Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2016/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Шарын гол" ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ё дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуяг, Ө.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: ...Манай компанийн эзэмшилд байсан 440А тоот тусгай зөвшөөрлийн талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай хэсэгчлэн давхцалтай байсан.

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам"'-д заасны дагуу төрөөс тусгай зөвшөөрөл, эзэмшигчид олгох нөхөх олговрыг одоо хүртэл манай компанид олгоогүй байгаа болно.

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийг 2015 онд шинэчлэн найруулсны дагуу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах. 31-н 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тоттоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гол мөрний урсац бүрэлдэх эх, эхийн хилийн заагийн солбилцолд өөрчлөлт оруулсан.

Уг өөрчлөлт орсонтой холбоотойгоор бид ашигт малгмалын газарт 440А тоот тусгай зөвшөөрлөө сэргээж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар албан тоот хүргүүлсэн боловч танай компанийн тусгай зөвшөөрлийг Ашигт малмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт зааснаар 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр цуцлагдсан талаар Кадастрын хэлтсээс мэдсэн болно.

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 295 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт заасныг үндэслэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт ... 56.1.3 хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн... гэж заасан байна, Мөн Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан 'Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт ... Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нөхөх олговрыг хүлээн баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлана ... гэж заасан байна.

Шарын гол ХК-ийн 440А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсаи шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт болон Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгтэй тус тус зөрчилдсөн гэдэг нь шууд харагдаж байгаа бөгөөд манай компанийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 440А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэл: ...Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, 440А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг хүргүүлж байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар шийдвэрээр бүртгэж, шинээр 440А тоот тусгай зөвшөөрлийг "Шарын гол" ХК-д олгогдсон байна.

Ашигт малтмалын 440А тоот дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д "Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно" гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбилцолыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Дээрх солбилцолуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд 440А тоот дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нэхэмжлэгч компанид 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.

Гэтэл "Шарын гол" ХК нь нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй" гэсэн заалтын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө 440А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй байна.

"Шарын гол" ХК-ийн эзэмшлийн 440А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан мөн нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй, Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг дурдсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж зааснаар "Шарын гол" ХХК нь 440А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2012 оны ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх ёстой байсныг төлөөгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлүүд байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээлд авч, эсхүл тухайл талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэсэн заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2-д заасан болон "Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай" Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.

Дээрх Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 295 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэр гаргахаас өмнөх мэдэгдлийг 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-2435 тоот албан бичгээр, шийдвэр гарсны дараа 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6-2824 тоот албан бичгээр тус тус нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрын 2012 оны шуудангийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авсанаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" гэж зааснаар 440А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэр гарч энэ талаар "Шарын гол" ХК нь төрийн захиргааны байгуулагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дах хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 440А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газраас Шарын гол ХК-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хүйтний гол-2 нэртэй газарт орших 56 гектар талбайг 30 жилийн хугацаанд ашиглуулахаар 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 440А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл[1]-ийг олгосон байна.

Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 295 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар сарын 56.1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын болон хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 5.2-т заасан болон Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаар албан бичгийн дагуу Шарын гол ХК-ийн 440А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ[2].

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 174 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хүйтний гол-2 -ын ай савыг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарч улмаар 440А дугаартай ашигт млтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байх тул байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хэрэгцээнд авч, уг газрын хилийн заагийг баталснаар Шарын гол ХК-ийн эзэмшиж байсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хүйтний гол-2 нутагт орших ашигт малтмалын ашиглалтын МҮ-000440 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хязгаарласан талбайд хамрагдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн бичгийн болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх бүхий байгууллага, албан тушаалтны удаа дараагийн албан бичгүүдээр тус тус тогтоогдох бөгөөд ийнхүү хамрагдсан талаар талууд маргадаггүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгоно гэж заасны дагуу дээрх тохиолдолд шийдвэр гаргасан байгууллага, эсхүл түүний эрх олгосноор холбогдох эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчид нөхөх олговор олгох ёстой.

Хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар ашигт малтмалын ашиглалтын МҮ-000440 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хязгаарласан талбайд бүхэлдээ хамрагдаж байгаа гэдэг.

Ямартай ч дээр дурдсан тогтоол болон хуулиар тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа үргэлжүүлэн явуулах боломжгүй болсон тохиолдолд нэхэмжлэгчид нөхөх олговор олгох нь төрийн байгууллагын үүрэг, харин ийнхүү нөхөх олговор авахыг шаардах, хуульд заасан хугацаанд олгоогүй тохиолдолд үргэлжүүлэн үйл ажиллагаа явуулах нь Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрхэд хамаарна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 5.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т Хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрлийг энэ хууль батлагдсанаас 5 сарын хугацаанд цуцална гэж заажээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т ...тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид мэдэгдэнэ гэж заасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолын 6-д Хуулийн ... 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэсэн байтал хариуцагч хуульд зааснаар мэдэгдэх үүргээ хэрхэн хэрэгжүүлснээ нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгчээс Монгол шуудан ТӨХК-аас нотлох баримтыг гаргуулах хүсэлт тавьсан боловч Монгол шуудан ТӨХК-ийн архивын дүрмийн дагуу манай бичиг баримтын лавлагааны хугацаа хэтэрсэн бөгөөд шуудангийн бүртгэлийн дугаар байхгүй тул Ашигт малтмалын газрын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-2435, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6-2824 дугаартай албан бичгүүдийг шүүх боломжгүй гэсэн хариуг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 41 тоот албан бичгээр[3] ирүүлсэн,

Түүнчлэн хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2012 оны Ашигт малтмалын газрын баримт бичиг хүлээлцсэн дэвтэр (1-р боть, 1-7973 дугаартай)-ийн 2723 дугаарт Шарын гол ХХК(MV-000440) гэж 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-2435 гэж бүртгэгдсэн албан бичгийг тус дэвтрийн 2714 дугаараас 2723 дугаарт бүртгэгдсэн нийт 10 ширхэг тус тусдаа өөр байгууллагад хаяглагдсан албан бичгүүдийг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр н.Сайханзаяа гэж хүн гардан авч гарын үсэг зурсан,

Мөн дэвтрийн 2981 дугаарт Шарын гол ХК-д 6-2824 гэж бүртгэгдсэн албан бичгийг тус дэвтрийн 2977 дугаараас 2982 дугаарт бүртгэгдсэн нийт 6 ширхэг тус тусдаа өөр байгууллагад хаяглагдсан албан бичгүүдийг 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр н.Туяа гэж хүн гардан авч гарын үсэг зурсан байдгийг хариуцагч шууданд хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт MV-000440 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ногдох нөхөх олговор олгох үндэслэлгүй болохыг Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгээр ирүүлсэн тул тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгджээ.

Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичигт: ...Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 3.4.2-т ...давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтын өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй гэж заасны дагуу тогтоосон хугацаанд хүсэлтээ гаргаагүй хавсралтад заасан нэр бүхий 69 тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох үндэслэлгүй байна гэжээ.

Гэтэл хариуцагчийн хариу тайлбарт: ...Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу... өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн... гэсний дагуу шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/9077 тоот албан бичгийн хариуг 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/9465 дугаар албан бичгээр ирүүлэхдээ өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн талаар баримт ирүүлээгүйгээс үзвэл хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэж заасны дагуу нөхөх олговрын хэмжээг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж, түүнийгээ баталгаажуулах эрхийг, өөрөөр хэлбэл Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3.4.2-т заасан нэхэмжлэгчид 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргах эрхийг олгоогүй, улмаар түүнийг нягтлаагүй хариу өгсөн Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч Шарын гол ХК нь ашиглалтын МҮ-000440 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын газраас гаргасан нөхөн олговор авах аж ахуй нэгжийн жагсаалтад орсон боловч хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болж, хохирч байгаа тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн 35-д заасан Шарын гол ХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нөхөх олговор авах боломжоор хангасан шийдвэр гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Шарын гол ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн 35-д заасан Шарын гол ХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 440А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж бүртгэхийг даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА