Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0842

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалын А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалын А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Манай компани анх 2008 онд Байгаль орчны сайдын 2008 оны 258 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалттай бүсэд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр А*******ын задгайд 5,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэйгээр авсан. Ийнхүү сайдын тушаал гарснаас хойш 1 жил 4 сарын дараа л газар ашиглах гэрээг эцэслэн байгуулж, газраа ашиглаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ.

Гэтэл 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.О*******ын А-236 дугаартай тушаалаар бидэнд олгосон газар ашиглах гэрээг хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр цуцалж бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн юм. Сайдын хууль бус тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс бидний нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц******* 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/353 дугаар тушаал гаргаж, тушаалын 1 дэх заалтдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтын 13 дахь заалтын А******* ХХК-ийн хамаарах хэсгийн 5.0 га газрын эрхийг сэргээж, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалын хавсралтын 32 дахь заалтын Өнчөөвүүд ХХК-д олгосон 1.2 га газрын холбогдох хэсэг, тушаалын хавсралтын 70 дахь заалтын М ХХК-д олгосон 2.4 га газрын холбогдох хэсэг, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын 33 дахь заалтын Ж ХХК-д олгосон 1.4 га газрын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай. гэж шийдвэрлэж бидний зөрчигдсөн эрхийг сэргээсэн билээ. Тушаалын биелэлтийг хангаж, хуульд заасан ёсоор гурвалсан гэрээ байгуулж байх үед сайд Н.Ц******* нь Улсын баяр наадмын өмнөх өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар тушаал гаргаж бидэнд анх газар ашиглах эрх олгосон Сайдын 2008 оны 258 дугаар тушаалыг хүчингүй болгосон талаарх мэдээлэл, холбогдох баримтуудыг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бидэнд танилцууллаа.

H.Ц******* сайдын энэхүү тушаал нь дараах хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн, бидний эрх ашгийг хөндсөн шийдвэр гэж үзэж байна. Үүнд:

1. Сайдын 2019 оны ******* дугаар тушаалын А******* ХХК-д холбогдох хэсэг нь өөрийнх нь гаргасан 2017 оны А/353 дугаартай Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаалтай зөрчилдөж байна. Учир нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр эсгээд, дараагийнхаа тушаалаар шүүхийн шийдвэрээр баталгаажсан өмнөх сайдынхаа тушаалыг хүчингүй болгож шүүхийн шийдвэрийн биелэлтийг Үндсэн хууль, холбогдох хуулиудыг зөрчих замаар эсэргүүцэж байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны ******* дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.1 захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ., 4.2 3ахиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.2 шуурхай, тасралтгүй байх, 4.2.3 хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.7 ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах, 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2 захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, 40.2.3 захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.2.5 захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, 40.4.3ахиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит чөхцөл байдлыг тодорхой заана. гэж заасан заалт, хуулийн шаардлагыг зөрчиж тушаал гаргасан гэж үзэж байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. гэж заажээ. Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь одоогоос 10 жил, 11 сар 20 хоногийн өмнө тухайн үеийн Байгаль орчны сайдын гаргасан тушаал байна.

Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалт нь захиргааны байгууллагаас хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах, хууль зөрчихөөс сэргийлэх, иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг элдэв халдлагаас хамгаалахад чиглэгдсэн Үндсэн хуулийн суурь зарчмуудыг удирдлага болгож зохицуулсан заалт гэж үзэж байгаа юм.

Ийнхүү маргаан бүхий захиргааны акт нь бидний хуулиар олгогдсон газар ашиглах эрхийг ноцтой зөрчиж гаргасан захиргааны акт тул энэхүү актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2008 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар албан ёсоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны газар нутаг А*******ын задгайд 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан. Гэтэл 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/236 дугаар тушаалаар манай газар ашиглах зөвшөөрлийг цуцалсан. Бид шүүхээр 3, 4 жил шахуу яваад 2018 онд эрхээ сэргээлгэсэн. Энэ хугацаанд бидний гэрээний хугацаа дууссан байсан учир дахин үнэлгээ хийлгэж, хурлаар оруулж батлуулаад 2019 оны 01 дүгээр сард Богдхан уулын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээг байгуулсан. Хан-Уул дүүргийн Засаг даргаар уг гэрээгээ баталгаажуулахаар хүлээж байх хооронд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2008 оны тушаалыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Тиймээс бид хууль зөрчиж гаргасан тушаалыг хүчингүй болгуулж, эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Байршил нь Нүхтийн ам руу явдаг замын зүүн талд, шоотой байшингийн харалдаа зүүн талд байрлаж байгаа. Замаасаа ойролцоогоор 30-50 метрийн зайд байрладаг. Газар дээр барилга, байшин бариагүй. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдэгдэл манай компанид ирээгүй. А/355 дугаар тушаалыг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гарсны дараа нилээн хэд хоногийн дараа манайд хүргүүлсэн. Манайх хүлээж аваад 2,3 хоногийн дараа шүүхэд хандсан. 2008 оноос хойш бид шүүхээр зөндөө явсан. Дунд нь сунгагдаад явсан. Н.Ц******* сайд нь өөрөө шийдвэр гаргаад сэргээгээд төлбөр төлүүлсэн. Хэрэв анхнаасаа болохгүй байсан бол бид төлбөр төлөхгүй байсан. Тухайн газарт өчнөөн олон орон сууцны хорооллууд боссон байгаа. Бүгдийг нь цуцлаад газрыг нь тэгшлээд байгалийг нь сэргээнэ гэвэл бүтэхгүй байх. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Үүссэн нөхцөл байдал, хэргийн бодит байдлыг зайлшгүй тогтоох ёстой. 2008 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 258 дугаар тушаалаа гаргахдаа хуульд заасан шалгуурыг хангасан гэсэн үндэслэлээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 36 дугаар зүйлийн дагуу энэ газрыг өчнөөн аж ахуйн нэгжид олгосон. Үүнийг нь дараагийн сайд, яамдууд нь сунгаад явсан. 2016 оны сонгуулийн өмнө О******* сайд гэнэтхэн А******* ХХК-ийн газрыг цуцлаад 3 аж ахуйн нэгжид хувааж өгсөн. Энэ маргаан 2 жил шүүхээр явсны эцэст Улсын Дээд шүүхээс шийдэгдэж, 2017 оны 12 дугаар сарын эцсээр Н.Ц******* сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж эрх сэргээсэн тушаал гаргасан. Энэ тушаал нь хүчин төгөлдөр байх хооронд 2008 оны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгосон. Тушаал хүчингүй болгож байгаа процедур, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг ноцтой зөрчиж гарсан. Тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, гарсны дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс гардаж ав гэж мэдэгдсэн. 2010 онд Яармагийн урд тал хоосон байсан. Тусгай хамгаалалттай газарт барилга байгууламжид тавих стандартад 2015 онд өөрчлөлт оруулсан. 2016 оны сонгуулийн дараа энэ газар барилгажиж хэлсэн. Замын урд тал битүү орон сууцны хороолол, сургууль, үйлчилгээний газар болсон. Н.Ц******* сайд харин тушаал дээрээ эрхийг нь сэргээж гэж тодорхой бичсэн байна лээ. Дуламсүрэн хариу тайлбар бичихдээ гэрээнд залруулах алдаа гарсан байна гэдэг. Энэ гэрээг Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа өгдөг. Гэрээнд өөрчлөлт оруулахгүй болохоор байгуул гэчихээд одоо ийм юм яриад байдаг.

2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд ашиглах эрхийг нь олгож алдааг залруулна уу гэсэн албан бичгийг 2019 оны 05 дугаар сард гаргаж өгсөн. Эрх сэргээсэн сайдын тушаал 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр гараад 27-ний өдөр гэрчилгээ олгогдсон. Ингээд 5 жилийн хугацаатай олгогдож байгаа. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Дуламсүрэнд сайдын тушаалыг давж тайлбарлах эрх олгогдоогүй.

Бид цуцлаагүй, тушаал хүчингүй болгосон тул Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас санал авах шаардлагагүй гэж байна. Бодит нөхцөл байдалд Богдхан уулын нисэхийн замын урд талын бүх объектыг нураагаад онгон дагшин байдлаар нь авч үлдэх гэж байгаа бол бүтэхгүй асуудал. Нийслэлийн төр захиргааны байр, сургуулиуд, орон сууцны хорооллууд баригдсан. Энэ бүх объектуудыг нурааж буулгаад нөхөн олговрыг нь Монголын Засгийн газар өгч дийлэхгүй.

Хууль зүйн үндэслэлийн хувьд маргаан бүхий захиргааны акт нь Засгийн газрын тухай хуулийн 24, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12, 27 дугаар зүйлийг барьсан. Энэ бол тушаал гаргаж байгаа этгээдүүдэд эрх олгосон заалт. Тушаалын 1 дэх заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг гэж байгаа. Энэ нь байгалийн цогцолборт газрын тухай зохицуулалт. Энэ нь зөвшөөрсөн зохицуулалт. Гэтэл хариу тайлбартаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн гэдэг. Энэ заалт түр хоноглох байрнаас өөр зүйл барихгүй гэж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Яамны олон талт үйл ажиллагааны тухай бус зөвхөн энэ тушаал дээр нь ярьж байна. Сайт дээрээ 70 гаран аж ахуйн нэгжийн нэр тавьчихаад 40 гаруйг нь цуцалж байна. Хууль дээдэлж, тэгш, шударга хандаж байгаа нь хаана байгаа юм бэ? Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмаас ишилсэн илүү нарийвчилсан зохицуулалтууд бий. Тухайлбал, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, бодит нөхцөл байдлыг тогтоох зэрэг байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, шийдвэрийг байнга харж байх ёстой гэж Компанийн тухай хуульд үүрэгжүүлсэн зохицуулалт байхгүй. Нөгөө талаас оролцоог нь зайлшгүй хангах ёстой. Сонсгох мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтуудын алийг нь хангаад байгааг би мэдэхгүй байна. Тус хуулийн 48 дугаар заалтад маш чухал зохицуулалт бий. 2008 оны анх олгосон тушаал нь эерэг үйлчлэл бүхий захиргааны акт байдаг. Гэтэл үүнийг 48 дүгээр зүйлийн 48.2, 48.2.1, 48.2.2, 48.2.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр 5 жилийн дотор хүчингүй болгож болно гэж байгаа. Түүнээс биш 11 жилийн дараа сайд дур мэдээд хүчингүй болгож болохгүй.

2008 оноос хойш энэ аж ахуйн нэгж 11 жилийн турш газрын төлбөрийг төлсөн. Шүүхээр заргалдаж байх хугацаандаа ч 2017, 2018 оны төлбөрийг бүтэн, 2019 оны эхний 2 улирлын төлбөрийг бүтэн төлсөн. Газрын төлбөр байнга өсөж байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ мөн хуулийг хэн нь биелүүлж байгаа нь хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдааны явцад судалсан баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. 2015 оны сүүл 2016 оны сонгуулийн өмнөхөн стандартдаа өөрчлөлт оруулаад 2 давхраас дээш байшин барихгүй гэдгийг Нийслэлийн төвийн дүүрэгт хамаарах тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийн суурийн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэсэн ганц өгүүлбэрээр нэмсэн. Үүний дагуу 10, 20 давхар байшингуудаа бариад эхэлчихсэн. Монгол улсын стандарт Монгол улсад хуулийн адил үйлчилдэг. Хуулинд өөрчлөлт оруулж чадахгүй болохоор стандартад нь өөрчлөлт оруулаад өмнө баригдсан объектуудаа хамгаалсан, дараа нь баригдах объектуудаа энэ зохицуулалтаараа хамгаалж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэрэгжихгүй байна. А******* ХХК-ийн хувьд 2009 оны эхээр арай гэж гэрээгээ байгуулаад явж байтал 2015 онд цуцлагдаад 2017 оны эцэс хүртэл ямар ч ашиглах боломжгүй байсан. 2017 оны эцсээр тушаал нь гарсан. Одоо болтол гурвалсан гэрээ нь байгуулагдаагүй 2 жил болж байна. Хуулиа биелүүлээд энэ аж ахуйн нэгжид ажиллах боломжийг нь олгож өгөөч гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу хууль бус захиргааны акт учир хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон. гэв.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь анх 2008 онд Богдхан уулын дархан цаазат газрын А*******ын аманд 5 га газрыг ашиглах эрхтэй болсон байна. Уг газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Тушаал хүчингүй болгох тухай ******* дугаар тушаалаар хүчингүй болгосон. Нэхэмжпэгч компани тушаалын хавсралтын 41 дэх хэсэгт заагдсан. Дээрх тушаалыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж биелэлтийг хангана гэж заасныг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааны доорх үндэслэлүүд:

/Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно/:

1) газар хагалах, ухах, тэсэлгээ хиих, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх.

2) байгалийн дагалт баялаг, эмийн хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх.

3) энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-д зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх.

4) хортон шавьж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх.

5) энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих.

6) хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах.

7) тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах.

8) аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх.

9) өвөлжөө, хаваржаа, намаржаа зуслангийн барилга баигууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх.

10) нуур, мөрөн, гол горхи булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах.

11) хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах гэж заасныг.

Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэсний 1-д "...тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасныг тус тус үндэслэсэн болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А******* ХХК-д 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын А*******ын задгайд 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасан аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэсэн зориулалтаар газар ашиглах эрх олгодог. Гэтэл "А*******" ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар дархан цаазат газарт газар олгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг удирдлага болгон байгалийн цогцолбор газарт буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан зориулалтаар олгосон нь хууль зөрчсөн байна гэж уг тушаалыг хүчингүй болгосон. Аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг зөрчиж, байшин барилга барих, байгалийн дэглэмийг зөрчих асуудал харагдаж байгаа.

Цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Өдрийн сонинд, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны сайт дээр байршуулсан. Тушаалыг гардуулсан талаар өөрсдөө сая хэллээ. Богдхан уулын дархан цаазат газарт нийт хэдэн аж ахуйн нэгжид олгосон гэдгийг сайн мэдэхгүй байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Зайсангийн аманд л 2100 гаруй аж ахуйн нэгжид олгосон гэсэн судалгаа өгсөн. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бүгдэд нь аялал жуулчлалын зориулалтаар олгосон. Хуулиа зөрчиж олгосон. Олгосон газар ашиглах зөвшөөрлөө бүгдийг нь цуцлаагүй, хэсэгчлэн цуцалж байгаа. Зарим хэсэг нь цуцлагдчихвал бүгдээрээ цуцлагдчих байх. Төрийн бодлого бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийнхаа 27 дугаар зүйлийг барьж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Хууль нэг мөр тэгш үйлчлэх ёстой хуулийн энэ зарчим алдагдаж байгаа. Хуулийн зөрчлийг арилгахаар зориод явж байгаа. Хуулийн зөрчилтэй эвлэрээд явах нь боломжгүй. Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас санал өгөөгүй. Санал авах шаардлагагүй. Цуцлах тохиолдолд санал авахаар байгаа, хүчингүй болгох тохиолдолд санал авах шаардлагагүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчсөн. Үүний улмаас төрийн бодлогоор хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж нийтийн эрх ашиг зөрчигдсөн, байгаль экологийн тэнцвэр, дархан цаазат газрын унаган төрх байдал, байгалийн төлөв байдлыг ноцтой зөрчиж байгаа юм.

Захиргааны эерэг үйлчлэлтэй акт нь тухайн үед нь хуулиа зөрчиж гарсан гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй байх. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчсөн тушаал юм. Иймд манай ******* тоот тушаалыг хэвээр нь үлдээж өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А******* ХХК нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалаар А******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал-ын зориулалтаар 5 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А******* ХХК-тай 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрээ байгуулж байжээ.

Мөн сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар тус компанийг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын дээрх тушаалын А******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/353 дугаар тушаалаар А******* ХХК-ийн 5 га газрын ашиглах эрхийг сэргээж, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр аялал жуулчлалын зориулалтаар 5 га газар ашиглах гэрчилгээг олгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа газар ашиглах гэрээг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар газар ашиглагчтай байгуулсан, энэ гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй байдаг.

Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагаа явуулж болно гэсэн хэсгийг баримтлан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон үндэслэлээр 46 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хавсралтаар хүчингүй болгосон, хавсралтын 41-д нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх анх олгосон сайдын 2008 оны 258 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч компанид анх газар ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн заалтыг үндэслэн аялал жуулчлал-ын зориулалтаар нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу А*******ын задгай, Нүхтийн ам, Чандманы ам зэрэг газруудад 5 жилийн хугацаагаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдан мөрдөгдсөн, энэ хууль нь байгалийн болон түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, судлах зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, тэдгээрийн бүс, бүсийн дэглэм, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн байгууллагуудын, тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зохицуулдаг, энэ хугацаанд эдгээр зохицуулалтад өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид анх дээрх шийдвэрээр дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гаргах үеийн болон одоогийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалт өөрчлөгдөөгүй байна.

Энэ хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж ангилж, дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хувааж, тэдгээрийн дэглэмийг тогтоосон байна. Байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор газар нутгийг дархан цаазат газар ангиллаар улсын тусгай хамгаалалтад авдаг бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан, нэхэмжлэгчийн 2008 онд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, харин 12 дугаар зүйлийн 5, 9-д зааснаар дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог байна. Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барихаас өөрөөр барилга байгууламж барих боломжгүй байна.

Гэтэл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой 33 дугаар зүйлийн 1 дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1 Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн зохицуулалтыг үндэслэн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт зааснаар яам нь тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хянан батлах, зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг тогтоох эрхтэй бөгөөд энэ хүрээнд Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам-ыг баталсан, энэ журам нь дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд болон байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох харилцааг зохицуулах-аар байна. Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглуулах хуулийн болон журмын зохицуулалтаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосоор иржээ.

Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу Бага тэнгэрийн ам, Зайсангийн ам, Богинын ам, Хүүшийн ам, А*******ын ам, Нүхтийн ам, Ташгайн ам, Жаргалантын ам, Түргэний ам зэрэг газруудад нэхэмжлэгчтэй адилхан нөхцлөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг энэ хугацаанд буюу 1996 оноос хойш олгосон, цаашлаад Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс нэрийн дор хязгаарлалтын бүсэд суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг холбогдох газар боловсруулж баталсан, улмаар ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж, барилгажиж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, сууршлын бүс болсон зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт юм. Тухайлбал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хууль тогтоомжийн хэрэгжилтийг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Зайсангийн аманд шалгаад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 0-02/2193 тоот албан бичигт дээрх байдлын талаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн нутаг дэвсгэрт газар олгохдоо төлөвлөлтгүйгээр газрыг олгосон, ... Төрийн захиргааны төв байгууллагын буруу үйл ажиллагаанаас болж хотын нэг дүүргийн хэмжээний суурьшлын бүс болон хувирчээ. гэж дурьдагдсан байна.

Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичгийг баталсан, энэ баримт бичгээр Шинэ Яармаг орон сууц, олон нийтийн ажил хэргийн бүс байхаар төлөвлөгдөж А*******ын ам дархан цаазат газрын хоригийг цуцлах бүсэд хамаарсан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор дээрх Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-д нийцүүлэн тодорхой байршлуудын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан, энэ дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороо Нисэх Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг зөвшөөрсөн, үүнд 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын А*******ын ам олон нийтийн суурьшлын бүс байхаар төлөвлөгдсөн байна.

Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага MNS 6426 : 2013 стандарт батлагдсан, энэ стандартын тусгай хамгаалалттай газар нутагт дархан цаазат газар хамаарахаар нэр томьёонд тусгагдсан бөгөөд стандартын 5.3.3-т байр сууц, байгууламж нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний үндсэн шинж чанарыг хадгалсан, тухайн орчны байгаль ландшафтын дүр төрхөд нийцсэн, түүхийн соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай байх гэсэн шаардлагыг тавьж, барилгын газар дээрх давхар 2 давхраас өндөргүй байна гэж өндрийн хязгаарлалтыг заасан ч нийслэлийн төвийн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдах тусгай хамгаалалттай газар нутгийн хил зааг дахь суурин газрын бүсийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламжид давхрын өндрийн хязгаарлалт хамаарахгүй гэсэн нэмэлтийг Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор оруулсан байдаг.

Энэ хугацаанд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхтэй холбоотой газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу хуулиар тогтоосон хугацаанд ашиглаагүй, шугам сүлжээний газартай давхцалтай гэх олон үндэслэлүүдээрх маргаануудыг захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэн буюу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн, тухайлбал нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар тушаалаар цуцалсныг дээрх шүүхийн шийдвэрүүдээр хүчингүй болгож шийдвэрлэж, сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны А/353 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээсэн байдаг.

Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий стандарт тогтоосон Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 48 дугаар зүйлийн 2-т захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн өөрийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийн хувьд хүчингүй болгоход тодорхой хязгаарлалт тавьсан, тухайлбал, хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан бол хүчингүй болгож болохоор заасан, ингэхдээ захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн-ээс бусад тохиолдолд шийдвэрээ хүчингүй болгох хугацааг захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор гэж хугацаа заасан байдаг.

Анх А******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал-ын зориулалтаар 5 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалыг хүчингүй болгож буй сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалын үндэслэл нь эерэг үйлчлэлтэй шийдвэрийг хүчингүй болгох хуулиар тогтоосон эдгээр хязгаарлалтад хамаарахгүйн дээр шийдвэрээ хүчингүй болгох боломжтой 5 жилийн хугацаа 2013 онд дууссан байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн төрийн үйл ажиллагаанд итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим мөн хангагдах учиртай. Учир нь эрх бүхий этгээдээс газар ашиглах эрх олгосны дагуу байгуулагдсан газар ашиглах гэрээнд заасан газрын төлбөрт нэхэмжлэгч нь 2013 онд 66,000,000 төгрөг, 2015 онд 66,550,000 төгрөг, 2019 онд 104,504,000 төгрөгийг төлсөн байдаг.

Түүнчлэн газар ашиглах гэрээнд газрын төлөв байдлыг чанарын улсын хянан баталгаанд хамруулахаар, газар дээр хэрэгжүүлэх төслийн зориулалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүрэг газар ашиглагч хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульд болон гэрээнд тодорхой заасан, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн байршлын зургаар нэхэмжлэгч тухайн газартаа барилга байгууламж бариагүй, өөрөөр хэлбэл газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй байхад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстойн дээр төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим.

Дээрхээс дүгнэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт, тэр дундаа Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглах эрх олгосон ерөнхий зохицуулалт болох 33, 36 дугаар зүйлийг баримтлан аялал жуулчлал-ын зориулалтаар газар ашиглах эрх олгож, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам болон Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага стандартын дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүс гэх ойлголтод дархан цаазат газрын хязгаарлалтыг бүс-ийг хамааруулан ойлгож, хуулиар тогтоосон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчиж ирсэн, бодит нөхцөл байдалд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, олон нийтийн суурьшлын бүс бий болсон байхад нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах, захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах газрын хил залгаа болон тухайн байршилд бусад этгээдэд олгогдсон газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалын А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА