Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Хохирогч Д.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ст холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ц.С

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэнд/

 

Шүүгдэгч Ц.С нь согтуурсан үедээ Дорноговь аймаг .... тоотод  2017 оны 09 сарын 03-ны өдөр хохирогч Д.Гийн хамрыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Ц.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ажил дээрээс гарч явж байгаад Д.Г ахын гэрт ороод тийм зүйл болсон байсан. Тухайн үедээ юу болсон талаар мэдэхгүй байна. Би согтуу байсан. Mиний буруу ойлгож байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хамар байнга битүү, өглөө босоход ногоон идээ гардаг, шөнө нойр хүрэхгүй болсон. Эмчилгээний зардал хэрэгтэй байна. Хамар харлаад эхэлсэн, сархинаг өвчтэй. Энэ нь шүдний хор гэсэн. Эмчид үзүүлэх гэсэн чинь эмч амралтаа аваад явсан байсан. Өөр хэлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 сарын 02-нд шилжих шөнө 3 цагийн орчимд гэртээ нойр хүрэхгүй зурагт үзээд хэвтэж байтал Г ах зайл яв гээд хашгирах чимээ сонсогдсон. Тэгээд би утасныхаа гэрлийг асаагаад гараад хартал Г ахыг нэг танихгүй хүн араас нь хүзүүдээд тэвэрчихсэн байсан” гэсэн мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 30/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтээр хэлэлцүүлсэн хэрэгт хамааралтай дараах нотлох баримтууд болох: хохирогч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Одоо миний хамар байнга битүү, өглөө босоход ногоон идээ гардаг, шөнө нойр хүрэхгүй болсон. Хамар харлаад эхэлсэн, сархинаг өвчтэй. Энэ нь шүдний хор гэж хэлсэн. ” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Ц.Сыг согтуурсан үедээ 2017 оны 09 сарын 03-ны өдөр Дорноговь аймаг .... тоотод  оршин суух хохирогч Д.Гийн хамрыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

 Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн баримт байх тул энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  үнэн зөв баримт гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Г нь шүүгдэгч Ц.Саас шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч энэхүү шийтгэх тогтоол гарахад хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэх хохирлын нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул   иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдлаа.

 

Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сын цагдан хоригдсон 7 хоногийг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт ялаас 56 цагийн ялыг эдэлсэнд тооцож шүүгдэгч Ц.Сын эдлэх ялыг 184 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Ц.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Хохирогч Д.Г нь эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай .

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АДЪЯАСҮРЭН