Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/346

 

Э.А, М.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/158  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжиний бичсэн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Э.А, М.Т нарт холбогдох 2102 00368 0263 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Э-ын А, 1999 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ө” ХХК-д ажилладаг гэх, ам бүл 4, эцэг, эх, эмэг эх нарын хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Т овгийн М-ын Т, 2000 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эцэг, эх, эмэг эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1916 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

М.Т, Э.А нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Гачуурт гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 8 дугаар сарын 23-30-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод дээрх түүж бэлтгэсэн “өвс” гэх нэршилтэй, ногоон өнгийн шошготой хуванцар савтай 190.4 грамм, улаан өнгийн шошготой хуванцар савтай 143.8 грамм, хар өнгийн гялгар ууттай 111.5 грамм, цэнхэр өнгийн гялгар ууттай 312.4 грамм, зиплок ууттай 29.7 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: М.Т, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт М-ын Т, Т овогт Э-ын А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн гүйцэтгэж, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т-г 1 жил 6 сарын хугацаагаар, Э.А-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан хуванцар савтай өвс мэт ургамал цэвэр жин нь 189.8 грамм, “2” гэж дугаарласан улаан өнгийн шошготой, өнгөгүй хуванцар савтай, ногоон өнгийн ургамал цэвэр жин нь 143.4 грамм, “3” гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл цэвэр жин нь 111.1 грамм, “4” гэж дугаарласан зиплок уутанд хийсэн хар өнгийн асаагуур 1 ширхэг, “5” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл цэвэр жин нь 312.1 грамм, “7” гэж дугаарласан зиплок гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл цэвэр жин нь 29.2 грамм “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис зэрэг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, мөн тус газарт хадгалагдаж байгаа ZN8211840 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АК3334348 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг Монгол Банкинд шилжүүлж, “6” гэж дугаарласан “Айфон 6” загварын гар утсыг шүүгдэгч М.Т-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Т, Э.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...М.Т-д 1 жил 6 сарын хугацаагаар, Э.А-д 1 жилийн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна. Учир нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэх 4 үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Шүүгдэгч нарын үйлдэл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх хоёр шинжийг агуулсан байхад шүүх ямар үндэслэлээр шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн, шүүгдэгч нар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуурт гэх газраас түүж бэлтгэсэн байхад тэдгээрийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох гэсэн чиглэл заасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Шүүхээс хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан. Ялыг хөнгөдсөн гэж үзэж байгаа нь шүүхийн эрх хэмжээ болон шүүгчийн дотоод итгэл рүү халдсан асуудал гэж үзэж байна. Өсвөр насны залуучуудад заавал хорих ял оногдуулах зорилго агуулах нь хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай харшилна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хүнийг заавал хорих ялаар шийтгэхэд байдаггүй. Тухайн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх гэх мэтийн олон зорилгыг агуулсан байдаг. ...Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 158  дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.А, М.Т нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав.

Нийслэлийн Прокурорын газраас М.Т, Э.А нарыг бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Гачуурт гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 8 дугаар сарын 23-30-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод дээрх түүж бэлтгэсэн “өвс” гэх нэршилтэй, ногоон өнгийн шошготой хуванцар савтай 190.4 грамм, улаан өнгийн шошготой хуванцар савтай 143.8 грамм, хар өнгийн гялгар ууттай 111.5 грамм, цэнхэр өнгийн гялгар ууттай 312.4 грамм, зиплок ууттай 29.7 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Э.А, М.Т нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн гүйцэтгэж, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Т-г 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Э.А-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглож шийдвэрлэснийг прокурор “...ямар үндэслэлээр шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй...” үндэслэлээр эс зөвшөөрч, эсэргүүцэл бичжээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.

Шүүх хууль дээдлэх ёсыг сахиулахын зэрэгцээ өөрөө түүндээ захирагдах ёстой учраас өөрийн шийдвэрийг хуулийг тайлбарлах зөв аргыг хэрэглэж, хууль зүйн үндэслэлээр зөвтгөсөн байх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрт зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т-г 1 жил 6 сарын хугацаагаар, Э.А-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн үндэслэлийг хянахад гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн ямар шинж чанарыг харгалзсан, ямар нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болсон талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчжээ. Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд, прокурор Г.Билгүүжиний шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.А, М.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.А, М.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Э.А, М.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ       

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ