Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2016/0189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны С танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Тамир

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжийн Д.Тамирт холбогдох хэсэгт өмчлүүлэх газрын хэмжээг 222 м.кв гэж алдаатай заасныг 305 м.кв гэж зөвтгөсөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн засаг даргад даалгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 193 дугаар бүхий Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх тухай захирамжийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаа, Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, Л.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Сүхбаатар дүүргийн иргэн Д.Тамир нь Тэрээр 2004 оны Сүхбаатар дүүргийн Засаг даргын 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 тоот шийдвэрээр 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 300 м.кв газрыг 0104099585 тоот иргэний газар эзэмших гэрчилгээг авсан байна. Дээрх хаягт байрлах газарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 163 тоот захирамжаар иргэн И.Мөнхзулд 408 м.кв талбай бүхий газрыг давхардуулан олгосон учир Д.Тамир Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 326 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 421 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 70 дугаар магадлалд Д.Тамир 300 м.кв газар хууль ёсны эзэмшигч байсан тухай дурьдаад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 163 тоот захирамжийн И.Мөнхзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарыг 09-ний өдрийн 193 тоот шийдвэрээр иргэн Д.Тамирт олгосон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0351214 тоот гэрчилгээнд газрын талбайн хэмжээг 250 м.кв болгон өөрчилсөн байна. Иймд иргэн Д.Тамир өөрийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилсөн талаар Сүхбаатар дүүргийн газрын албанд удаа дараа хандаж байсан боловч ямарч хариу өгөөгүй байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 946 тоот захирамжаар Д.Тамирын өмчлөлийн газрын хэмжээг үндэслэлгүйгээр хасч 217 м.кв газар гэж өөрчилжээ.

Сүхбаатар дүүргийн газрын алба Д.Тамирын өмчлөх эрхтэй газрын талбайн хэмжээг 300 м.кв гэж олгохгүй байсан тул тэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газраас 5 м.кв газрыг 66 мянган төгрөгөөр худалдан авснаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжаар Д.Тамирын өмчлөлийн газрыг 222 м.кв газар гэсэн 00134354 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Ийнхүү өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо газрын хэмжээг 305 м.кв гэж өөрчилж өгөхийг хүсэж Сүхбаатар дүүргийн газрын албанд хандаж олон удаа өргөдөл гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална, 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах, эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, 25 дугаар зүйлийн 25.5-д газрын кадастрын зургийн зураг бүртгэл, судалгаа, үнэлгээний материалууд нь холбогдох хуулийн шаардлагыг хангасан байна, 27 дугаар зүйлийн 27.1 газрыг энэ хуульд заасан зориуулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсэн хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс иргэн Д.Тамирын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хохирсоор байгаа бөгөөд тэрээр удаа дараа Сүбхаатар дүүргийн Газрын албанд өргөдөл хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/868 дугаар захирамж, шийдвэрийн Д.Тамирт холбогдох хэсэгт өмчлүүлэх газрын хэмжээг 222 м.кв гэсэн алдаатай шийдвэрээ өөрчлөн 305 м.кв болгон зөвтгөж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 193 гоот захирамжийг илт хууль бусад тооцуулахаар нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Д.Тамирт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо,  300 мкв газрыг эзэмшүүлсэн.

Иргэн И.Мөнхзулд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 163 тоот захирамжаар мөн дээрх хаягт иргэн Д.Тамирын газартай давхардуулан олгосон учир иргэн Д.Тамир Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 326 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 421 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2010 оны 70 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Тамирын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр захирамжийн иргэн И.Мөнхзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 193 дугаар захирамжаар иргэн Д.Тамирын газар эзэмших эрхийг сэргээн 250 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 946 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна.

2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Тамир барьсан байшингийнх нь хэмжээ өмчилж авсан газрын хэмжээнээс 5,2 мкв талбайд илүү гарсан учир худалдан авах хүсэлтийг гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжаар талбайн хэмжээг 222 м.кв болгон өөрчлөн өмчлүүлсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасны дагуу иргэн Д.Тамир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлсэн удаа дараагийн захирамжид гомдол гаргаж байгаагүй ба гэрээ гэрчилгээгээ хүлээн авч байсан нь уг шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Д.Тамирт дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 гудамжны 22 дугаар тоотод газар эзэмшүүлсэн байна.

Засаг даргын 2011 оны 193 дугаар захирамжаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 326 дугаар шийдвэрийг биелүүлж Д.Тамирын тус маргаан бүхий газрын эзэмших эрхииг сэргээсэн.

Дүүргийн Засаг даргын 2011 оны 193 дугаар захирамж нь хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлсэн захирамж юм.

Иймд Д.Тамирын ямар эрхийг зөрчсөн нь тодорхойгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дор дурдсанаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун тус шүүхэд хандаж Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжийн Д.Тамирт холбогдох хэсэгт өмчлүүлэх газрын хэмжээг 222 м2 гэж алдаатай заасныг 305м2 гэж зөвтгөсөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн засаг даргад даалгуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 193 дугаар бүхий Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх тухай захирамжийг илт хууль бусад тооцуулах-аар нэмэгдүүлжээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Тамир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 154 дүгээр захирамжаар Бэлхийн 32-1-22 тоот хаягт орших 300 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон, энэ талаар маргаан үүсээгүй байхад Сүхбаатар дүүргийн Засаг дарга 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн шинээр захирамж гаргахдаа хүчин төгөлдөр 154 дүгээр захирамжийг хүчингүй болгож Д.Тамирын эзэмшил газрын хэмжээг 250 м.кв болгож өөрчилсөн нь хууль бус...дээрхи хууль бус захирамжийг үндэслэн Нийслэлийн засаг дарга өмчлүүлэх захирамж шийдвэр гаргахдаа газрын хэмжээг 222 м.кв гэж заасан нь хууль бус... гэж тодорхойлон маргаж байна.

Дээрхи үндэслэлийг эс зөвшөөрч хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...маргаан бүхий захирамжаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 326 дугаар шийдвэрийг биелүүлж Д.Тамирын газар эзэмших эрхийг сэргээсэн,...нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн нь тодорхойгүй байна... гэж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийн дагуу...250 м.кв газар эзэмшүүлснийг үндэслэн 222 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан... нэхэмжлэгч удаа дараагийн захирамжуудад гомдол гаргаж байгаагүй тул хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна гэж тайлбарлан мэтгэлцэв.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 154 дүгээр захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1-22 тоот хаягт орших 300 м.кв газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.Тамирт олгосон байх ба маргаж буй захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 193 дугаар бүхий Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх тухай захирамжаар дээрхи 154 дүгээр захирамжийн Д.Тамирт холбогдох хэсгийг хүчингүй болгож улмаар Д.Тамирт тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 дүгээр гудамжны 22 тоот хашааны 250 м.кв газрын эзэмших эрхийг сэргээн олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга дээр дурдсан маргаж буй акт болох 193 дугаар захирамжийг гаргахдаа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 326 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 421 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 70 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байх бөгөөд дээрхи шүүхийн шийдвэр магадлал, тогтоолоос үзвэл иргэн Д.Тамирт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1-22 тоот хашааны 300 м2 газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж, уг захирамжийг үндэслэн 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 010409585 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээ хүчин төгөлдөр... байхад иргэн И.Мөнхзулд давхцуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус... гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 онд 163 дугаар захирамжийн И.Мөнхзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн уг шийдвэрийг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Үүнээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч Д.Тамирт тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 дүгээр гудамжны 22 тоот хашааны 300 м.кв газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дугаар бүхий захирамж, түүнийг үндэслэн 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 010409585 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон, энэ талаархи шүүхийн шийдвэр, магадлал тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Тамирт 300 м.кв газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж хүчин төгөлдөр болохыг 3 шатны шүүхээс дүгнэсээр байхад 2011 оны 6 дугаар сарын 09-нд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээх тухай 193 дугаар захирамж гаргаж, улмаар 1 дэх заалтаар ...2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийн Д.Тамирт холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Иргэн Д.Тамирт тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 дүгээр гудамжны 22 тоот хашааны 250 м.кв газрын эзэмших эрхийг сэргээн олгох-оор шийдвэрлэсэн нь утга агуулгын илэрхий алдаатай, илт хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Д.Тамир 300 м.кв газар эзэмших эрхтэй нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байхад 250 м.кв газар эзэмших эрхийг сэргээн олгохоор шийдвэрлэж улмаар захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Газрын албанд даалгаж байгаа нь буруу юм.

Түүнчлэн илт хууль бус 193 дугаар захирамжийг үндэслэн Д.Тамирт олгогдсон Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0351214 дугаар гэрчилгээг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас олгохдоо эзэмшүүлэх газрын хэмжээг 217 м.кв гэж бууруулж заасан нь мөн үндэслэлгүй.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар бүхий Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай захирамжийн хавсралтаар Д.Тамирт тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 дүгээр гудамжны 22 тоотод газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн боловч газрын хэмжээг заагаагүй, 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс Дүүргийн газрын албанд хандаж газар өмчилж авахыг хүссэн өргөдөлд газрын хэмжээг 217 м.кв гэж засварласан нь эргэлзээтэй байхад үүнийг нягтлалгүйгээр 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэрт Д.Тамирын өмчлүүлэх газрын хэмжээг 217 м.кв гэж заасан, нөгөө талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Д.Тамирт газар эзэмших эрх олгосон захирамжийг шүүхээс илт хууль бус гэж дүгнэсэн тул Нийслэлийн Засаг даргын дээрхи маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Нийслэлийн Засаг даргын гаргасан иргэн Д.Тамирт газар өмчлүүлэх тухай захирамж шийдвэр нь Дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж, холбогдох бусад баримтыг үндэслэн гарах учиртай тул Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Д.Тамирын газар өмчлөлийн талаархи баримтуудыг үнэн зөвөөр гаргаж ирүүлсэн эсэхийг шалган тогтоож Д.Тамирын өмчлөх газрын хэмжээг тодорхой заасан захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3, 70.2.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюуны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжийн Д.Тамирт холбогдох хэсэгт өмчлүүлэх газрын хэмжээг 222 м.кв гэж алдаатай заасныг 305м2 гэж зөвтгөсөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн засаг даргад даалгуулах шаардлагыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах нь зүйтэй гэж үзэж түдгэлзүүлж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 193 дугаар бүхий Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх тухай захирамжийг илт хууль бусад тооцсугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35.100 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг тус тус гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН