| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2109 00787 1049 |
| Дугаар | 2022/ДШМ/345 |
| Огноо | 2022-03-31 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ДШМ/345
Д.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Отгонбаатар,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШТ/23 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Отгонбаатарын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Д.С-д холбогдох 2109 00787 1049 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ийн С, 1993 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... төвийн ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД: ... /,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хуулийн тэгшитгэлд хамрагдаж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;
Д.С нь Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдийг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн хурлаас ярьж байна” гэж итгүүлэн улмаар “Ардын хувьсгалын ойг тохиолдуулан танай байгууллагын ажилчдыг төрийн одон медальд хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
“...иргэн Ц.П-ын 50хххххххх тоот данснаас 54хххххххх дугаартай данс руу шилжсэн 3.360.000 төгрөгийн шилжүүлэг интернет банкаар шилжүүлсэн гүйлгээ эсхүл бэлэн зарлагын гүйлгээ, эсхүл АТМ-аар хийгдсэн гүйлгээ аль нь болохыг банкнаас тодруулах, иргэн Ц.П-аас шүүгдэгчид холбогдох хэрэгт огт мэдүүлэг аваагүй байх тул түүнээс энэ хэрэгт холбогдуулан тайлбар мэдүүлэг авах, 54хххххххх тоот дансны эзэмшигч хэн болохыг тогтоож 54хххххххх тоот данс эзэмшигчээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 07 минутад шилжиж орж ирсэн 3.360.000 төгрөгийг хэн гэж этгээд түүнд шилжүүлсэн болохыг, түүний дансанд шилжин орж ирсэн 3.360.000 төгрөгийг хэн авч ашигласан талаар тайлбар мэдүүлэг авах шаардлагатай...
...иргэн А.А-ээс шүүгдэгчид холбогдох энэ хэрэгт мэдүүлэг аваагүй байх тул А.А-ээс тайлбар, мэдүүлэг авах, 55хххххххх тоот данснаас 2.000.000 төгрөгийн гүйлгээ бэлнээр буюу банкны теллерээс гарсан эсэхийг Хаан банкнаас тодруулах, хэрэв дээрх гүйлгээ банкны бэлэн гүйлгээгээр гарсан бол Хаан банкны аль салбараас уг гүйлгээ хийгдсэн болох, гүйлгээ хийсэн этгээд хэн болохыг тодруулах шаардлагатай...
...Хэдийгээр шүүгдэгч Д.С нь өөрийн гэм буруутай үйлдэлдээ маргаагүй ч хохирогч нарын шилжүүлсэн мөнгийг өөр хэн нэгэн авч ашигласан байх магадлалтай, эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байхад түүний бусдад учруулсан хохиролд шууд дүгнэлт хийж шүүгдэгчээр төлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл болон шударга ёсны зарчимд үл нийцнэ...
...Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэж Д.С-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор М.Отгонбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан нэр бүхий 43 хохирогчийн мэдүүлэгт 90хххххх дугаараас залгаж “Нийслэлийн Иргэдийн хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын шагнал урамшуулал хариуцсан мэргэжилтэн байна. Танай ажилтныг төрийн одон медальд тодорхойлсон, шагналын хураамж гэхээр нь мөнгө шилжүүлсэн талаар мэдүүлсэн бөгөөд энэхүү үйлдлийг Д.С нь хийж өөрийн эзэмшлийн 50хххххххх дугаарын данс болон бусдын дансыг ашиглан шилжүүлэн, тухайн цаг хугацаанд мөнгийг өөрийн болон бусдын данснаас авсан байдаг. Тухайлбал Д.С-ийн эзэмшлийн 50хххххххх дугаартай дансны хуулга /1хх 13, 62-67, 131, 4хх 26/, Д.С-ийн хохирогч нар руу 90хххххх дугаарын утсаар ярьсан, тухайн дугаарын лавлагаа /1хх 244-250, 2хх 1-18/ зэрэг баримтаар тогтоогдоно. Дээрх нотлох баримтуудаар Д.С нь хохирогчоор тогтоогдсон бүх хохирогч нартай ярьж, мөнгө шилжүүлэн авсан бөгөөд прокурорын зөвшөөрлөөр Д.С-ийн 50хххххххх дугаартай дансны шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан /2хх 46/-ы дараа тэрээр бусдын дансыг ашиглан дээрх үйлдлээ үргэлжлүүлэн хийсэн. Ингэхдээ шүүхийн тогтоолд заасан хохирогч Г.А-аас 3.358.200 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ц.П гэгчийн 50хххххххх дугаарын дансыг ашиглаж, хохирогч Ц.Г-аас 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр А.А гэгчийн 55хххххххх дугаартай дансыг ашиглан 2.118.200 төгрөг тус тус шилжүүлэн авсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Д.С нь хэн нэгэнтэй гэмт хэрэг хамтран үйлдсэн талаар мэдүүлээгүй. Зөвхөн дээрх хоёр хохирогчийн шилжүүлсэн мөнгийг авч чадаагүй буюу данс эзэмшигч нар авсан гэдэг нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хэдий ч А.А-ийн дансыг 2021 оны 7 дугаар сараас эхлэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байдаг.
Учир нь, тэрээр хохирогч Ц.Г-аас 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 55хххххххх дугаартай дансыг ашиглан 2.118.200 төгрөг авсан цаг хугацааны өмнө буюу хохирогч Д.Б-оос 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 2.650.300 төгрөгийг дээрх дансыг ашиглан шилжүүлж авсан /5хх 143/, мөн хохирогч Г.А-аас 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ц.П гэгчийн 50хххххххх дугаарын дансыг ашиглаж 3.360.000 төгрөг авсан цаг хугацаанаас хойш Б.А гэгчийн 50хххххххх дугаартай дансыг ашиглан хохирогч Г.А-аас дахин 2.875.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь /5хх 202-204/ баримтаар тогтоогдсон тул дээрх хоёр хохирогчийн шилжүүлсэн мөнгийг Д.С авч чадаагүй гэж үзэх боломжгүй байна. Тэрээр бусдын дансыг ашиглан хохирогч нараас шилжүүлсэн мөнгийг АТМ-аас авч байгаа талаар хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 59, 200-201/, авагдсан баримтаар мөн нотлогдоно.
Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШТ/23 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Д.С нь хохирогч Г.А-д Ц.П-ын дансыг, хохирогч Ц.Г-д А.А-ийн дансыг өгсөн ба хохирогч нарын шилжүүлсэн мөнгийг хэн авсан болох, тэдгээрийн данс руу хийгдсэн гүйлгээ нь ямар гүйлгээ болох, Ц.П, А.А нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай” гэсэн үндэслэлийг зааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоол үндэслэлгүй болжээ.
Хохирогч Г.А, Ц.Г нар нь шүүгдэгч Д.С-ийн “Шагналд тодорхойлно, тэмдэгтийн хураамж төлнө” гэсний дагуу Ц.П, А.А нарын данс руу мөнгө шилжүүлсэн талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх тогтоолоор, шүүгч захирамжаар иргэний хариуцагчаар татахаар хуульчилсан.
Иймд, хохирол төлбөр хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, бусдын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, эд хөрөнгөөс мөнгө шилжүүлэн авсан эсхүл өөрт авч ашигласан нь тогтоогдсон тохиолдолд уг мөнгийг иргэний хариуцагчаас гаргуулах, иргэд хоорондын харилцааны үндсэн дээр төлөх бусад төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эсэх зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байна.
Хэрэгт нэгэнт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах, шинжлэн судлахаас татгалзах, нотлох баримтаар тооцохгүй байх, бусад нотлох баримттай харьцуулах замаар үнэлж дүгнэх зэрэг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хуульчилсан тул хуулийн заалтыг чанд мөрдөх замаар Д.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, прокурор М.Отгонбаатарын “шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх”-ээр бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШТ/23 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.С-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байх зорилтод нийцнэ.
Шүүгдэгч Д.С-ийн холбогдсон гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл түүнд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШТ/23 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Д.С-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц. ОЧ