Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2024/00098/И |
Дугаар | 133/ШШ2024/00224 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 133/ШШ2024/00224
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **********************нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ************************-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн Шандын 309 тоот хаягт тус тус байршилтай, 160 мкв талбайтай орон сууц, 75 мкв талбайтай өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Бид нар 1992 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын "Үнэн" нэгдлээс худалдан авсан 4 айлын орон сууцанд одоог хүртэл амьдарч байгаа.
Уг угсармал модон орон сууцанд сумын ясли ажиллаж байгаад 1991 оны 07 дугаар сарын тооллогын дараа сумын өмч хувьчлалын комиссын шийдвэрээр яслид ашиглуулах боломжгүй гэсэн шийдвэр гарсан.
Үнэн нэгдлийн өмч хувьчлалын комисс дээрх орон сууцыг хувьчлахад тухайн үеийн нягтлан бодогч *******, *******, эдийн засагч *******, механикч ******* нар нь 80,000 төгрөгөөр худалдан авч байсан
Одоо *******оос *******, *******гөөс *******, *******гээс ******* нар авч амьдарч байгаа. ******* нь энэ байрандаа 31 жил амьдарч байгаа.
Уг барилга 1978 онд ашиглалтад орсон анхны үнэ 91,700 төгрөг, элэгдэл хорогдлын шимтгэл 40,531 төгрөгийг хасаад үлдэгдэл өртөг нь 51,169 төгрөг байсныг Өмч хувьчлалын комисс хэлэлцээд нийт 80,000 төгрөгөөр 4 айлд худалдсан байдаг.
Гэвч өмч хувьчлалын баримт материал нь архиваас олдохгүй байгаа, орон нутгийн өмчийн албанд бүртгэлгүй байдаг учир манай 4 өрхийн өмчийн орон сууц болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн Засаг даргын тодорхойлолт
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн Засаг даргын тодорхойлолт
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн Засаг даргын тодорхойлолт
- Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан/*******, *******, /
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 573 дугаар албан бичиг
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан *******, *******, Д.Баззаррагча, ******* нарын өргөдөл
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 581 дүгээр албан бичиг
- Нас барсны бүртгэлийн лавлагаа/*******/
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар Хаягжуулах ажлын тухай тогтоол
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын газрын даамлын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/04 дүгээр албан бичиг
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тойм зураг, Өмч хувьчлалын баримт
- Гэрч *******, *******, нарын мэдүүлэг
5. Хариу тайлбарын агуулга: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлээс 1992 онд өмч хувьчлалын шийдвэр гарч, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргажээ.
Уг барилга нь орон нутгийн хөрөнгийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй байгаа тул өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй.
6. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.
7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газар-т холбогдуулан Өмч хувьчлалаар худалдан авснаас хойш эзэмшиж байгаа гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газар нь Өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн орон сууц нь орон нутгийн өмчид бүртгэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******, *******, ******* нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар гаргажээ.
4. Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн Шандын 309 тоот хаягт тус тус байршилтай, 160 мкв талбайтай орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа болох нь:
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын 5-р багийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай нь ам бүл 5, эхнэр, хүүхүүдийн хамт амьдардаг. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн харъяат ба сумын төв Шандын 303 тоот хаягт байрлах 4 айлын орон сууцанд оршин суулаг болохыг тодорхойлов гэх албан бичиг,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын 3006634 кодтой Баарай овогтой хэрэглэгч нь амины орон сууцны хэрэглэсний тог цахилгаан төлбөрөө төлсөн дансны дэлгэрэнгүй тайлан,
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 573 дугаартай Та бүхэн өмчлөх эрхийг гэрчилсэн нотлох баримтыг нэмж бүрдүүлэх эсвэл дээрх орон сууцны өмчлөх эрхтэй гэдгээ шүүхээр тогтоолгосны дараа дахин хандана уу гэх албан бичиг,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/04 дүгээр албан бичигт Тус архивт хадгалагдаж байгаа баримтад Үнэн нэгдлийн өмч хувьчлалын баримт байхгүй,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 581 дүгээр албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Тонхил сумын Үнэн нэгдлийн өмч хувьчлалын баримт байхгүй-г тус тус тодорхойлжээ.
- Гэрч гийн мэдүүлэгт: Гэрчилгээ байхгүй. Говь-Алтай аймгийн, аймгийн төвөөс манай гэр бүл 1992 онд Говь-Аптай аймгийн Тонхил сумруу шилжсэн. Тонхил суманд шилжин ирээд гэрт амьдарч байгаад 4 айлын орон сууц хувьчлагдаж, худалдаж авахаар тухайн үед хувьчилж авсан хувийн компанийн захирал н.Заяа гэх хүнээс миний нөхөр н. /одоо нас барсан/ 22.000 /хорин хоёр мянга/ төгрөгөөр 1994 онд худалдаж авсан. Худалдаж авсан байрны номерыг мэдэхгүй. Тухайн үед номер хаяг байгаагүй. Хувьчлах комисс гэж байсан боловч өөрт нь хувьчилж гэрчилгээ олгосон зүйл байгаагүй. Манайд гэрчилгээ өгөөгүй. н.Заяа гэдэг хүнээс авахдаа компанийн дансанд 22.000 төгрөгийг шилжүүлж худалдаж авсан санагдаж байна. 22.000 төгрөгөөр авсан гэдгээ маш сайн санаж байна. Мөнгийг бүтэн шилжүүлсэн. Бид сүүлд тухайн худалдаж авсан байрандаа хашаа татаж, автомашины гарааш барьж, дэлгүүр ажиллуулж байгаад түүнийгээ 6.000.000 /зургаан сая/ төгрөг орчимоор зарж байсан. ******* гэж бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. н.Заяа гэж хүн байсан. Бодвол бүтэн нэр нь ******* гэдэг байсан юм байлгүй. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Гэрээ бид байгуулаагүй. Аман гэрээ хийгээд мөнгө өгч авалцаад өмчилж авч байсан. 1994 онд 22.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахдаа мөнгийг бүтнээр нь компанийн дансанд төлж байсан. Одоо миний хувьд өмчлөх эрхийн талаар маргаад байх зүйл байхгүй. Бид олон жил амьдарч байгаа өөрсдийн өмчийг бусдад худалдсан. 2006 онд ******* гэж хүнд 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр худалдаад хот руу нүүсэн. *******тэй албан ёсны гэрээ хэлэлцээр хийгээгүй. Бас л аман гэрээний дагуу байрыг худалдсан. Мөнгийг нь бүтэн авсан. Гэрээний нөхцөл гэдэгчинь бид аман гэрээгээр худалдаж, худалдаж авсан одоо миний зүгээр орон сууцны өмчлөх эрх дээр маргаан байхгүй орон сууцыг *******ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. ******* төлбөрийг бидэнд бүрэн шилжүүлсэн болохоор гэрээний нөхцөл хэрэгжсэн гэж бодож байна. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Компанид хувьчлагдаж очсон байсан байрыг хувиараа аман гэрээ хийгээд худалдаж авсан. Албан ёсны бичиг баримт үйлдсэн зүйл байхгүй. Гэрчилгээ гаргуулъя гэсэн бодол байгаагүй. Угаасаа төлбөрийг нь төлөөд өөрсдийн болгоод гарааш хийгээд, хашаа татаад, дэлгүүр ажиллуулаад өчнөөн олон жил амьдарсан болохоор бидний хөрөнгө. Тэгээд түүнийг ******* гэдэг нэртэй хүнд худалдаад хотруу шилжиж ирсэн. Аймгийн төвийн Тамгын газарт бүртгэл байж магадгүй гэж бодож байна. Сайн мэдэхгүй байна. Нарийн хайвал байж магадгүй гэж бодож л байна. Одоо тод санах зүйл байхгүй. Тухайн байрыг би хувийн өмч гэж худалдаж авсан. Авсан хувийн өмчийг өөр айлд зарсан. Тэрнээс тухайн үед захиргаанаас төрийн өмч, хувийн өмч гэж ялгаж бүртгэж байсан зүйл байхгүй. Ахуйн үйлчилгээ гэдэг байшин барьсан байсан. Түүнийг л захиргааны байр гэж нэрлэх байх. Өөр бусдаар бүгд л хувьчлагдсан. Бичиг баримт олгоогүй хувьчлагдсан, гэх мэдүүлэг,
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нарын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн Шандын 309 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.
5. Үзлэгийн ажиллагаанд Тонхил сумын газрын даамал г оролцуулж, нэхэмжлэгчийн эзэмшиж буй орон сууцны байршил, талбайн хэмжээг харуулсан тойм зургийг үйлдүүлсэн.
Тойм зургаас үзэхэд нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарын эзэмшиж буй орон сууц нь 160 метр квадрат/10х16 харьцаатай/ талбайтай, өргөтгөл хэсэг нь тус бүртээ 37.5 метр квадрат/3.75х10 харьцаатай/ талбайтай, нэг оршин суугчид ногдох орон сууцны талбайн хэмжээ нь 40 метр квадрат, өргөтгөлийн талбайн хэмжээ нь 18.75 метр квадрат байна.
Уг орон сууц/өргөтгөлийн хамт/-наас оршин суугч нарт ногдох хэсгийн талбайн хэмжээ нь адил тэнцүү тул сууц өмчлөгч тус бүрт ногдох талбайн хэмжээний талаар нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нар нь ямар нэг маргаангүй гэж тайлбарласан нь үзлэгийн тэмдэглэлд тусгагджээ.
Үзлэгийн ажиллагаагаар Тонхил сумын газрын даамал гээр хэмжүүлсэн дээрх орон сууц, түүний өргөтгөлийн талбайн хэмжээ нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр газар зүйн солбицолд үндэслэсэн кадастрын нарийвчилсан хэмжилт хийлгэхэд өөрчлөгдөх боломжтойг дурдах нь зүйтэй.
Үзлэгийн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт, тойм зургаас үзэхэд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн Шандын 303,305,307,309 тоот хаягт байршилтай орон сууцанд нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарын 4 айл эзэмшиж байна.
6. Дээрх үзлэгийн ажиллагааны хүрээнд *******т хадгалагдаж буй Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Өмч хувьчлалын материал-д үзлэг хийж, Өмч хувьчлах ажлын удирдамж, Үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэл-ийг зохих журмын хуулбарлан баталгаажуулж, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Өмч хувьчлалын материал-д авагдсан 1991 оны 07 дугаар сарын үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэлд 4 айлын модон орон сууц, 1978 онд ашиглалтад орсон, сайн чанартай, анхны үнэ 91,700 төгрөг, элэгдэл хорогдлын үнэ 40,531 төгрөг, үлдэгдэл үнэ 51,190 төгрөг, яслид ашиглуулж байгаа гэжээ. Тус нэгдлийн 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан Өмч хувьчлах ажлын удирдамж-д дээрх орон сууцны талаар тухайлан дурдаагүй байх бөгөөд 2 дахь хэсгийн г заалтад Олон жил ашиглагдсан ... барилга байшинг ашигласан хугацаа, хийсэн засвар, үйлчилгээ, тухайн хөрөнгийн чанар байдлыг харгалзан дахин шинээр үнэлнэ, 3 дахь хэсгийн 1 дэх заалтад Үнэн нэгдэл өмчөө хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан хувьцаа эзэмшүүлэх, эсхүл хувьд нь худалдах аргаар явуулна гэжээ.
Өмч хувьчлалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно гэжээ.
Үзлэг хийсэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Өмч хувьчлалын материал-д Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн Шандын 303,305,307,309 тоот хаягт байршилтай модон орон сууцыг нэхэмжлэгч нарт хувьчилж, шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгосон гэх Өмч хувьчлах комисс-ын шийдвэр авагдаагүй байсан нь тэмдэглэлд тусгагджээ.
Үзлэгийн тэмдэглэл, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг болон Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтаас үзэхэд өмч хувьчлалын үндсэн дээр эзэмшиж буй орон сууцны шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон өмчлөх хувьчлах комиссын гэрчилгээ байхгүйн улмаас нэхэмжлэгч ******* нь өмчлөх эрхээ шүүхээр тодорхойлуулах шаардлага үүссэн байна.
7. Дээрх амины орон сууц нь улсын болон орон нутгийн өмч, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын тамгын газар, бусад байгууллага, иргэдийн өмчлөл эзэмшилд байхгүй буюу бусдын зүгээс өмчлөлийн маргаангүй, эрхийн доголдолгүй болох нь тогтоогдож байна.
8. Иргэний хууль/1963 он/-ийн 75 дугаар зүйлд Гэрээний дагуу олж авсан эд хөрөнгийг өмчлөх эрх нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол уул эд хөрөнгийг шилжүүлсэн үеэс эхлэн үүснэ гэжээ.
Хуулийн дээрх зүйлийг энэхүү иргэний хэргийн үйл баримтад хэрэглэж, эрх зүйн дүгнэлт хийхэд нэхэмжлэгч *******ийн тухайд гээс 2006 онд худалдан авсан үеэс үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хууль/2002 он/-ийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ.
Гэвч нэхэмжлэгч ******* нь эзэмшиж буй орон сууцаа гэрч гээс худалдан авах үед уг орон сууц нь эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан тул өмчийг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байх шаардлагыг тавих боломжгүй.
9. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэжээ.
Иймд овгийн ийг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн Шандын 309 тоот хаягт байршилтай, 40 мкв талбайтай орон сууц болон 18.75 мкв талбайтай өргөтгөл-ийн өмчлөгч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан хуулийн дээрх хэсгийн дагуу тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.
Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутын шүүх хуралдааныг товыг хариуцагчийн төлөөлөгч 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдэгджээ.
Шүүх хуралдааны товыг урьдчилан мэдсэн хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, үүнтэй холбогдуулан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх эсэх байр суурийг нэхэмжлэгч *******өөс тодруулах боломжгүй байсан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно гэж заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар овгийн ийг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн Шандын 309 тоот хаягт байршилтай, 40 мкв талбайтай орон сууц болон 18.75 мкв талбайтай өргөтгөл-ийн өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ