| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00595/И |
| Дугаар | 155/ШШ2024/00595 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00595
| 2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00595 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00595/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ***т компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***,
Хариуцагч: ***-д холбогдох онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 2,972,660.37 (хоёр сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун жаран төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ***нь нэхэмжлэгч ХААН банк ХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/51052578 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 190,000 төгрөгийг нэмж, нийт 4,190,000 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Дээр дурьдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж, нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр БГХ/51052578 тоот барьцааны гэрээ байгуулж, өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.
Зээлдэгч 2024 оны 5 дугаар сарын 08-ны байдлаар үндсэн зээлд 1,377,496.44 төгрөг, зээлийн хүүд 592,258.33, нийт 1,969,754.77 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 127 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,503.56 төгрөг, зээлийн хүү 159,370.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 786.52 төгрөг, нийт 2,972,660.37 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т: Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчаас ЗГ/50066407 тоот онлайн цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт:
Үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,503.56 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөр 159,370.29 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 786.52 төгрөг,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,972,660.37 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч *** нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ***овогтой *** нь 2023 онд Хаан банкнаас онлайнаар цалингийн зээл авсан нь үнэн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр болох 2,971,660.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк хувьцаат компани нь хариуцагч ***д холбогдуулан онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 2,972,660.37 (хоёр сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун жаран төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч*** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч *** энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,513 төгрөгийн 50 хувь болох 31,256.5 төгрөгийг хариуцагч ***с, 50 хувь болох 31,256.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк хувьцаат компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 2,972,660.37 (хоёр сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун жаран төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ***с 31,256.5 төгрөгийг, улсын орлогоос 31,256.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк хувьцаат компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА