Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/352

 

 

 

 

       2022           3           31                                     2022/ДШМ/352

 

М.Г, Б.А, Д.Б,

А.Н, Б.Э нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,  

хохирогч Б.Гын хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргал,

шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Баттөмөр,

шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Билгүүн,

шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/180 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Отгонбаатарын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч М.Г, Б.А, Д.Б, А.Н, Б.Э нарт холбогдох 1705007900151 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М.Г нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам-53, “Саруул групп” ХХК-ийн байранд “барилгын арматур төмөр нийлүүлэх боломжтой” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон “Саруул групп” ХХК-ийн захирал Б.Гтай арилжааны гэрээ байгуулж, төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32Б байрны 1, 3, 6 тоотод байрлах 3 өрөө, 3 ширхэг орон сууцыг залилан авч 566.669.398 төгрөгийн хохирол учруулсан,

М.Г нь 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны 66/8 301 тоот хаягтай, Ү-2206042509 улсын бүртгэлийн дугаартай “Ромбон газар” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг захиран зарцуулах, барьцаалах эрх бүхий итгэмжлэлийг иргэн Д.Бт үзүүлэн хуурч, 47.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Г нь 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эй Би Центэрт “Прожект адвэнтэж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бтэй арматурын төмөр, плита худалдаж авахаар тохирсон боловч үлдэгдэл арматурыг нийлүүлэлгүй хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч, 138.920.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Г нь Д.Б, Б.А нартай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро бизнес төвийн 604 тоотод “Мотор сервис” ХХК-нд 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэх, оронд нь Тоёота ланд-200 маркийн автомашиныг авахаар гэрээ байгуулах замаар хуурч, бодит байдал дээр 94 тонн төмрийг нийлүүлэх боломжгүй байсан мөртлөө бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох Тоёото ланд 200 маркийн автомашиныг болон тус автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан

М.Г нь А.Нтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” караокены гадна иргэн Б.Гийн 05-55 ДАА улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна гэж урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгөн хуурч, автомашиныг авч 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

М.Г нь Т.Гтай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтангадас ресторанд А.Ог хэл амаар доромжилж, улмаар зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

2. Б.А нь Д.Б, М.Г нартай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро бизнес төвийн 604 тоотод “Мотор сервис” ХХК-нд 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэх, оронд нь Тоёота ланд 200 маркийн автомашиныг авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулах замаар хуурч, бодит байдал дээр 94 тонн төмрийг нийлүүлэх боломжгүй байсан мөртлөө бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох Тоёота ланд 200 маркийн авто машиныг болон тус автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 80.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Д.Б нь Б.А, М.Г нартай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро бизнес төвийн 604 тоотод “Мотор сервис” ХХК-нд 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэх, оронд нь Тоёота ланд 200 маркийн автомашиныг авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулах замаар хуурч, бодит байдал дээр 94 тонн төмрийг нийлүүлэх боломжгүй байсан мөртлөө бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох Тоёота ланд 200 маркийн авто машиныг болон тус автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 80.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. А.Н нь М.Гтой бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” караокены гадна иргэн Б.Гийн 05-55 ДАА улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна гэж урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгөн хуурч, автомашиныг авч залилан 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн О.Бийн 52.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 03-69 УБН улсын дугаартай Бенз 5400 Н маркийн автомашиныг Д.Баас 60.000.000 төгрөгт тооцон авч, оронд нь барилгын гадна фасадны хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцсон боловч хөөсөнцөрийг өгөлгүй залилан авсан,

А.Н нь Б.Этай бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн хажууд байх нотариатын газарт хохирогч Ц.Ад “А.Ннь Б.Эд плитаныхаа өртгөнд таны машиныг 20.000.000 төгрөгт бодоод өгье, танд 15.000.000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны дотор өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан иргэн Ц.Угийн өмчлөлийн 05-73 УБӨ улсын дугаартай Тоёота харриэр маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. Б.Э нь А.Нтэй бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн хажууд байх нотариатын газарт хохирогч Ц.Ад “А.Н нь “Б.Эд плитаныхаа өртгөнд таны машиныг 20.000.000 төгрөгөнд бодоод өгье, танд 15.000.000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны дотор өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан иргэн Ц.Угийн өмчлөлийн 05-73 УБӨ улсын дугаартай Тоёота Харриэр маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, бусдад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

А.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч А.Н, Б.Э, Д.Б, Б.А, М.Г нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах ажиллагааг хийлгэх үндэслэл, нотолгоо шүүх хуралдааны явцад тогтоогдов.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчилсан байх бөгөөд 1 дүгээр хх-ийн 7-8 дугаар талд авагдсан гэрээг Саруул групп ХХК болон иргэн М.Г нар, 1 дүгээр хх-ийн 12-14 дүгээр талд авагдсан гэрээг иргэн Б.Г болон иргэн М.Г нар гэрээлсэн байна.

Саруул групп ХХК болон Б.Г нар нь тус тусдаа гэрээ хийсэн учир тус тусдаа хохирогч болох уу, эсхүл аль нэг нь хохирогч байх уу гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байх тул хуульд заасан шаардлагад нийцүүлж мөрдөн шалгах ажиллагааг хийж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг зөв тогтоох нь зүйтэй байна.

2. Иргэний нэхэмжлэгч Г.З нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо,  4 дүгээр хороолол, 32-Б байрны 3 тоотод байршилтай орон сууцыг худалдаж авсан талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Уг баримтуудад /7 дугаар хх-ийн 212-224/ тэрээр уг байрыг худалдаж авсан болох нь үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс гадна мөнгөн шилжүүлгийн баримт, төлбөр төлсөн болохыг илэрхийлсэн бусад баримтуудаар тогтоогдсон байна. Уг байрны өмчлөлийн талаар хэргийн бусад оролцогч нар маргаагүй байна.

Ийм байхад прокурорын зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал..." гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах эрхэд шууд халдсан үйлдэл болжээ. Энэ нөхцөл байдлыг прокурор өөрийн шийдвэрээр хүчингүй болгож шийдэх нь зүйтэй.

Харин Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32-Б байрны 1 болон 6 тоотод байршилтай орон сууцыг иргэний нэхэмжлэгч нар хэрхэн өөрийн өмчлөл, эзэмшилд авсан болох, хэн амьдарч байгаа эсэх, шүүгдэгч нартай ямар холбоо, хамааралтай эсэх, амьдарч байгаа хүмүүс ямар хэлбэрээр ашиглаж байгаа нь тодорхой бус байх учир энэ талаарх ажиллагааг явуулах шаардлагатай байна. Энэ нь хохирлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

3. М гэх хүнийг гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон эсэхийг дахин шалгах нь зүйтэй байна. Түүнийг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон талаарх шүүгдэгч нарын мэдүүлэгтэй холбоотойгоор дансыг нь шалгах, ажил эрхлэлтийн байдал, үйл ажиллагааг нь шалгаж гэмт хэрэгт оролцсон бол гэмт хэрэгт холбогдуулан татах, оролцоогүй бол чөлөөлж шийдвэрлэх ёстой болно.

Хохирогч н.Д.Б нь мэдүүлэгтээ Мыг гэмт хэрэг үйлдэгдэхэд байсан талаар мэдүүлсэн, мөн М болон өөр гэрч энэ талаар мэдүүлэг өгсөн учир дахин нягтлан шалгах шаардлага үүсэж байна.

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хохирогч нараас Мын үүрэг
оролцоо, үйлдлийн талаар мэдүүлэг авах нь зүйтэй. Мөн өөрөөр ач холбогдол бүхий мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасанчлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох баримтаар тогтоох, хохирогч н.А, н.Т.Б нарт гэмт хэргийн улмаас ямар хохирол учирсан болох, уг хохирлыг шүүгдэгч нарын хэн нь хэрхэн хариуцах, хэдийг нь хэрхэн төлж барагдуулсан эсэхийг тодорхой болгох нь зүйтэй.

Мөн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн тухайн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон оролцоонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт зааснаар дүгнэлт хийх шаардлага үүсэж байна.

5. Хэрэгт авагдсан баримтууд, хохирогч Б.Гийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлахад түүнийг уг хэрэгт хохирогчоор татсан нь
хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар эргэлзээтэй байдал үүсэж байна.

Хохирогч Б.Г нь Кемистар ХХК-д ажиллаж байхдаа тус компанид Алтайн
нутгийн хүчтэн ХХК-иас төлбөртөө 05-55 ДАА улсын дугаартай лексус 470 маркийн
тээврийн хэрэгслийг шилжүүлснийг авч, шүүгдэгч Нтэй холбогдож, түүнд зарсан
гэх бөгөөд уг тээврийн хэрэгслийг М гэгч авч, улмаар шүүгдэгч М.Г нь
өөрийн хамаатандаа зарсан гэх нөхцөл байдал бий болжээ.

Шүүх хуралдаанд Кемистар ХХК-иас иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай
хүсэлтийг гаргаж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргуулсан.

Ингэхээр Б.Г нь яаж хохирсон эсэхийг шалгах, яагаад хохирогчоор
тогтоох болсон, Кемистар ХХК нь энэ хэргийн оролцогч болох эсэхийг прокурор нягтлан
хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргах нь зүйтэй байна.

6. Шүүгдэгч нарын холбогдсон бусад гэмт хэргийг нэгтгэж нэг мөр шийдвэрлэх нь
зүйтэй юм. Энэ талаарх ажиллагааг хийхдээ цагдаагийн газар, хэлтсээс албан бичгээр
тодруулахаас гадна прокурорын байгууллага, шүүхүүдээс мөн албан бичгээр тодруулж
холбогдох хэргийг нэгтгэх асуудлыг хуульд заасан журмаар явуулах ёстой.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх
тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын
энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж заасан байх бөгөөд өөр
өөр шүүхээр ял оногдуулах нь яллагдагчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж
болзошгүй, эсхүл аль нэг шүүхийн шийдвэр нь нөгөө шүүхэд мэдэгдэхгүй өнгөрөх,
түүнчлэн цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад
ял нэмж нэгтгэх боломжгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж болох тул шүүгдэгч нарт холбогдох бусад хэргүүдийг нэгтгэн шалгаж хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэгтгэн шалгахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийн сайтар тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг анхаарах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр явуулж хэргийг шийдвэрлүүлэхээр дахин шүүхэд ирүүлэх нь зүйтэй.

Иймд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болох нь шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч М.Год урьд авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Н, Б.Э, Д.Б, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Отгонбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Г нарын 5 хүнд холбогдох хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 180 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан, 6 заалт бүхий мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн 1, 2, 3, 4 дэх заалтад заагдсан мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байх тул хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.

Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Б.Г нь яллагдагч М.Гоос барилгын арматур төмөр, плита худалдан авч, өөрийн үйл ажиллагаа явуулдаг “Саруул групп” ХХК-ийн барилгын засвар үйл ажиллагаанд зарцуулахаар Б.М.Гтой “Саруул групп” ХХК захирлын болон иргэний хувиар гэрээ хийж, төлбөрт өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32-Б байрны 1, 3, 6 дугаартай 3 ширхэг орон сууцыг шилжүүлэн өгч, хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад анх “Саруул групп” ХХК-ийн захирал Б.Гын олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Ч.Мөнхзулыг хохирогчоор тогтоосон байсан.

Тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь “Саруул групп” ХХК-ийн захирал Б.Г, түүнчлэн гэрээ хэлцэл Б.Г хийсэн учир түүнийг хохирогчоор тогтоох шаардлага үүссэн байсан учир хохирогчоор тогтоосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “гэмт хэргийн улмаас... эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасны дагуу иргэн Б.Г болон түүний эзэмшлийн компаний төлөөлөгчийг хохирогчоор тогтоосон нь дээрх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэж байна.

Ийнхүү хохирогчоор тогтоосон нь ямар эргэлзээ бүхий байдал үүсгэсэн гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас 3 ширхэг орон сууцаа бусдад шилжүүлэн өгч залилуулсан, уг орон сууцнуудыг нэхэмжилж байгаа болох нь тогтоогдсон. “Саруул групп” ХХК-ийн төлөөлөгч нь тус компанийн захирал Б.Гын гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг нэхэмжилж, түүний байр суурийг давхар илэрхийлж хохирол, нэхэмжлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй болох нь тогтоогдсон

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын хувьд:

Яллагдагч М.Г нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32-Б байрны 1,3,6 дугаартай 3 ширхэг орон сууцыг залилах гэмт хэрэг үйлдэж авсан байж болзошгүй баримтууд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр прокуророос дээрх гэмт хэргийн хохирол болох эд хөрөнгө цааш бусдад хууль бусаар шилжигдэхээс хамгаалж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарласны дараа иргэн Г.З нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32-б байрны 3 тоотыг худалдан авч, төлбөрийг шилжүүлсэн байдаг. Энэхүү ажиллагаа нь иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах эрхэд шууд халдсан үйлдэл бус бөгөөд харин дээрх эд хөрөнгө нь залилах гэмт хэргийн замаар бусдад шилжигдсэн эсэх, М.Г нь гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгох ажиллагаа байгаа бөгөөд шүүх яллагдагчийн гэм бурууийн асуудлыг шийдвэрлэсний дараа Г.З эд хөрөнгө эзэмшигч мөн эсэхийг тогтоох ач холбогдолтой.

Г.З нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан эсэх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэн, түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, хохирогчийн хохирол нэхэмжлэл, яллагдагч М.Гоос гаргуулах хохирлын асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32-Б байрны 1 болон 6 тоотод байршилтай орон сууцны эзэмшигчийн улсын бүртгэлийн эд хөрөнгийн лавлагаа, тухайн байрыг одоо хэн эзэмшиж, ашиглаж байгааг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, тухайн байрнуудын өмчлөгч болох Ц.Э, Б.Н нараас гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг хийж, энэхүү эд хөрөнгүүдийг хэрхэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болохыг тодруулахын зэрэгцээ Ц.Э, Б.Н нарыг прокуророос иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Ц.Э, Б.Н нарыг шүүх хуралдаанд оролцуулах журмаар шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад заагдсан үндэслэлийг тодруулах боломжтой.

Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Д.Б, гэрч М.Алтанцэцэг болон М.Г, Д.Б нарын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн барьцааны гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 47.000.000 төгрөгийг Д.Боос М.Г зээлсэн талаарх зээлийн гэрээний хуулбар, яллагдагч Д.М, М.Г, хохирогч Б.Г, гэрч Д.Ү, гэрч О.Б, гэрч Б.О, яллагдагч А.Н, яллагдагч Д.М, яллагдагч М.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хохирогч Д.Боос 47.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Гээс 05-55 ДАА улсын дугаартай лексус 470 маркийн автомашин залилсан гэх хэргүүдийг яллагдагч Д.М нь М.Г, А.Н нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэж, бусдыг хохироон өөрт хөрөнгийн орлого олсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг тухайн хэргийн оролцогч нарт гардуулсан.

Учир нь, яллагдагч Д.Мын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох хохирогч Д.Бын "... М.Г надад 50 сая төгрөг хэрэгтэй байна, 10 хоногийн хугацаатай зээлмээр байна, удаахгүй буцаагаад өгнө, харин та миний энэ хаусыг барьцаанд авчих” гэж хэлсэн. Ингээд би өөртөө байсан 47 сая төгрөгийг зээлдүүлэх боломжтой талаар тэр гуравт хэлсэн чинь болноо гэж хэлсэн. Тэгээд нотариат гэрээ хийхээр болоод М.Гын итгэмжлэлтэй байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр гудамжны 66/8-301 тоот үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэх болон гэрчилгээний эх хувь, мөн тухайн үл хөдлөхийн лавлагааг авч Натурын зам дээр байдаг нотариатын газарт орж, зээлийн болон барьцааны гэрээг М.Гтой байгуулсан. Тухайн үед М.Гын итгэмжлэх хийлгүүлсэн байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр гудамжны 66/8-301 тоот үл хөдлөх нь ямар нэг давхар барьцаагүй байсан. Тэгээд нотариатчийн дэргэд 47 сая төгрөгийг М.Г нь өөрөө бэлэн тоолж аваад гэрээн дээр гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Алтанцэцэгийн “...Д.Б, М.Г нар нэг залуугийн хамт цуг орж ирсэн. Тэр залууг бол мэдэхгүй. Үл хөдлөх хөрөнгө барьцаалж 47 сая төгрөг, 10 хоногийн хугацаатай хүүгүй зээлнэ гэж хэлсэн. Д.Б мөнгө зээлүүлж, М.Г мөнгө зээлж байсан. Бичиг баримтыг нь шалгахад Ромбон газар ХХК-ийн 000507186 гэрчилгээний дугаартай ҮҮ2206042509 улсын бүртгэлийн дугаартай Ромбон газар ХХК-ий өмчлөлийн гэрчилгээг эх хувиар нь барьцаанд тавих тухай итгэмжлэлийг эх хувиар нь авчирсан байсан. Итгэмжлэл дээр Ромбон газар ХХК-ийн гүйцэтгэх захирал Лоос барьцаанд тавьж зээл авах, бусдад худалдах итгэмжлэлийг М.Год олгосон байсан. Энэ итгэмжлэл нь 2016 оны 10 дугаар сарын 5-нд Баянгол дүүргийн нотариатч Түмэндэлгэрээр баталгаажуулсан байсан. Ингээд энэ бичиг баримтыг үндэслээд зээлийн гэрээ, барьцааны гэрээг гэрчилсэн. Тэгээд 47 сая төгрөг чинь бэлэн байна уу гэж намайг асуухад байна, тоолоод өгнө гэж Д.Б цүнхний цахилгаанаа онгойлгоод мөнгөө надад харуулсан. Их хэмжээний мөнгө байсан. Гэрээг гэрчлээд улсын бүртгэлд гэрээгээ бүртгүүлсний дараа мөнгөө өгөөрэй гэж зөвлөөд гаргасан...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Цогтбаатарын "... Тухайн үед би цуг явж байсан. Цуг орж нотариатоор Бат- Очир тэр хүмүүст мөнгө зээлж, барьцаанд нь байр авч байсан. Яг хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. Гэхдээ нилээн их хэмжээний мөнгө бол байсан...” гэх мэдүүлэг,

М.Г, Д.Б нарын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн барьцааны гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 47.000.000 төгрөгийг Д.Боос М.Г зээлсэн талаарх зээлийн гэрээний хуулбар,

Яллагдагч А.Нийн “...”Ромбон газар” ХХК-ий нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг захиран зарцуулах, барьцаалах эрх бүхий итгэмжлэлийг иргэн Д.Бт үзүүлэн хуурч, зээлийн барьцаанд тавин 47 сая төгрөг зээлж аваад залилсан гэх хэргийг би мэдэхгүй. Уг хэргийг би М.Г, М нартай бүлэглэн хийгээгүй...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Д.Мын “... Би энэ хүнээс 47 сая төгрөгийг авсан, нотариат хамт орсон асуудал байхгүй, ... М.Год гэрчилгээг болон барьцаалах, захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл байсныг мэднэ. Харин дээр дурдсан асуудлын талаар би огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

Яллагдагч М.Гын “... 2016 оны 10 дугаар сард би өөрийн авлагатай байсан Ромбон газар ХХК-ийн захирал Лоос авах авлагынхаа оронд Зайсанд байдаг сая асуултад дурдсан үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл хийлгүүлэн авсан байсан. Тэгэхэд Ннь өөрийн таньдаг хүн болох Д.Бт уг итгэмжлэлийг барьцаалан мөнгө зээлж авах саналыг надад хэлж, бид хоёр ярилцаад тэгээд Д.Б гэх хүнээс 40 гаран сая төгрөг авсан, яг хэдэн төгрөг гэдгийг одоо сайн санахгүй байна. Д.Б гэх хүнээс авсан мөнгөө юунд зарцуулж байсныг одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан яаралтай мөнгөний хэрэг гарсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Гийн “... Өөрийн танил хуурай дүү А.Нт 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр утсаар “Лексус 470 машиныг 20 сая төгрөг бодоод авчих хүн байна уу” гэхэд... Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 888 караокед сууж байхад А.Н 21 цагийн үед ганцаараа орж ирээд машиныг үзэж харалгүй надад урьдчилгаа 4.000.000 төгрөг бэлнээр өгөөд... машиныг унаад явахад нь би А.Нт “энэ машиныг би хүнээс өрөндөө авч байгаа юм шүү, би чамд өөрийнхөө нэр дээр машиныг шилжүүлэлгүй итгээд шууд чамд өгч байна шүү” гэж хэлээд машиныг өгөөд явуулсан. ...А.Нтэй холбоо барихад А.Н “би нэр лүүгээ шилжүүлээд авчихлаа, болчихлоо” гэж хэлсэн. ...Тэр надад “машины үлдэгдэл 16 сая төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-нд өгнөө” гэж хэлээд одоо болтол өгөөгүй, надаас зугтаагаад холбоо бариагүй, намайг залгахаар утсаа ч авахаа больсон. ...Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байрны гадна Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад оройн 21 цагийн орчим танихгүй 22-25 орчим насны, өндөр туранхай, бараан царайтай залуу миний ардаас гүйж ирээд одоо бодоход энэ залуу А.Нийн найз М.Г нь “ахаа би А.Нийн найз байна, би танд үнэнээ хэлье, би А.Н танаас авсан машиныг би хүргэндээ өгсөн юм, надад хүргэн машины мөнгө өгөхгүй байгаа юм, удахгүй мөнгө өгнө” гэхээр нь би Замын цагдаагаас тодруулаад асууж байгаад дээрх машины одоо эзэмшиж байгаа н.Бгэх залуутай утсаар ярихад тэр залуу надад “би машиныг М.Г болон А.Н нараас авсан юм, би төлбөр мөнгөө өгсөн, А.Н болон М.Г нартай холбоо барьж байгаад чамтай холбогдъё” гээд л алга болсон. ...

...Би Д.М гэж нөхрийг бол огт танихгүй, уулзаж байгаа ч үгүй, харин Д.М нь Д.Ү гэж энэ машины эзэмшигчээс итгэмжлэх хийлгүүлэн авсан, А.Н М.Г хоёрын танил нь гэдгийг мэдсэн, энэ хэрэгт ямар оролцоотой болохыг би сайн мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Үын “...05-55 ДАА улсын дугаартай Лексус маркийн автомашин миний эзэмшлийн машин байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр би Баярбилэг гэх залуутай үнэ тохирч машинаа зарахаар болсон. ...Тэгээд нэрээ шилжүүлээгүй байж байгаад Баярбилэг “Б.Г гээд залуугийн нэр дээр машиныг шилжүүлчих” гэж надад хэлсэн. Тэгээд Б.Гэд шилжүүлж өгөх гээд ажилтай амжихгүй байсан юм. Тэгсэн Б.Г над руу утсаар холбогдоод “манай дүү хэн гэлээ нэг залууд машиныхаа бичиг баримтыг шилжүүлчих” гээд 9911-тэй дугаар өгсөн. Би тэр залуугийнх нь нэрийг нь сайн санахгүй байна. Тэгээд Б.Гийн хэлж өгсөн дүү гэх залууд машиныхаа бичиг баримтыг шилжүүлээгүй, харин итгэмжлэл хийж өгсөн. ...Б.Г гэж залуугийн дүү болох Д.М гэх залууд итгэмжлэл хийж өгсөн. Би Баярбилэгтэд... 20 сая төгрөгөөр машинаа өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Бын “...М.Г нь “Лексус 470 байна, үзэх үү, авах уу” гэхээр нь би машиныг нь очоод үзэхэд А.Н машиныг үзүүлсэн юм. Тэгээд би машиныг унаж үзээд нийт 21 сая төгрөгөөр худалдаж авахаар болж машиныг аваад үлдсэн юм. ...М.Г руу 88888886 дугаарын утас руу залгахад А.Н, М.Г нар хамт явж байгаад цуг ярисан “...Дарханаас Лексус машины хүн ирнэ, тэгэхээр тань руу машиныг шилжүүлээд өгье” гэж хэлж байсан. Тэгээд 2 хоногийн дараа 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А.Н “болчихлоо, та М.Гтой ярьж байгаад машиныг шилжүүлээд авчихаарай” гэхээр нь би М.Гтой ярихад тэр намайг “хүүхдийн 100-гийн ойролцоо байх нотариатын газарт хүрээд ир” гэхээр нь би машиныг нь унаж очоод Д.Маас машиныг худалдах, худалдан авах гэрээ хийж, машиныг шилжүүлж аваад. ...75-78 УБХ улсын дугаар шинээр авч, машиныг оношлогоонд оруулаад шилжүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Оын “...2016 оны 11 дүгээр сард... М.Г Лексус470 маркийн ДАА гэсэн серитэй машиныг О.Бхажууд нь суугаад унаад манай гэрийн гадна... ирээд М.Г “машиныг О.Бт зарах гэж байгаа” гэж хэлээд намайг аваад бид 3 машинаар цайзаар нэг тойроод манай гэрийн гадна ирээд намайг буулгаад О.Б, М.Гоос машиныг худалдаж авахаар болоод манай гэрийн гаднаас явцгаасан. М.Г өөрийнхөө унаж ирсэн “О.Бт зарна” гэсэн машиныг хэнийх юм бэ гэхэд “А.Н бид 2 наймаа хийж байгаа юм” гэж хэлсэн. ...М.Г Лексус 470 маркийн машиныг О.Бт “нийт 21 сая төгрөгөөр зарахаар болсон” гэж ярьж байхыг нь би сонсоод хажууд нь сууж байсан. ...” гэх мэдүүлэг,

Яллагдагч А.Нийн “... Миний хуурай ах М.Б.Г намайг М.Г, н.М нартай хамт явж байхад утсаар “Лексус 470 маркийн машин хүнээс өрөндөө авлаа, энэ машиныг 20 сая төгрөгт бодоод авах хүн байна уу” гээд ярихаар нь би машин барьж явсан болохоор утсаа чанга яригч дээр нь тавиад ярьж байсан. ...Тэгээд М.Г надад маргаашнаас нь “... машиныг нь авчих, би манай нагац эгчийн нөхөр О.Ббид хоёрын хоорондын асуудал байгаа юм, чи машиныг зээлээр аваад өгчих, би Н.Б.Гийн машины мөнгийг төлье. Тэгвэл манай нагац ах Бороод байгаа ланд круйзер 570 машиныг авчих гээд байна, одоо ярьчих” гээд байхаар нь би Б.Г ах руу яриад “та надад машинаа зээлээр өгчих, би мөнгийг чинь 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор өгье” гэтэл Б.Г ах “ахдаа хэдэн төгрөгийн урьдчилгаа өгчих” гэхээр нь би “буцаагаад ярья” гэж хэлсэн. Тэгээд М.Гтой ярилцаад М.Г “4.000.000 төгрөг урьдчилгаанд нь өгчий, надад мөнгө байна” гэхээр нь 4.000.000 төгрөгийг М.Гоос аваад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 888 караокед бэлнээр 4 сая төгрөг өгөөд Б.Гээс хүнээс өрөндөө авсан гэх Лексус 470 маркийн 05-55 ДАА улсын дугаартай машиныг зээлээр авахаар болоод машиныг нь авч явсан. ...2 хоногийн дараа М.Г “бөхийн өргөөний ойролцоо машиныг өөрийнхөө хүргэн ах О.Б үзүүлчээрэй” гэхээр нь би машиныг үзүүлсэн. ...Б.Г ах руу ярихад “машины эзэн нь маргааш Дарханаас ирнэ гэнэ, миний дүү нэр лүүгээ шилжүүлээд авчихаарай” гээд Үын дугаарыг өгөхөөр нь би тэр залуутай ярихад “Амгалангийн авто вокзал дээр 16:30 цагт уулзъя” гээд би ажилтай байсан болохоор М.Г руу ярихад тэр “Мтай хамт явж байна" гээд Мын нэр лүү Үоор итгэмжлэл хийлгэж аваад маргааш нь хүргэн ах БМыг дуудаад худалдах, худалдан авах гэрээ байгуулаад машиныг өөрийнхөө нэр лүү шилжүүлээд мөнгө өгөөгүй явсан байсан. ...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Д.Мын “...Б.Г нь залгаад “надад Лексус 470 машин байна, чамд худалдаад авчих хүн байна уу” гээд хоорондоо утсаар яриад өнгөрсөн юм. Тэгээд машин дотор явж байгаад М.Г А.Нт “би наад 470 машиныг авчихъя, урьдчилгаа 4.000.000 төгрөг өгье, чи ахаасаа 10-14 хоногийн хугацаатай гуйгаад авчих” гэж хэлсэн. ...2 хоногийн дараа уулзахад А.Н 470 маркийн машиныг унасан явж байхаар нь би М.Г болон А.Н нараас “машин авсан юм уу” гэхэд М.Г надад “10-14 хоногийн хугацаатай А.Нийн ахаас зээлээр авчихлаа" гэж хэлсэн. Тэгээд орой нь А.Нтэй дахин уулзахад М.Г А.Нийн ахаас урьдчилгаа 4 сая төгрөг өгөөд авсан байсан. ...М.Г надад маргааш нь хэлэхдээ “Би Нээс Лексус 470 машиныг аваад... хүргэн ах О.Бтаа аваачаад өгсөн” гэж хэлсэн. ...М.Г нь би хөдөөний хаягтай, миний хөгшин нэр дээрээ шилжүүлээд авчих гэж хэлж байсан. Тэгээд нөгөө машин нэр дээр нь бүртгэлтэй хүнтэй уулзаад би өөрийнхөө нэр дээр нөгөө Лексус 470 маркийн машиныг итгэмжлэх хийлгүүлэн авч байсан юм...” гэх мэдүүлэг,

Яллагдагч М.Гын “...Миний танил найз А.Н нь “өөрийн танил Б.Гээс Лексус 470 машин авна, машины урьдчилгаанд өгөх мөнгө” гэж бэлнээр 4 сая төгрөг авсан. ...Б.Гээс “4.000.000 төгрөг урьдчилгаанд өгөөд машины үлдэгдэл мөнгө 14 сая төгрөгийг нь зээлээр 1 сарын дараа өгөхөөр болж авлаа” гэж А.Н машиныг аваад 5-6 хоногийн дараа надад хар өнгийн Лексус 470 машиныг надад зүгээр өрөндөө бодож өгсөн. Би уг Лексус машиныг А.Нээс “өрөндөө авлаа” гэж бодоод аваад 2016 оны 11 сарын 30-ны өдөр хамаатны ах О.Бт түүнээс урьд наймааны үлдэгдэл мөнгө өгөх байсан өрнөөсөө суутгаж ахдаа Лексус 470 маркийн 05-55 ДАА улсын дугаартай машиныг өгөөд О.Баас тухайн машин өгсөн гэж биш тусдаа ажилд хэрэглэнэ гэж зээлж бэлнээр 20 сая төгрөг авсан юм. ...Лексус 470 маркийн 05-55 ДАА улсын дугаартай машиныг А.Н Д.Мыг машиныг эзнээс нь шилжүүлээд авчих гээд би Д.Мтай машинд хамт явж байсан болохоор Д.М Да хүрээ зах дотор байх нотариатын газар машины эзэмшигчээс Д.М итгэмжлэл хийлгэж аваад хэд хоногийн дараа нь О.Б шилжүүлээд өгчих гээд би Д.Мд хэлээд Д.М О.Б Лексус 470 маркийн машиныг шилжүүлээд өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдсэн.

М.Г нарт холбогдох хэрэг цаг хугацааны хувьд удаашралтай явагдсан, тухайн яллагдагч нар хэрэгт харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг өгч, хэн нь ямар үйлдэл оролцоотой оролцсон болохыг тухайн яллагдагч болон хохирогч, гэрч нарын мэдүүлгийг харьцуулан шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд яллагдагчаар татагдаж байсан Д.М гэгч нь хэрэгт ямар үйлдэл оролцоотой оролцсон, хэн гэдэг хохирогчийн ямар эд хөрөнгийг өөрт авсан, эсхүл ямар хувь хэмжээгээр авсан болохыг яллагдагч нар хэлж мэдүүлдэггүй, зөвхөн Д.М байсан, хамт явдаг байсан гэх төдий мэдүүлэг өгч, прокуророос энэхүү нөхцөл байдлыг тодруулахад хамтран оролцсон гэж тодорхойлж мэдүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирогч хохирсон гэж үзэх баримт тогтоогдоогүй.

Шүүгчийн захирамжийн заалтад хэн гэдэг хохирогч, яллагдагч, гэрч нарын хэзээ, хэрхэн өгсөн мэдүүлгийн дагуу яллагдагч нарын холбогдсон аль хэрэгт нь Д.М хэрхэн, ямар үйлдэл оролцоотой оролцсон талаар мэдүүлсний дагуу түүнийг шалгуулах талаар тодорхой бус дүгнэлт хийсэн байна.

Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтын хувьд:

Хохирогч н.А, н.Т.Б нарт гэмт хэргийн улмаас ямар хохирол учирсан болох, уг хохирлыг шүүгдэгч нарын хэн нь хэрхэн хариуцах, хэдийг нь төлж барагдуулсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тогтоож, яллах дүгнэлтэд тодорхой тусгасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 180 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхийг хянуулж, шүүгчийн захирамжийн 1, 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Б.Гын хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс хохирогч “Саруул групп” ХХК-ийн захирал Б.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Эдгээр хүмүүс өнөөдрийн шүүх хуралдаанд надаар дамжуулан байр сууриа илэрхийлсэн. Ямар нэгэн процессын зөрчилтэйгөөр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэчих юм бол дараа дараагийн шүүхээс дахин буцаад хугацаа их алдана. Тиймээс анхан шатны шүүгчийн захирамжид заасан олон алдааг засуулж байгаад нэг мөсөн шийдвэрлэчихвэл бидний хохирол барагдах хугацаа нь хурдан байх гэж үзэж байна гэсэн. Өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гарсан. Мын үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үйлдэл холбогдлыг шалгасан гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр М нь бусад шүүгдэгч нарыг гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцад дэргэд нь байдаг. Мөн гэрч, хохирогч шууд заадаг нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан. Иймд Д.Мын үйлдлийг шалгахгүйгээр бусад шүүгдэгчийн гэм буруутайг тогтоох үндэслэлгүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Зын хувьд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Мөн шүүгдэгч нарын өөр үйлдэл байвал нэгтгэж шалгуулахыг дэмжиж оролцож байна. Жишээлбэл, зарим шүүгдэгч нар Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан нөхцөл байдлууд байгаа болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх зорилтод нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Мотор сервис” ХХК-нд 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэхээр залилсан гэж прокурорын яллах дүгнэлтэд дурдсан. “Мотор сервис” ХХК-ийн захирал Доржбат нь хэргийн хохирогчоор явж байсан. “Мотор сервис” ХХК-ийг залилсан юм бол “Мотор сервис” ХХК-нд 94 тонн төмөр нийлүүлнэ гэж байгаа “Лукс виндов” ХХК-ийн захирал нь яагаад энэ хэрэгт татагдаагүй юм бэ гэсэн асуудал гарч ирж байна. Энийг шүүхээс анхаарч хараагүй. Энийг анхан шатны шүүх хуралдааны үед хэлсэн. Нотлох баримт шинжлэн судлуулсан. Хохирогч А сүүлд нь гарч ирсэн. А ланд 200 загварын автомашиныг өгсөн юм бол гэмт хэргийн замаар олсон автомашиныг зарж борлуулахад оролцсон Б.Агийн үйлдэл хэрхэн оролцсон талаар тогтоолгох талаар хэлсэн. Хэргийн зүйлчлэл нь залилах гэмт хэргийн шинжгүй талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцэж оролцсон. Би хэдийгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн ч шүүхээс хэргийг буцаасан. Хэргийг буцаасан үндэслэл нь хууль ёсны үндэслэлтэй гарсан. Прокурорын шатанд хэрэг удааширсан, тэгээд хэргийг шүүх рүү шилжүүлсэн байдаг. Хэрэг удаж байгаа шалтгаан нь шүүгдэгч нарын буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Хэрэг хянан шийдвэрлэж байгаа ажилтнуудаас болж удааширсан. Удааширсанаас болж хэргийг хуймгаагаар, нотлох баримтад тулгуурлахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хохирогч А хэдэн төгрөг авсан, хэдэн төгрөг нэхэмжилсэн гэдгийг тогтоох нь зүйтэй. Бусад үндэслэлүүд нь үндэслэлтэй гарсан. Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэргийг шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Манай үйлчлүүлэгч Д.Бтай холбоотой Тоёота ланд-200 загварын автомашиныг залилсан үйлдэлд Д.Мын оролцоо байгаа. Шүүгдэгч нар хэдийгээр өөрөөр мэдүүлдэг боловч Д.М энэ үйлдэлд оролцсон. Анхнаасаа тээврийн хэрэгслийг шилжүүлэн авахад байсан. Тээврийн хэрэгслийн мөнгийг хувааж авахад мөн хамт байдаг. Тухайн мөнгөнөөс авсан гэдгийг бүх шүүгдэгч нар мэдүүлдэг. Д.Мын оролцоог тогтоож шалгуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн 4 дэх хэсэгт Ат холбогдох хохирлын хэмжээ нь хэд хэдэн төгрөгийн хохирлыг барагдуулсан эсэх, хэдэн төгрөг дутуу байгаа, хэн хэн хэдэн төгрөг хувааж авсан юм гэдгийг тогтоолгохоор заасан нь үндэслэлтэй байна. Хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял нь тохиромжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн хэн хэдэн төгрөгийн хохирол учруулсан, түүнд нь тохирсон ял оногдуулах ёстой. Ялангуяа миний үйлчлүүлэгч Д.Бын зүгээс 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг дээр зарим шүүгдэгч нарын мэдүүлгээр 20.000.000 авсан гэдэг боловч дангаараа 50.000.000 орчим төгрөгийн хохирлыг хохирогч Ат өгсөн байгаа. Аийн зүгээс үнэлэхдээ 40.000.000 орчим төгрөгөөр үнэлж авч байна. Дээрээс нь бүх хохирол төлбөр барагдсаны дараа хохирол төлбөр барагдсан, гомдол саналгүй гэсэн бичгийг хийж өгнө гэж хэлдэг. Манай зүгээс “...хохирогч Аийг шүүх хуралдаанд оролцоод хэн хэдэн төгрөгийн зүйл авчихсан юм, таны өөрийн үнэлгээгээр хэдэн төгрөгийн юм авчихсан юм бэ, одоо хэдэн төгрөг үлдсэн бэ, хэнээс барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээч. ...” гэхээр шүүх хуралдаанд оролцдоггүй. Бид нарт хэдэн төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан талаар баримт үйлдэж өгдөггүй. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэдэн төгрөгийн хохирлыг барагдуулсан, хэдэн төгрөг дутуу байгаа, хэн хэн ямар хэмжээний хохирол учруулсан гэдгийг дэлгэрэнгүй тогтоох шаардлагатай байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн бүрдэл хангагдаагүй талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж хэлэлцүүлэгдэж байсан. Д.Мд идэвхтэй гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. Д.Мыг хэрэгт холбогдуулан татах ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй. Гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгслийг битүүмжилсэн гэх боловч тухайн тээврийн хэрэгсэл бусдад шилжүүлэгдэн зарж борлуулагдсан байна. Энэ асуудлаар хуулийн хүрээнд шийдвэр гаргуулахаар хүсэлт гаргахад анхан шатны шүүхээс хуульд заасан шийдвэр гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хэргийг прокурорт буцааж өгнө үү. Шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ “...Саруул групп ХХК болон Б.Г нар нь тус тусдаа гэрээ хийсэн учир тус тусдаа хохирогч болох уу, эсхүл аль нэг нь хохирогч байх уу гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна, прокурорын зөвшөөрлөөр үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах эрхэд шууд халдсан үйлдэл болсон байх тул энэ нөхцөл байдлыг прокурор өөрийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэх, Д.М гэх хүнийг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэхийг дахин шалгах нь зүйтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох баримтаар тогтоож, хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч нарын хэн нь хэрхэн хариуцах, хэдийг төлж барагдуулсан эсэхийг тодорхой болгох, Кемистар ХХК-иас иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлт гаргасан тул Б.Гийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй эсэх, шүүгдэгч нарын холбогдсон бусад гэмт хэргийг нэгтгэж нэг мөр шийдвэрлэх...” зэрэг 6 үндэслэл зааж, дүгнэлтээ тодорхой дурьдсан байна.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, “хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурор эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцлийн 1, 2 дахь үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Тодруулбал, Б.Гыг хохирогчоор, Г.Зыг иргэний нэхэмжлэгчээр тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон нь үндэслэлтэй байх тул уг заалтуудын үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй.

Харин шүүгчийн захирамжид заасан 3, 4, 5, 6 дахь заалтуудын үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгах нь зүйтэй.  

Хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно: гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” гэж заасан мөрдөн байцаалтын үед заавал нотолбол зохих байдлуудтай холбоотой байна.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/180 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Отгонбаатарын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлийн 1, 2 дахь үндэслэлийг хүлээн авсныг дурдаж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/180 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Отгонбаатарын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/180 дугаартай шүүгчийн захирамжийн 1, 2 дахь үндэслэлүүдийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн  авсныг дурдсугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ