Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/334

 

 

Д.Цид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/855 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Цид холбогдох 2009000001061 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Ды Ц, 1996 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэрэгт гэмт буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

            Шүүгдэгч Д.Ц нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Л”-ын баруун талд байрлах “М” гэх нэртэй газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө иргэн Г.Нг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас хохирогч нь “...тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4 дүгээр ховдлын цус харвалт...” бүхий тархины битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд тэрээр “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х овогт Ды Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Ды Цийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цид оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цийн цагдан хоригдсон 490 /дөрвөн зуун ер/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Цаас нийт 40.208.854 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мт олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2020 оны 8 дугаар сарын 5-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Лын Баруун талд байрлах М гэх нэртэй газарт найзуудын хамтаар бүжиглэх гэж очсон. Тухайн өдөр бид нарыг тайзан дээр бүжиглэж байх үед нимгэн хар цамцтай залуу Этэй маргалдаж байснаа гэнэт пиздануудаа гэж чангаар хараагаад хараад зогсож байсан надруу чиглээд намайг цохих гэж байгаа юм шиг шууд л дайраад Хд ирэхээр нь намайг цохих нь гэж ойлгоод баруун гараараа зүүн хацарт нь, зүүн гараараа уруул хэсэгт нь тус тус 1 удаа цохисон гэхдээ сандал ширээ мөргөөгүй миний хувьд хохирогчийн танихгүй бид хоорондоо маргалдаж муудалцаагүй надад хохирогчийн амь насыг хохироож ямар ч санаа зорилго байгаагүй. Тэрхэн мөчид би өөрийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирох аюултайг ухамсарлаж, түүнийг хүсэж, зориуд энэ үр дагаварт хүргээгүй 2020 оны 8 дугаар сарын 5-ны шөнө энэ үйл явдал болсон. Тэр үед юу ч бодож тооцоогүй туйлын харамсалтай зүйл болсон. Эийг цохиход талийгаач ширээ мөргөөд унасан. Миний хоёр цохилтоос болж аль эсвэл ширээ мөргөн унаснаас тархинд нь гэмтэл үүссэн үү гэдгийг шалгуулах хүсэлтэй байна. Мөн хүзүүнд нь цус хуралт, баруун чихний дэлбээнд баруун чихний урд, баруун шанаанд цээж, баруун сарвуун өвдөг нуруунд зулгаралт цус хуралт зэрэг гэмтлүүд шинээр үүссэн байна гэж шүүх шинжээч дүгнэсэн байна. Нүүрэн тус газар гараар 2 удаа шулуун цохилт хийхэд биеийн өөр өөр хэсэгт буюу тархи толгойн хэсгээс өөр газар ийм олон удаагийн гэмтэл үүсэх үү, 60 кг жинтэй миний гарын хүчний үйлчлэлээр хохирогч үхлийн гэмтэл авах боломжтой юу, шинжээч эмч нүүрний урд доод хэсгээс эгц нэг удаагийн үйлдэл гэдэг нь яг аль хэсэгт гэдгийг тодорхой заагаагүй байна. Уруул болон эрүү орчимд нэг удаагийн цохигдох үйлчлэлээр гэмтэл үүссэн энэ гэмтэл нь үхэлд хүргэсэн гэжээ. Дээд уруул,доод уруул,баруун, зүүн аль болох нь тодорхойгүй. Эрүү гэдэг нь нүүрний аль хэсэг /баруун, зүүн, доод/ тодорхойгүй. Гэрч Э мэдүүлэхдээ “Ц зүс үл таних залууг баруун гараараа нүүрний хэсэгт 2 удаа цохиход нөгөө цохиулсан залуу эргээд, чигээрээ биш эргээд, эрүүн тус хэсгээрээ ширээ сандал мөргөж унасан. Мөргөж унасан сандлын хөлний төмөр хэсэг гадагш гулзайсан гэж мэдүүлсэн. Энэ бүхнээс харахад тухайн цагт болсон үйл баримтууд зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Тухайн цаг үед болсон процессыг Чингүү, Лхамаа хоёр харсан тул заавал гэрчээр татаж оролцуулах хүсэлтэй байна. Мөн шинжээч эмч нарыг бүрэлдэхүүнтэй томилуулж оролцуулах хүсэлтэй байна. Намайг цагдан хоригдож байх хугацаанд надад санаа нь зовсоор өвчин нь хүндэрч аав минь бурхан боллоо. Миний төлөө, миний өмнөөс ээж минь хашаа байшингаа зарж, хохирол төлбөрийг төлөөд одоо миний 4 нас 6 настай 2 охинтой минь хамт өөрийн орон гэргүй хөлсний байранд амьдарч явна. Энэ бүхэнд би буруутай, бүх юм надаас болсон. Би олон хүний амьдралыг зовлон болгосон. Би аавынхаа нулимсыг арчиж өгч, үг захиасыг нь сонсож, аавдаа үнэсүүлж чадсангүй. Миний өөрөө өрх толгойлсон эцэг болохыг харгалзан үзэж уг хэргийг мөрдөн шалгах хугацаанд шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хуралдаанд гэрч П.М “Хамгийн түрүүнд Энхүүш гэх залуутай муудалцаж байсан. Би эсрэг зүгт харж байгаад эргээд харахад талийгаач залуу ширээ рүү унаж байсан. Ц талийгаачийг цохисныг хараагүй. Энхүүш талийгаачийг цохиж байсныг харсан. ...” гэх, шүүх хуралдаанд гэрч Э “миний харснаар нэг удаа цохисон” гэх, шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Цийн “Тухайн өдөр бид тайзан дээр бүжиглэж байх үед нимгэн хар цамцтай залуу Этэй маргалдаж байснаа гэнэт чангаар хараагаад, хараад зогсож байсан над руу чиглээд, намайг цохих гэж байгаа юм шиг шууд дайраад ирэхээр нь намайг цохих нь гэж ойлгоод ... тус тус 1 удаа цохисон. Гэхдээ сандал, ширээ мөргөөгүй. ...Эг цохиход талийгаач ширээ мөргөөд унасан.” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд шинжээч Ө.Сарангэрэл “...Нүүрний урд, доод хэсгээс эгц нэг удаагийн үйлдлээс үүссэн гэмтэл байсан. ...Уруул болон эрүү орчимд нэг удаагийн цохигдох үйлчлэлээр гэмтэл үүссэн. Суурин судасны гэмтэл юм. Унаад ширээ мөргөх үед илүү үүсэх боломжтой гэмтэл” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Э нь талийгаачтай маргалдсан, цохисон болохыг гэрч П.М болон шүүгдэгч нар мэдүүлсэн байхад шүүхээс Д.Цийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь анхан шатны шүүхээс харилцан зөрүүтэй нотлох баримт байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хуралдаанд Д.Цийн өмгөөлөгч нараас зүйлчлэлийг зөвтгүүлэх, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх байр суурьнаас саналаа хэлж мэтгэлцэж оролцсон бөгөөд өмгөөлөгч нарын гаргасан саналын үндэслэлийг анхан шатны шүүхээс хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Д.Ц болон гэрч Эий хэнийх нь үйлдлээс талийгаач нас болох, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нягтлалгүйгээр анхан шатны шүүх харилцан зөрүүтэй хэргийн үйл баримтыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн талаар дүгнэлт хийн шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй байх тул шалгуулахаар хэргийг прокурорт буцаан нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйлгүй. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан санаатай алах шинжтэй бөгөөд шүүх энэ талаар үндэслэлтэй, зөв дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үздэг тул хүний амь нас хохирсон үйл баримт болсон газар буюу “Ковид 19” өвчний үед нийслэлийн Засаг даргын захирамжид заасан хязгаарлалтыг зөрчиж, олон нийтийг хамарсан согтууруулах ундаа худалдан арга хэмжээ явуулсан “Мөнх тэнгэрийн ивээл” гэх компанийн үйл ажиллагаанаас хэрэг үйлдэгдсэн. Иймд уг компанийг иргэний хариуцагчаар татах хүсэлтийг шүүхийн шатанд гаргасан. Шүүх шийдвэрлэхдээ “хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй” гэсэн тодорхойгүй үндэслэл зааж хүсэлтийг хүлээж аваагүй. Үүнийг давж заалдах шатны шүүх хянаж үзнэ үү. Давж заалдах гомдлуудад зөрүүтэй баримтын талаар дурдсан байна. Өмгөөлөгчийн хувьд гэрч М, Х, Э нарын 3 гэрчийг өөрийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулсан. Учир нь, мөрдөн байцаалтын шатанд өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан тул эдгээрийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцуулж, шинжлэн судлах замаар асууж тодруулсан. Мөн миний хүсэлтээр шинжээч эмч шүүх хуралдаанд оролцсон. Шинжээч эмч “өөрийн хүчээр унаж хатуу зүйл мөргөх болон урдаас цохих нэг удаагийн шинжтэй цохилтын улмаас гэмтэл авах боломжтой” гэж тайлбарласан. Тэгэхээр гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан байдлын зөрүү арилсан гэж үзэж байна. Энэ хэрэг гарснаас 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд амь хохирогчийн ар гэрт өрх толгойлсон, 4 хүүхэдтэй эх үлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь анх мэдүүлэг өгөхдөө үйлдлээ хүлээн зөвшөөрч “амь хохирогч намайг чиглээд ирэхээр нь би хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон, өөр хүн түүний биед гарсан зүйлгүй” гэж мэдүүлдэг. Энэ байдлаа сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд мөн адил хүлээн зөвшөөрч оролцсон. Анхан шатны шүүх хуралдаанд Ө.Сарангэрэл эмч оролцож мэдүүлэг өгөхдөө “нүүрэн тус газар нь шууд цохисны улмаас тархины битүү гэмтэл үүсэх боломжтой” гэсэн. Цус хуралт биш цус харвалтын улмаас болж амь хохирогч нас барсан болохыг өмгөөлөгч ойлгохгүй байх шиг байна. Цус харвалт нь нүүрэн тус газар цохисны улмаас үүсэх боломжтой. Мөн тухайн үед Д.Цтай хамт байсан гэрч Төгөлдөр, М, Х, Э нар шууд мэдүүлдэг. Үүнээс гадна шууд хараагүй боловч Д.Цийн амнаас болон бусад гэрч нарын ямар нөхцөл байдлаас болж хэрэг болсон болохыг бусад байдлаар сонссон гэрчүүд, шууд болон дамжмал байдлаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй, зөв дүгнэж шийдвэрлэсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд тухайн илүү цагаар ажиллуулсан байгууллагыг иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргасан. Учир нь, тухайн өдөр уг байгууллагыг илүү цагаар ажилласан талаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан тул нэг байгууллагад нэг зөрчлөөр хэд хэдэн хариуцлага оногдуулж болохгүй. Иймд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Ц нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Л”-ын баруун талд байрлах “М” гэх нэртэй газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө иргэн Г.Нг үз ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас хохирогч нь “...тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4 дүгээр ховдлын цус харвалт...” бүхий тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мийн “...Талийгаач нь ... Их сургуулиа Олон улсын эдийн засгийн дээд сургуулийг 2010 онд төгсөж байсан. Тэрээр их нийтэч, хүнтэй амархан хэл амаа ололцдог бөгөөд энэ нь ажлынх нь онцлог юм. Мөн найз нөхдийн Хлэлд болон ажлын газрынхаа хүмүүсийн дунд нэр хүнд сайтай, сайн эцэг байсан. Тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн чиглэлээр ажилладаг байсан ба ажиллаж байх хугацаандаа жил болгон шагнуулдаг байсан. Надад үнэхээр хэцүү байна, би одоо юу хэлэхээ сайн мэдэхгүй байна, ямар ч байсан гомдолтой байна. ...” /1хх 148-149/,

гэрч Я.Хгийн “...Төгөлдөр над дээр ирээд надад хандан “Жижгээ гээд манай дүүд машиныхаа түлхүүрийг өгөөд явуулчих, би яаралтай ахыгаа хүргүүлэх гэсэн юм” гэж хэлэхээр нь би тек рүү очиж дүү Жигжгээд нь түлхүүрээ өгөөд буцаад харахад тайзны шатан дээрээс нэг залуу цаанаасаа 3 дахь ширээ рүү эрүүгээрээ ширээний тавцан цохиод унасан. Тэгээд би тэр зүгээр халтираад унаж байгаа юм байхдаа гэж бодтол хүмүүс “болиоч ээ” гээд орилоод байсан. ...” /1хх170-171/,

гэрч Б.Эгийн “...Ц нь зүс танихгүй, дээгүүрээ хар өнгийн цамцтай залууг баруун гараараа нүүрний хэсэгт нь хоёр удаа цохиход нөгөө цохиулсан залуу нь эргээд эрүүн тус хэсгээрээ бүжгийн тайзны хойд талд байрлуулан тавьсан ширээ, сандлуудын нэг сандлыг мөргөн унасан. Тухайн залуугийн мөргөж унасан сандлын хөлийн төмөр хэсэг нь гадагш гулзайн унасан байсан бөгөөд тус “М” гэх нэртэй задгай шоу зохион явуулж байсан газрын хамгаалагч гэх хоёр залуу ирээд тэр хар өнгийн цамцтай залууг дамжилж өргөөд аваад явсан. Тэрнээс хойш ямар асуудал болсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. ...Тухайн үед Ц, Төгөлдөр нар нь тайзан дээр байсан бөгөөд Цийг тайзан дээрээс зүс танихгүй хар өнгийн цамцтай залууг нүүрэн тус газар нь цохиход тэр залуу тайзны хойд талд засаж байрлуулсан ширээ сандлуудын нэг сандлынх нь ирмэг хэсгийг эрүүн тус хэсгээрээ мөргөн унахад мөргөж унасан сандлын хажуу талын буюу баруун талын ширээний хэсэгт Х сууж байгаа харагдсан. ...” /1хх 152-153/,

гэрч П.Мын “...Тухайн хүнийг унаж байхад араас нь дагз руу нь Ц гараараа цохсоноос унасан. Тэгээд цохисон хүн нь босож ирэхгүй байсан. Тэгэхэд Энхүүш ирээд тэр залууг өргөөд сэгсрээд байсан. Тэгээд сэрэхгүй байхаар нь 2 талаас нь хамгаалагч ирээд өргөөд аваад явсан. ...” /1хх 178-179/,

Д.Цийн яллагдагчаар өгсөн “…Тухайн үед шоу арга хэмжээ явагдаж байсан задгай талбайд ороход ойролцоогоор 70-80 хүн бүжиглэж талбайд зассан ширээ сандлын хэсэгт сууж үйлчлүүлж байсан бөгөөд энэ үед урьд өмнө нь зүс таних Этэй таарахад Э “Тайгер” нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 1 шилтэй пиво авчирч надад өгөөд өөрөө нэгийг уугаад бид хоёр цугтаа тайз зассан хэсэгт гарсан. ...Ингээд хүмүүс тойрог болоод бүжиглэж байх үед биеийн дээд хэсгээрээ хар өнгийн нимгэн цамц өмссөн залуу ирээд Этэй хэл амаараа маргалдаад байх шиг харагдсанаа “пиздаанууд минь” гэж хэлээд намайг цохих гэж байгаа юм шиг миний өөдөөс чиглээд ирэхээр нь би тухайн цаг хугацаанд түүний намайг цохих гэж байна гэж бодоод өөрөөсөө холдуулах зорилгоор түүний уруулын дээд хэсэгт зүүн гараараа нэг удаа шулуун цохисон, мөн дараа баруун гараараа түүний зүүн нүд орчим хэсэг газарт нэг удаа шулуун цохилт хийхэд нөгөө залуу цааш эргээд тайзны хойд талд засаж байрлуулсан байсан сандал ширээнүүдийн сандлын хэсэг рүү унаж байгаа харагдсан. ...Миний тухайд талийгаачийн газар дээрээ нас барсан гэж огт мэдээгүй. ...Би тухайн үед өөрийн хийж байгаа үйлдлийг хянах бүрэн чадвартай байсан. Би ямар нэгэн багаж зэвсэг хэрэглэсэн асуудал байхгүй тухайн үед атгасан гараараа л түүний биед халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн цаг хугацаанд амь хохирогч Г.Н бид хоёр л хоорондоо маргалдаад, би түүний биед халдсан үйлдэл гарснаас өөрөөр амь хохирогчийн биед халдаж цохиогүй. ...Би амь хохирогч Г.Нг намайг чиглээд ирэхэд нь хоёр удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл гаргаснаас өөр түүний биед авч яваа эд зүйлст нь халдсан ямар ч асуудал гаргаагүй. ...Тухайн цаг хугацаанд яг миний дэргэд Э цуг зогсож байсан болохоор намайг Г.Нгийн нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохисныг гэрчилж мэдүүлнэ. ...” /1хх 45-46/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “...Тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4 дүгээр ховдлын цус харвалтууд нь тархины битүү гэмтэлд хамаарна. Ер нь нүүрэн тус газар нь шууд цохисны улмаас тархины битүү гэмтэл үүсэх боломжтой. ...” /1хх 220/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Талийгаачид тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсан доорх цус харвалт, баруун зүүн хажуугийн ховдол, 3-4 дүгээр ховдлын цус харвалт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулд няцарсан шарх, хүзүүнд цус хуралт, баруун чихний дэлбээнд, баруун чихний урд, баруун шанаанд, цээж, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн өвдөг, нуруунд зулгаралт, баруун суганы урд хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нь шинэ гэмтлүүд байна, ...Гавал тархины гэмтлүүд нь шууд үхэлд хүргэжээ. ... Талийгаач нь хоёр уушгины наалдцат үрэвсэл бүхий архаг өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. ...Шүүх химийн шинжилгээгээр Г.Нгийн цусанд 2.0, шээсэнд 0.8, ходоодны шингэнд 1.7, цөсөнд 0.9 промилли спирт илрэв. ...Цусанд 2.0 промилл спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна,. ...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ, ...Талийгаач нь цогцосны гадна үзлэгээр нас бараад 5-6 цаг болсон байжээ, ...Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдахгүй. ...” гэсэн 1638 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 64-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний Хлэнгийн шинжээчийн “...Хар өнгийн хос гутал дээр хатуу гадаргуутай зүйлтэй нэг удаагийн харилцан үйлчлэлээр гарсан шинэ зулгаралтууд, зүүн гутал дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ зулгаралтууд, зүүн гутал дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. Ногоон өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт, хатуу гадаргуутай зүйлтэй нэг удаагийн харилцан үйлчлэлээр гарсан шинэ зулгаралт байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн хос оймс, бор өнгийн тэлээ зэрэг нь гэмтэлгүй байна...” гэсэн 3422 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-113-118/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-42/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 33/, хохирлын баримт /2хх 92-112/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ Хнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Д.Цийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Цийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Цийн “...Миний хоёр цохилтоос болж аль эсвэл ширээ мөргөн унаснаас тархинд нь гэмтэл үүссэн үү гэдэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна. ...” гэсэн,

Шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “...Д.Ц болон гэрч Б.Эгийн хэнийх нь үйлдлээс талийгаач нас болох, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нягтлалгүйгээр анхан шатны шүүх харилцан зөрүүтэй хэргийн үйл баримтыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн талаар дүгнэлт хийн шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй байх тул шалгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал, амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Шүүгдэгч Д.Ц нь хохирогч Г.Нг зодсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд амь хохирогч нас барсантай шалтгаант холбоотой байна.

Хэрэгт гэрч Я.Хгийн “...Тайзны шатан дээрээс нэг залуу цаанаасаа 3 дахь ширээ рүү эрүүгээрээ ширээний тавцан цохиод унасан. Тэгээд би тэр зүгээр халтираад унаж байгаа юм байхдаа гэж бодтол хүмүүс “болиоч ээ” гээд орилоод байсан. ...” /1хх170-171/,

гэрч Б.Эгийн “...Ц нь зүс танихгүй, дээгүүрээ хар өнгийн цамцтай залууг баруун гараараа нүүрний хэсэгт нь хоёр удаа цохиход нөгөө цохиулсан залуу нь эргээд эрүүн тус хэсгээрээ бүжгийн тайзны хойд талд байрлуулан тавьсан ширээ, сандлуудын нэг сандлыг мөргөн унасан. ...Тухайн үед ... Цийг тайзан дээрээс зүс танихгүй хар өнгийн цамцтай залууг нүүрэн тус газар нь цохиход тэр залуу тайзны хойд талд засаж байрлуулсан ширээ сандлуудын нэг сандлынх нь ирмэг хэсгийг эрүүн тус хэсгээрээ мөргөн унахад мөргөж унасан сандлын хажуу талын буюу баруун талын ширээний хэсэгт Х сууж байгаа харагдсан. ...” /1хх 152-153/,

гэрч П.Мын “...Тухайн хүнийг унаж байхад араас нь дагз руу нь Ц гараараа цохисноос унасан. Тэгээд цохисон хүн нь босож ирэхгүй байсан. ...” /1хх 178-179/,

Д.Цийн яллагдагчаар өгсөн “…Тухайн цаг хугацаанд амь хохирогч Г.Н бид хоёр л хоорондоо маргалдаад, би түүний биед халдсан үйлдэл гарснаас өөрөөр амь хохирогчийн биед халдаж цохиогүй. ...Би амь хохирогч Г.Нг намайг чиглээд ирэхэд нь хоёр удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл гаргаснаас өөр түүний биед авч яваа эд зүйлст нь халдсан ямар ч асуудал гаргаагүй. ...” /1хх 45-46/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Талийгаачид тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсан доорх цус харвалт, баруун зүүн хажуугийн ховдол, 3-4 дүгээр ховдлын цус харвалт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулд няцарсан шарх, хүзүүнд цус хуралт, баруун чихний дэлбээнд, баруун чихний урд, баруун шанаанд, цээж, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн өвдөг, нуруунд зулгаралт, баруун суганы урд хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нь шинэ гэмтлүүд байна, ...Гавал тархины гэмтлүүд нь шууд үхэлд хүргэжээ. ...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ. ...Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдахгүй. ...” /1хх 64-71/ гэсэн 1638 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч Д.Ц нь хохирогч Г.Нгийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулснаас хохирогч Г.Н нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан нь нотлогдон тогтоогдожээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Цийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн Хнд явагдана. ...” гэсэнтэй нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/855 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 110 /зуун арав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХЙИ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ