| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2017/0150/э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2017-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Хохирогч, шүүгдэгч Х.Э, Л.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ш нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.Э
Л.Ш
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэнд/
Шүүгдэгч Х.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Л.Шыг цохиж зодож, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Л.Ш нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Х.Э, О.Н нарыг цохиж зодож, бие махбодид нь хонгон хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Л.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 09 сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд Дэнжид байдаг найз Сын гэрт Э, Ц гэх залуу бид 4 сэрүүн 0.5 литрийн 8 пиво, 2 литрийн сэрүүн пиво 1-г хувааж уугаад Сын гэрээс 18 цагийн орчим С, Ц, Э бид 4 гараад баруун тийшээ явж байтал араас хүн хөөе гэж дуудахаар нь би эргээд хартал өндөр биетэй залуу 3-4 насны хүүхэд тэвэрчихсэн байсан. Хөөе банди нар минь гэхээр би яахаараа бид нарыг банди минь гэдэг юм гэж хэлтэл байж байгаарай гээд буцаад орсон. Тэгээд бид 4 дэнжийн худгийн хажууд байж байтал нөгөө хүүхэд тэвэрсэн байсан залуу 2 залуу дагуулж ирээд миний ард хөлөө тавиад эрүү рүү баруун гараараа нэг удаа цохьсон.Тэгээд би газар унасан. ...С, Э, Ц бид 3 яваад би хойд талын гудамжаар гараад иртэл Э нөгөө залуутай Дэнжийн тоглоомын саадны хажууд Хорго дэлгүүрийн хойно зууралдаад байж байсан. Э нөгөө залуугийн нүүр лүү баруун гараараа 2-3 удаа цохьсон нөгөө залуугийн хамраас цус гарсан байсан гэсэн мэдүүлэг
Гэрч Д.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “....дэнжийн цагаан худгийн тэнд явж байтал араас танихгүй 2 залуу гарч ирээд шууд Нийг цохиод унагасан. Тэгээд Э салгах гэж очоод амаа дараад шүд уначихлаа гэсэн. ...Нөгөө залууг Хоргын дэлгүүрийн баруун талд явж байхад нь Э араас нь гүйж очоод нөгөө залуутай ноцолдоод эхэлсэн. Тэгсэн нөгөө залуугийн хамраас цус гарсан байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Араас нь явж арын гудамжинд нөгөө залуутай тааралдаад Э ах нөгөө залууд эр хүн шиг зохицоё гэсэн чинь нөгөө залуу томроод Дорноговийн цагдаа миний гараас гарахгүй маягийн юм яриад байсан. Тэгэхээр нь Э ах нөгөө залуутай барилцаж аваад Э нүүр лүү нь цохиод авсан чинь хамраас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг
Гэрч У.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Надтай маргасан залуу нь худаг руу шээгээд зогсож байхад нь Ш очоод бид нар наанаас чинь ундны усаа авч уудаг ш дээ яагаад шээгээд байгаа юм гэж хэлтэл өөдөөс нь юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна. Ш нөгөө залууг цохиод унагаасан манай эхнэр хашаанаас гарч ирээд намайг хүүхэд тэврээд зогсож байхад гэр лүү аваад орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт /хх-ийн 43,48,53/
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 40,47,52,/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85-86,106,107,124,125/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн,хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Х.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Л.Штай маргалдсанаас зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.Ш нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Х.Э, О.Н нартай маргалдснаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч,хохирогч,гэрч нарын мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч Х.Эд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ,шүүгдэгч Л.Шт эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Х.Э, Л.Ш нарт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Х.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.Шыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Э, О.Н нар нь шүүгдэгч Л.Шаас, хохирогч Л.Ш нь шүүгдэгч Х.Эгаас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Э, Л.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х:Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.Шыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Х.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр, шүүгдэгч Л.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, Л.Ш нарт оногдуулсан торгох ялыг нэг сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, Л.Ш нар нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Х.Э, Л.Ш нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Э, Л.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН