Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2018/0200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Н******* д******* ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн Н******* д******* ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н******* д******* ХХК-ийн NE-02******* /ХА-01*******/ дугаарт бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н******* д******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

...Н******* д******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч эхэлсэн билээ. Н******* д******* ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагаас Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олгох үйл ажиллагаанд оролцож, Төв аймгийн Б******* сумын нутагт байрлах З******* нэртэй 1860.04 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, цахим өргөдлийн бүртгэлийн NE-02*******/ХА-01*******/ дугаарт бүртгэгдсэн юм.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон хавсаргах материалуудын хамт 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өгсөн. Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан ажиллагааг явуулсан.

Үүнд: Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан болон эрх бүхий байгууллагаас холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхацсан эсэхийг хянаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Засаг даргаас тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авахаар саналын хуудсыг хүргүүлсэн байдаг.

Гэвч тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг дэмжихгүй гэсэн Төв аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 133 дугаартай саналыг ирүүлсэн байдаг. Төв аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай орших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч саналын хариуг ирүүлсэн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан аймаг, нийслэлийн Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 466 дугаар шийдвэр хууль бус үйлдэл болох нь дараах үндэслэлээр нотлогдож байна. Үүнд:

Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан тухайн талбай нь Засгийн газрын тогтоолоор батлагдаж, олон нийтэд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд багтаж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байгаа болно.

Н******* д******* ХХК-ийн Төв аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайхыг хүсч гаргасан NE-02******* өргөдлийн бүртгэлийн дугаартай З******* нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөлд ирүүлсэн Төв аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно, Улсын дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 10 дугаар зүйлд заасан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан татгалзсан хариу өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, т*******члэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Төв аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.1-т бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар, 52-р зүйлийн 52.2-т Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хувааж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал газрын даац чадавхийг харгалзан багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно. 52.7-т Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол улсын иргэн, хот айл дундаа хамтран эзэмшиж болно, Усны тухай хуулийн 4.2-т Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэсэн хуулийн заалтуудад үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хууль зүйн үндэслэл болохгүй юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай байрших багийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахдаа ямар нэгэн хуулийн заалтад үндэслээгүй, төлөөлөгчид 100% дэмжихгүй гэсэн санал өгсөн тул зөвшөөрөхгүй гэсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын болон Засаг даргын татгалзсан шийдвэрийн үндэслэл болох Газрын тухай болон Усны тухай хуулиудын холбогдох заалтууд нь Ашигт малтмалын тухай хуульд заасан татгалзах үндэслэл болохгүй юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 466 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэсэн заалтыг зөрчсөн Төв аймгийн Засаг даргын хууль бус саналд үндэслэсэн хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдлоо албан бичгээр гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газар бидний гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Бидний нэхэмжлэлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн Н******* д******* ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгож, Н******* д******* ХХК-ийнNE-02******* /ХА-01*******/ өргөдлийн бүртгэлийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Н******* д******* ХХК-аас Төв аймгийн Б******* сумын нутаг З******* нэртэй 1860.04 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015о оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлж, өргөдлийн бүртгэлийн NE-02******* /ХА-01*******/ дугаарт бүртгэгдсэн байна.

Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын Кадастрын хэлтсээс Н******* д******* ХХК-ийн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг хянан шалгах ажиллагааг хийсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бөгөөд ингэснээр Ашигт малтмалын тухай хуульд заасан геологи, уул уурхайн төрийн захиргааны байгууллага бүрэн эрхийн хүрээнд хамаарах ажиллагааг хийж, тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд т*******д энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана гэж заасан байдаг. Н******* д******* ХХК-ийн NE-02******* /ХА-01*******/ дугаарт бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах мэдэгдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 133 дугаартай саналын хуудсаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн хариуг тус газар ирүүлсэн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, т*******ий удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын е/-д нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх гэж Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан.

Эдгээр хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төв аймгийн Засаг даргаас Н******* д******* ХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй саналыг ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан.

Дээрх хуулиудын хүрээнд аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн тул Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 466 дугаар шийдвэрээр Н******* д******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль ёсны захиргааны акт болно.

Төв аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 133 дугаар саналын хуудас нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий захиргааны актаас тусдаа бие даасан захиргааны акт болно.

Иймд Төв аймгийн Засаг даргын 2015 оны 133 дугаартай саналын хууль ёсны үндэслэлтэй эсэх талаарх үндэслэл нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай маргаанд хамааралгүй болно.

Т*******члэн аймгийн Засаг даргаас бүрэн эрхийн хүрээнд гаргаж ирүүлсэн санал / захиргааны акт/-ыг хууль ёсны эсэхийг тогтоох эрх хэмжээ тус агентлагт хуулиар олгогдоогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Н******* д******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дүгээр шийдвэрийн Н******* д******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн NE-02******* /ХА-01*******/ дугаарт бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н******* д******* ХХК нь Төв аймгийн Б******* сумын нутагт байрлах З******* нэртэй 1860.48 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-02******* /ХА-01*******/ дугаарт бүртгэжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс уг өргөдлийн талбайд зураг зүйн шүүлт хийн Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн Төв аймгийн Засаг даргаас санал авахаар Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6/9221 дугаар албан бичгийг хүргүүлж, Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 133 дугаартай .. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, нуур тойром газартай давхцалтай учир уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн санал ирүүлжээ.

Төв аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй саналын үндэслэл болгож Төв аймгийн Б******* сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 15 дугаартай тогтоол, Төв аймгийн Б******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаартай  З******* нэртэй 1860.04 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг багийн иргэдийн Нийтийн Хурлаас дэмжигдээгүй гэх үндэслэлээр татгалзсан гэх албан бичиг, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 43 дугаартай тэмдэглэлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст саналын хамт ирүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2017 оны 2 дугаар сарын 20-нд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулж, аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналын талаар Н******* д******* ХХК-д мэдэгдэн, энэ талаарх тайлбарыг тус компаниас мөн өдрийн 17/10 тоотоор авч, улмаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан аймгийн Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн үндэслэлээр Н******* д******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7/5306 дугаар албан бичгээр энэ тухай мэдэгдэл хүргүүлжээ.

Нэхэмжлэгчээс ... аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн хуульд заасан үндэслэлгүй хариуг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ... гэж маргаж байгаа ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн аймгийн Засаг даргын дэмжихгүй гэх саналын талаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ гэж зааснаар аймгийн Засаг даргаас дэмжсэн хариу өгсөн бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байх тул аймгийн Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэх заалтын аймгийн Засаг даргын дэмжихгүй саналын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэх үүрэггүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтад дэмжихгүй санал нь нийцсэн эсэхийг, өөрөөр хэлбэл дэмжихгүй гэх санал нь хуульд заасан үндэслэлтэй эсэхийг аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус уг саналыг хуульд заасан үндэслэлтэй эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд аймгийн Засаг даргаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал өгсөнийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг буруутгах үндэслэлгүй.

Т*******члэн өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дээрх зохицуулалт бүхий Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор хуулиар тогтоосон тул өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах эрх зүйн үндэслэлгүй болно.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй хугацаа алдсан хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл биш байна.

Иймд нэхэмжлэгч Н******* д******* ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн Н******* д******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн NE-02******* /ХА-01*******/ дугаарт бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/ -ийн 19 дүгээр зүйлийн 19.5. 19.6-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн Н******* д******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн NE-02******* /ХА-01*******/ дугаарт бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай  Н******* д******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар

зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА