Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/347

 

Ц.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ц.Д-ийн өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Д-ийн өмгөөлөгч Ц.Мандалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ц.Д-д холбогдох 2106 00000 2558 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Ц-ийн Д, 1989 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, гэрийн модны үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар баг, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Ц.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хэсгийн ... тоотод хохирогч Х.Г-тай маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдлээр биед нь халдаж, нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн шинэ эцсийн буудал дээр хохирогч Х.Б-ы нүүрэн тус газарт нь шалтгаангүйгээр хоёр удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн доод 4 дүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Ц.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О овогт Ц-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-оос 831.030 төгрөг гаргуулан хохирогч Х.Г-т олгохоор, хохирогч Х.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Х.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Д-ийн өмгөөлөгч Ц.Мандал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дараа хохирогч Х.Г-т эмчилгээний зардал 831.000 төгрөгийг, мөн нэмж 669.000 төгрөгийг, нийт 1.500.000 төгрөг төлсөн. Мөн Ц.Д нь өвчтэй, өндөр настай ээжийгээ асарч, хамт амьдардаг, өөрөө 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, Ц.Д-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Ц.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хэсгийн ... тоотод хохирогч Х.Г-тай маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Г-ын: “...Нэг шил архи авч Ц.Д-той хувааж уусан. Сүүлийн архиа уугаад би нэлээн согтоод нэг ухаан ороход газар хэвтэж байсан. Гэтэл Ц.Д миний гэдэс, хэвлий хэсэгт өшиглөөд байсан. ...” /хх 9-10/,

гэрч Г.Ц-ы: “...Аавын утас руу нь залгаад хайж байгаад нэг айлын хашааны үүдэнд сууж байхаар нь би машиндаа суулгаад юу болсон талаар асуухад “Гэрийн мод хийдэг газрын илүү гэрт нь байсан жижиг шар залуу аавыг нь зодсон” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 14-15/,

шүүгдэгч Ц.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Х.Г ах нэг шил архи барьж орж ирээд бид хоёр хувааж уусан. ...Х.Г ах намайг сохор, доголон гээд хэл амаар доромжлоод байхаар нь Х.Г ахын хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. ...” /хх 44/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Х.Г-ын эрүүл мэндэд нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20837 дугаартай дүгнэлт /хх 32-33/ зэрэг нотлох баримтуудаар,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн шинэ эцсийн буудал дээр хохирогч Х.Б-ы нүүрэн тус газарт нь шалтгаангүйгээр хоёр удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн доод 4 дүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Б-ы: “...2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ автобусны буудал дээр автобус хүлээгээд сууж байхад харааны нүдний шилтэй залуу ирээд үгийн зөрүүгүй миний нүүрэнд 2 удаа өшиглөөд зугтсан. Би араас нь хөөж чадаагүй зодуулсан газраа үлдсэн. ...Маргааш нь хэсгийн байцаагч бид хоёр Ц.Д-ийн ажилладаг үйлдвэрт очиж уулзсан. Ц.Д намайг цохиж зодсоноо мэдэж, хүлээн зөвшөөрч байсан. ...” /хх 62, 65/,

шүүгдэгч Ц.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүрэг, Улиастайн эцэст байрлах гэрийн модны үйлдвэр рүү явж байхад Улиастайн эцсийн автобусны буудлын хашилган дээр сууж байсан эрэгтэй хүний нүүр хэсэгт хоёр удаа өшиглөхөд тэр хүн газар өвдөглөөд унасан. ...Х.Б-тай анх уулзахад биед нь ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Х.Б-ы биед учирсан гэмтлийг би учруулсан. Надаас өөр Х.Б-ыг зодож, цохисон хүн байхгүй. ...” /хх 89/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Х.Б-ы эрүүл мэндэд зүүн доод 4 дүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7431 дугаартай дүгнэлт болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Ц.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Д-ийн өмгөөлөгч Ц.Мандал “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Ц.Д нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Х.Г-т гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 1.500.000 төгрөгийг төлж, түүнийг хохиролгүй болсон, хохирогч нь “Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандалын гаргасан хорих ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Х.Г-т гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтын “...4 жилийн хугацаагаар хорих ял...” гэсэн хэсгийг “...2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

            3 дахь заалтын “...4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар...” гэсэн хэсгийг “...2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Х.Г-т гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 52 /тавин хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ