Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2017/0740

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Б******* ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/480 дугаар захирамжаар Нийслэлийн боловсролын газарт бага сургууль, цэцэрлэг барих зориулалтаар зарим газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон байх ба уг захирамжийн 1.3-т ...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Монгол шилтгээний зүүн талд байршуулан 5000 м.кв газар гэж тусгагдсан болно.

Энэхүү захирамжид дурдсан тус компанийн газар нь Нийслэлийн боловсролын газарт бага сургууль, цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон байршилтай давхцал үүссэнийг Нийслэлийн Газрын албанаас тус бага сургууль, цэцэрлэгийн газрын байршлыг шилжүүлж, давхцлыг арилгаж шийдвэрлэсэн болно.

Иймд тус компаний Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б******* ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* гаргасан ба түүнд итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах эрх олгогдсон байх тул мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд ийнхүү бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлснийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА