Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/335

 

Г.Пт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Г.Пийн өмгөөлөгч Г.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Пийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Пт холбогдох 2009016090747 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш овгийн Гийн П, 1996 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, - ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн;

            Шүүгдэгч Г.П нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлэгт таксийгаар хүргүүлээд жолооч О.Гын “гар утсаар интернет банк ороод төлбөрөө шилжүүлье” хэмээн “Офо А11” загварын гар утсыг нь хууран авч, 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Гийн Пийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоож, Г.П нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд - тоот хаягаас гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Пийн өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан давж заалдах гомдолдоо: “...Г.Пийн 2019 онд тэнссэн 2 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох ёстой байхад анхан шатны шүүх 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй. Г.П нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Мөн нийслэлийн - дүүрэгт байрладаг зэвсэгт хүчний - дугаар ангид ажилладаг ба 850.000 төгрөгийн цалинтай болно. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч тал гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа талаараа хэлсэн. Бодит байдал ийм байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Пт торгох ял оногдуулах боломжтой. Хавтаст хэрэгт холбогдсон бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.П нь албан ёсны хаягтаа амьдардаггүй, олон газарт түрээсийн байранд оршин суух байсан нь тогтоогддог. Албан ёсны хаяг нь Хөвсгөл аймаг, Баянзүрх сум, 2 дугаар баг Хайс /1хх 107/, Нийслэлийн Баянгол дүүрэг 25 дүгээр хороо 303-127 тоот /1хх 36/, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Багшийн дээд сургуулийн урд байрлах түрээсийн байр /1хх 75/, Нийслэлийн Баянгол дүүрэг 10 дугаар хороо 303-127 тоот /1хх 80/, одоо Баянгол дүүргийн 10 дугаар хороололд амьдардаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Пт - тоот хаягаас гарч явах эрхийг хязгаарлах эрх хасах ял оногдуулах, түүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна. Нөгөө талаас Г.П нь Нийслэлийн - дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний - дугаар ангид ажилладаг тул амьдарч буй орон сууцнаасаа гарч явах эрхийг хязгаарлах эрх оногдуулснаар ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болно. Эдгээрийг харгалзан үзэж Г.Пт оногдуулсан 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгож, 1 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Г.Пийн өмгөөлөгч Г.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Пийн гэрийн хаягийг - тоот гэж бичсэн байсан. Гэтэл - дугаар байр гэж байхгүй. - тоотыг түрээсэлж амьдарч байгаа. Шийтгэх тогтоол, яллах дүгнэлтээс үзэхэд шүүгдэгчийг өөрийн гэсэн орон байртай мэт бичсэн боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.П нь түрээсийн байраар амьдардаг болох нь харагддаг. Шүүх хэрэв зорчих эрх хязгаарлах ял үндэслэлтэй гэж үзвэл тухайн байрнаасаа гарахгүй, орлого олохгүй, ажил хөдөлмөр эрхлэхгүй тохиолдолд түрээслэгч буюу тухайн байрны өмчлөгч, Г.П нарын хооронд ямар нэг байдлаар үл ойлголцол үүснэ. Байрнаас гарч болохгүй, түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй, төлбөрийг олох боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байна. Иймд өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан шүүгдэгчид оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Учир нь, шүүгдэгч Г.П нь залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдсан үеэсээ буюу мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн гэм буруугаа хүлээдэггүй, өөр хүн үйлдсэн мэтээр ярьж мэдүүлдэг. Гэрчүүдийг өөрийнхөө өмнөөс хэрэг хүлээх талаар ятгаж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйл баримтууд хэрэгт авагдсан. Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс тэнссэн байх хугацаандаа залилах гэмт хэргийг үйлдсэн. Тиймээс түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүх тэнсэнтэй байх хугацааг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй. Харин сүүлд оногдуулсан ялыг өршөөлд хамруулж, хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольсон нь үндэслэлтэй. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч Г.П нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлэгт таксигаар хүргүүлээд жолооч О.Гын “гар утсаар интернет банк ороод төлбөрөө шилжүүлье” хэмээн “Офо А11” загварын гар утсыг нь хууран авч, 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч О.Гын “...Тэр залуу “гар утсаа өгч байгаач, би интернет банкаар төлбөрөө хийнэ” гэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгсэн тэр залуу “нэвтэрч болохгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “гэр рүүгээ ороод картаа аваад гараад ирээ, АТМ оръё” гэсэн. ...Тэгээд хэсэг байж байгаад эргэж гарч ирээд “одоо интернет банк зүгээр болсон, та утсаа өгч бай” гээд аваад оролдож байгаад яваад өгсөн. Тэгээд би “утас өгөөч ээ” гэсэн чигээрээ яваад өгсөн. ...” /хх 20-21, 70-71/,

            гэрч Д.Лгийн “...Миний хувьд “ОРРО А7” загварын гар утсыг 350.000 төгрөгөө “-” ломбардын ажилтан Гоос 2020 оны 6 сарын орчимд худалдан авсан байсан. Энэ гар утас нь гэмт хэргийн замаар олдсон эд зүйлс гэдгийг нь мэдээд цагдаагийн байгууллагаар дамжуулан албан ёсны эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн байгаа. Ингээд надад учирсан хохирол болох 350.000 төгрөгийг уг гар утсыг хохирогч О.Гаас залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн Г.П өөрөө төлж өгч хохирлыг бүрэн барагдуулахаар болж тохирсон байгаа тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...Би энэ гэмт хэрэгт үйлдэгдэхэд ямар ч хамааралгүй гэдгийг хэлэх байна. ...” /хх 23, 73/,

            гэрч Б.Гийн “...Би ... “-” нэртэй ломбард ... өөрөө сууж ажиллуулдаг байсан. ...Дээрх гар утас нь барьцаанд тавиад хураагдсан гар утаснуудын нэг байх. Би барьцаанд тавьсан гар утсыг ямар хүн тавьсан талаар хуучин ломбардын бичиг баримтуудаас хайгаад олох байх гэж бодож байна. ...” /хх 26/,

            гэрч Э.Мын “...О нь ломбардад ирэхдээ ихэнхдээ 2 эрэгтэй найзтайгаа ирдэг болсон бөгөөд тавьсан эд зүйлсээ хугацаа хэтрүүлэлгүйгээр буцааж авдаг байсан. ...О нь цуг явдаг хоёр найзтайгаа байнгын үйлчлүүлэгч болж яваандаа тэр гурав нэг нэгнийхээ нэр дээр эд зүйл тавих асуудал гарч байсан. ...” /хх 38/,

            гэрч Б.Огийн “...Миний ... нэрээр манай найз Г.П нь “-” ломбардын танил Гт хэлж гар утас барьцаалан мөнгө зээлж авсан байдаг юм билээ. 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагын 4 давхрын зээлийн хэсэгт найз П, Л нарын хамтаар зогсож байх үед О.Г гэх эмэгтэй зөрч өнгөрөх явцдаа шууд Пийг заагаад “чи миний утсыг залилаад аваад явсан залуу мөн байна, ямар ичдэггүй хүн бэ, би чамайг хөнхөр нүүр, хөмсөг зэргээр чинь тод сайн таньж байна” гэж хэлж байсан. ...Миний регистрийн дугаар -, Г.Пийн регистрийн дугаар -гэсэн маш ойрхон үсэг дугаартай байдаг юм аа. ...” /хх 75-76/,

            гэрч Б.Аын “...Би ... П гэх хүнд гар утас зарж байгаагүй. ...Г.П ах над руу залгаад чи Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очоод нэг мэдүүлэг өгчих гэсэн. Би тэгээд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очиж “тухайн гар утсыг би Г.Пт зарсан юм” гэж би мэдүүлсэн. Би уг нь Г.Пт гар утас зараагүй. /хх 137/,

            Г.Пийн яллагдагчаар өгсөн “...“ОРРА 11” маркийн гар утсыг “ОРРА 60” маркийн гар утас бүртгүүлэн 350.000 гэж бүртгэл хийлгэн бичүүлж оронд нь өмнө өөрийн барьцаалж зээл авсан байсан “Самсунг А30 S” загварын гар утсыг аваад уг өдрөө Хөвсгөл аймаг орохоор явсан. ...Таксины эгчийг “та гар утсаа өгч байгаач, миний интернет банк болохгүй байна” гэж хэлээд гар утсыг нь аваад шууд гэртээ ороод өөрийн цэнэг нь дууссан гар утсаа цэнэглээд интернет банкны хаягаар гарч ирэхэд уг таксинд явж байсан эгч машинтайгаа хөдлөөд явчихсан байсан. ...Найз нь нэг гар утасны хэрэгт холбогдчихоод хэцүү байна гэж хэлэхэд А чи ямар хэрэгт холбогдсон юм надад хэлчих, би цагдаа, прокурорын байгууллага дээр нь очоод энэ гэмт хэргийг би үйлдсэн юм гээд хэлээд өгчихье гэж хэлэхээр нь зөвшөөрөөд түүнийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатартай дагуулж уулзуулсан юм. ... /хх 140-141/ гэсэн мэдүүлгүүд,

            “Юнител” ХХК-ны 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 05-01\4782 дугаартай албан бичиг болон хавсралт /хх 44-47/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 48-49/, эд зүйл түр хүлээн авсан тэмдэглэл /хх 52/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх 53/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 61-62/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Г.Пийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

            Шүүгдэгч Г.Пийн хохирогч О.Гын “гар утсаар интернет банк ороод төлбөрөө шилжүүлье” хэмээн “Офо А11” загварын гар утсыг нь хууран авч, 640.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч Г.Пийн өмгөөлөгч Ц.Гансүх “...Г.Пийн 2019 онд тэнссэн 2 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох ёстой байхад зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Пт оногдуулсан 1 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч Г.Пийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно. ...” гэх заалтад шүүгдэгч Г.Пийн 2018 онд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байх тул тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтад “Өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-ийг нэрлэн заасан бөгөөд үүнд шүүгдэгч Г.Пийн 2018 онд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарахгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Пийн өмгөөлөгч Ц.Гансүхын гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хангахаар шийдвэрлэв.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д “шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх” үүргийг тус тус заасан.

            Хэрэгт Зэвсэгт хүчний - дугаар ангид ажилладаг болох нь тус ангийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт /хх 84/-оор нотлогдож байна.

            Давж заалдах шатны шүүх хүний ажил эрхлэх эрхийг зорчих эрхийг хязгаарлах ялаар хязгаарлах шаардлагагүй гэж үзээд шүүгдэгч Г.Пт анхан шатны шүүхээс тогтоосон зорчих эрхийн хязгаарлагдаагүй заалт дээр “ажил эрхлэх” гэсэн зохицуулалтыг нэмж өөрчлөхөөр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолын:

            А. тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож,

            Б. тогтоох хэсэгт “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулж,

            В. тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Г.П нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд - тоот хаягаас гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг “Г.Пийн зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, ажил, хөдөлмөр эрхлэхээс бусад тохиолдолд оршин суугаа Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 303-127 тоот хаягаас гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.

            2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Пийн өмгөөлөгч Ц.Гансүхийн “...зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ