Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж Улсын яллагч: Н.Цогтбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Жаргалсайхан Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал Хохирогч: Б.Эрдэнэчимэг Шүүгдэгч: Д.Баярмагнай Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан, гэрч Д.Батбаатарыг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овгийн Дамбаасүрэнгийн Баярмагнайд холбогдох 201603000503 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 5 хүүхэд, хадам ээжийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Улаан хошуу гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Өөлд овгийн Дамбаасүрэнгийн Баярмагнай /РД:АЖ73040410/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Д.Баярмагнай нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны орой Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Улаан ганга гэх газарт шороон зам дээр өөрийн эзэмшлийн 29-95 УБГ улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Б.Эрдэнэчимэгийг автомашинаар мөргөж, түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан, улмаар зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.Баярмагнайн мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 сарын 09-ны өдрөөс 10-ны шилжих орой хуриманд оруулсан хүмүүсийг хүргэж өгчихөөд буцаж явсан юм. Тухайн үед гадаа цас орчихсон, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зарим хэсгээрээ цас хайлаад урсчихсан байдалтай байсан. Намайг явж байхад зам дээр нэг зүйл сүүдэгнэх шиг болсон. Тормосоо гишгэхэд нэг зүйл шүргэсэн, тэгээд машинаасаа буугаад харсан Б.Эрдэнэчимэг эгч байсан. Б.Эрдэнэчимэг эгчийг тухайн үед Я.Эрхэмбаатарын гэрт оруулаад, Батцэнгэл сумын төв рүү явах уу, аймгийн төв рүү явах уу та зүгээр үү гэж асуусан чинь гайгүй, бороолсон хавирга хугарчихсан байх гэж хэлж байсан. Тэр үед цагдаад хэлээгүй нь миний буруу. Намайг Улаанбаатар хотод ирсэн байхад Б.Эрдэнэчимэг эгчийн бие муудаж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байхаар нь би Б.Эрдэнэчимэг эгчийг эмнэлэгт хэвтүүлж, эм тариа бусад хэрэгтэй зүйлийг нь авч өгсөн. Эмнэлгээс гараад гэртээ харих хүртэл нь хамт байж, гэрт нь хүргэж өгсөн бас Б.Эрдэнэчимэг эгчийн хүүхдүүд нь байр түрээсэлнэ гэхээр нь мах, шөлийг нь бэлдэж өгч, байрны түрээсийн төлбөрийг нь хийсэн. Миний зүгээс Б.Эрдэнэчимэг эгчид бэлнээр 6.300.000 төгрөг өгсөн байгаа. Аймагтаа ирээд байж байсан цагдаагаас дуудаад тэгээд надад холбогдох хэргийг шалгасан гэв. Хохирогч Б.Эрдэнэчимэгийн мэдүүлсэн: ...2016 оны 10 сарын 10-ны өдөр болсон асуудал. Тухайн өдөр Я.Эрхэмбаатарын гэрт хурим хийж байсан учраас тэндээ айраг, цагаа, архи уугаад хоол идчихээд орой 22 цагийн үед Я.Эрхэмбаатарын гэрээс гараад 9-10 метрийн зайд замынхаа хажууд бөөлжөөд сууж байсан чинь машин ирээд мөргөсөн. Би тухайн үед шоконд орсон учраас юу болсныг сайн санахгүй байна. Ослын улмаас 10 хавирга хугарсан, эмчилгээнд маш их орсон. Эмчилгээнд дахин явах учраас миний хохирол төлбөрийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Одоо хохирол төлбөрт 1.899.157 төгрөг нэхэмжилж байгаа гэв. Гэрч Д.Батбаатарын мэдүүлсэн: ... 2016 оны 10 сарын 10-ны орой Я.Эрхэмбаатарын гэрт байж байгаад, Б.Эрдэнэчимэг эгч бид хоёр гэрээс гараад баруун тийшээ явж байтал Б.Эрдэнэчимэг эгч бөөлжих гээд суусан. Тэгэхээр нь би цаашаа бие засах гээд явж байтал миний баруун талаар машин явж байгаа харагдсан. Би эргээд харахад машин зогссон, ухарч байсан. Тэгээд Б.Эрдэнэчимэг эгч дээр яваад очтол Б.Эрдэнэчимэг эгч газар хэвтчихсэн, босч ирэхгүй байсан. Тухайн үед Я.Эрхэмбаатарын гэрт оруулаад маргааш нь Ганбаатарын гэрт Б.Эрдэнэчимэг эгчийг хүргэж өгсөн. Ганбаатарын гэрт 2 хонож байгаад эмнэлэгт хүргэгдсэн гэв. Мөрдөн байцаалтын үед: Хохирогч Б.Эрдэнчимэгийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед Д.Батбаатарын хамт багийн хүмүүсээ үзэхээр гэрээсээ мотоцикльтой гарсан. Багийн айлаар хүн үзчихээд Тоглох багийн Улаанганга Бүрэнгийн тохойд байх Пүрэвдоржийн гэрт 09-ний өдрөө хоноод маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө намайг Пүрэвдоржийнд байхад жолооч Баярмагнай хүн үзүүлэхээр намайг ирж авсан. Тэгээд Даарий, Дүүрийг үзчихээд буцаад Пүрэвдоржийн гэрт хүргэж ирсэн. Тэндээсээ өдөр 15 цагийн орчимд нутгийн айл Эрхэмбаатарын гэрт очиход түүний хүүхэд хуримаа хийж байсан болохоор тэндээ айраг цагаа, архи хоол унд идэж, ууж байхад орой 21 цагийн орчим болсон болохоор Батбаатар бид хоёр гэртээ харихаар болоод Эрхэмбаатарын гэрээс гараад баруун тийш арваад метр орчим алхаж явахад миний дотор муухай оргиод байхаар нь доошоо суусан. Батбаатар бие засах гээд надаас урагшаа ойрхон алхсан. Яг тэр үед намайг бөөлжөөд сууж байхад машин ирээд намайг мөргөж газар унагаасан. Энэ мөргөлтөөс болж миний биед гэмтэл учирсан бөгөөд мөргүүлсний дараа шоконд ороод юу болсон талаар мэдээгүй. 2016 оны 10 дугаар сарын 10-ны шөнөө би Эрхэмбаатарын гэрт хоносон байна лээ. Маргааш өглөө нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өглөө сэргэхэд намайг машинд мөргүүлсэн талаар Баярмагнай ямар нэгэн зүйл хэлээгүй, харин архи хийж өгөхөөр нь уусан боловч бөөлжөөд гаргасан. Ингээд өдөр 12 цагийн үед санагдаж байна, Батбаатарын гэрт жолооч Баярмагнай намайг хүргэж өгсөн, Батбаатар хамт очсон. Түүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш Батбатарын гэрт хоёр хоноод шиг санагдаж байна, тэндээсээ Өгийнуур сумын төвд очиж нэг хоноод 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-ийн “Хавсарсан гэмтэл”-ийн тасагт хэвтэн 10 хоног эмчилгээ хийлгэсэн юм. Жолооч Баярмагнай надад эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Д.Баярмагнай намайг машинаар мөргөсөн өдрөө надад архи уулгаад Эрхэмбаатарын гэрт унтуулсан. Манай ар гэрт мэдэгдээгүй. Уул нь Баярмагнай намайг эмнэлэгт үзүүлэх үү гэж надаас асуусан болохоор би түүнд хэрэггүй, гайгүй гээд хэлчихсэн. Тэр үедээ би орон гаран л байсан. Тэр үедээ өвдөлтийн шоконд орсон болохоор яахаа мэдээгүй. Баярмагнай яагаад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй болохыг мэдэхгүй байна. Тэр өдөр Баярмагнай архи согтууруулах ундаа уугаад орж, гарч байсан. Хурим болж байсан болохоор хүн бүр л архи ууж байсан. Эмчилгээний бүх зардал болон ажилгүй байсан хугацааны мөн Улаанбаатар болон Архангайд эмчилгээ хийлгэсэн зардлуудыг тооцож байгаад нэхэмжилнэ. Тэр өдөр би архи согтууруулах ундаа тодорхой хэмжээгээр хэрэглэсэн. Гэхдээ биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон зүйл байхгүй. Дүгнэлтүүдийг зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй. Баярмагнай намайг машинаар мөргөх үед хэн байсан талаар би мэдэхгүй байна, ямар ч байсан Батбаатар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 хуу/ ...Биеэ эрүүл болгохыг хүсч байна. Д.Баярмагнай надад одоогийн байдлаар нийт 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийн эмчилгээний зардалд төлж барагдуулсан байгаа. Биеэ эрүүл болгохыг л хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/ Гэрч Д.Батбаатарын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш 17 цагийн орчим Б.Эрдэнэчимэг эгч бид хоёр тэдний мотоциклиор Өгийнуур сумын Тоглох багийн Цантын булангаас гэрээс нь айлд хүүхэд үзэхээр хамт явцгаасан. Тэр өдрөө айлд хүүхдийн бие үзчихээд Пүрэвдоржийн гэрт хоноод маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед би айлд хүн хүргэж өгөхөөр Улаан Ганга гэх газар руу явсан. Эрдэнэчимэг Пүрэвдоржийн гэрт үлдсэн. Тэр өдрөө би Улаан Ганга гэх газар байдаг Эрхэмбаатарын гэрт ганцаараа очсон. Тухайн үед Эрхэмбаатарын хүү нь хуримаа хийж байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна, Балжка гэдэг байхаа. Тэндээ архи дарс уугаад сууж байхад өдөр 14 цагийн орчим нэг харахад Эрдэнэчимэг эгч ирчихсэн Эрхэмбаатарын гэрт сууж харагдсан. Ингээд Эрдэнэчимэг эгч бид хоёр тэндээ архи дарс ууж байгаад үдэш 21 цаг хүрсэн. Удаагүй Эрдэнэчимэг эгч бид хоёр явах болоод Эрхэмбаатарын гэрээс гараад гэрийнх нь баруун тал руу 10-д метр зайд алхаж явахад Эрдэнэчимэг эмч бөөлжих гээд байна гээд газар явган суусан болохоор би түүнд хандаж бие засаад дотор муухай оргиод байсан болохоор бөөлжих гээд хэсэг суусан. Тэгээд босч ирээд Эрдэнэчимэг эгчийг үлдээсэн газар руу очих гээд эргээд хартал түүний байсан газрын ойролцоо нэг машин ирээд зогссон, тэр машин тэр даруй буцаж ухраад холгүй тэндээ зогссон. Би тэр даруй машин руу явж очиход машины гадна талд Баярмагнай гараад зогссон, уг машины урд талд буюу машины явсан баруун зүгээс зүүн талд нь Эрдэнэчимэг эгч газар дээшээ хараад хавтэж байсан. Тэр үед би Баярмагнайгаас яаж, юу болов гэхэд тэр надад хариулахдаа гэнэт гэрэлд юм орж ирээд сүүмийх шиг болохоор нь тормос гишгэсэн боловч мөргөчихлөө гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/ Гэрч О.Цэрмаагийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү Балжинням эхнэр авч найр хийсэн. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн үед Эрдэнэчимэг эмч, Батбаатарын хамт дуудлагаар явж байна гээд ирсэн, манайд бол дуудлагаар ирээгүй, тэр хоёр мотоцикльтой явсан юм байна лээ, манай саахалт байдаг Батбаярын гадаа мотоциклио орхиод Батбаярын машин сууж ирсэн. Манайд найр болсон болохоор дараа орж ирнэ гэж сууж байснаа архи хийж өгөөд, халаад сүүлдээ найрлаад, дуулж хуурдаад нилээн удсан. Тэгээд орой болоод хүмүүс тарцгаасан. Би Эрдэнэчимэг эмчийг хүү Балжиннямынхаас гараад манайд орж унт гэсэн чинь Батбаатар мотоцикль ойрхон байгаа явна гэсээр байгаад гарцгаасан. Батбаатар заавал явна гэж Эрдэнэчимэг эмчийг чирсээр байгаад аваад гарсан. Тухайн үед Улаанганга гэх газар байсан, манай гэр хамгийн баруун талд, илүү гэр гэрийн зүүн талд байсан. Харин хүүгийн шинэ гэр илүү гэрийн зүүн талд байсан. Би орой 22-23 цагийн үед хүүгийнд унтсан байхад гаднаас манай нутгийн Баасан /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ орж ирээд Баярмагнай ахын машинаар хүн шүргэчихлээ гэхээр нь яасан юм, дээгүүр нь гарчихсан юм уу гээд босч ирээд асуусан чинь зүгээр шүргэсэн гэж байсан. Тэгээд машин дээр яваад очсон чинь Эрдэнэчимэг эмч машины урд талд газар доошоо хараад хэвтсэн байсан, машин нь ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан байрлалтай зогсож байсан. Намайг машин дээр очиход Амраа, Батбаатар, Баярмагнай ах, Эрдэнэчимэг эгч нар байсан, өөр хүн байгаагүй. Шөнө яг хэдэн цагийн осол болсон гэдгийг мэдэхгүй, тэндээс нь Эрдэнэчимэг эмчийн 2 суганаас нь сугадаж манайд оруулаад бүлээн цай өгч, хөл гарыг нь бүлээцүүлээд манайд унтуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-39 хуу/ Гэрч Д.Ганбаатарын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд Баярмагнай гэх залуу Старекс машинтай Эрдэнэчимэг болон Батбаатар 3 ирсэн. Манайд орж ирэхдээ Эрдэнэчимэг сугадуулсан байдалтай, атирсаар орж ирсэн. Тэгээд Баярмагнай надад Эрдэнэчимэгт хоол хийж өгөөрэй гэж хэлээд байсан. Би түүнээс хойш малдаа явчихсан байсан. Орой нь орж ирэхэд Эрдэнэчимэг орон дээр хэвтсэн байдалтай ногоон өнгийн дээлтэй байсан. Тэгээд би та бэртчихсэн байсан юм уу гэж хэлээд Батцэнгэл сум орж бариулъя гэсэн чинь би мотоциклиос унаад бэртсэн гэж байсан. Сүүлд нь мориноос унасан гээд ойлгомжгүй юм яриад байсан. Эрдэнэчимэг эмчид Батбаатар өвчин намдаах тариа тариад манай гэрт 3 хоног байсан. Тэгээд сумын төвөөс түргэн дуудаж биеийг нь үзүүлээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/ Гэрч А.Наранчимэгийн мэдүүлсэн: ...Би тухайн үед Улаанбаатар хотод байсан болохоор хэрэг явдлын талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхөр надад сүүлд нь хэлэхдээ би машинаараа Эрдэнэчимэг эгчийг мөргөсөн гэж үнэнээ хэлсэн, нууж хаасан зүйл байхгүй. Ийм л зүйл хэлсэн. Эрдэнэчимэг эгч өөрөө Баярмагнайд хэлэхдээ цагдаад хэлж яах юм, эгч нь зүгээр болчих байх, зүгээр гэж хэлсэн байна лээ. Манай нөхөр хааяа нэг найз нөхөдтэйгээ архи согтууруулах ундааг тааруулаад хэрэглэдэг, нутаг усандаа нэр хүнд сайтай, хүүхдүүддээ сайн аав, төлөв даруу зантай болохыг нь захын хүн л хэлнэ дээ. Баярмагнай надад өөрөө хэлэхдээ архи уугаагүй байсан л гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/ Гэрч Я.Эрхэмбаатарын мэдүүлсэн: ... хүмүүс ярихдаа Эрдэнэчимэгийг Баярмагнай машин жолоодож яваад мөргөсөн гэж ярьцгааж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Эрдэнэчимэг, Батбаатар нар манайд нэг хоноод маргааш нь айлд хүргүүлэхээр Баярмагнайгийн хамт өдөр явцгаасан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/ Гэрч Х.Нэргүйн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 10-ны үед /өдрийг нь санахгүй байна/ намайг гэртээ байж байтал 13-14 цагийн үед Баярмагнай, Батбаатар, Эрдэнэчимэг нар манайд ирсэн. Эрдэнэчимэг нь ирээд, Баярмагнай нь бантан хийж өгөөд, ор засаад өгөөрэй гэхээр нь баруун талын ороо засч өгсөн. Тэгээд Батбаатар нь яваад яваад мотоциклио авч ирсэн. Баярмагнай нь хүргэж ирчхээд яваад өгсөн. Батбаатар нь өвчин намдаах тариа хийгээд байсан, морь, мотоциклиос унасан, машинд дайруулсан талаар юу ч яриагүй, эгч нь бие өвдөөд байна, жаахан хэвтэх хэрэгтэй байна гэж Эрдэнэчимэг эгч ярьж байсан бөгөөд гэмтэл авсан талаар юу ч мэдэгдээгүй, ил харагдах гэмтэл, бэртэл мэдэгдээгүй. Хоол хийж өгсөн чинь мэдэхгүй гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/ Гэрч Б.Мөнхцэцэгийн мэдүүлсэн: ...Харин 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрхэмбаатарын хүүхэд хуримаа хийж байсан өдөр шиг санагдаж байна, Эрдэнэчимэг манайд Батбаатарын хамт ирээд нэг хоноод маргааш нь явсан. Ингэж ирэх үедээ Эрдэнэчимэгийн биеийн байдал хэвийн байсан. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баярмагнай ирээд Эрдэнэчимэгийг авч явж хүн үзүүлчихээд буцаад ирсэн санагдаж байна. Тэгээд өдөр 11 цагийн үед манайхаас явсан санагдаж байна. Өглөө нь Батбаатар гуай түрүүлээд явсан. Түүнээс хойш маргааш өглөө нь 10 цагийн үед манайхыг Батцэнгэл сум руу явах гэж байхад Батбаатар, Эрдэнэчимэг, Баярмагнай тэр хэд ирээд явсан. Тухайн үед Эрдэнэчимэг эгч согтуу байгаа бололтой байсан бөгөөд би өөр зүйл сайн анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/ Гэрч Н.Наранжаргалын мэдүүлсэн: ... 2016 оны 10 дугаар сарын 12-13-ны үед Батбаатар ах буцаж ирээд ээж чинь унаад гэмтчихлээ гээд гэрээс анальгин демидрол аваад явсан. Тэр үед нь би Батбаатар ахыг загнаад яасан талаар асуухад тэр надад тодорхой зүйл хэлээгүй. Маргааш нь байх би ээжийн байгаа айл руу буюу Ганбаатарын гэрт очиход ээж маань гэрийнх нь баруун талын орон дээр хэвтэж байсан. Тэгээд шөнөө 10 цагийн үед сумын эмнэлэг рүү дуудлага өгөхөд 00 цагийн орчим Гантулга эмч ирж ээжийг сумын төв рүү авч яваад, өдөр 11 цагийн үед сумын төв ороод Галбадрах эмчид үзүүлсэн гэсэн. Би сум руу яваагүй, Ганбаатарын гэрээс гэртээ ирсэн. Ийм л зүйл болсон. Тэр үед би ээжээс өөрөөс нь асуухад ээж надад хэлэхдээ ээж нь мориноос унаагүй юм байна лээ, машин мөргөсөн гэсэн гэж хэлсэн. Ээж машинд мөргүүлсэн болохоо Батбаатар ахаас мэдсэн гэсэн. Дээрх шалтгаанаар гэмтсэн байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/ Гэрч С.Амартүвшингийн мэдүүлсэн: ... Тэгээд хуримны хүн хүргэж өгчихөөд буцаад Баярмагнай ах бид хоёр Балжиннямын гэр рүү очихоор явж байх үед би хэсэг зүйрмэглэсэн. Гэнэт Баярмагнай ах юм шүргэчихлээ гээд жолоодож явсан машинаа зогсоогоод бид хоёр машинаас буусан. Намайг машинаас буух үед машины баруун урд талд газар эмэгтэй хүн дөрвөн хөллөсөн байсан. Энэ үед машинд мөргүүлсэн гэх эмэгтэй жолооч нь гээд нэг эрэгтэй ирчихсэн зогсож харагдсан. Удаагүй тэр эмэгтэйг гэрт оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/ Гэрч Б.Балжиннямын мэдүүлсэн: ... Маргааш өглөө нь 08 цагийн үед босоод аавын гэр рүү ороод шөнө Баярмагнай ах машинаараа хүн мөргөсөн гэдгийг тэнд байсан хүмүүсийн ярианаас ойлгож мэдсэн. Түүнээс хойш эхнэр бид хоёр тэр шөнө юу болсон талаар мэдээгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/ Гэрч П.Баасанжавын мэдүүлсэн: ..Эрхэмбаатар ахын хүүгийн найр болоод хурим дээр нь очиж 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найрласан. Би тэр өдрөө тэндээ хоноод маргааш нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр багийн эмч Эрдэнэчимэг болон Батбаатар нар ирчихсэн явж харагдсан, яг хэзээ гэдгийг мэдэхгүй. Тэгээд хүмүүс найрлаад байж байтал нэг мэдэхэд шөнө Эрдэнэчимэг эмч машинд дайруулсан гэх асуудал болсон. Машинд дайруулахыг нь би яг хараагүй, машинд мөргүүлсэн гэхэд нь л би Эрдэнэчимэ эгч рүү явж очиход тэр машины урд талд дөрвөн хөллөөд байж байсан. Би их согтуу байсан болохоор өөрийн хийсэн зарим үйлдлээ сайн мэдэхгүй байгаа юм. Тэр шөнөө хаана хоносон болохоо л мэдэхгүй байгаа, жижиг гэр орчмоор хоносон байх, маргааш нь мөн л согтуу өглөө 10 цагийн орчимд гэртээ харьсан байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/ Гэрч Б.Энхсоёлын мэдүүлсэн: ...29-95 УБГ улсын дугаартай Старекс маркийн автомашиныг миний нэр дээр Баярмагнай ах 2016 оны намар хүнээс худалдан авч байсан юм. Учир нь Улаанбаатар хаягтай хүнээр Улаанбаатарын дугаар авдаг болохоор тухай үед Баярмагнай ах Өгийнуурын харъяат байсан учир хотын дугаар авч болохгүй байсан. Тэгээд л намайг гуйж миний нэр дээр уг автомашиныг өөрийнхөө мөнгөөр худалдан авсан. Тийм болохоор уг автомашин нь Баярмагнай ахын өөрийнх нь өмчийн машин байгаа юм. Гэрчилгээн дээр л миний нэр байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/ Гэрч Д.Галбадрахын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 30 минутад үзлэг хийхэд биеийн байдал хүнд байсан. Эрдэнэчимэг 3-4 хавирга хугарсан байдалтай, гүйцэд амьсгалж чадахгүй, маш их өвдөлттэй, ханиалгаж, явж хөдөлж чадахгүй байсан тул “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-д шилжүүлсэн. Яаралтай анхны тусламж үзүүлж, өвчин намдаах эм тариа хийсэн. Манай эмнэлэгт хэвтээгүй, өвчний түүх байхгүй, эм тариа хэрэглэсэн болон дуудлага өгсөн баримтууд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/ Д.Баярмагнайгийн сэжигтнээр мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Улаанганга гэх газар өөрийн хувийн өмчийн 29-95 УБГ улсын дугаартай, хар өнгийн Старекс маркийн автомашиныг би өөрөө жолоодоод хуримын хүмүүсийг айлд хүргэж өгчихөөд гэр рүүгээ буцаж явах замдаа гэрээс баруун тийш 10-аад метр зайд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явахад миний машины өмнө нэг зүйл сүйтэгнэх шиг л болоод машинд мөргүүлсэн. Би тэр даруй машинаа зогсоогоод буугаад харахад Эрдэнэчимэг эгч миний машины урд хэсэгт газар хэвтэж байхаар нь би түүнд хандаж та чинь яаж байна, яагаад зам дээр явж байгаа юм бэ гэхэд тэр надад юм хэлэхгүй, нилээн согтуу бололтой байхаар нь түүнийг гэрт оруулаад тэндээ хонуулсан... Би Эрдэнэчимэг эгчид нийтдээ 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөг төлж барагдуулсан. Үүнээс бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөг, 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг эмчилгээний зардалд тус тус өгсөн байгаа. Одоо хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Эрдэнэчимэг эгч надад гомдолгүй, хохиролгүй гэдгээ илэрхийлж өөрөө хүсэлтээ бичиж өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 хуу/ Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт: 1.Жолооч Д.Баярмагнай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байна...гэх дүгнэлт /хх-ийн 256 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 242 дугаартай дүгнэлт: 1. Эрдэнэчимэгийн биед цээжний хэнхэрцгийн дарагдал, няцрал, зүүн талын 3-12-р хавирганы далд хугарал, цээжний зүүн хөндий дэх хий, цус хуралдалт, зүүн уушгины бүрэн авчил, цээжний зүүн хэсгийн арьсан доорхи хий хуралдалт, зүүн далны далд хугарал, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд цээжний зүүн талаар босоо байрлалд автомашинд мөргүүлэх үед үүсэх боломжтой. 3. Дээрх цээжний хэнхэрцгийн дарагдал, няцрал, зүүн талын 3-12-р хавирганы далд хугарал, цээжний зүүн хөндий дэх хий, цус хуралдалт, зүүн уушгины бүрэн авчил, цээжний зүүн хэсгийн арьсан доорх хий хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн далны далд хугарал гэмтэл 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэг хамаарна. 4. Урьд гарсан №15378 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 144-147 хуу/ Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-10 хуу/ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 11 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12, 16 хуу/ Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 29 хуу/ Эмчилгээ хийгдсэнтэй холбоотой баримтуудын хуулбар /хх-ийн 73-103, 150-166 хуу/ Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 106 хуу/ Ослын газрын схем зураг /хх-ийн 107 хуу/ Битүүмжлэгдсэн автомашиныд үнэлгээ тогтоосон тайлан /хх-ийн 109 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 123-124 хуу/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127 хуу/ 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 14 дугаартай магадлал /хх-ийн 211-216 хуу/ 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 250-251 хуу/ зэрэг болно. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Улаан ганга гэх газарт Д.Баярмагнай нь 29-95 УБГ улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашиныг жолоодож явахдаа Б.Эрдэнэчимэгийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Мөрдөн байцаалтын үед Д.Баярмагнай нь 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Д.Эрдэнэчимэгт төлсөн бөгөөд хохирогч нь шүүх хуралдааны үед нэмж 1.899.157 / нэг сая найман зуун ерэн есөн мянга нэг зуун тавин долоо/ төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг нь гаргаж өгсөн. Хэрэг үйлдэгдэх үед харсан гэрч Д.Батбаатар, гэрч С.Амартүвшин нар нь шүүгдэгч Д.Баярмагнай нь автомашин жолоодож явах үедээ хохирогч Б.Эрдэнэчимэгийг мөргөж гэмтээсэн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 242 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай дүгнэлтээр Д.Баярмагнай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчсөнөөс осол гарсан талаар тус тус дурджээ. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзлээ. Улсын яллагч Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Баярмагнайд холбогдуулан Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтын дагуу хөнгөрүүлэн зүйлчлэн гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Д.Баярмагнайг автомашин жолоодож яваад хохирогчийг мөргөж гэмтээсэн үйлдлийн хувьд маргаагүй бөгөөд шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь эргэлзээтэй, осол гарахад хохирогч өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь нөлөөлсөн тул энэ талаар дахин шалгуулах тухай дүгнэлт гаргасан. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заажээ. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай дүгнэлтэнд хохирогчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг зөрчсөн талаар тусгаагүй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.Эрдэнэчимэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс осол гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар дахин шалгах шаардлагагүй гэж үзлээ. Шүүхээс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн үед шүүгдэгч Д.Баярмагнай нь автомашиныг жолоодож явсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...согтуугаар үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад …хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж…үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж тус тус заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг нэг жил байхаар заасан бөгөөд 2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинж, түүнд оногдуулах ял, хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Баярмагнайд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхэд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Хохирогч Б.Эрдэнэчимэгийн биед ослын улмаас хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 242 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд Өөлд овгийн Дамбаасүрэнгийн Баярмагнайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. Шүүгдэгч Д.Баярмагнайд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Баярмагнайгаас нь 1.631.157 төгрөг гаргуулж хохирогч Б.Эрдэнэчимэгт олгуулах, 2995 УБГ улсын дугаар бүхий Хьюндай Старекс автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, хэрэгт хураагдсан 171169 дугаартай Д.Баярмагнайгийн жолоочийн үнэмлэхийг Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүргүүлэх, хохирогч Б.Эрдэнэчимэгээс хураан авсан 9 ширхэг рентгэн зургийг буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Баярмагнай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Хохирогч Б.Эрдэнэчимэг нь 1.899.157 төгрөг нэхэмжилснээс 1.631.157 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд үлдэх 268.000 төгрөгийн нэхэмжлэлийг хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Баярмагнайг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 2. Шүүгдэгч Өөлд овгийн Дамбаасүрэнгийн Баярмагнайг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Баярмагнайг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй. 4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял хорих оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу Д.Баярмагнайд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177, 186, 189 дүгээр зүйлд заасны дагуу Д.Баярмагнайд хяналт тавихыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5, 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Баярмагнайгийн хохирол нөхөн төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, энэ хугацаанд хэсэгчлэн төлж болохыг дурдсугай. 8. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 9. Шүүгдэгч Д.Баярмагнайгаас 1.631.157 /нэг сая зургаан зуун гучин нэгэн мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулж, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Овоот гэх газар оршин суух хохирогч Б.Эрдэнэчимэгт олгуулах, хохирогч нь бусад зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 10. Шүүгдэгч Д.Баярмагнай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай. 11. 29-95 УБГ улсын дугаартай Хюьндай Старекс маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан Д.Баярмагнайгийн 171169 дугаартай жолоочийн үнэмлэхийг Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүргүүлж, хохирогч Б.Эрдэнэчимэгээс хураан авсан 9 ширхэг рентген зургийг хохирогч Б.Эрдэнэчимэгт буцаан олгосугай. 13. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 14. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баярмагнайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ