Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0893

 

   2023           11          27                                      128/ШШ2023/0893

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д*******ийн Б*******, *******,*******,*******,*******, РД:*******,

Нэхэмжлэгч: Н*******ийн Н*******, ,,,, РД:,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д, Б.Б нарын хоорондын нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Монголын Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар зарлигаар Д.Б*******г С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, мөн өдрийн 236 дугаар зарлигаар Н.Н*******ыг Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

            1.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 269 дугаартай тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47.9, 81.5 болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Д.Б*******, Н.Н******* нарт тус тус 108,000,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон байна.

            1.3. Д.Б*******, Н.Н******* нараас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 269 дугаартай тушаал илт хууль бус болохыг тогтоолгох, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын 2019 оны “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт  гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т зааснаар Д.Б*******, Н.Н******* нарт учирсан хохирол болох тэтгэмжийн зөрүүд тус бүр 70,200,000 төгрөг гаргаж олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэтгэмжийн зөрүү олгохоос татгалзаж буй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох тэтгэмжийн зөрүүд тус бүр 70,200,000 төгрөг гаргуулах” гэж тодруулжээ.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлдээ:

“1. Д.Б******* нь С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 40 дүгээр зүйлийн 40.2.1, 47 дугаар зүйлийн 47.6-д заасан үндэслэлээр, Н.Н******* нь Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 05-нд 60 нас хүрч Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 40 дүгээр зүйлийн 40.2.9, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх дуусгавар болсон тул Д.Б******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар Зарлигаар, Н.Н******* нь мөн өдрийн 236 дугаар зарлигаар тус тус шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Ийнхүү бидэнд шүүгчийн эдийн засгийн баталгааг тусгайлан зохицуулсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн зохицуулалтын дагуу тэтгэмж авах эрх үүссэн.

Бид шүүгчээр ажиллаж байхдаа Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасны дагуу дараах хэмжээгээр цалин авч байсан. Үүнд:

1. Албан тушаалын цалинд Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 101 дүгээр тогтоолын хавсралтад заасан давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 3,000,000.0 төгрөг гэж зааснаар 3,000,000 төгрөг,

2. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэлд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”-д “Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шүүгчийн авч байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар бодож сар бүр олгохоор...” гэж зааснаар 1,200,000 төгрөг,

3. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-д 26 ба түүнээс дээш жил ажилласан шүүгчид албан тушаалын сарын цалингаас.... хувиар олгохоор” гэж зааснаар 750,000 төгрөгийг нийт 4,950,000 төгрөгийг цалин хөлс гэж авч байсан.

Иймд шүүгчээр ажиллаж байсны хувьд ажилласан хугацаанаас үл хамааран авч байсан цалингийн дээрх хэмжээгээр тооцоход 36 сарын тэтгэмжид 178,200,000 төгрөг авах байсан. Гэтэл шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хэд хоногийн дараа харилцах дансныхаа хуулганаас Шүүхийн ерөнхий зөвлөл нь 108,000,000 төгрөгийг тэтгэмж гэх утгатайгаар бидний ХААН банканд эзэмшдэг харилцах данс руу шилжүүлсэн байсныг мэдсэн. Н.Н*******ын хувьд дансны мэдээллийг шууд авдаггүй байсан. Одоо ч хэвээр байгаа.

4. Төрийн албаны хуулийн /шинэчилсэн найруулга/ 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэж тус тус үйлчлэх хүрээг тодорхойлсон тул шүүгчийн албан тушаалаас Шүүхийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн бидэнд дээрх хууль, журамд заасан төрийн албанд ажилласан хугацааг Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын цалингийн дундаж хэмжээгээр үржүүлж нэг удаагийн тэтгэмж олгох шалгуур үзүүлэлт ямар ч тохиолдолд хэрэглэгдэх боломжгүй байсан.

 Харин Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасны дагуу тооцогдсон цалинг сар бүр авдаг тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47 9 дэх хэсэгт заасан “... түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ...” гэдэгт энэ албан тушаалын цалин мөн зохих нэмэгдэл багтах тул тэдгээрийн нийлбэрийг, 36 сараар үржүүлж тэтгэмжийн хэмжээ тогтоогдох нь хэн бүхэнд ойлгомжтой байсан. Тодруулбал шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох тэтгэмжийн хэмжээг тооцоход Төрийн албанд ажилласан нийт хугацаа, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын цалингийн дундаж хэмжээ хамаарахгүй юм. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл нь бидэнд тэтгэмж олгох шийдвэрээ гардуулж өгөөгүйгээс 108,000,000 төгрөг шилжүүлсэн үндэслэлийг тодорхой мэдэхгүй байсан тул тэтгэмжийг дутуу шилжүүлсэн гэж үзэн тус бүр үлдэгдэл 70,200,000 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210/MA2023/01273 дугаартай магадлалаар “анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасантай нийцээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох...” иргэний шүүх хуралдаанаас Шүүхийн ерөнхий зөвлөл буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг үндэслэн маргасан байна, хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01471 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд харьяаллын дагуу нэхэмжлэлээ гаргаж байна.

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.От хандан “энэ мөнгөн дүнгийн үндэслэлийг өөрөөр хэлбэл хэсэгчлэн шилжүүлж, үлдэх хэсгийг тодорхой хугацааны дараа шилжүүлэх гэж байгаа, эсвэл анхнаасаа тэтгэмж олгох тухай шийдвэр нь ингэж гарсан эсэхийг бид мэдэх боломжгүй байгаа тул дээрх асуудлыг нягтлан тогтоож, хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, тэтгэмжийг зөрүүг олгох тухай шийдвэр гаргах зэргээр бидний шүүгчээр ажилласан хугацаандаа эдлэх байсан эрх ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг хүсэж байна” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан боловч Р.О дарга нь “...Та өргөдөлд дурдсан асуудлаар... Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус Зөвлөлийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлж энэ тухай шийдвэрээ бидэнд гардуулж өгөөгүйгээс гадна шүүхэд ч гаргаж өгөөгүй. Иймээс бид иргэний шүүхэд нотлох баримт албадан гаргуулах тухай хүсэлт гаргасан, энэ хүсэлтийн хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу иргэний хэрэгт нотлох баримтаар албадан гаргуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 269 дүгээр тушаалаас бидэнд анхнаасаа нэг удаагийн тэтгэмжид 108,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэж Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан шүүгчийн эдийн засаг, нийгмийн баталгааг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглээгүй илт хууль бус шийдвэр гаргаж бидний эрхийг зөрчсөн болохыг мэдсэн.

6. Шүүхийн ерөнхий зөвлөл нь тэтгэмж олгох тушаал гаргахдаа дээр дурдсан үндэслэлүүдээс гадна:

Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйл буюу “Шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгаа”, 47 дугаар зүйл буюу “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа” гэсэн зохицуулалтын хэм хэмжээг харьцуулж үзвэл, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ...”, 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс” гэж өөр өөрөөр тэтгэмж, нөхөн төлбөр олгохоор томьёолсон байгааг,

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47.9 дэх хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасны дагуу 2022 оны 01 дүгээр сараас эхлэн өндөр насны тэтгэвэрт гарч буй шүүгч нарын хувьд тэтгэмж тооцох цалин хөлсний бүрэлдэхүүн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй байгаа ч тооцож үзэхгүйгээр тэтгэмж олгох тухай шийдвэрээ гаргасан байна. Мөн тэтгэмж тооцох хугацааг төрийн албанд ажилласан хугацаагаар бус Шүүхийн тухай хуульд заасан 36 сараар тооцсон атлаа тэтгэмжийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталсан журмын 2.1-д заасан “албан тушаалын цалин”-гийн хэмжээгээр тооцож буюу хоёр хуулийн өөр өөр хоорондоо хамааралгүй зохицуулалтыг хамтад нь хэрэглэжээ

7. Шүүхийн ерөнхий зөвлөл нь хууль буруу хэрэглэж, тэтгэмжийн хэмжээг дутуу тооцсон 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 269 дүгээр тушаалаа өөрчилж, тэтгэмжийг бүрэн шилжүүлэх тухай шийдвэр гаргахгүй, хууль бус шийдвэрийн улмаас бидэнд учруулсан хохирол буюу тэтгэмжийн зөрүүг олгох талаар шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан хэвээр байгаагаас бид хуульд зааснаар эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй, хохирол учруулсан гэж үзэж байна.

Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр бид зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, хохирлоо -оор тухай нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл бол хэвээрээ байгаа. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ энэ шаардлагыг тодруулсан. Бид нэхэмжлэл гаргахдаа анх бидэнд тэтгэмж олгосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгөөч гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан байсан. Үүнийг тодруулахдаа илт хууль бус гэхээр анхнаасаа хууль бус байсан юм шиг болчхоод буюу бидэнд олгосон нь буруу юм шиг болчихсон байсан учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тэтгэмжийн зөрүү болон хууль буруу хэрэглэж олговол зохих тэтгэмжийн мөнгийг дутуу олгосон тул 70,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага бол хэвээрээ байгаа. Үүнийг нэхэмжлэлдээ их тодорхой бичсэн учраас дахин давтаж ярихгүйгээр нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэдгээ хэлье. Сүүлийн гурван хуулийг хооронд нь харьцуулж үзэхэд 2002 онд юу гэж байсан гэвэл 84 дүгээр зүйл нь албан тушаалын 24 сарын цалинтай тэнцэх гэж бичсэн байсан. 2012 онд сүүлийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх гээд албан тушаалтан гэдэг нь хасагдаад харин 36 сар биш сарын хэмжээ нь нэмэгдсэн байдаг. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилж буй хуулиар 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан. Тэгэхээр бид авч байсан цалин гэдэг дээр л хариуцагч болон шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан нэхэмжлэгч нарын хооронд маргаан үүсээд байна гэж үзэж байгаа юм. Авч байсан цалин гэдэгт өмнөх хуулиудын заалт болон Шүүхийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11, 12 дугаар зүйл болон 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтуудыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд дагаж мөрдөнө гэж заасан.

Тэгэхээр хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд дагаж мөрдөөд байгаа нь ямар учиртай юм бэ гэдэг дээрээ анхаараад энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаад өгөөсэй л гэж их хүсэж байсан юм. Тийм нотлох баримт ирээгүй байсан. Яагаад би энэ өмнөх 3 хуулийн харьцуулсан заалтыг уншиж байгаа вэ гэхээр цалингийн хэмжээгээр гэж заасан байгаа юм. Цалин гэдэгтээ юуг оруулаад байгаа юм бэ? 2021 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуульд цалин хөлсний бүрэлдэхүүн гээд тодорхой заачихсан. Яагаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчлээд байгаа юм бэ гэдэг зүйл байна. Энэ хууль нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үйлчлээд эхэлсэн. Ер нь бол төсөвт ямар нэгэн хүндрэл учрахгүй. Хэрвээ үнэхээр л албан тушаалын цалингаар бодож олгож байсан бол 2021 онд тэтгэвэрт гарч байгаа хүмүүст ямар ч санхүүгийн хүндрэл үүсэхгүй, төсөвт суугаагүй гэсэн асуудал байхгүй. Ийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг хууль бус буруу гараад байгаа гэж үзэж байна. Мөн тэтгэмж олгож шүүгч нарын гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа гэсэн заалтыг хооронд нь харьцуулаад үзэхээр Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар цалин, мөн хуулийн 47.2.1-д мөн адил цалин гэж орж байгаа, 47 дугаар зүйлийн 47.9-д мөн авч байсан цалин гэж байдаг. Ямар тохиолдолд цалин гээд байгаа юм, ямар тохиолдолд авч байсан цалин гэж оруулаад байгаа юм. Хэрвээ бид нарт олгож байгаа цалинг цалингийн хэмжээгээр нь та нарт олгоод байгаа юм гэж хэлж байгаа бол Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2, 47.2.3-д заасан цалин гэдэгт ямар хэмжээ орох юм бэ гэдэг зүйл байна. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл тэтгэвэрт гарсан шүүгч нарыг хуулиа буруу ойлгож хэрэглээд байгаа юм байна гэж үзэж байгаа бол би та бүхнийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийн 47.9-д зааснаар тэтгэмж олгоход чинь харин ч албан тушаалын цалингаар олгогдчихоод байгаа юм биш үү. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тэтгэмж олгохдоо ингэж олгож байсан, хувь хүний байдлаар нь олгохгүй юм байна гээд улсын төсөвт суулгаж байгаа төсвөөсөө гаргаад нэг шүүгчид тэтгэвэрт гарахад ижил төгрөгийн тэтгэмжийг тооцож өгч байсан гээд төсвийнхөө тоог харуулсан нотлох баримтаа гаргаад ирвэл боломж нь байсан. Тухайн үед ажиллаж байхдаа хамгийн шилдэг, боловсролтой, бид нарын эрх ашгийг хамгаалж чадах ёстой хүмүүсээ сонголоо гэж бодож байсан юм. Өнөөдөр өөрөө шүүгч биш болоод нөхцөл байдлыг харах юм бол тэдгээр гишүүд маань зүгээр л тэд шүүгчийн хүнд ажлаас чөлөөлөгдөх гээд тэнд оччихсон юм биш биз дээ гэж би харамсаж байна. Ингээд хэдэн мэргэжилтнүүдээ хуралд явуулаад өөрсдөө ирэхгүй, дэндүү хүндэтгэлгүй хандаж байна. Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Нэг. Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн Д.Б*******, Н.Н******* нараас тэтгэмжийн зөрүү тус бүр 70.200.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно...” гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

1.1. Албан тушаалын цалин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.   

1.2. Нэмэгдэл, тэтгэмж

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

1.2.1. Нэмэгдэл

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:

- УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл;

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

1.2.2. Тэтгэмж

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

2. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... авч байсан сарын дундаж цалин..” нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.

36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.

Хоёр. Иргэн Д.Б*******, Н.Н******* нарт тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтад зааснаар Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж, тушаал гаргадаг ба хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон.

Энэхүү тушаалыг гаргахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..” гэж заасан хуулийн уг заалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэгч нарт тэтгэмжийг олгосон.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй юм.

Иймд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хуульд заасан хувь хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж олгосон ШЕЗ-ийн даргын тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудад хамаарахгүй байгаа нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

1.Чиг үүргийн хамаарлын хувьд шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахтай холбогдсон нэг удаагийн тэтгэмж олгох асуудал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 47 дугаар зүйлд, 70 дугаар зүйлд заасанчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

2. Тушаал гаргах эрх зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтыг удирдлага болгон акт гаргасан.

3. Тушаалын агуулга хангалттай тодорхой байгаа бөгөөд давхардсан утга агуулаагүй, шүүгчид олгох тэтгэмжийн дүнг тодорхой тусгасан.

4. Тушаал нь хуульд нийцсэн бөгөөд тухайлбал Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан болзол шаардлага, хориглолт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлэн, шүүгчээр томилогдон тангараг өргөсөн төрийн албан хаагч, шүүгчийн хувьд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа харилцаа тул Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиас илүүтэйгээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн тодорхой зохицуулалтаар тэтгэмж тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн аливаа маргааныг хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэх учиртай бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд Монгол Улсын Шүүхийн тухай хууль нь шүүгчийн эрх зүйн байдал, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдлыг нарийвчлан зохицуулсан хууль гэдэгтэй хэн ч маргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл бол уг хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээд нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон гэж үзэж байгаа. Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3-д зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар шүүгчийн албан тушаалын цалинг тогтоосон байгаа. Энэхүү тогтоолоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин гээд нөгөө л утгаараа ойлгоод байгаа. Улсын Их Хурлын 101 дүгээр тогтоолын хавсралтаар ч баталсан. Нэмэгдэл тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог бөгөөд нэмэгдлийг нь сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа юм. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог нь албан тушаалын цалингаас тооцдог, албан тушаалын цалин нь сар бүр олгогддог буюу нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг л бүрдүүлээд байна гэж ойлгож байгаа. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байдаг. Мөн албан ажлын, онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 4 дүгээр тогтоолоор батлагдсан шүүгчид нэмэгдэл олгох журмаар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид докторын зэргийн, шүүн таслах, ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлийг олгохоор хуульчилсан байдаг. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл нь 36 сарын тэтгэмжийг олгохдоо сая дурдсан нэмэгдлүүдийг олгох үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б*******, Н.Н******* нараас “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэтгэмжийн зөрүү олгохоос татгалзаж буй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох тэтгэмжийн зөрүүд тус бүр 70,200,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “цалингийн хэмжээгээр тэтгэмж тооцож олгох байтал албан тушаалын цалингаар тооцож олгосон” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

3. Монголын Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 236 дугаар зарлигаар Н.Н*******ыг Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, мөн өдрийн 237 дугаар зарлигаар Д.Б*******г С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас “өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан” үндэслэлээр чөлөөлжээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

4.1. дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Н.Н*******, ******* дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Д.Б нарт Монгол Улсын Их Хурлын “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2015 оны 101, “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 2021 оны 04 дүгээр тогтоолууд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 32 дугаартай “Бүх шатны шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 06 дугаартай тогтоолуудын дагуу албан тушаалын цалин, онцгой нөхцөлийн(40 хувь) болон төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл(25хувь), хоолны хөнгөлөлтийг тус тус холбогдох шүүхийн тамгын газраас олгож байсан,

4.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 269 дугаартай тушаалаар Д.Б*******, Н.Н******* нарт олгох нэг удаагийн тэтгэмжийг албан тушаалын цалингаас тооцож, тус тус 108,000,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон,

4.3. Нэр бүхий шүүгч нараас тэтгэмжийг зөрүүг гаргуулахаар гаргасан хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар хэлэлцээд “... шүүхийн шийдвэр гарсны дараа нэг мөр шийдвэрлэх”-ээр дэмжигдсэн,

4.4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/757 дугаар албан бичгээр “... өргөдөлд дурдсан асуудлаар 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус зөвлөлийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу хүргүүлсэн,

            4.5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01471 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Н*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Н*******д олгохоор шийдвэрлэсэн,

4.6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01273 дугаар магадлалаар хүчингүй болгож, Н.Н*******ын нэхэмжлэлтэй, тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөг гаргуулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасанд нийцээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 

            4.7. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2023/10700 дугаар захирамжаар Д.Б*******гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдов.

5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заажээ.

            6.  Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тодорхойлсон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарт тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэхээр байна.

7. Учир нь хууль тогтоогчоос шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг “авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ”-ээр тооцохоор хуульчилсан байх ба энэ нь хууль зүйн шинжлэх ухаанд тогтсон цалин хөлс, түүний дотор албан тушаал/үндсэн/-ын цалин гэх ойлголтуудаас нэр томьёоны хувьд ялгаатай уншигдах боловч,

7.1. “авч байсан сарын дундаж цалин” гэдгийг үгийн шууд утгаар авч үзвэл, энэ нь тухайн албан хаагчийн гар дээр олгогдсон цалинг ойлгохоор байна.

7.2. Мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд “... Г.З. ... Сая Ш.А гишүүний хэлсэн саналтай холбогдуулаад тодруулж тайлбарлахад шүүгчийн цалинг бууруулах асуудал огт яригдаагүй. Харин онцгой нөхцөлийн болон докторын зэрэг нэмэгдэл, ажилласан жилийн, төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ гэж тодруулж байгаа. Энэ нэмэгдлүүд нь одоо дагалдан гарах хууль, тогтоолууддаа тусгалаа олж эцэслэн хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулаад 47 дугаар зүйл хасагдаж байгаа нь шүүгчийн эдийн засгийн баталгаа ...-г төрөөс хангана гэсэн заалттай уялдуулж ярьж байна” гээд хуулийн төслийн 47 дугаар зүйлийг хасах санал дэмжигдсэний зэрэгцээ гишүүн Т.аас “...энэ 36 сарын нэг удаагийн тэтгэмжээс гадна үндсэн цалингийн 80 хувиар тэтгэвэр тогтооно гэдгийг Улсын Их Хурал дэмжээгүй, ... цалин хөлс  гэдэг нь үндсэн цалин нэмэгдлээс тогтоно гэж байгаа, ...” гэж тайлбарлаж тэтгэврийг цалин хөлсний 80 хувиар тогтоох төслийг заалтыг хасахаар санал гаргаж гишүүдийн 65 хувь дэмжсэнээс үзвэл, нэг удаагийн тэтгэмж тооцох сарын дундаж цалин гэдэгт хууль тогтоогчоос үндсэн цалин болон нэмэгдлүүд багтахаар тайлбарлаж хууль баталсан гэж үзэхээр байна.

7.3. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөлд олгодог, ... тэтгэмжид нэмэгдлийг оруулан тооцох үндэслэлгүй, ... хуульд заасан сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин юм” гэх агуулга бүхий тайлбаруудыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

8. Түүнчлэн төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох харилцааг ерөнхийлөн зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д тэтгэмжийн хэмжээг “үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож олгох”-оор заасан боловч “нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж зохицуулсан, “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж тус тус зааснаас үзвэл, шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн нь нарийвчилсан зохицуулалттай хуулиар тогтоосон хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй, нэхэмжлэгч нарын “Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу тэтгэмжийг үндсэн цалингаас тооцох үндэслэлгүй байсан” гэх агуулга бүхий тайлбар илүү үндэслэлтэй байна.

9. Иймд нэхэмжлэгч Д.Б*******, Н.Н******* нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх ул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг тус тус баримтлан Н.Н*******, Д.Б******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Н*******,  Д.Б нарын тус бүрт 70,200,000/далан сая хоёр зуун мянган/ төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Н*******д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ