Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/353

 

 

 

 

            2022           3          31                                     2022/ДШМ/353

 

 Д.Б, С.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

хохирогч Д.Эгийн өмгөөлөгч Ю.Батболд,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч  Д.Бийн өмгөөлөгч С.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,  Д.Бийн өмгөөлөгч С.Батжаргал нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч С.Э,  Д.Б нарт холбогдох 1906030302414 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б нь С.Этой урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Эгаас “Бид хоёр нисэхэд барилгын гадна фасадны ажил хийж байгаа, мөнгө хэрэг болоод байна, 20.000.000 төгрөг зээлээч, 30.000.000 төгрөг болгож өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, С.Эын “Хаан банк”-ны 5011156176 дугаартай дансаар 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

С.Э нь  Д.Бтой урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Эгаас “Бид хоёр нисэхэд барилгын гадна фасадны ажил хийж байгаа, мөнгө хэрэг болоод байна, 20.000.000 төгрөг зээлээч, 30.000.000 төгрөг болгож өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, С.Эын “Хаан банк”-ны 5011156176 дугаартай дансаар 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:  Д.Б, С.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүх: Боржигон овогт Даваасүрэнгийн  Д.Б, Боржигон овогт Сүхбатын С.Э нарыг “хамтран гүйцэтгэгчээр бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Бийг 8 сарын хугацаагаар, С.Эыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар  Д.Бийн цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 7 сар 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Д.Бт оногдуулсан 7 сар 30 хоног, С.Эод оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  Д.Бт оногдуулсан 7 сар 30 хоног, С.Эод оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож тус тус дүйцүүлэн сольж, шүүгдэгч  Д.Б, С.Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Нийслэлийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч  Д.Б, С.Э нараас тус бүр 10.000.000 төгрөгийг гаргуулж, нийт 20.000.000 төгрөгийг хохирогч Д.Эд олгож, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Д.Б, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолд шүүгч дүгнэж бичихдээ “хохирогч Д.Э нь зөвхөн  Д.Бт мөнгө өгсөн гэж байгаа боловч зөвхөн хохирогчийн ойлголтоор хэргийг шийдвэрлэж болохгүй. Хохирогч нь С.Эын дансанд мөнгийг шилжүүлсэн, С.Э нь  Д.Бт өгсөн гэх боловч  Д.Б мөнгийг аваагүй тухайн ажилд зарцуулсан болох нь тогтоогддог” гэж дүгнэж С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэн давж заалдах гомдлыг гаргав. Үүнд:

 Д.Б нь хохирогч Б.Д.Эд “20.000.000 төгрөг зээлээч 30.000.000 төгрөг болгож өгье” гэж хуурч, итгэл үнэмшил төрүүлж хохирогч Б.Д.Эгаас 20.000.000 төгрөгийг залилсан болох нь:

1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Д.Эгийн гомдол “...Их дэлгүүрийн хажууд машинтай иргэн  Д.Б ирж уулзаад  Д.Б нь ахын дүү 20.000.000 төгрөг олоод өгчих, ах нь 32.000.000 төгрөг болгож наадмын өмнө 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэхэд өгнө гэсэн ... миний бие Д.Э иргэн  Д.Б руу залгаж дансаа явуул гэхэд ахынхан иргэний үнэмлэх байхгүй С.Эын дансанд хийчих гээд С.Эын дансыг хэлсэн. Би Хан-Уул дүүргийн ойролцоо явж байхдаа интернет банкаар шилжүүлсэн. Иймд иргэн  Д.Боос 32.000.000 төгрөгийг гаргуулж өгнө уу” гэх гомдлын үндэслэл,

1 дугээр хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Д.Эгийн мэдүүлэг “мөнгөний зайлшгүй хэрэгцээ гараад байна. Мөнгө байна уу, 30.000.000 төгрөг зээлээч гэхээр нь одоо надад алга байна. Хүнээс асууя олдох болов уу гэж хэлсэн тэгээд хэрвээ 30-ыг өгвөл 40 болгоно. 20-ыг өгвөл 30 сая төгрөг болгоод өгнө. Одоо өгвөл наадмын өмнө буцаагаад өгчихнө. Барилга бариулж байгаа компаниас мөнгө орж ирнэ гэхээр нь нээрээ ч богино хугацаанд 10 сая төгрөгийн ашиг олвол зүгээр юм байна гэж бодоод би хүн амьтнаас асууж байгаад 20.000.000 төгрөг олоод 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр С.Эын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Би уг нь  Д.Бт өөр рүү нь шилжүүлье гээд дансны дугаарыг нь асуухад би бичиг баримтаа хаячихсан байна. Чи С.Эын данс руу хийчих, тэндээс авъя гэхээр нь С.Э руу хийсэн. Гэтэл одоо болтол мөнгөө авч чадаагүй явж байна... надаас С.Э мөнгө зээлээгүй анхнаасаа  Д.Б зээлж авсан бөгөөд тухайн үед хэлсэн огноонд буюу наадмын үеээр залгаад асуухад өнөөдөр маргааш гэсээр байгаад сүүлдээ утсаа ч авахгүй алга болчихсон” гэх мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Д.Эгийн мэдүүлэгт “... Д.Б гэх хүнд би тус 20.000.000 төгрөгийг зээлүүлсэн.  Д.Б ахынх нь иргэний үнэмлэх байхгүй байна. С.Эын данс руу нь 20.000.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлээд...” гэх мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 71 дүгээр хуудас “...Чамд мөнгө байхгүй бол мөнгөтэй хүн олоод өгчих гэж хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 10 гэхэд наадмын өмнө 30 сая төгрөг болгож өгнө гэж хэлсэн.  Д.Бийн надаас мөнгө зээлээч гэх ярианд С.Э ямар нэг байдлаар оролцоогүй. Урд талын суудал дээр тамхи татаад сууж байсан санагдаж байна.  Д.Б бид хоёрын ярианд оролцоогүй. Мөнгө шилжүүлэх дансыг  Д.Боос асуухад ах нь иргэний үнэмлэхээ хаячихсан учраас мөнгөө авч чадахгүй байх С.Эын данс руу хийчих гээд дансыг нь явуулсан...”,

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар хуудсанд гэрч Б.Дгийн өгсөн мэдүүлэг “Их дэлгүүрийн зүүн талд байх нэгдүгээр байрны зогсоол дээр С.Эын 05-89 УНА дугаарын Аxio загварын авто машин дотор С.Э,  Д.Б, Д.Э нарын хамтаар сууж байсан... би тамхиа татангаа  Д.Бийн суудлын цонхон талд нь очоод тамхиа татаж байтал  Д.Б Д.Эгаас 20.000.000 төгрөг олоод өгчих хүүтэй нь 30.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн юм.  Д.Б нь мөнгө гуйгаад суугаад байсан юм. Би тамхиа татаж дуусгаад орсон...  Д.Б нь Д.Эгаас 20.000.000 төгрөг гуйгаад байсан. Зээлүүлсэн гэрээ байгуулсан талаар юм яриагүй 20.000.000 төгрөг олоод өгчих 30.000.000 төгрөг болгоод өгье гэж хэлж байхыг би сонссон,

1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар хуудас гэрч О.Тодсайханы мэдүүлэг “... Д.Б мөнгө олоод ирье гэж хэлээд барилгын хашаанаас гараад явсан юм.  Д.Б, С.Э хоёр ажил дээр ирэхдээ  Д.Б гартаа гялгар хар тор барьсан дотор нь 10 боодол мөнгөнөөс 1 ширхэг боодлоос 100.000 төгрөг тоолж өгөөд заа танай ажилчдын хоолны болон унааны мөнгө гэж хэлсэн... Харин хар өнгийн ууттай мөнгийг  Д.Б авч яваад байсан. Тэр уутан дотроос мөнгө тоолоод надад өгсөн юм... С.Эоос би Д.Эгаас  Д.Б нь 20.000.000 төгрөг зээлсэн гэж сонссон... Д.Б авсан гэж бодож байна. ”.

3 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудсанд яллагдагч С.Эын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. Үүнд:

Намуухан дуугаар ярьж байгаа хүнийг С.Э нь өөрийгөө, чанга ууртай ярьж байгаа хүнийг  Д.Б гэснийг үзлэгт дурдаж бичив.

С.Э “...Эрдэнэ чинь, Эрднээгээс чинь 32 байгаад байгаа шүү дээ..."

 Д.Б ”...Эрдэнээс яахаараа 32 болчихдог юм. Одоо 22 сая төгрөг авсан байгаа тэрийгээ л өгнө шүү дээ. Тэрийг л өгнө ш дээ. Илүү бол гарах ч үгүй одоо...”

С.Э “...30 болгож өгнө гээд байсан шүү дээ...”

 Д.Б “...Үгүй тийм юм байхгүй. Үндсэн мөнгийг гаргаж өгнө. Дараа жилээс болдог юм байгаа биз ямар ч байсан ... гэж”

С.Э “...10 сая төгрөгийг дараа эрх жилээс болвол гэж үү”

 Д.Б “тийн хүмүүсийн үндсэн мөнгийг яахгүй бол ямар ч юу үгүй одоо...”

С.Э нь гэм буруугүй болох нь хэрэгт цугласан баримтуудаар хангалттай тодорхой нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/119 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж С.Эод холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч  Д.Бийн өмгөөлөгч С.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “...2018 оны 6 дугаар сарын 29-нд С.Э,  Д.Б хоёр 20 сая төгрөгийг 32 сая болгож 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэхэд өгнө гэж хэлж 20 сая төгрөг аваад одоо хүртэл өгөхгүй байгаа тул  Д.Боос 32 сая төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн утга бүхий өргөдлийг гаргасан. Д.Э нь энэ өргөдөлтэйгөө холбоотойгоор 2018 оны 12 дугаар сарын 10-нд гэрчээр, 2019 оны 2 дугаар сарын 17-нд хохирогчоор мэдүүлэг өгч байсан. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 728 тоот прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр болсон үйл баримтыг “2019 оны 6 дугаар сарын 29-нд болсон” гэж бичсэн нь хэргийг хэдийд үйлдсэн нь тодорхойгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” гэсэн нотолбол зохих байдлыг нотлоогүй байна.

“Пирамид Орд” ХХК болон “Шинэ Мишээл” ХХК хоёрын хооронд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байдаг. Хөрөнгө санхүүгийн асуудлыг С.Э, ажиллах хүчний асуудлыг  Д.Б хариуцахаар тохирсон байдаг. Тэгэхээр гэрээ байгуулсны маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Д.Эгийн данснаас С.Эын данс руу 20 сая төгрөг шилжсэн байна. Гэхдээ энэ мөнгийг  Д.Б авсан гэдгийг эргэлзээгүй нотолж чадаагүй. С.Э нь “...би  Д.Бтой хамт очиж банкнаас 20 сая төгрөгийг 2018 оны 6  дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт теллерээс авч тэр дороо  Д.Бт өгсөн гэж мэдүүлдэг боловч хавтас хэрэгт авагдсан  Д.Бийн “Хаан банк”-ны дансны хуулга дээр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 59 минутад “Хаан банк”-ны өөр салбар буюу “Нисэх" салбар дээр  Д.Б өөр гүйлгээ хийж байсан нь харагддаг. Гэтэл шүүхээс С.Эын дээрх мэдүүлэг, түүний дансны хуулгыг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон атлаа  Д.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний дансны хуулга зэрэг нотлох баримтыг үгүйсгэсэн талаар дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. С.Э нь гэрч, хохирогч, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “... Д.Б Д.Эгаас авсан мөнгөөрөө хөөс авсан нь үнэн... хөөсний мөнгийг Нарандоржийн өгсөн 20 сая дээр би өөртөө байсан 10 саяыг нэмээд өгсөн... би хуримаа хийх гэж байсан 30 саяыг эхнэрээсээ гуйж байж авч өгсөн... гэх мэт маш олон янзаар мэдүүлсэн байгаа нь Д.Эгаас авсан 20 сая төгрөгийг  Д.Бт өгсөн эсэх нь эргэлзээтэй. Тиймээс Д.Эгийн 20 сая төгрөгийн эх үүсвэрийг тогтоох шаардлагатай байсан.

Энэ хэргийг 3 жил гаран хугацаанд шалгасан боловч мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх  Д.Б нь залилангийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь нотлогдсон байна гэж дүгнэж, түүнд ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Нарандоржийн гомдлоор хэрэг үүсч, 2-3 жил шалгагдсан. Энэ хугацаанд мөрдөгчөөс дарамтлах, мөрдөх, тулгах зэрэг асуудлууд үүссэн учир би Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулан мөрдөгчид арга хэмжээ авч байсан. Энэ гүтгэлэг явсаар Б.Д.Эгийн гомдлоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсч анхан шатны шүүхээр орох гэж байхад мөрдөгч Баянзүрх дүүрэг рүү шилжүүлж, хэрэгт намайг оролцуулсан. Тухайн үед хэргийг шалгаж байсан Ганзориг гэх прокурор намайг хамааралгүй гэдгийг тогтоож, буцаан Хан-Уул дүүрэг рүү шилжүүлж, Нарандоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл прокурор солигдож прокурор Ганзоригийн оронд Батболд гэх прокурор томилогдсоноор хэргийг дахин Баянзүрх дүүрэг рүү татан Нарандоржийн гомдолтой хэргийг сэргээж, гүтгэлгийн шинжтэй хэргээ мөрдөж эхэлсэн. Хохирогч Д.Э хэрэгтнээ заадаг бөгөөд үүнийг нотолж гэрчүүд мэдүүлэг өгсөн. “Хаан банк”-ны үндсэн салбараас мөнгө авч явахыг харсан, тухайн мөнгийг өсгөж, үржүүлж өгье гэж ярьж байхыг сонссон гэрч болон  Д.Бийн надтай ярьсан ярианы бичлэг сиди зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Прокурорын шатанд 2-3 удаа сиди бичлэг алга болж, хамгийн сүүлд шүүх хуралдаанд шүүгчид хэлж байж сидиг хэрэгт хавсаргуулж байсан. Мөн өмгөөлөгч С.Батжаргал гүтгэлгийн шинжтэй зүйлс их ярьж, миний эцгийн эзэмшдэг байсан компаниас  Д.Б руу удаа дараа мөнгө шилжүүлсэн гэж байна. Энэ талаар компанийн дансны хуулгыг хэрэгт хавсаргуулах гэсэн боловч эцэг маань нас барсан, өв нээгдэх асуудал шийдвэрлэгдээгүй байгаа учраас гарын үсэг зурах хүнгүй тул өгч чадаагүй. Мөн миний эцгийг 10.000.000 төгрөгийг яах талаар мессеж бичсэн гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй. Удаа дараа мөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн ийм гүтгэлгийн шинжтэй зүйлс ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх гэж явж байна. Мөрдөгч буу тулгаж, хэрэг тулгасан төдийгүй “3.000.000 төгрөг өгвөл хэргийг чинь хаана” гэсэн. Ийм байдлаар явсаар шүүгдэгч болоод зогсож байгаадаа маш их харамсаж байна.  Д.Б анхнаасаа хүний дансаар мөнгө шилжүүлж авахаар төлөвлөсөн байсныг мэдэхгүй ашиглуулсандаа гомдолтой байна. Иймд өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. ...” гэв.

Хохирогч Д.Эгийн өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны эрх ашгийг огт хангаагүй. Мөн хохирогчийн өмгөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулаагүй, давж заалдах гомдол гаргах хугацаа олгогдоогүй, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг танилцуулаагүй.  Д.Б “20.000.000 төгрөг зээлээч, би 30.000.000 төгрөг болгоод өгье” гэж удаа дараа гуйсан тул Д.Э “би хүнээс мөнгө асуулаа, 20.000.000 төгрөг олчихлоо, яаж авах вэ” гээд холбогдтол  Д.Б “би Нисэх дээр байна” гэсэн. “Мөнгийг таны данс руу шилжүүлчих үү” гэхэд  Д.Б “үгүй ээ, миний данс руу шилжүүлээд хэрэггүй, надад карт, иргэний үнэмлэх байхгүй байна, С.Э бид хоёр хамт сууж байна, С.Эын данс руу шилжүүлчих” гэсэн. Улмаар “мөнгийг бэлэн аваачиж өгөх үү гэхэд “үгүй ээ, шилжүүлчих” гэсэн  тул Д.Э 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр С.Эоор дамжуулж 20.000.000 төгрөг зээлсэн. Дараа нь 20.000.000 төгрөгөө буцааж авахаар холбогдоход  Д.Б “ажлын гүйцэтгэл ороогүй байна, түр хүлээгээч” гэсэн шалтаг хэлсээр явсан тул Д.Э Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Гэтэл Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шийдвэрлэж өгөхгүй байсан тул Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст дахин гомдол гаргасан. Гэтэл мөн адил шийдвэрлээгүй, хэрэг нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Д.Э руу холбогдож “таны хэрэг энд ирсэн, нэгтгэгдэж шийдвэрлэе” гэсэн. Д.Э мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мөнгө авсан хүнээ зөвхөн  Д.Б гэж мэдүүлдэг байхад шүүх нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хоёр хүнийг хамтран залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж, хохирлыг хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд хохирогч болон өмгөөлөгчийн эрх ашгийг хангаагүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан. Уг шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлиэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай нотлон тогтоосон, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй. Анх хохирогч Д.Э С.Эоор дамжуулж  Д.Бтой холбогдож 20.000.000 төгрөг зээлэх, 20.000.000 төгрөгөө 30.000.000 төгрөг болгож авахаар харилцан тохиролцож, мөнгийг өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.  Д.Б, С.Э нар хамтран үйл бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл С.Эын дансаар Д.Эгаас 20.000.000 төгрөг орсон, уг мөнгийг  Д.Б гаргаж авсан. Тухайн 20.000.000 төгрөгийг С.Э,  Д.Б нар хамтран явуулдаг үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь хэрэгт авагдсан гэрч О.Тодсайханы мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. С.Э 20.000.000 төгрөгөөс аваагүй гэж маргаж байгаа боловч хохирогчоос авсан мөнгийг  Д.Бтой хамтран явуулдаг үйл ажиллагаандаа зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч нараас тус бүр 10.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос  Д.Б, С.Э нарыг хамтран гүйцэтгэгчээр бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.Эыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.

Учир нь, хохирогч Д.Эгаас “...С.Э мөнгө зээлээгүй, анхнаасаа  Д.Б зээлж авсан. ... Д.Боос мөнгөө нэхэмжлэнэ. ...” /1хх 98-100, 176, 3хх 71, 199/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд удаа дараа тогтвортой мэдүүлсэн. Уг мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгүүдээс дүгнэвэл С.Эын үйлдсэн гэх гэмт хэрэг тогтоогдоогүй байна.

Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр С.Эод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь хуульд нийцнэ.

 Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Эгаас “С.Э бид хоёр нисэхэд барилгын гадна фасадны ажил хийж байгаа, мөнгө хэрэг болоод байна, 20.000.000 төгрөг зээлээч, 30.000.000 төгрөг болгож өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, С.Эын “Хаан банк”-ны 5011156176 дугаартай дансаар 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: С.Эын “Хаан банк”-ны депозит дансны хуулга /1хх 149/,

хохирогч Б.Э “...2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр цайны цагийн үеэр С.Э,  Д.Б хоёр манай ажил дээр ирсэн юм. Тэгээд 30.000.000 төгрөг зээлээч гэхээр нь “одоо надад алга байна. Хүнээс асууя” гэж хэлсэн. Тэгээд “хэрвээ 30.000.000 төгрөг өгвөл 40.000.000 болгоно, 20.000.000 төгрөг өгвөл 30.000.000 төгрөг болгоод өгнө, одоо өгвөл наадмын өмнө буцаагаад өгчихнө, барилга бариулж байгаа компаниас мөнгө орж ирнэ” гэхээр нь нээрээ ч богино хугацаанд 10.000.000 төгрөгийн ашиг олвол зүгээр юм байна гэж бодоод би хүнээс асууж байгаад 20.000.000 төгрөг олоод 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр С.Эын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Наадмын үеэр залгаад асуухад өнөөдөр, маргааш гэсээр байгаад сүүлдээ утсаа авахгүй алга болсон. ... Д.Б “ахынх нь иргэний үнэмлэх байхгүй байна. С.Эын данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлээд би С.Эын данс руу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн үед шилжүүлсэн. Би өөрийн 95957070 дугаарын утсаар  Д.Б руу залгаад “мөнгийг чинь хийчихсэн шүү” гэж хэлэхэд “за” гэж хэлсэн. ...Тэр үед өөрийнхөө найз Бэгзийн машин зарсан мөнгийг нь аваад өгч байсан. Тэрнээс хойш найз Бэгзид би мөнгийг нь өөрөөсөө төлөөд дуусгасан. ...Надад учирсан хохирол болох 20.000.000 төгрөгийг эргүүлж өгвөл өөр гомдол санал байхгүй. ...” /1хх 98-100, 176, 3хх 71, 199/,

гэрч Д.Бгийн “...Б.Д.Э  Д.Б ахаас мөнгөө нэхээд залгахаар  Д.Б ах “би мөнгийг чинь удаахгүй ээ, санхүүжилт ороод ирэхээр өгнө” гэж удаа дараа хугацааг нь хойшлуулаад худлаа хэлдэг байсан. ...Д.Эгаас мөнгө авсан гэж өөрөө надад хэлж байсан юм. Би С.Эын дансаар 20.000.000 төгрөг шилжүүлж авсан талаар сүүлд мэдсэн. ...” /1хх 179-181/,

гэрч Б.Дгийн “... Д.Б нь Б.Д.Эгаас “20.000.000 төгрөг  олоод өгчих хүүтэй нь 30.000.000 төгрөг болгож өгнө” гэж хэлсэн юм.  Д.Б мөнгө гуйгаад суугаад байсан. ...” /1хх 182/,

яллагдагч С.Эын “...хохирогч Б.Д.Э намайг биш  Д.Бийг мөнгө авсан талаар хэлдэг. Би энэ мөнгийг аваагүй талаар нотлох баримтаа гаргаж өгнө. ...” /3хх 125, 201/,

яллагдагч  Д.Бийн “...Би С.Этой уг хэргийг хамтарч бүлэглэсэн асуудал байхгүй. Энэ мөнгийг би аваагүй С.Эын асуудал учраас надад хамаагүй гэж үзэж байна. ...” /3хх 127/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч  Д.Бийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч  Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч  Д.Бийн өмгөөлөгч С.Батжаргалаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүхээс  Д.Б нь залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч  Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар  Д.Бийн цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 7 сар 30 хоногийн хугацаагаар тогтоож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  Д.Бт оногдуулсан 7 сар 30 хоног хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад тухайн гэмт хэрэг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдож байхад яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд “2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн” мэтээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг буруу бичсэн байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж зөвтгөв.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч  Д.Бийн өмгөөлөгч С.Батжаргалын гаргасан давж заалдах хэрэгсэхгүй болгох нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч С.Эод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Б.Эрдэнэбаягаланд учирсан хохирол болох 20.000.000 төгрөгийг шүүгдэгч  Д.Боос гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Боржигон овгийн Сүхбатын С.Эод холбогдох заалтуудыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Эод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч  Д.Б, С.Э нараас тус бүр 10.000.000 төгрөгийг гаргуулж, нийт 20.000.000 төгрөгийг хохирогч Д.Эд олгосугай. ...” гэснийг,

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч  Д.Боос 20.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эд олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

                                  ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ