг өдрийн цалин 200936 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

 Шинжээч эмч П.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирогчийг биет байдлаар үзээгүй,надад үзүүлээгүй би  бичгийн нотлох баримтыг үндэслэн дүгнэлтээ гаргасан...” гэсэн мэдүүлгээр хохирогч Унь  Замын-Үүд суманд очиж  шинжээч эмчид үзүүлээгүй байх тул хэргийн 32 дугаар талд авагдсан шатахууны баримтыг үндэслэн 70000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.  Мөн хавтаст хэргийн 66 дугаар талд 2017 оны 07 сарын 13-н буюу нэг өдрийн цалин 200936 төгрөг болно гэсэн тодорхойлолтыг тухайн байгууллагын даргын албан бичгээр ирүүлсэн боловч хохирогч Б.Уын 2017 оны 07 сарын 13-ны өдрийн цалинг тооцсон нягтлан бодогчийн тооцооны баримт, 07 сарын цалингийн хуулга зэрэг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул 1 өдрийн цалин болох 200936 төгрөгийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 53 дугаар талд “хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн саналд” шүүгдэгч Э  зам тээврийн осол гаргаж У бие махбодид хүндэвтэр зэргийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж ташаа бичиж алдаа гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ё.Эг эрхлэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эд 500000 төгрөгийн торгох ялыг нэг сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хохирогч Б.Уын нэхэмжлэлийн шаардлагаас 70000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 200936 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч Ё.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АДЪЯАСҮРЭН